2022.08.30.

Дээлтэй хэрнээ дахиад нэгээр зузаалсан шинэ сайдуудын дундаас Улаанбаатар хотын газрын эрлэг Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн хоёр миний анхаарлыг татав. Эхнийх нь нийслэлийн төвд оршдог Автобус 3-ыг хотын зах руу хөөлгөөд, суларсан газрыг худалдаж аваад 30 давхар олон блок барилгын суурь ухаж эхэлснийг зэргэлдээх оршин суугчид эсэргүүцэж тэмцээд баралгүй дийлдэв бололтой. Хоёрдахь нь Чингэс зочид буудлын ард, Сэлбэ голын эрэг дээр тус бүр 25 давхар 8 орон сууцыг барилгын зөвшөөрөл авалгүй босгоод талдаа оржээ. Тэр хоёрын ширэн нүүрлэдэг чадварыг Ерөнхий сайд нь ашиглахаар шийдсэн биз. Нэг нь уул уурхайн тусгай зөвшөөрлийг цацаж өгнө, нутгийн иргэд эсэргүүцвэл төрийн өмнөөс салаавч үзүүлнэ, нөгөө нь энэ өвлийн эрчим хүчний дутагдлыг … яахыг бүү мэд, юутай ч хууль бус барилгуудаа цахилгаан дулаанд онц эрхтэйгээр холбуулна. Сайдын барилга тул хөл алдан гүйлдэнэ.

Физикийн ухаанд эсэргүүцэл гэж ойлголт байна. Аливаа биет нөгөө биетэд хүрэх юмуу түлхэхэд цаадах нь хариу үзүүлдэг тухай Ньютоны гуравдугаар хууль ч гэдэг. Хана руу бөмбөг шидвэл ойно, биеэрээ мөргөвөл гэдэргээ ойчиж мэднэ. Бид газар дээр зогсоод дэлхийг 60,70,80 кг жингээр доош дарж байгаа бол дэлхий биднийг тэр хэмжээгээр тулж байна гэсэн үг. Эсэргүүцээд өгөх ямар нэгэн хатуу дээр гишгэж байж бид тогтоно. Усанд живж, намагт шигдэж буй хүн үүнийг төгс ухаараад дуусдаг байх …

Нийгэм ч бас ялгаагүй. Эрх мэдэлтэй, бусад нь дагах үүрэгтэй хүн ч эсэргүүцэлтэй тулгарах ёстой. Түүний амнаас гарсан хий, чичилсэн үйлдэл болгоныг бүгд дагаж намираад байвал юу болохов. Тэгээгүй учраас Хүрэлсүх гэдэг хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор санагдаж, үүний тулд “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөөр иргэд, байгууллагын цахилгааныг хэдэн жилийн турш төлүүлснийг бүгд талархан дагалаа гээд амьдрал сайжраагүй, бизнес сэргээгүй, ирэх өвөл нийслэлд лаа, шүдэнзний асуудал яригдаж мэдэхээр болжээ. Их наядаар хэмжигдэх тэр их мөнгөөр шинэ цахилгаан станц барих байсан юм.

Нийгэмд эсэргүүцлийг сөрөг хүчин, шүүмжлэл, жагсаал цуглаан, ажил хаялт гэх мэтээр төсөөлдөг. Бас янз бүрээр хүлээж авдаг. 2000 оноос өмнөхөн сэтгүүлчид УИХ-ын дарга Раднаасүмбэрэлийн Гончигдоржид хандан “Танай ардчиллынхан төр барьж байгааг ард түмэн маш шүүмжилж байна ш дээ ” гэхэд хариулсан нь: “Тийм ээ, гэхдээ ард иргэд биднийг шүүмжилж байна гэдэг чинь эд нар чадах юм байна, эд нарыг сайн загнаж байгаад хийлгээд авья гэж итгэсэн хэрэг, хэрвээ бидэнд итгээгүй бол нүүрээ буруулаад дуугүй суух байсан” хэмээн золигтсон билээ. Даанч дараачийн сонгуулиар ард түмэн бодлоо өөрчилж АН-ыг төрөөс хөөж явуулсан. (Арваад жилийн дараа Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн даргад санаархаж байгааг нь сөрөг хүчин шүүмжлэхэд “Тийм ээ, миний хувьд дарга гэдэг бол ажил. Би ажил хийнэ” хэмээн хэгжүүрхсэнийг санав)

Сүүлийн үед манай эрх баригчдын ярьж хэлэхийг сонсоход Монгол Улсад эсэргүүцэл дэнджээ. Иймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж стратегийн томоохон бүтээн байгуулалтыг “аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн” тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэгтэй болгожээ. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэдэг нь Эрүүгийн хуулийн зүйл анги бөгөөд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Шоронд цоожлоод орхихгүй, төлүүлнэ. Үүнийг ард түмэн аймаар дэмжиж, энэ тухай мэдээний дор шууд цаазлаад өгөхийг шаардсан сэтгэгдэл үлдээж байгаа.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар шууд ажилдаа орж, “Алдагдсан боломжийн 80 их наядыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх ёстой” хэмээн ярилцлага өгчээ. БНХАУ руу нүүрс тээвэрлэх Гашуунсухайтын төмөр замыг гацаасныг хэлж байна. Нэхээд авдаг бол сайхаан. Яаж тооцсоныг мэдэхгүй ч Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц асар их энэ мөнгийг түүнтэй хамт төлөлцөх талууд бий. Х.Баттулгыг 2004 онд УИХ-ын гишүүн болгож 2008 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад дэвшүүлэн томилуулж гацаах ажлыг эхлүүлсэн Ардчилсан намыг хэлж байна. Х.Баттулга хэн гэдгийг мэддэг хэрнээ бүгд эрх мэдэл, албан тушаал дээр найрлаад сөхөөгүй байцгаасан. Тэр хүн улс орноо хорлон сүйтгэсэн нь тодорхой байтал 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж сонгуулсан Ардчилсан Нам. 

2016 онд Монгол Ардын Нам төрийн эрхийг авснаас хойш бүхэл бүтэн зургаан жил өнгөрлөө. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гуравны хоёрыг бүрдүүлдэг МАН-аас гарсан УИХ дарга, Ерөнхий сайд хоёр Х.Баттулгатай нийлж, Гашуун сухайт руу 267 км төмөр замыг барьж дуусгахын оронд Эрдэнэс Таван толгойн хамаг мөнгөөр Зүүнбаян зүгт 416 км замыг төрийн нууцад оруулж байгаад (одоо ч нууц) шинээр бариулсан. Тэгэхээр дээрх 80 тэрбумын ихэнхийг Ардчилсан нам, бас 2016 оноос Г.Занданшатар, У.Хүрэлсүх, дараа нь Л.Оюун-Эрдэнийг мөн дэвшүүлж хамсаатан болгосон Ардын нам хоёр хамжаад төлөлцөх боломжтой. Хоёр намын гишүүдийн тоо нийлээд 300 мянга гэж тоолбол нэг гишүүнд нэг гишүүнд 200-300 мянгаас илүүгүй ноогдох нь. Намд орж улс төр хийлцсэн хүмүүст хариуцлага гэж байх ёстой мэт. 

Гэвч Х.Нямбаатар сайд том том бүтээн байгуулалтыг саатуулагчаар улс төрийн нам бус, “иргэний нийгэм, ард түмний нэр барьсан хэн нэгэн” гэж зарласан. Тэдгээр “хэн нэгнийг” тодруулж намнах кампани ч өрнөлөө. Хамгийн эхнийх нь усан цахилгаан станцуудыг саатуулсан хэрэгт бараг яллагдаад байгаа “Оюутолгойн хяналт” ТББ-ын Д.Сүхгэрэл. Хамгийн том жишээ нь Эгийн голын усан цахилгаан станц. Сэлэнгэ мөрний сав газарт УЦС баривал Монголд хэрэгтэй нь үнэн. Гэхдээ тэр нь дэлхийн хамгийн том цэнгэг усны нөөц болсон Байгаль нуурыг тэжээдэг учраас тэнд эрсдэлтэй нь бас үнэн. Тийм учраас ОХУ Монголоос орж ирдэг Сэлэнгэ мөрөн дээр УЦС бариагүйгээр барахгүй, холгүйхэн Гусиноозёрскийн нүүрсний цахилгаан станцыг байгуулсан нь манай хамгийн том 4-р цахилгаан станцаас том буюу 1190 МВт-ын хүчин чадалтай, бид тэндээс нь өвлийн оргил ачааллын үеэр цахилгаан авдаг.

Хэрвээ манай төр засаг үнэхээр УЦС барих зорилго тавьсан бол энэ олон жилийн турш ОХУ-тай яриа хэлэлцээрт орох байсан, магадгүй эрчим хүчнийхний ярьдгаар “тохируулгын үүрэгтэй”, арай бага чадалтай станц нэгийг бариад үзэж болох байсан. Их хэмжээний газар нутаг, малын бэлчээр, ой мод усанд автахыг ч бодолцоод. Харамсалтай нь тэгээгүй. 1990-ээд сүүлээр Малайз, Чехийн хөрөнгө оруулагчдын хооронд төөрүүлсэн нь улс төрчид. Дараа нь шууд л Дэлхийн банкны төслийн мөнгө, Хөгжлийн банкны зээлээр том станцын ТЭЗҮ хийж, бас францын компаниар байгаль орчны үнэлгээ хийлгэхэд оросууд хүлээж аваагүй. Хэрвээ манай нутаг дэвсгэрт хамаатай асуудлаар хятадууд гуравдахь талтай хамтарч шийдчихээд ирж тулгавал бид дуртай байх уу? Аливаа улсад УЦС барихыг эсэргүүцдэг байгууллага хүмүүс заавал байдаг. Манайд ч мөн адил. ОХУ-ын талаас Симонов гэж нөхөр Байгаль нуурыг хамгаалж тэмцдэг, үүнээс болж нутагтаа “гадаадын агент”-аар бүртгэгдсэн, улмаар манайхантай хамтран ажилладаг, тэр нь бичиг цаас, судалгаа, нийтлэл, өгүүлэл, хааяа нэг барьж зогсох бичигтэй хуудас, өргөх бичиг, сайндаа л шүүхээр зарга үүсгэх, гэхдээ тэд шийдвэр гаргадаггүй.

Өнөөдөр Монголд байн байн дэгддэг, Засгийн газраас хуулиар далайлган нэгмөсөн дарж авахыг хүсч байгаа эсэргүүцэл бол уул уурхайн эсрэг орон нутгийн иргэд, малчдын хөдөлгөөн юм. Тэднийг “шантаажчид” гэх мэтээр цоллох дэндүү амархан. Бодит байдал гэвэл нүүдлийн мал аж ахуй ба уул уурхай хоёр жамаараа зөрчилдөж, нэг ёсондоо газар нутаг булаацалдаж байна. Очоод харахад эзгүй сайхан уул хөндий байдаг учраас тэндээс жаахан газрыг ухаж төнхөхөд юу нь болохгүй гэж? Компаниуд тэгэж бодно. Уул уурхайн лицензийн талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн өчүүхэн хувийг эзэлдэг гэх. Тоогоор бол тийм. Гэхдээ ухсан ашигт малтмалаа пуужинд ачаад эгц дээш хөөргөж зөөгөөд хилийн цаана аваачиж буулгадаггүй, аймаг сум, бэлчээр нутаг дамжуулан тээвэрлэж тал, говийн эмзэг хөрсийг улаан шороо болгохоос асуудал эхэлнэ … Энэ зун бужигнаад намжсан Өмнөговь, Дорноговийн малчдын эсэргүүцэл ийм учиртай. 

Сүүлийн жилүүдийн Монголын хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн нийслэлд өрнөжээ. Энэ бол 2000-аад оны эхнээс Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн газар болон байр сууцнуудын явган зам, цэцэрлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилгын бүх хууль, журам, дүрмийг илт зөрчсөн "зөвшөөрөлтэй" барилга байшин барьж эхлэхэд иргэд, оршин суугчид гарч бужигнадаг “газрын маргаан” юм. Эргээд харахад 99 хувьд нь иргэд ялагджээ. Үр дүн нь өнөөдрийн Улаанбаатарын хэт төвлөрөл, явах газаргүй оршин суугчид, тэг-д дөхсөн түгжрэл, барилга байшин чихэлдсэн Дархан цаазат Богдхан уулын амууд.

Манайх шиг номхон ард түмэн дэлхий дээр байна уу? Яг өнөөдөр Монголд ямар ч тэмцэл өрнөөгүй.  Нэг ч ажил хаялт зарлаагүй. Төр засаг ажлаа хийхэд хэн ч саад болоогүй. Үндсэн хуулийг өөрсөддөө дээл мэт тааруулж өөрчлөөд түүнийгээ өөрсдөө давхарлаад өмсөхөд нь таг дуугүй өнгөрөөв. Харин Засгийн газар тэртээ дороос “хорлон сүйтгэгч”-дийг илрүүлж гэмт хэрэгтэн болгохоо албан ёсоор зарлаж байна. Тэр иргэний нийгэм гэдэг эрээвэр хураавар, сайн муу бүгд бий, гэхдээ эрх мэдэлтнүүд өөрсдийн чадаагүйгээ чихдэг хогийн сав арай биш байх.

P.S:
Японд якуза гэж зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байдаг, ямар бүтэц, хэдэн хүнтэй, толгойлогч нь хэн гэдгийг би хүртэл уншаад мэдчихсэн байхад бүгдийг барьж аваад шоронд суулгадаггүйг гайхдагсан. Гэхдээ хууль бус бизнес, дээрэм, шантаажаар мөнгө олдог тэд ил харагдаад явж байвал хянахад амар, давруулдаггүй, хамгийн гол нь төрд сөөм ч ойртуулдаггүй гэж ойлгосон. Манайд тиймэрхүү буруу зөрүү нөхдүүд байхгүй байна гэж байхгүй. Тэд хаагуур явна вэ? Төрийн ордонд, яахав үе үе солигдоод яваад байх шиг санагддаг болсон.