“Арева”-гийн санхүүжүүлэх мал эрүүлжүүлэх төсөл олон асуултад хариулт авчирна гэдэгт хүмүүс итгэж байна
Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг ”Арева” компани Монголд орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэхээр 18 жил өнгөрч байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогдох энэ компани байгаль дээрх ураны хүдрийг олборлож, цөмийн реакторт ашиглах хүртэл боловсруулдаг компани гэдгийг нь хүмүүс мэднэ.
Дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг "Арева" компани Монголд орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэхээр 18 жил өнгөрч байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогдох энэ компани байгаль дээрх ураны хүдрийг олборлож, цөмийн реакторт ашиглах хүртэл боловсруулдаг компани гэдгийг нь хүмүүс мэднэ. "Арева" групп нь нийт цахилгаан үйлдвэрлэгчдийн ашиглаж буй цөмийн түлшний гуравны нэгийг үйлдвэрлэдэг гэхээр ямар том зах зээлийг эзэлдэг вэ гэдэг нь тодорхой болох биз ээ. Гэвч Францын энэ компани Монголд салбараа нээн "Арева Монгол" ХХК, "Кожеговь" ХХК-ийг байгуулсан ч үйл ажиллагаа нь бусад орнуудад явдаг шигээ жигдэрч чадахгүй байгаа гэлцдэг. Магадгүй энэ нь монголчуудын уран гэхээр цөмийн хор хөнөөл, хог хаягдал гэж шууд ургуулан бодож, болгоомжлон ханддаг байдалтай ч холбоотой байж болох юм. Одоогоос хоёр жилийн өмнөөс тус компанийн үйл ажиллагаа явуулдаг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим малчин мал нь уранаас хордож үхсэн талаар гомдол гаргах болсон билээ. Хэдийгээр Засгийн газраас томилсон нарийн мэргэжлийнхнээс бүрдсэн багийнхан тус аймагт ажиллаад "Арева Монгол" ХХК, "Кожеговь" ХХК-ийн үйл ажиллагаатай хамаагүй гэж тогтоосон ч үл итгэгчид байсаар л байгаа юм. Үнэхээр ураны олборлолттой холбоотой мал хуй нь хордож үхэж, магадгүй хүн амын эрүүл мэнд доройтож байна уу. Эсвэл өөр төрлийн өвчнөөр малын хорогдол гарч байгааг бид хамаатуулж ойлгож байна уу. Энэ бол олон хүний мэдэхийг хүсч байгаа асуулт. Дорноговь аймгийн удирдлагууд энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавьсныг "Арева Монгол" ХХК, "Кожеговь" ХХК-ийн зүгээс хүлээн авч нэгэн төсөл хэрэгжүүлэхээр болсныг нь сурвалжилсан юм.
"Арева Монгол" компани Улаанбадрах сумын нийт дөрвөн баг мөн Зүүнбаян багт хоёр жилийн хугацаанд малын эрүүл мэндийг сайжруулах төслийг санхүүжүүлэхээр болж байна. Энэхүү төсөл нь нэлээд их хэмжээний буюу 1.3 тэрбум гаруй төгрөгийн төсөл гэхээр аргагүй анхаарал татаж байгаа юм. Гэхдээ энэ төсөл нь яригдаад байдаг асуудал үнэхээр бүс нутагтаа өндөрт тооцогдох малын өвчлөлтэй нь холбоотой юу эсвэл уул уурхайн асуудалтай холбоотой юу гэдгийг нэг мөр болгож, тодорхой болгож өгөх учраас хаа хаанаа нэн чухал билээ. Хэрэв малын өвчлөлтэй холбоотой байсан бол энэ нутаг орны хүмүүс мэргэжлийн эмч нарын тусламжтай малын өвчлөлийн тухай ойлголттой болж, бас малаа ч эрүүлжүүлж, махаа ч үнэ хүргэж зарах боломжтой болохоос эхлээд ашиг тус нь их юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Сайншандад болсон уг төслийн нээлтийн ажиллагааны үеэр ийм төсөл эхлүүлж байгаад талархалтай байгаагаа тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон мал эмнэлгийнхэн, малчид илэрхийлж байсан билээ. Тэдний хувьд учир нь ойлгогдохгүй энэ асуудлыг тодорхой болгох нь чухал, заавал аль нэг компанийг буруутгахдаа биш харин малын хорогдол юутай холбоотой байдгийг л мэдмээр байна гэцгээж байсан юм. Хэдийгээр энэ төслийг "Арева Монгол" компани санхүүжүүлэх ч хэрэгжүүлэх байгууллага нь хараат бус мэргэжлийн байгууллага байна гэдгийг тэд онцолж байлаа. Энэхүү том төслийг 120 гаруй хувийн мал эмнэлгүүдийг эгнээндээ нэгтгэсэн "Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо" (МНХМЭДХ) хэрэгжүүлэх болж байгаа юм. Тэд бас мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын "Хил хязгааргүй агрономич, малын эмч нар" нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсноо энэ үеэр мэдэгдэж байв. Уг төслийн хүрээнд нэг франц, хоёр монгол эмч Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт хоёр жилийн хугацаатай ажиллана. Тэд 24 сарын турш, 24 цагаар малчдад үйлчлэх гэрээтэй аж. Хэрэв малд нь ямар нэг асуудал гарвал шууд дуудлагаар эмч нар нь ирж үзэхээс гадна угаалга тарилгыг тогтмол хийж байх гэнэ. Өөрөөр хэлбэл, малыг ямар цаг хугацаанд яаж эмчилж, ариутгаж угааж байдаг стандартыг хэвшүүлэх юм байна. Үнэндээ ерээд оноос хойш мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэнээр энэ салбар уналтад орсон гэлцдэг. Малчид төрөөс зайлшгүй хийдэг вакцин тарилгыг хийлгэхээс өөрсдөө мөнгө төлөөд хийх ариутгал, угаалгыг болж өгвөл алгасах болсон. Үнэндээ албан бус сайн дурынх болчихоор малчид хойш сууж, нөгөө талд нь малын өвчлөл нэмэгдсээр ирснийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгвэл энэ үйлчилгээг нь үнэ төлбөргүй болгож, малчдын бүр мартчихсан хашаа хороонд нь ариутгал хийдэг уламжлалыг нь сэргээвэл олон зүйл тодорхой болно хэмээн малын эмч нар үзэж байгаа юм билээ. Бас энэ төслийн гол зүйл нь малчдад малын эрүүл мэнд, арчилгаа эмчилгээний талаар сургалт явуулж, уг төсөл дууссан ч нутаг орны хүмүүс өөрсдөө малаа эрүүлжүүлээд аваад явчих хэмжээний болгоход ач холбогдол нь оршино хэмээн "Арева Монгол" ХХК, "Кожеговь" ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзант ярьж байлаа.
Мөн тэрбээр "Хоёр жил хэрэгжих энэ төсөл малчдын амьжиргаанд хувь нэмрээ урт хугацаанд оруулсаар байхыг бидний зүгээс хүсч байна" гэж байсан. Үнэхээр ч орон нутгийн удирдлагууд мал нь эрүүлжээд ирвэл малын махны чанар, сүү сааль, ноос ноолуурын гарц нэмэгдэж малчдын амьдралд хэрэгтэй, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулаад хүмүүсийн маань амьжиргаанд хэрэгтэй гэж байсныг онцлохоос аргагүй. Уг нээлтийн үеэр цугларсан зарим хүмүүстэй ярилцаж байхад "Сүүлийн хэдэн жил Улаанбадрахын мал хордож үхэж байна гэж баахан сенсацлаад мах ч зарагдахаа байсан. Хэрэв энэ төсөл хэрэгжиж бодит байдлыг харуулбал аль аль талдаа хэрэгтэй байна" гэцгээж байсан. Түүнчлэн уг арга хэмжээнд зориулсан үдийн зоогт Улаанбадрахын махаар хийсэн шорлог, хуушуурыг багтаасан бөгөөд монгол, францгүй бүгд л идэж байсныг хэлэхээс аргагүй. Нутгийн зарим иргэдээс "Мал хордож үхээд байдаг юм бол махыг идэх нь зөв үү" гэхэд "Мах нь зүгээр ээ. Дотор эрхтэн нь харин онцгүй болчихсон байдаг" гэж байв.
Улаанбадрахын малчдын ярьж байснаар бэлчээр дээрээ байж байгаад үхсэн зарим малын дотор гэдэс тэр дундаа уушиг нь авах юмгүй болсон байдаг ажээ. Бас сэмжнээс нь атгын чинээ бугласан идээ гарч байсан удаа ч бий гэнэ. Тэд малын ямар нэг өвчин үү, эсвэл урантай холбоотой байна уу гэдгийг л бид мэдчихмээр байна гэцгээж байсан билээ. Тэд малын паразит өвчлөл хаа сайгүй байдгийг нуухгүй байлаа. Энэ төслийн хүрээнд мэргэжлийн гадаад, дотоод мэргэжилтнүүдээс бүрдсэн "Мал эмнэлгийн оролцооны нэгж"-ийнхэн мал эмнэлгийн тусламжийг малчдад үнэгүй өгч, малын өвчнийг оношлохоос гадна дээжийг цаг тухайд нь нарийн мэргэжлийн лаборатори руу илгээж, өвчлөлийн хяналтын үр дүнгээ улирал тутам танилцуулж байх ажээ.
СЕРТИФИКАТТАЙ БОЛГОНО
-Дээхнэ үед малын эмч, малын эмчилгээ сувилгаа чухалд тооцогддог байсан ч сүүлийн үед энэ асуудал бүр хаягдсан гэдэг. Энэ үнэн үү?
-Хуучин цагт малын эмч, малчин, мал бол хоорондоо салшгүй уялдаатай гэдэг байсан ч зах зээлийн үед нэг хэсэг энэ зарчим алдагдсан нь үнэн. Харин сүүлийн үед мал эмнэлэг, малын эрүүл ахуйн асуудлыг мэргэжлийн хүнээр дамжуулж хийлгэх нь малын чанар, түүхий эдийн гарц, чанартай холбоотой гэдгийг малчид мэддэг болж эхэлж байна. Тэр ч утгаараа бидэнд хандаж хамтран ажиллах болсон.
-Танай байгууллага Дорноговийн энэ бүс нутагт судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүн яаж гарав. Үнэхээр малын өвчлөл их байна уу?
-Бид энэ төсөл хэрэгжихээс өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард судалгаа хийсэн. Тэгэхэд Улаанбадрах сум, Сайншандын Зүүнбаян баг бусад аймаг сумдтай харьцуулахад паразит болон малын бусад өвчлөл их байгаа нь ажиглагдсан. Паразитын гаралтай өвчлөл, ургийн гажиг бас өндөр байна.
-Бас уушигны гаралтай өвчлөл их гарч байгаа гэсэн. Энэ юутай холбоотой юм бол?
-Уушгины гаралтай өвчлөл зөвхөн энд гардаг биш. Зарим аймгуудад бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр энэ бүх өвчлөл юутай холбоотой талаар бидний хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн үр дүнд тодорхой болно гэдэгт бид итгэлтэй байгаа.
-Малчид, компани аль, аль нь бодит байдал тодроосой гэж хүсч байгаа байх л даа. Гэхдээ энэ төслийг "Арева" санхүүжүүлж байгаа учраас тэдний талд шийдвэр гарчих вий гэсэн хардлага байна л даа?
-Манай байгууллага бол хараат бус мэргэжлийн байгууллага. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага ч бас хараат бус. Бидний аль алиных нь ёс зүйн дүрэмд үүнийг заагаад өгчихсөн байдаг. Бид аль нэг талд бус харин мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажиллана гэдэгт итгэж болно.
-Малчид сүүлийн үед мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагад хандахын оронд өөрсдөө дур мэдэн малаа эмчилдэг болсон гэдэг. Энэ хэр ноцтой вэ?
-Мэргэжлийн хүмүүст хандахаас аргагүй. Малыг туулгаж тарих цаг нь хавар 3-4 сар, намар 9-10 сар байх жишээтэй. Нутаг орны байдлаас болоод өөрчлөгдөх нь ч бий. Дур, дураараа зах дээрээс хямд эм авч малдаа хэрэглээд явах нь малын эрүүл ахуйн байдлаас эхлээд хүнсний аюулгүй байдалтай ч холбоотой. Малчдын энэ байдалд анхаарахгүй бол хот хөдөөгүй хүмүүсийн хүнсний аюулгүй байдал яригдаж эхлэх юм. Энэ төслийнхөө хүрээнд бид малчдад боловсрол мэдлэг олгох тал дээр анхаарч ажиллана. Төсөл дууслаа ч малчид мэдлэгжиж үлдэх нь тун чухал. Бид малчны бүлэг байгуулж, бүлэг бүрээс сонгогдсон малчдад цуврал хичээлүүдийг заана. ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн мал эмнэлгийн үйлчилгээний нэг сарын тусгай сургалтын сертификатын хөтөлбөрт суралцсанаар малчид малын эмчийн удирдлагаар тус тусын бүлэг дээрээ ажиллах юм.
-Нутгийн хүмүүс паразит өвчлөл их байдаг талаар хэлж байна. Малчин Д.Норсүрэн гуай ч паразитгүй мал гэж юу байхав гэж байна л даа?
-Тэгж ойлгож нь буруу. Паразит бол малын хорогдолд бодитой нөлөөлдөг хүмүүсийн эрүүл мэндэд ч холбоотой өвчлөл.
-Танайх бүх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ, ганцхан эмийг л төлбөртэй өгнө гэж байгаа. Мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэн байдаг болохоор энэ суманд үйл ажиллагаа явуулдаг хувийн секторын бизнест халдчих юм биш биз?
-Бид хувийн эмнэлгийн үйл ажиллагаанд саад болох биш харин дэмжлэг болж ажиллана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэдэнд ажлын хөлсийг нь өгч хамтарч ажиллах юм.
-Эм нь ямар эм байх бол?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн чанарын эмийг боломжийн үнээр хүргэнэ.
-Танай Улаанбадрах сумыг сүүлийн хэдэн жил хордсон малтай, ураны хор хордлогод орсон гэж ойлгох хүмүүс бий болсон. Яг байдал ямар байгаа юм бэ?
-Зарим малчны мал хорогдож нэлээд асуудал болж байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Хүмүүс Францын энэ компанийн үйл ажиллагаатай холбож ярьж байсан учраас тухайн үедээ Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг гарч ажилласан. Гэхдээ уг ажлын хэсгээс "Арева", "Кожеговь" компанийн үйл ажиллагаатай холбоогүй гэсэн дүгнэлт гарсан. Нэгэнт ард иргэдийн дунд ийм болгоомжлол байгаа учраас бид хүмүүсийнхээ эргэлзээг нэг мөр болгох нь зөв гэж үзээд малын асуудлыг тодорхой болгох санал тавьсан юм. Хоёр талаас багагүй хугацаанд ярилцсаны үр дүнд өнөөдрийн гэрээг үзэглэх арга хэмжээ болж байна.
-Танай суманд малын өвчлөл үнэхээр байгаа юу. Махыг нь идэхэд болох уу?
-Манай сум орон нутагт малын уушгины өвчлөл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг эмнэл зүйн талаас нь ялгаатай авч үзмээр юм байна лээ. Ийм өвчин ганц манайх гэлтгүй байдаг юм билээ. Үүнтэй холбоотой малын мах хордсон уу гэвэл би зөвшөөрөхгүй. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжид уушиг, дотор махыг нь идэхгүй бусдыг нь идэхэд ямар ч асуудалгүй гэж байдаг.
-Уушгины өвчлөл нь танайхаас өөр газар байдаг уу?
-2013 оны тайлангаас харахад энэ өвчлөл Баян-Өлгий, Төв, Булган аймагт бас бүртгэгдсэн байна лээ. Сүүлийн үед тархаад байгаа өвчин гэж Мал эмнэлэг хариуцсан төв лабораторийнхонтой уулзах үед хэлж байсан л даа. Манай аймгийн хэмжээнд ч бас бүртгэгдсэн өвчин.
-Танай хүмүүстэй уулзаж байхад мал яг юунаас болж үхээд байгааг л мэдмээр байна гэж байна л даа. Үүнийг нь иргэддээ тодорхой болгож өгөхийн тулд ямар алхам хийж байна вэ?
-Үүнийг тодорхой болгохын тулд өнөөдрийн энэ ажлыг бид эхлүүлж байгаа юм. Өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан өвчлөлүүд, паразитын асуудал давхар гарч ирсэн л дээ. Хоёр жилийн турш малын өвчлөлийн тохиолдол бүр дээр ажиллаж, шинжилгээ хийх энэ төслийн хүрээнд бүх зүйл тодорхой болно гэж найдаж байгаа юм.
-Мэргэжлийн байгууллагууд ажиллах ч санхүүжилтийг нь энэ компани гаргах болгохоор эцсийн үр дүнд хүмүүс итгэх болов уу. Манайхан бас хартай хүмүүс шүү дээ?
-Тийм хардлага гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ саналыг өөрсдөө тавьсан. Танайтай хамаатай ч байсан, хамаагүй ч байсан ийм төсөл хэрэгжүүлмээр байна. Харин олон улсын хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ шүү гэсэн шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын хүрээнд "Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо" нь цаашаа олон улсын байгууллагаа урьж авчирсан байгаа юм. Аль ч байгууллагынх нь дүрэмд хараат бус ажиллах талаар заасан байдаг юм билээ. Тиймээс бид итгэж байгаа. Ер нь нэг нэгэндээ итгэж сурах хэрэгтэй гэж бодож байна. Нөгөө талаас бид малчдадаа үүнийг хэлж ойлгуулах ч хэрэгтэй.
-Энэ төсөл хэрэгжих нь зөвхөн танай сум орон нутгийнханд хэрэгтэй гэлтгүй малын ариутгал, эрүүл мэндийн байдлаасаа болоод гадаад зах зээлд гарч чаддаггүй манайханд стандартыг авчрах сайн талтай юм гэж харагдаж байна л даа...
-Би бас ингэж бодож байна. Мал эрүүлжсэнээр малын гаралтай түүхий эдийн гарц нэмэгдэж, цаашлаад малчдын амьжиргаа, орлого нэмэгдэх сайн талтай гэж харж байна. Энэ төслийн нэг чиглэл нь малаа эрүүлжүүлэхээс гадна малчдаа сургах зорилготой. Улаанбадрахын бүх малчин иргэдэд малын дуудлага үнэгүй, сургалт үнэ төлбөргүй авна бас шинжилгээ оношилгоо нь үнэгүй гэж байгаа. Өвчний онош нь тодорчихвол малд өгөх эмээ өөрсдөө хариуцана, бусад нь үнэгүй гэж байгаа шүү дээ.
-Өмнө нь ямар байдаг байв. Мал өвдлөө гэхэд малчин хэрхдэг юм бэ?
-Мал өвдөхөд суманд байх хувийн хэвшлийн эмнэлэгт ханддаг. Дуудлагын хөлсөө авна, шинжилгээнд явуулбал өртөг зардлыг нь гаргуулдаг байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр манай сумын мал эмнэлэг уг төслийнхөнтэй хамтраад санхүүжилтээ аваад явах юм. Бид ингэж ажлыг нь холбож өгсөн.
-Угаалгаас эхлээд олон зүйл үнэгүй байх нь ээ. Танай суманд нэг малын угаалгын хөлс хэд байдаг вэ?
-Аймгийн хэмжээнд нэг малын угаалгын төлбөр 250 төгрөг байдаг юм. Хуучных шиг албадан бус болохоор угаалгах хүмүүс байна, үгүй нь байдаг байсан. Харин одоо Аргалант багийн 30 000 мал дээр үлгэрлээд үзүүлэх учраас үр дүн нь хүмүүсийн нүдэнд бодитоор харагдах байх аа.
-Малчид маань энэ төсөлд хэр дуртай байна вэ. Магадгүй ажил удаад гээд дургүй байна уу?
-Үгүй ээ. Дуртай байгаа. Энэ бол тэдний хүсч байсан ажил юм.
Зүүнбаян багийн Засаг дарга Х.Отгонбаяр "Би хувьдаа "Арева"-гийн төсөл хэрэгжиж, нутаг оронд маань үр өгөөжээ өгөөсэй гэж бодож явдаг хүн. Гэхдээ мал өвчилж, хорогдох явдал гараад байгаа учраас ард иргэдийнхээ адил санаа зовних болсон. Тэгэхээр энэ төсөл хэрэгжиж, хүмүүст мэдээллийг үнэн зөв өгөхөөр болж байгааг нь чухал гэж бодож байна" гэж үгээ хэлж байв. Ер нь уг арга хэмжээний үеэр цугларсан олон хүнтэй санал солилцож байхад "Бидэнд мал юунаас болж үхэж байгааг л мэдэх нь чухал байна. Үнэндээ энэ компанийн үйл ажиллагаанаас, ураны нөлөөгөөс болчихсон гэх баримт нотолгоо бидэнд байхгүй. Гэхдээ мал үхэх явдал мэр сэр гарч байна. Сүүлийн үед харьцангуй багассан ч гэсэн малын хорогдол гардаг. Үүний шалтгааныг л олоод өгчихөд болно. Энэ төсөл бидний асуултад, санаа зовж байдаг зүйлд маань хариулт авчирч өгнө" гэдэгт итгэж байна гэж байсан билээ. Тэгэхээр энэ нутаг орны хүмүүсийн учир шалтгааныг нь мэдэх гэсэн хүсэл, малын өвчлөл өндөр байгаа бүс нутгийнхны эрэлт хэрэгцээ бас гадаадын энэ компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх шаардлага гэсэн олон огтлолцол дээр уг төсөл хэрэгжиж эхэлж байна. Мэргэжлийн эмч нарын үйл ажиллагаа, нарийн лабораторийн үр дүн бидэнд асуудлыг тун удахгүй тодорхой болгож өгөх биз ээ.
2014.11.26