Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал ахын маань ”Монголын тал нутаг” дууны шүлэгт ”Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг, Ямар уужим юм бэ, монгол хүний сэтгэл” гэсэн сайхан мөрүүд бий.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал ахын маань "Монголын тал нутаг" дууны шүлэгт "Ямар уудам юм бэ, Монголын тал нутаг, Ямар уужим юм бэ, монгол хүний сэтгэл" гэсэн сайхан мөрүүд бий. Яг энэ гайхалтай бахдал шигээр "Ямар уужим юм бэ, наран хүний сэтгэл" гэж шагширмаар санагдаад байх юм. Мэдээж, энэ нь сүүлийн үед шуугиан болж байгаа Японы сумо дахь үе, үеийн дээд амжилтуудыг монгол хөвгүүн эвдсэн тэр үйл явдлаас үүдэлтэй хэрэг л дээ.
Японы түүхэнд Тайхо аваргын тамгалсан 32 удаагийн түрүүг Монголын Хакухо эвдэж 33 болголоо. Одоо цаана нь байгаа цөөхөн хэдэн рекордыг монголчууд ч эвдэнэ гээд уухайлж, буухиалж байна. Мэргэжлийн сумогийн сүүлийн дөрвөн их аварга нь монгол хүн болчихсон. Японы бөхчүүдээс хамгийн сүүлд Ваканохана 1998 онд 66 дахь их аварга болж өөрөөс нь дөрвөн жилийн өмнө энэ цолыг хүртэж байсан дүүтэйгээ 2003 оныг хүртэл барилдаж байсан билээ. Тэдэнтэй зэрэгцэн Хавай арлын бөхчүүд сумог эзэгнэж дараагаас нь монголчууд "азаргалж" эхэлснээс хойш Японы бөхчүүдэд өөрсдийн үндэсний спортдоо ид хаваа гайхуулах боломж ер гарсангүй. Одоо Мэргэжлийн сумод 67 дахь аварга нь Хавайн Мусашимару тэгээд 68, 69, 70, 71 гээд бүгд монголчууд байна. Нийт барилдаж байгаа бөхчүүдийн бараг тэн хагас нь Монголын бөхчүүд байгаа гэхэд хилсдэхгүй. Үндсэндээ сумогийн соёлыг харийнхан тэр дундаа монголчууд эвдэж байна.
Монгол хүнийхээ сэтгэлгээгээр япончуудын байр суурин дээр өөрсдийгөө тавиад үзвэл үнэндээ Наран улсын иргэдийг ойлгож чадахгүй юм аа. Хэрэв бидний үндэсний спортоор тэр дундаа монгол бөхийн дэвжээн дээр маань япончууд ирээд томорч байвал бид яах бол. Япон байтугай тува, өвөрмонгол бөх ирээд ганц даваадахвал бөөн юм болцгоодог биз дээ. Хил даваад ирэх байтугай зүлэг ногоон дэвжээн дээрээ халх, ойрадаараа хуваагдчихдаг. Сүүлийн жилүүдэд Увсын бөх баараггүй түрүүлэх боллоо. Увсын тэр хотгороос хэн нь ч байж магад, түрүүлэх бөх л тодроод байна гэж магтаал матаасын хооронд ярилцацгаана. Баруун аймгийн бөх түрүүллээ, манай нутгаас байдаггүй, эсвэл манайхан тэдэн начин, харцагатай одтой барилдлаа гээд сүйд болохыг нь харахаар хөмөрсөн тогоон дотроо мөн чиг хэцүү амьдарч байгаа маань батлагдана. Үнэндээ ч бид тэнгэр шиг том газартай мөртлөө, тогоондоо багталцаж ядсан давчуу сэтгэлгээндамьдарсаар ирлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг телевизийн ярилцлагадаа "Гадныхан манай зочломтгой занг нь гайхдаг байсан бол одоо тийм биш болох гээд байна. Японд анх жижигхэн шар хүү очиж байсан Хакухо сумо бөхөөр хичээллэн бүх цаг үеийн рекордыг эвдлээ. Япончууд 33 түрүү авчихаад байхад нь яаж хандаж байна. Үндэсний үзэл байх ёстой. Гэхдээ манайхны гаргадаг шиг биш. Хүчтэй монгол хүн болох ёстой" хэмээн онцолсон. Үнэхээр бид харь элгийн гэж алаг зөрүү үздэггүй, элэгсэг зочломтгой гэдгээрээ алдартай үндэстэн байсан. Энэ алагчлан үзэж байгаа хандлага бол бидний уламжлалт ёс, соёл яавч биш. Монголчууд хүртэл англи хэл сурахдаа хамгийн түрүүнд шахам "hospitable" хэмээх үгийг сурдаг нь өөрсдийгөө бусдад танилцуулахдаа хэрэглэх гэдгийнх байлаа. Монголчуудыг зочломтгой гэж харийнхан онцолдог болохоор өөрсдөө ч үүндээ итгэж, дараагийн хүмүүст ярих гэж энэ үгийг толь бичгээс хардаг байв. Гэвч өнөөдөр зочломтгой, найрсаг элэгсэг гэж энэ үгээр гадныханд өөрсдийгөө танилцуулахад итгэх болов уу даа. Монголчуудын зочломтгой, элэгсэг найрсаг зан чанар бүр алсарч алга болжээ. Монголын радиод япон хэлний мэргэжилтнээр ажиллаж байсан өвгөн мэргэжилтнийг зэрлэгээр хороож, худалдаа наймаа хийж он жилүүдийг үдсэн хятад хүмүүсийг алж, амьдралын мөр хөөж ирсэн вьетнам залуусыг дээрэлхэж байна. Сүүлийн хоногуудад вьетнам залуучуудыг монгол охидтой наргиж, элдэв янзын хоол идэж тансаглаж байна гээд баахан үзэн ядацгаалаа. Ёстой дөрвөн мөчөө салж унатал ажил хийж олсон мөнгөөрөө нохойгоо шараад иднэ үү, лаа луувангаа иднэ үү хамаагүй баймаар. Гэвч тэднийг мөнгө олж, найр хийлээ гэж ихээхэн дургүй байна аа. Үнэндээ тэгж дургүйцэж, үзэн ядаад байгаа хүмүүс бол тэдэн шиг нүдээ нээмэгцээ ажлаа бодож сэрдэггүй, хувхай хоосон, ажилгүй залхуу нөхөд л байгаа. Тэгээд яаж амархан мөнгө олох вэ, хаанаас хулгай хийх вэ гэж санааширна.
Тэгээд ажил хийгээд мөнгө олж, түүгээрээ найр наадам болж, хажуудаа сайхан бүсгүйчүүдийг суулгаж байгаа хэнийг ч болов үзэн ядна. Харийн тэднийг үхэж байсан төлөг гээд бүр үзэх ч үгүй. Ийм л үзэл санаа бидний дунд их болжээ. Улс төр хийж, бодлого тодорхойлох гэж байгаа хүмүүс нь хүртэл гадны хүмүүсийг үзэн яддаг хийрхэлд автаж, түүгээрээ нөгөө хэддээ таалагдахыг хичээнэ. Угаасаа нөгөө хэд нь ингэж хүсээд байгаа учраас болохгүйг нь мэдэж байсан ч дүр эсгэсээр. Энэ сэтгэлгээгээрээ гадны хөрөнгө оруулагчид муу, гадны банк хуурамч, гадныхантай түншилж ерөөсөө болохгүй гэж дээр доргүй ярих болов. Гэтэл япончууд асуудалд яаж хандаж байгааг бид тодоос тод харцгааж байна. Япончуудын хувьд сумо нь бусад тэдэнтэй хамаардаг бөхийн барилдаанаас ч тэс өөрт тооцогддог билээ. Япон хэлэнд хүндэтгэлийн хэлбэрт ашигладаг о авиаг сумогийн өмнө хэрэглэдэг, бүр сумочдын жин нэмэхэд хэрэглэдэг гэх шөлийг хүртэл чанко-о гэцгээж байгаа дуулддаг. Бас их аваргын бүс нь бурхан зүүдэг хэлхээс байдаг, бас их аварга хүн япончуудын хувьд бурхан гэцгээдэг. Гэтэл өөрсдийнхөө бурхнаа мэт боддог их аваргууд нь даруй харийнхан болчихоод байхад хүртэл тэд өөрөөр хандаж байна. Их аварга Асашёорюүг дарамталж зодог тайлахаас аргагүйд хүргэсэн гэж манайхан ярьцгаадаг. Бас Хакухог 33 давчихаар нь сануулга өглөө гэцгээж байна. Засуулууд шударга бус хандсан талаар Хакухогийн шүүмжлэлийг наана, цаанатай хүлээж авсан зүйл байгаа л байх. Гэхдээ л япончуудын хувьд сумо нь юу билээ, гэтэл тэр сумог нь монголчууд ямар болгочихоод байгаа билээ, тэр бүгдийг дааж, тэсч бас уужим ухаалаг хандаж байгаа энэ япон хүмүүс гайхалтай юм. Улсын наадмын түрүүг нь дараалаад япон хүн авах байтугай Увсынхан авчихаар үхчих гээд байдаг улсууд шүү дээ. Бид өөрсдийгөө нэг харж, хүний нутгийн хүмүүсийг харьцуулж нэг харж баймаарбайна аа. Улс төрд гарч байгаа хүмүүс нь ч гадныхныг үзэн ядаж байвал монгол хүн, эх оронч харагддаг гэсэн бодлоо өөрчилмөөр байна. Ямар бачуу юм бэ, Азийн цээжинд тархсан монголчууд,ямар уужим юм бэ, алгынхан чинээ арал дээр амьдардаг, наран хүмүүс.