БНУ-аа тунхагласны ойн баярын утга агуулга
1911 оноос 1946 онд олон улсын эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон нэг ч улс байхгүй. СССР нь хоёрдмол байр суурь баримталж байсан. Дундад Иргэн Улстай 1924, 1937 онд байгуулсан эрх зүйн хоёр чухал гэрээ хэлэлцээртээ тэр үеийн Монголыг хүлээн зөвшөөрч зөвшөөрүүлж байгаагүй. 1946 оны эхээр олон улсын эрх зүйгээр анх удаа олон улсын түгээмэл эрх зүйн субъект болж, дипломат харилцааг анх удаа Дундад Иргэн Улстай манай улс тогтоожээ.
Жил бүрийн энэ сарын 26-ны өдөр монголчууд нэгэн чухал баярыг өргөн тэмдэглэдэг. Тусгаар тогтнолын баяр мэтээр иргэд өргөнөөр ойлгодог. Энэ тухай нарийвчлан тодруулахаар судлаач-профессор Д.Баярхүүд News.mn caйтын сурвалжлагч хандаж ярилцлаа.
-Бидний хөндөж буй сэдвээр ярилцлага өгч байгаад News.mn сайтын хамтын олны нэрийн өмнөөс Танд талархал илэрхийлье.
-Баярлалаа. Монголын № 1 мэдээллийн сайтдаа урьж ярилцлага авч байгаад би бас талархаж байна. БНУ тунхагласны баярын мэндийг өргөн дэвшүүлье.
-Танд ч бас. Ингэхэд ямар учраас тэмдэглэх баяр болох тухайд ярина уу.
-Бид жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд улс үндэснийхээ төрийн их баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Түүх сөхвөл үндсэндээ 4 ойг нэг дор тэмдэглэж ирсэн. Тэр нь 1) Анхдугаар Үндсэн хуулиа батласны ой; 2) БНМАУ-ыг тунхагласны ой; 3) МАХН-ын III их хурал хуралдаж капиталист бус хөгжлийн зам сонгосны ой; 4) Нийслэл хүрээ-Өргөөг Улаанбаатар хэмээн нэрийдсэний ой байв. Эдүгээ эхний хоёр ойг нь тэмдэглэж байна.
Анхлан 1964 онд МАХН-ын III их хурлын ойтой хамтатган баяр болгон тэмдэглэх тухай тогтоол гарч байсан юм билээ. Тэр үед Зөвлөлтийн нам, төр, засгийн гурван удирдагч Л.Брежнев, А.Микоян, А.Косыгин нараас манай нам, төрийн хоёр удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нарт баярын цахилгаан утас ирсэн байдаг. 1974 онд Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев тэргүүтэй нам-засгийн төлөөлөгчдийг урьж айлчлуулан тэмдэглэснээс хойш Ардын хувьсгалын ойн баяртай ач холбогдол нь зэрэгцэж ирсэн. 1984 онд В.Гришин тэргүүтэй СССР-ийн нам-засгийн төлөөлөгчдийг урьж айлчлуулан сүрлэг тэмдэглээд тэр ой тэгсгээд намжсан. Ардчиллын ойрын хэдэн жилд нижгэр тэмдэглэж, шагналын хур буулган, бөх барилдуулан, бүх нийтээр амардаг болсон. Энэ баярын уур амьсгалын сэтгэхүй амь бөхтэй үлдсээр дараагийнхаа шинэ жилийн баяртай золгодог болоод байна. Ер нь аливаа баяр наадам улс төрийн агуулга, үндэслэлтэй байдгийг манайхан тэр бүр анхаардаггүй, анхаарах нь ч үүрэг нь биш. Гэхдээ насанд хүрсэн монгол хүн бүр эрхбиш мэдэж мэдэрч байвал буруу нь юу байхав. Нийтээрээ тэмдэглэж буй энэ баярыг чухам юуны учир тэгтлээ тэмдэглэх ёстой, түүнд улс төрийн ямар агуулга буй тухайд олон улсын харилцааны түүхчийн өнцгөөс учир шалтгааны хэдэн тайлбар хэлье.
-Харин түүнийг чинь л яриулах гээд ярилцлага хийгээд байгаа юм?
-1911 он хүртэлх түүхийг энд дэлгэхгүй, гэхдээ оршил болгож ганц нэг түүх хэлье. Манжийн Чин улсын мэдэлд Монгол, Хятад хоёул зэрэгцэн оршиж байсан. Тэр гүрэн нуран унамагц аль алин нь төр улсаа зарласан. 1911 оны 12 дугаар сарын 29 бол яах аргагүй тусгаар тогтнолын өдөр. Үндэсний гол баярын маань өдөр гэсэн үг. 1912 оноос Богд Хаант Монгол Улс, Дундад Иргэн Улс зэрэгцэн буй болсон. Тэр Дундад Иргэн Улс нь манай тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхгүй явсаар 1945 оныг хүргэсэн. Хятад нь манайхаас 12 жилийн өмнө бүгд найрамдах засаглалыг сонгожээ. Нөгөө өнцгийн нэг тайлбар хэлье. Хоёр их хөршийн харилцаагаар манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал зохицуулагдах учир тавилантай байсан.
1913 онд Хаант Оросоос Хятадын БНУ буюу Дундад Иргэн Улсыг хүлээн зөвшөөрч, чингэхдээ мөн оны 10 дугаар сарын 23-нд “Гадаад Монголын автономыг хүлээн зөвшөөрөх тухай Орос, Хятадын Тунхаглал” гэдгийг Бээжинд байгуулж, мөн өдрөө Оросын Засгийн газар ноот илгээж Гадаад Монгол нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэдгийг Орос хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгджээ. Хоёр хөрш гүрэн нь энэ тохиролцоогоо Хиагтын гурван улсын хэлэлцээ гэдгээр монголчуудад тулгасаар 1915 оны5 дугаар сарын 25-нд гурван улсын хэлэлцээрээрМонголыг Хятадын сюзерен дорхи өөртөө засах улс гэдгийг тунхаглажээ. Энэ гэрээ Октябрийн хувьсгалын дүнд хүчингүй болж, мөн монгол ноёдын эв түнжингүй байдлаас шалтгаалан Хятадын гамин цэрэг 1919 онд Нийслэл Хүрээнд ирж Монголын автономитыг устган, үүнээс улбаалан Монголд Ардын хувьсгал ялах тохироо бүрдэж, Цагаан Орос ба Зөвлөлт Оросын аль алины тусламжтайгаар тэр нь ялж тусгаар тогтнолоо эргүүлэн авсан түүхтэй. Тэр үедээ монголчуудад буян үйлдсэн большевик улаан Орос маань Дундад Иргэн Улстай харилцаагаа сайжруулах тухай ил далд хэлэлцээ 1920 оноос явуулсаар 1924 оны 5 дугаар сарын 31-нд “СССР ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр” гэгчийг байгуулахдаа Хавсралтын 5-р зүйлд Гадаад Монгол нь Дундад Иргэн Улсын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг хүндэтгэж байна хэмээн зааж өгчээ.
-Та яг 1924 он руу тулж иртэл ярьлаа. Тэгээд БНУ-аа тунхагласан тухайд?
-1924 оны хавар Богд гэгээн нас нөгчсөн, нөгөө талаас Бээжинд СССР, Дундад Иргэн Улсын хооронд ийм хэлэлцээр байгуулж Монголыг Дундад Иргэн Улсад 1915 оны Хиагтынх шиг эгүүлж оруулсан шалтгаанаар Улсын анхдугаар хурлыг хийж, Богдын хойд дүрийг тодруулахгүй, өөрөөр хэлбэл IX Богд гэгчийг буй болгохгүй гэх нөхцөлтэйгээр БНУ-ыг тунхаглах түүхэн шаардлага бүрджээ. Нэгэнтээ Эзэн хаан, шашны тэргүүн дахин төрүүлэхгүй түүхэн нөхцөл бүрдсэн, иймээс засаглалын хэлбэр солигдож таарна. МАХН-ын III их хурлаас “хөрөнгөтний бус хөгжлийн зам” сонгосон тул БНУ-ын Үндсэн хуулийг батлах ёстой болжээ. Жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд бидний тэмдэглэж буй энэ баяр тийнхүү нөхцөлджээ. Дээр нь Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрлэжээ. Уг нь социализмын үед “Нийслэлийн өдөр” хэмээн давхар тэмдэглэж байсансан. Олон улсын жишгээр бол “Republic Day” буюу “БНУ-ын Өдөр” хэмээх энэ өдөр бол үндэсний баяр маань гарцаагүй мөн. Ингэхлээр 1924 он бол монголчуудад сайнаар, муугаар зэрэг туссан жил болно. Эндээ БНУ-аа тунхаглаж, харин Бээжинд Монголын тусгаар тогтнолыг ах нар маань хятадуудтай хуйвалдан үгүй хийж байсныг тухайн цагт монголчууд мэдээгүй, хожим нь тас нууж явсаар 1990-ээд оны ардчиллын жилүүдэд бид түүхэн үнэнийг мэдэж авсан, “ах нар” маань нууж хаалгүй архиваа дэлгэсэн юм шүү дээ.
-1924 оны Бээжингийн тэр хэлэлцээрийг дэлгэрүүлэх үү?
-Тэрхүү 1924 оны хэлэлцээрийг ярьж байгаа нь Монгол-Оросын харилцаанд хамаатуулж Орос руу зэмлэл тулгаж байгаа хэрэг биш шүү дээ. Оросын эсрэг яриад уналаа гэж намайг буруутгах үндэслэл байхгүй. Би биетэй бодитой болоод өнгөрсөн, тэгэх тусмаа одоо нэгэнт оршин тогтнохгүй болсон, түүх болж архивт орсон Зөвлөлт Холбоот Улсын гадаад бодлогыг хөндөж байна шүү дээ. 1924 оны тэр хэлэлцээрийн хавсралтад Улаан армийн ангиудыг Монголоос гаргах тухай ам өчгөө өгсөн байдаг. 1924 онд бид эндээ БНУ-аа зарлаад өөрсдийгөө тусгаар тогтносон гэх, дэлхий дахин, ядаж хөршүүд маань “Үгүй” гэхийн хооронд зарчмын асар их зөрүү байсан хэрэг. Тэгэхлээр дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол Улс гэж нэг он сар өдөр огноо гарч ирэх ёстой ёо доо. Тэр нь хэзээ вэ? Yүний тулд 1924 оны Бээжингийн тэрхүү хэлэлцээрийг хүчингүй болгох ёстой. Түүний дараа де-юре тусгаар тогтносон Монгол Улсын тухай ярих нүүртэй болно.
-Тэр нь тэгээд хэзээ тохиосон юм бэ?
-Бас л эмгэнэлт атлаа бахархалт түүх яригдана. 1936-1946 оны үе бол Монгол Улсыг дэлхийд гаргаж ирсэн түүхэн үе юм. Их хэлмэгдүүлэлт, Монгол-Манжийн хилийн хэлэлцээ, Халхын голын байлдаан, 1941 оны СССР-Японы Гэрээ, 1943 оны гурван гүрний Каирын бага хурал, АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлал, Ялтын бага хурал гэхчлэн цаашаа үргэлжилнэ. 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд Крымд холбоотон гурван гүрний тэргүүн нар уулзаж, хэд хэдэн чухал баримт бичиг байгуулсны дотор Алс Дорнодын асуудлаархи хэлэлцээр юм. Энэ хэлэлцээр хэрэгжвэл Монгол нь де-юре тусгаар тогтнох болно. Харин де-факто 1911-1919 онд, мөн 1921 оноос тусгаар тогтносон Монгол Улс оршин байсаар байсан хэрэг шүү дээ. Ялтын бага хурал бол дэлхийд манай улс тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх эхлэл нь. Ялтын бага хурлын ойн өдрийг бид таг чиг өнгөрүүлээд байх уу, яах вэ гэдэг дээр хариулт олж л таарна. 1945 он зун ЗСБНХУ–Дундад Иргэн Улсын гэрээний хавсралт ноотоор БНМАУ-ыг тусгаар тогтнуулах нөхцлийг тохирсон. Намар нь 10 дугаар сарын 20-нд Монголын ард түмний санал хураалтаар монголчууд тусгаар тогтнолоо баталсан, 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Хятадын тал манай тусгаар тогтнолын талаархи өнгөлзлөгөө зогсоосон зэрэг түүхнээ тэмдэглэгдэх олон үйл явдал баяр болон тэмдэглэгдэх нь ирээдүй цагийг хүлээн байна.
-Тэгвэл Зөвлөлт улс манай тусгаар тогтнолыг яг хэзээ хүлээн зөвшөөрсөн хэрэг вэ?
-1911 оноос 1946 онд олон улсын эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон нэг ч улс байхгүй. СССР нь хоёрдмол байр суурь баримталж байсан. Дундад Иргэн Улстай 1924, 1937 онд байгуулсан эрх зүйн хоёр чухал гэрээ хэлэлцээртээ тэр үеийн Монголыг хүлээн зөвшөөрч зөвшөөрүүлж байгаагүй. 1946 оны эхээр олон улсын эрх зүйгээр анх удаа олон улсын түгээмэл эрх зүйн субъект болж, дипломат харилцааг анх удаа Дундад Иргэн Улстай манай улс тогтоожээ. Үүнээс өмнөх БНМАУ ба СССР-ийн аливаа хоёр талын баримт бичгийг Хятадад жадлан эсэргүүцэж хятадын нэг мужтай Зөвлөлтийг харилцлаа, дотоод хэрэгт орлоо хэмээн буруутгадаг байснаг тооцохул Хятадын эл алхам нь онц чухал ач холбогдолтой байсан хэрэг. Москвагийн тухайд хоёрдмол байр суурьтай, гэхдээ 1921 оноос ямар нэг хэлбэрээр хүлээн зөвшөөрч харилцаатай явсан, харин 1946 оны хоёрдугаар сарын 27-нд СССР ба БНМАУ-ын Нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээ манайтай байгуулснаар олон улсын эрх зүйн бие даасан хоёр субъектын хоорондын анхны албан ёсны баримт бичиг хэмээн дэлхийд хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй болжээ гэж үзэх бүрэн үндэстэй.
-Ярилцсан Танд баярлалаа.