О.Эрдэнэбулган: Улс төрийн бүлэглэлүүд, хувь улстөрчдийн зөрчлөөс болж нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байна
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулгантай ярилцлаа.
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулгантай
ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байна. Энэ бол хэд хэдэн учир шалтгаантай. Гэхдээ хамгийн том шалтгаан нь улс төрийн бүлэглэлүүд, хувь улстөрчдийн хоорондын ойлголцлын зөрүү, ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалж нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүйд байна. Бүгдээрээ л харж байна шүү дээ. Цахилгаан станцууд, төмөр зам, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн томоохон паркуудын асуудал аль нь ч явахгүй байгааг. Хичнээн жил яригдаад байрнаасаа хөдөлж чаддаггүй нь хамгийн том проблем. Манай дотоодын энэ арчаагүй байдал дээр дэлхийн зах зээл дээрх манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 30-80 хүртэлх хувиар унаж байгаа нь нэрмээс болж байгаа юм. Гэхдээ зах зээл дээрх бүтээгдэхүүний үнийн уналтыг эдийн засагтаа эерэгээр нөлөөлөх чухал алхам болгон хувиргаж байгаа улс орнууд ч байна. Тухайлбал Канад, Чили, Австрали улсууд зах зээлийн энэ нөхцөл байдлыг ашиглаад улсын төсөвтөө реформ хийж төсвөө “цэвэрлэж” байна. Өөрөөр хэлбэл зардлаа багасгаж, орлогоо зөв зүйтэй тооцоолж, үр дүнтэй зарцуулж эхэлсэн гэсэн үг. Монголд ч бас үүнийг ашиглаад төсвийнхөө илүү дутуу идээ бээрийг шахаж, шахсан бяслаг шиг төсөвтэй болж, цаашлаад халамжийн бодлогоо зөв зүйтэй зүйл рүү чиглүүлэх ийм боломж байна. Гэхдээ энэ дээр бас л нөгөө улс төрийн нэгдсэн шийдвэр гэдэг манайхны хийж чаддаггүй зүйл саад болох байх л даа.
-Тэгвэл өнөөгийн эрх барьж байгаа АН улс төрийн нэгдсэн шийдвэр гаргаж чадаж байна уу. Та энэ намын гишүүн байх аа?
-Энэ талаар ярихаар жаахан бухимдах гээд байдаг юм, уучлаарай. Хөгжлийн бодлогодоо хувийн өмчид суурилсан зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг хангах замаар улсаа хөгжүүлнэ гэсэн баруун төвийн үзэл баримтлалтай залуу эрч хүчтэй шинэ улс төрийн хүчин гэж АН-ыг анх сонгож элсэн орж байлаа. Харин одоо нам маань үзэл баримтлалаасаа ухарч байран дээрээ 180 градус эргэчихсэн гэж хэлэхэд болчихоод байна. Хэдхэн лидер нэртэй бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан улстөрчид, фракц нэртэй хамгаалалтын бүрхүүл дотор орж суучихаад төрийн ч бай намын ч бай бүх л шийдвэрүүдийг өөрсдийн үзэмжээр гаргаж байгаад үнэхээр их бухимдал төрж байна. Одоогийн намын удирдлагууд нь намаа, зорилгоо томоор харж чадахгүй өөрсдөө фракцлаж намаа хуваадаг намын гишүүдээ ялгаварлаж ханддаг нэг тийм жижигхэн болчихсон гэх үү дээ. Төрийн албаны томилгоо, томилсон хүмүүсийнх нь ажлаа хийж байгаа царай ч үнэхээр хэрэг алга. Баахан фракц дарга нарын гарын хүүхэлдэйнүүд энд тэндгүй дүүрэн. Салбараа мэдэхгүй ажлаа явуулахгүй. Ер нь ч тэгээд “дарга” тойрсон төрийн албанд мэргэжлийн байх ч шаардлага алга байх шиг байна. Гэхдээ АН-ыг хэдхэн “лидерүүд”-ээр нь харж болохгүй л дээ. Анхныхаа үзэл баримтлалд үнэнч намынхаа үнэт зүйлсийг аварч үлдэх, цааш нь үргэлжлүүлэх “дотор” сайтай залуус мянга мянгаараа байна. Нэг сайн давалгаалж хог новшоо гаргаж хаях тэр цаг тун удахгүй гэдэгт би итгэлтэй байгаа.
-Намын дарга, Ерөнхий сайдаа өөрсдөө кнопоороо унаган байж хамтран ажлаа явуулъя, улс төрийн тогтвортой байдлыг хадгалъя гэж танайхан Шийдлийн Засгийн газраа байгуулсан нь саяхан. Одоо тэгээд хэр нэгдэж ажиллаж байна даа?
-Үгүй ээ яахав дээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол эдийн засгийн хямралаас гарах шийдэл хайж байгаа, түүнийгээ ч хийхээр зөв алхмууд хийж эхэлж байна гэж л харж байна. Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулж Азийн хөрөнгө оруулагчдад том сигнал өглөө, их хурлаас Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хайгуулын үйл ажиллагааг дэмжсэнээр ойрын хоёр жилдээ 2-2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломж харагдаж эхэллээ, Засгийн газар, Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн гээд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж эргүүлж татах алхмуудыг хийж байна. Гэхдээ дээрх алхам шийдвэрүүд бол “ойрын зайны” л шийдвэрүүд. Миний хувьд, зөвхөн миний ч биш олон хүний хүсч хүлээж байгаа зүйл бол урт хугацаанд улсаа хөгжүүлэх сууриа одоо ингээд хоёр нам нэгдчихсэн үедээ яриад, төлөвлөөд тохиролцоод аваасай гэж хүсч байна. Бид өнөөдөр улс төрийн нам, нам доторх фракци, хувь хүний үзэл бодлоороо талцах биш Монгол Улсын хөгжил гэсэн ганцхан эрх ашиг, ганцхан луужинтай байх ёстой. Харин хүрэх газраа хүрэхийн тулд намуудын мөрийн хөтөлбөрийг хөл дүүжлэх унаагаа болгодог баймаар байгаа юм. Монгол Улс маань нэг бол Ардын намын улс, нэг бол Ардчилсан намын улс орон юм шиг улс эх орондоо ашигтай хэрэгтэй зүйл хийе гэхээр нэг нь заавал зүтгүүлдэг нөгөө нь заавал зөрдөг ийм байдлаар хэдий болтол явах ёстой юм бэ. Зарчим бол их энгийн шүү дээ. Монгол Улс хэдий хэмжээний ашгийг хаанаас олох, түүнийгээ нэн шаардлагатай ямар зүйлд зарцуулах, эргээд тэр нь улсын хөгжилд ямар үр нөлөөтэй юм бэ гэсэн зарчмын асуулт л байгаа. Түүнийгээ тодорхойлоод хэрэгжүүлэхийн тулд намууд бодлогоороо уралдах ёстой биш үү.
-Хөгжлийн баримт бичгүүд цөөнгүй бий шүү дээ. Мянганы хөгжлийн зорилт, танай намын сонгуульд ялсан “Монгол хүн 2020” хөтөлбөр гээд л?
-Би шуудхан хэлье. Бидэнд өнөөдөр тунхаг биш төлөвлөгөө л хэрэгтэй байна. Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсанаар энэ онд л гэхэд эдийн засаг жилд дунджаар 14 хувиас доошгүй хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ 5000-аас доошгүй ам.доллар болох, ДНБ-д боловсруулах салбарын эзлэх хувь дөрөв дахин өсч өндөр технологи нэвтрүүлэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилчихсэн байх ёстой.
Бас нүүрснээс газрын тосны болон химийн бүтээгдэхүүн гарган авах үйлдвэрлэл байгуулсан байх гээд олон улсын өмнө бидний амлаж, хүлээсэн үүрэг энэ байна. Их ярьснаараа бол биелчихсэн л байх ёстой. Гэтэл хаана байна. Зүгээр л мөрөөдлийн жагсаалт. Ийм учраас л Wish list /мөрөөдлийн жагсаалт/ биш To do list / хийх ажлын жагсаалт/ хэрэгтэй байгаа юм. Шийдлийн Засгийн газар маш том бүрэлдэхүүнтэй. МАН, АН, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд л парламентад суудалтай бүх л намууд яг одоо л нэгдмэл байгаа нь өөрөө том давуу тал болох боломж гэж харж байна. Ердөө л хүлээгдэж байгаа орлогоо хөгжлийнхөө зөв категори дээр төвлөрүүлж, аль нь ч байсан түүнийгээ л хэрэгжүүлж байдаг тийм залгамж халааны тухай л би яриад байна л даа.
-Намуудын фракци, хувь хүн бүр өөрийн эрх ашгаа эхэнд тавиад, аливаа шийдэлд өөрт ашигтай оролцоо байхгүй бол тээг тавьдаг жишиг байгаад байна л даа. Тэгэхээр тэр, энэ нь гэж маргалдахын оронд Монгол Улсын хөгжлийн гол гарц нь юу юм бэ гэдгээ тодорхойлоод зүтгэвэл ганцаарчилж тээг болж чадахгүй ч юм шиг. Таныхаар бидний хөгжих гол гарц юу вэ?
-Салбар салбарын эрдэмтэд, залуучууд уулзалдаж энэ тухай ярилцдаг л даа. Би жаахан “завтай“ болсон дээрээ эртнээс бодож, сэтгэл зовж явсан Үндэсний хөгжлийн хөрөнгө оруулалтын бодлого гэж юм хийх санаатай “Оюуны уурхай” ТББ байгуулж, судалгааны багтай ажиллаж л байна. Өмнө нь бодлого бол хангалттай гарсан, харин яг уялдаа холбоотой, төлөвлөлт алга гэж харж байгаа. Бодоод үз л дээ, монгол хүний үнэлэмж ямар байгааг. Хэдэн жилийн өмнө монгол хүн, хүний хөгжлийн түвшингээрээ дэлхийн 169 орноос 100 дугаар байрт, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээр 125 дугаарт, эрүүл мэндийн дундаж үзүүлэлтээр 138-д, боловсролын үзүүлэлтээр эрэмбэлэгдсэн эхний 68 улсын дотор багтдаггүй тухай би уншиж байсан. Энэ үзүүлэлт дээшээ ахисан гэдэгт би лав итгэхгүй байна. Мэдээж хөгжлийн гарц хүний хөгжил гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин яаж ямар мөнгөөр хэрхэн гэдэг л төлөвлөгөө хэрэгтэй байна. Тэр төлөвлөгөө нь өөрчлөгддөггүй тогтвортой байж үр дүнг нь гаргадаг байх тухай л би яриад байгаа юм.
- Улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларч байгаа талаар судалгаануудад дурдаж байна. Аль нэг намын биш, аль алиных нь рейтинг унаж байгаа гэнэ. Таны хувьд эд нийлж нэгдээд хөгжлийн төлөө явж чадна гэдэгт итгэж байна уу?
-Хэрвээ явж чадахгүй бол тэгээд л хоцорно шүү дээ. Иргэдийн захиалга нийгмийн шаардлагаар шинэ улс төрийн хүчин бий болох биз.
-Та АН-ын гишүүний хувьд нам дотроо энэ асуудлаа ярьж байгаа юу?
-Ярилгүй яахав. Надтай санаа бодол ижил залуучууд олон бий. Би зөвхөн нам фракц гэж явцуурдаггүй. Бусад намын, намын харьяалалгүй улс орны хөгжлийн төлөө санаа сэтгэл зовж явдаг зөндөө л сайхан залуус байна шүү дээ. Одоо энэ нэг намын, аймгийн, сумын гэсэн хуваагдмал талцсан сонин хандлагаасаа бүгдээрээ болимоор л байгаа юм. Энэ чинь л их уршигтай байна. Бид Оюутолгойг нэг цул юм гэж хардаг биз. Оюутолгойн тэр хөрөнгө оруулагч гэж тасдаж ярьдаггүй дээ. Харин биднийг Монгол Улс гэж бүтнээр нь цулаар нь харахгүй байна. Тэр нам, энэ нам, тэр улстөрч гэж гадныхан харж байна. Энэ бол жинхэнэ замбараагүйтэл. Тэр ч бүү хэл хөрөнгө оруулагч нартай энэ хүн гэрээ хийнээ гэж тов тодорхой үүрэг рольтой нь зарлачихаад яг ажлаа хийх гэхээр нь бүгдээрээ оролцох гээд дайрч л байна шүү дээ. Эрдэнэс МГЛ нь гэрээгээ хийчих хангалттай чадвартай шүү дээ. Яах гээд л бүгдээрээ оролцох гээд л шүлсээ гоожуулаад дайраад байгаа юм бэ. Гэрээ гэдэг зүйл чинь өөрийн технологи арга зүйгээр явдаг зүйл. Дэлхийн хэлээр ярьж дэлхийн жишгийг дагаж дэлхийн соёлд нэгдэж байж бид бусадтай ойлголцоно. Өөр арга байхгүй.
-Улс орны эрх ашиг гэж та их ярилаа. Эрх ашиг гэдэг маань таны яриад байгаагаар орлого олж зөв зүйлдээ зарцуулах л явдал юм байна, тийм үү?
-Улс орны эрх ашиг гэдэг бол үндэсний хөгжил. Харин орлого бол хөгжилд хөтлөх түлхүүр. Харамсалтай нь бид орлогынхоо хаалгыг дотроосоо дарчихаад хоорондоо хэрүүл хийгээд зогсоод байна. Уг нь орлогоо оруулчихаад зарцуулалт дээрээ л хэрүүл хиймээр байх юм. Ер нь төрийн оролцоог би бүх зүйлд хуруу хошуу дүрэх гэж ядарч явахаар бизнесийн нээлттэй, тунгалаг орчинг бүрдүүлэхэд л байх хэрэгтэй гэж бодож байна.