Гуанз-Миний гулялдаг газар
Гуляшь-Миний иддэг хоол...
           Социйн үеийн хэлц
 
Нам-засаг шагнал, шийтгэлийг хослуулаад ч малаа хорин саяас дээш өсгүүлж чадахгүй байжээ. Харин жил ирэх тусам нэмэгдэх хүн амаа махаар хангах асуудал улам хурц болов. Арга ядахдаа Ц.Урианхай нараар 1976 онд нэг тавагт 150 грамм орж байсан махыг 87 болгох нийтийн хоолны жор боловсруулуулжээ. Малын тоог нэмж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөөд хөдөлмөрчдийн мөнгөөрөө авсан хоол тутмаас 63 грамм махыг нь хумаслаж эхлэв. Үүний хариуд ард түмэн “Шөлөөр цадаж, төлөөр баяжина” гэдэг хэлц зохиосон аж. Монголын нийтийн хоолны түүхэнд гарсан мунхаг шийдвэрийн нэг нь дээрх махгүй шахам жор болсон юм.


Нийтийн гал тогоо

Анхандаа манай гуанзууд хар шөл, махан хуурга зэрэг мах голлосон хоол хийдэг байсан гэж 1957 онд Г.В.Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Нийтийн хоолны технологич-инженер мэргэжлээр төгссөн С.Баярсайхан хуучилж байна. Тэрбээр энэ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн хоёр дахь монгол хүн бөгөөд махны машинаас өөр тоног төхөөрөмжгүй суусан цагаас нь өнөөг хүртэл нийтийн хоолны гал тогоонд хүчин зүтгэж явна. МАХН засгийн эрх аваад, 1921 оны гуравдугаар сарын 24-нд “Хоол хүнсний явдлыг сайжруулахаас гадна элдэв бараа зүйлийг бүртгэх” тухай хэлэлцсэн аж. Тэр цагийн “хүнсний явдал”-д зөвхөн цэрэг арми хамаатай байсан бол арван жилийн хойно ажилчин ангийн хоолны асуудал чухал болж ирсэн юм. Үүн дээр жил ирэх тутам нэмэгдэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн бусад салбар ч багтах болжээ. 1928 он гэхэд манай улс ердөө 200 орчим ажилчинтай байсан бол 16 жилийн дараа 23.5 дахин нэмэгдэж 4 700-д хүрсэн байна. Хэрэгцээгээ дагаад байгууллагуудын дэргэд хоолны газар нээгдэх хэрээр тэднийг нэг удирдлага дор зангидах шаардлага гарчээ. Ингээд 1941 онд болсон МАХН-ын Төв хорооны XI дүгээр Бүгд хурлаар байгуулагдсан Идэш тэжээлийн яамны харьяанд нийтийн хоолны газруудыг хамааруулав.

“Тэр үеийн гуанз гэж хар пийшин, хар тогоотой. Зун нь ялаа шавуулсан, өвөлдөө цан хүүрэг татуулсан дан байшин. Ид хүйтний цагаар монгол, хятад голцуу өвгөн тогооч нар нь үстэй дээлийнхээ гадуур цагтаа цагаан явсан халаатны тамтаг хөдөрч, эсгий гутал жийсэн улс” байсныг С.Баярсайхан дурслаа. Харин 1953 оноос Зөвлөлтөд цэргийн сургуулийг арын албаны хангалтын чиглэлээр төгссөн, офицер асан Д.Содномдорги тогоочийн дамжаа хичээллүүлж анхны боловсон хүчнээ бэлтгэж эхэлжээ. Энэ үед Улаанбаатарын оршин суугчид нэмэгдэхийн сацуу ажилчдын тоо 100 мянга гаран болсныг А.Дамдины БНМАУ-д нийтийн хоол хөгжүүлэх эдийн засгийн зарим асуудал номоос харж болно. “Алтай”, “Туул” гэдэг хоёр ресторантай ч үлдсэн гучаад гуанзаасаа дээрдэх зүйлээр тун бага байсан аж. 1951 онд Москва-Улаанбаатар-Бээжингийн төмөр зам ашиглалтад орсноор түүний дагуух өртөөнүүдэд Зөвлөлтийн хөрөнгө оруулалттай хоолны газрууд ашиглалтад оржээ. Ийнхүү хурим найраас бусдаар хамтдаа хооллож бараг үзээгүй монголчууд нийтээрээ нэг тогоонд хошуу дүрээд зогсохгүй вагон ресторанд явдал дундаа ч зоог барих болсон аж.


Хувьсгалт гал тогоо

Нийтийн хоолны салбар анх хувийн, хоршооллын, улсын гэсэн өмчийн гурван хэлбэртэй байжээ. Харин Зөвлөлтийн нөлөөгөөр гадны капиталыг шахан гаргахад дэлхий нийтээрээ зочилдог хятад гуанзууд шахагдаж эхэлсэн аж. Гэхдээ хятадууд овтой хүмүүс хойно тэр үед олноороо бий болж байсан нэгдлийн нэрийг зүүх болжээ. Хожмоо Хятадтай харилцаа муудахад бүх хятад гуанз хаагдаад зогсохгүй монголчуудын дасал болсон хуйцай, хуйван, люй за хуй, лю ванз зэрэг хоол ч цэснээс арчигдахад хүрсэн гэнэ. Тэр үед чадлынхаа хэрээр жор боловсруулж, нийтийн хоолны салбарууддаа тарааж байсан С.Баярсайхан “ер нь хятад хоолыг жаахан гадуурхах болсон” гэв. 1960 онд 354 байсан нэгдэл есөн жилийн дараа 272 болж цөөрсөн ч нэгдлийн нэр дээр ажилладаг гуанз 1964-1966 оны хооронд 73-аар нэмэгджээ. Үүний цаад шалтгаан нь эрэлт хэрэгцээ болоод иргэдийн ашиг олох гэсэн эрмэлзлэл юм. 1970 онд “Туул” ресторанаас ажлын гараагаа эхлүүлсэн Монгол Улсын зөвлөх инженер Ж.Октябрийн хэлсэнчлэн “нэгдлийн гуанз ч социалист өмчийн нэг хэлбэр” юм. Гэвч удалгүй нэгдлийн гуанз ч улсынх болж 1971 он гэхэд нийтийн хоолонд өмчийн өөр хэлбэр үлдсэнгүй.

Төр бүгдийг нь булаах хялбархан байсан ч иргэдийнхээ хоолны орц, хачирыг нэмэх ажил амаргүй байжээ. Монголчууд зөвхөн мах, гурил иддэг байсан гэвэл өрөөсгөл юм. XX зууны эхээр, одоогийн Занабазарын нэрэмжит галарей баригдаж байх үед авсан гэрэл зурагт хүнсний ногоо зарж суугаа хэдэн авгай багтсан нь үүний гэрч болно. Мөн Ардын үндэсний эрх сонин-ы 1935 оны арванхоёрдугаар сарын 28-ны 101 дугаарт “Улаанбаатар хотын хоршооны харьяа артель Өгий-нуураас 50 тонн загас барьж, 10 тонн загасыг Улаанбаатар хотод ирүүлж худалдахад хагас өдрийн дотор дууслаа” хэмээн бичснээс харвал бид бусдын л адил бүхнийг идэж дөнгөөд байж. Харин хүнсний ногоо дутагдалтай тул тэрийн болгон мэдсэн сурснаараа хоолны жор зохиогоод байх боломжгүй байсан гэж С.Баярсайхан онцолсон юм. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1959 оны хоёрдугаар сард хуралдаж “Тус улсын газар тариалангийн ажлыг 1959-1960 онд эрс нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоол” гаргаснаар “Атрын аян” эхэлж монголчуудын тавганд төмс, хүнсний ногоо эрс нэмэгджээ. Төр засгийн зүгээс ч нийтийн хоолонд хүнсний ногоо ахиу хэрэглэхийг шахахын сацуу уралдаан хүртэл зарлаж 7 дугаар гуанзны тогооч Я.Санжид нар шалгаран АИХ-ын депутатаар сонгогдож байсан юм. Чухам үүнээс хойш ногоотой шөлийг “Ургацын далай” хэмээн өхөөрдөн нэрлэх болсон аж. Ийнхүү монголчуудын ширээн дээр “Нийслэл салат” тэргүүтэй ногоо бүхий зоог эгнэх болов.


Социалист гал тогоо
    
1961 онд Н.Хрущев 15-20 жилийн дотор АНУ-ыг гүйцэж түрүүлнэ хэмээн индэр шаахад Ю.Цэдэнбал ч дугай суусангүй “Социализмын материал техникийн баазыг байгуулж дуусгах”-аар зориг шулууджээ. Хөдөө хотгүй бүтээн байгуулалт өрнөж “хөдөлмөрийн хүн” гэдэг ойлголт төлөвших хэрээр түүний ходоодонд анхаарал тавих хэрэг гарав. 1970 он гэхэд ажилчин, ажиллагсад даруй 200 мянга давсан бол 1955 онд 23.1 сая төгрөг байсан нийтийн хоолны гүйлгээ 15 жилийн дотор 112.2 саяд хүрчээ. Бүр 1966 онд зарласан МАН-ын программд “Эмэгтэйчүүдийн гэрийн ажилд зарцуулах цагийг багасгаж, тэднийг нийгмийн ажилд татан оролцуулах бололцоо олгодог чухал хөшүүргийн нэг нийтийн хоолны газрыг бүхий л талаар хөгжүүлэх”-ээр заасан байлаа. Энэ ч үүднээс гуанз, цайны газрууд нэмэгдсэний дээр Улаанбаатар, Баянгол зочид буудлууд ашиглалтад ороход тухайн үедээ л сайн тоноглогдсон, тохилог ресторанууд нээгджээ. Мөн шинэ тутам ашиглалтад орж байсан хорооллуудын үйлчилгээний төвүүдэд гуанз, ресторан, хагас боловсруулсан бүтээгдэхүүний худалдаа ч ар араасаа бий болж байлаа. Монголчууд ч нэг үеэ бодвол нийтийн хоолонд сүрхий дасаад ирж. Гэвч гуанзуудыг хангах түүхий эд, тэр дундаа мах асар ихээр дутагдах болсон байна. Ингээд туслах аж ахуй буюу гахай, тахиа үржүүлэх болон ангийн махыг нийтийн хоолонд өргөн ашиглах уриалга гаргасан байдаг.  Чухам энэ үед л Гандангийн дэнж дээр ангийн махан зоогтой Анчдын нийгэмлэгийн гуанз нээгджээ.

Мөн Улаанбаатар хотын Нийтийн хоолны трест ч өөрийн гэсэн гахайн аж ахуй хөгжүүлжээ. Тэр жилүүдэд С.Баярсайхан бүх аймгуудаар явж гахай өсгөж үржүүлэх хийгээд нядлах, тураг болон дотор махаар нь хоол хүнс бэлтгэх арга ажиллагааг үзүүлэх сургууль маягаар хийдэг байснаа дурссан юм. Харин Ж.Октябрь ажил үүргийн дагуу аймгуудад ногооны агуулах, махны зоорь барих ажлыг Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн аж. Гэвч “Капиталист нийгэм дэх капиталист үйлдвэрлэлийн газар болох нийтийн хоолны газрын үндсэн зорилго нь хөдөлмөрчдийн хоол хүнс ба материаллаг байдлыг сайжруулахад биш харин дээд хэмжээний ашгийг олж авахад оршдог” хэмээн үздэг социалист Монголын тул нийтийн хоолны газрууд үнэгүй эсвэл хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ. 1966 оны байдлаар нийт гуанзны 71.6 хувь нь ашиггүй шахам ажиллаж байжээ. Үүнээс гадна нүдэн баримжаа, гарын багцаагаар явж ирсэн тогооч нарт хоолны жор ашиглуулах том ажил гарсан хэмээн С.Баярсайхан ярьж байлаа. Харин 1963 онд Д.Содномдоргиор ахлуулсан комисс хоёр жил шахам ажиллаж “500 хоолны жор” нэртэй анхны бүрэн хэмжээний жор, технологи гаргаж орон даяар мөрдүүлж эхэлжээ. Үүнд хятад, болгар үндэстний хоол оруулсан бөгөөд үүнээс хойш котлет, шницель зэрэг Европ зүгийн хоол зонхилох болж гуляшь “Нийтийн хоолны нэрт зүтгэлтэн” цолыг олсон юм.
 

Дэлхийн гал тогоо

1985-1988 оны хооронд ямар ч үнээр хамаагүй төлөвлөгөөгөө биелүүлэх гэж явсан ХБЯ-ны Нийтийн хоол хариуцсан орлогч сайд Ж.Октябрь “Манай салбарт жинхэнэ хувьсгал болсон. Монголын хамгийн эрчимтэй хөгжиж байгаа салбар” гээд “Эрх чөлөө олгосноор өнөөдрийн үсрэнгүй хөгжилд хүрсэн” хэмээн бардам дугарч байна. Нийтийн хоолны салбарыг 1991 онд малтай хамт хамгийн түрүүнд хувьчилсан юм. Хувьчлалаас хойш 2011 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд энэ салбарт 970 310.35 мянган ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон болохыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайтаас харлаа. Улаанбаатарын гудамжаас дэлхийн үндэстэн бүрийн хоолыг амталж болно. Хойд Солонгос, Куба хоёрын зоогийг ч бид хүссэн үедээ хүртэх боломжтой юм. Нийтийн хоолны төрөл бүрийн үйлчилгээ түгэн дэлгэрсэн энэ цагт “мэргэжлийн диплом бус авьяас чадвар чухал болсон” гэж Ж.Октябрь хэлэв. Тэрбээр орлогч сайд байхдаа гадаадын зочин ирэхэд оруулах газаргүй сандарч явснаа ч нуусангүй. “Өдрийн хоолыг нь Солонгод идүүлээд, орой нь Москва ресторан орох маягаар л аргалдаг байсан” гэнэ. Тухайн үедээ энэ хоёроор л нүүр тахалж байсан ч “Өнөөгийнхтэй харьцуулахад нүүр улайм байсан” гээд инээлээ.

Монголчууд өдгөө үндэстэн болгоны хоолыг өөрсдөө хүртээд зогсохгүй дэлхийн улс гүрнүүдэд ч өөрийн хоолоо амтлуулж эхэлжээ. Анх жуулчинд үйлчлэх зорилготой нээгдсэн “Модерн номадс” сүлжээ ресторан хоёр хөршид салбартай болоод байна. Социализмын үед гуанзны цэсээс шахагдсан үндэснийхээ хоолыг эргүүлж хүндэтгэлийн ширээнд нь залсан гавьяаг энэ ресторан үүрэх хувьтай юм. 2003 онд тус газрын бизнес төлөвлөгөөг хийсэн Н.Батмагнай “Монгол хоолыг гадаадын хүмүүст яаж идүүлэх вэ гэж бодсон. Тэгээд Монголд ажиллаж байсан гадны хоёр тогоотой хамтран амталгаа гаргасан” хэмээн ярьж байна. Энэ бүх ажлын эцэст тэд амтны гол утга учир соусандаа байгааг олж тогтоосон гэнэ. Тэрбээр “Буузыг герман соусанд дүрээд идвэл герман бууз болно. Хятад соусанд дүрвэл хятад болчихно” гэж байлаа. Харин хоолыг орцоор нь бус харин тусгай нэр өгөх санаачилгыг М.Есөнмөнх гаргасан аж. Монгол хоол төдийгүй, монгол тогооч нар ч дэлхийн энд хэзээний хүрээд байна. “Монгол Улсын Ерөнхий тогооч” хэмээх албан бус өргөмжлөлтэй Ж.Октябрь ноднин Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн зочноо Централ таувэрийн Моне ресторанд оруулан нүүр бардам дайлснаа бахтай дурсаж байлаа. Төр хувьчлаад л тэр чигт нь “таг мартчихсан” Монголын нийтийн хоолны салбар эдүгээ энэ бөмбөрцөгт гологдохооргүй болжээ. Манай төр өнөөг хүртэл нилээд олон салбараа ингээд зөнд нь хаячихсан бол хөрвийн аргаар өөрөө бойжоод, бусдын дайнд хүрчих байсан ч бил үү, хэн мэдэх билээ.