ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн, металлургийн инженер Ш.Лхагвадорж: Монгол Улсад металлургийн салбарт баримтлах төрийн бодлого алга

Бид өмнө нь ҮХААЯ-ны хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн, металлургийн инженер Ш.Лхагвадоржтой Монгол Улс байгалийн хуулинд сөхөрч, дэлхий нийтийн хөгжлөөс хоцорч ачигдахгүйн тулд зайлшгүй үйлдвэрлэгч орон болохын тулд хэрхэх ёстой тухай болон зориулалт, хэрэглээг нь мэдэхгүйн улмаас ялгаж авч чадалгүй экспортолсоор байгаа рений, фтор зэрэг элементийн тухай ярилцаж байсан. Харин энэ удаа орчин цагийн соёл иргэншлийн үндсэн түүхий эд болох ганг хайлуулах домен зуух болон металлургийн талаар асууж тодрууллаа.



-Цаг гаргаж ярилцаж байгаад баярлалаа. Энэ удаа тантай ганг хайлуулах домен зуух, металлургийн талаар ярилцах гэсэн юм.
-Хүний амьдралын гол хэрэгцээнүүд нь ус, агаар, эрчим хүч /түлш/ гурав юм. Ус, агаар хоёр бидэнд байгалиасаа заяагдсан бол эрчим хүч буюу гал гаргах аргыг хүн төлөрхтөн амьдралынхаа явцад бодож олж, нээсэн байдаг. Харин орчин үеийн соёл иргэншил тогтож байгаа үндсэн гол тулгуурыг материал талаас нь харах юм бол ган юм. Бидний амьдрал ахуйдаа эдэлж хэрэглэж байгаа бүхнийг дүрсээ хувиргасан гангаар хийдэг. Тухайлбал, Баянголын төмрийн ордын хүдэрт агуулагдаж буй төмрийг ган болгож байгаа бөгөөд тус ордын 2тн төмрийн хүдэрт ойролцоогоор 1тн төмөр агуулагдаж байгаа. Бид 1тн төмрийг ойролцоогоор 50 ам.доллараар худалддаг. 7 хоногийн өмнө Хятадын зах зээл дээр 62.7 хувийн төмөр агуулсан нойтон баяжмал 88 ам.долларын ханштай байсан. Үүнээс харахад бид нэг автомашин хийж болох төмрийн баяжмалыг 160-170 ам.доллараар худалдаж байгаа юм. Гэтэл уг автомашин нь хэрэглэгчдийн гар дээр 10 мянгаас-450 мянган ам.долларын ханштай болж хүрдэг. Материалын үнэ нь хэд дахин өссөний шалтгаан нь дүрсээ хувиргасан гангаар автомашин үйлдвэрлэхэд хүний оюун ухааны хөдөлмөр шингэж эцсийн бүтээгдэхүүн болж байгаа учраас тэр. Үүнийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг.

2015 он гэхэд Монгол Улс машинт үйлдвэрлэлийн орон болно гэдэг шийдвэрийг 1996 онд УИХ гаргасан байдаг. Гэтэл бид уг зорилгодоо өнөө хэр нь хүрээгүй байна. Аль ч үеийн Засгийн газар үйлдвэржигч орон болох зорилго тавьж ажиллаж байгаа ч үйлдвэржилтийн үндсэн түүхий эд болох гангаа дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас бид зорилгодоо хүрч чадахгүй байгаа юм.

-Металлург гэж ямар зүйлийг нэрлэж байгааг тайлбарлаж өгнө үү?         
-Металлург гэдэг нь маш өргөн хүрээтэй ойлголт юм. Би ганцхан гангийн тухай яриад байгаа болохоос биш Менделеевийн үелэх системийн элементийн ихэнх нь буюу 80 хувь нь металл. Тухайлбал, агаарт буй хий нь хатуу төлөвт шилжсэнээр металл болж хувирдаг. Металл гэдэг нь нэг ёсондоо сунгаж болдог, давтагддаг зүйлсийг хэлдэг. Түүний дээр металл нь цахилгаан дамжуулах чадвар сайтай байдаг.

Дэлхий дээр аж үйлдвэрийн үндсэн металл гэдэг ойлголт байдаг бөгөөд үүнд төмөр, хөнгөнцагаан, зэс, цагаан тугалга, цайр, хар тугалга гэсэн зургаан төрлийн үндсэн металл хамаардаг. Энэ зургаан төрлийн металлыг хэрхэн хувиргаж, ямар нөхцөлд ашигладаг тоног төхөөрөмж багаж хийхийг судлах ухааныг металлураг хэмээн нэрлэдэг. Металлургийн нэг салбар нь оросоор чёрная металлург юм. Үүнтэй холбогдуулан нэг зүйл хэлье. Бид зэсийн цахилгаан дамжуулах чадварыг ашиглан дамжуулагчийн зориулалтаар өргөн хэрэглэдэг. Үнэндээ зэсээс илүү, алт, мөнгө хоёр цахилгаан дамжуулах чадвар сайтай боловч олдоцын хувьд зэсээс муу, түүний дээр өндөр үнэтэй байдаг. Харин зэс бол газрын гүнд өргөн тархсан, элбэг тохиолддог металл юм.

-Зэсийн чанарыг сайжруулж улам илүү бат бөх, элэгддэггүй болгохын тулд ямар төрлийн элемент нэмдэг вэ?
-Зэсийн найрлагад цагаан тугалга нэмж гуулийг гаргаж авдаг. Гууль нь зэстэй харьцуулахад хатуу, бат бөх чанартай, элэгдэлд төдийлөн өртдөггүй. Тиймээс гуулиар шарикны голын эргийг хийдэг юм. Мөн зэсийн найрлагад цайр нэмж хүрлийг гаргаж авдаг. Хүрэл бол хүн төрөлхтөний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Хүрэл нь зэс, гууль хоёроосоо илүү бат бөх шинж чанартай. Гууль нь цайвардуу өнгөтэй байдаг бол хүрэл нь улаан туяатай, хүрэн өнгөтэй байдаг.

-Харин хөнгөнцагаанаар юу юу хийдэг тухайд?
-Хөнгөцагаанаар гал тогооны сав суулганаас эхлээд олон төрлийн зүйл хийдэг. Хөнгөнцагааны хайлш гэдэг нь агаарын тээврийн хэрэгсэлийн үндсэн материал болдог зүйл. Хөнгөнцагааны найрлагад цахиур нэмсэнээр онгоцны эд ангийн үндсэн материалыг хийдэг. Мөн хөнгөнцагааны химийн найрлагад марганци эсвэл цагаан тугалга зэрэг бусад янз бүрийн элемент нэмж автомашины гадаргууг хийдэг юм. Түүнчлэн хөнгөнцагаан дээр титан нэмж бат бөх чанарыг нь нэмэгдүүлснээр залуусын дурладаг автомашины  дугуйны хайлшин обудыг хийдэг. Хөнгөнцагаан, титан хоёрын холимог хайлшаас композит материал бүтдэг. Композит нь бат бөх хэрнээ хөнгөн шинж чанартай материал учир асар өндөрт нисдэг онгоцнуудыг түүгээр хийдэг юм.

Үүнээс харахад өнөөдрийн соёл иргэншлийн үндсэн суурь нь металлург бөгөөд тэр дотроо ган юм. Харин Монгол орон ганг үйлдвэрлэх эсэх нь тусдаа асуудал. 1960-аад оныг хүртэл гангийн үйлдвэрлэлээр тухайн улс орны хүчин чадлыг тодорхойлж байсан. 1940-өөд оныг хүртэл дэлхий дээр гангийн үйлдвэрлэлээрээ Англи улс тэргүүлж байсан бол 1960-аад оныг хүртэл АНУ тэргүүлж байлаа. Харин 1965 оныг хүртэл хуучнаар ЗХУ тэргүүлж байсан бөгөөд  1986 онд гэхэд гангийн үйлдвэрлэлээ 20-30 хувь нэмэгдүүлж жилд 156 сая тонн ган хайлуулж байсан юм. 1960-аад оны сүүл үеэс эхлэн гангийн үйлдвэрлэл нь тухайн улс орны хүчин чадлыг тодорхойлдог байдал нь буурч эхэлсэн байдаг. Гэхдээ энэ нь гангийн ач холбогдол буурсан гэсэн үг биш. Харин хими тэр дундаа органик химийн шинжлэх ухаан хөгжиж бусад материалаар орлуулж, чанарыг нь өөрчилсөнтэй холбоотой. 1980-аад оныг хүртэл үйлдвэрлэж байсан автомашины гупрыг төмрөөр хийдэг байсан бол өдгөө пласматик материалаар хийдэг болсон. Гангийн үйлдвэрлэлийн хөгжлийн үрээр бусад үйлдвэрлэлийн салбарууд дагаж хөгжсөн. Үүнийг зарим хүмүүс гангийн ач холбогдол буурсан мэт ойлгодог. Гангийн үйлдвэрлэл одоо хэр нь эрчтэй байгааг манай урд хөрш болох БНХАУ-аас харж болно. БНХАУ 1950-аад оны дунд үед үйлдвэржигч орон болох зорилт тавьж ажиллахдаа гангийн үйлдвэрлэлээ дэмжсэн байдаг. Хятадууд ган гэдэг зүйлийг өөрсдөө үйлдвэрлэж байж үйлдвэржигч орон болох юм байна гэдгийг ухамсарласан хэдий ч хэт хавтгайруулан ойлгож өрх бүр шахуу гэртээ ган хайлуулах гэж оролдож алдаа гаргасан нь мэргэжлийн үүднээс хандаж чадаагүйтэй холбоотой. Тиймээс 1970-аад оны үед Францад боловсрол эзэмшсэн Дэн Сяопин гэдэг хүн бид гангийн үйлдвэрийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстой юм байна. Үүний тулд хууль эрхзүйн орчноо өөрчилж, гадныхантай хамтарч ажиллах хэрэгтэй гээд Хятад улс хөрөнгө оруулалтын бодлогоо чөлөөлж, татвараа хөнгөлөөд гангийн үйлдвэрлэлээ босгож, хөгжүүлж чадсан юм. Хятадын гангийн үйлдвэрүүдээс орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй баригдсан нь Бугатын гангийн үйлдвэр юм. Бугатын гангийн үйлдвэр жилд 10сая тонн ган үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж тоног төхөөрөмжөө сайжруулсан.

-Үйлдвэржилтийн үндсэн материал болох ган нь хичнээн төрөл байдаг вэ?
-Ган нь техникийн талаасаа нүүрстөрөгч, төмөр хоёрын хайлш буюу хольц юм. Ер нь цэвэр төмрийг ашиглаж болдоггүй. Учир нь химийн аргаар гаргаж авсан цэвэр төмөр нь уян чанартай байдаг. Тиймээс цэвэр төмрөн дээр олон янзын элемент нэмж бах бөх, зэвэрдэггүй, тэсвэртэй материал болгож авдаг. Үүнийг л ган гэж нэрлээд байгаа юм. Тухайлбал, ганг бат бөх болгохын тулд коксжих нүүрсэнд агуулагддаг нүүрсхүчлийг төмрийн найрлагад нэмдэг.

Ашиглах зориулалтаас нь хамаарч ганг 2000 гаруй марк /нэр төрлийн/ болгон ангилдаг. Эдгээр нэр төрөл нь хоорондоо химийн найрлагаараа ялгагддаг юм. Гангийн нэг төрлийн химийн найрлагад цахиурын хэмжээ их байхад нөгөөд нь цахиур бага байх жишээтэй. Эсвэл нэг төрөл нь марганцтай байхад заримд нь хром байх шаардлагатай гэх мэт. Ингэж зориулалтынх нь дагуу химийн найрлагыг нь өөрчилсөн ган нь эцсийн шатанд бүтээгдэхүүн болдог. Түүнчлэн адилхан марктай хэрнээ чанарын хувьд харилцан адилгүй ган гэж бий. Тухайлбал, металлургийн салбарт бутлах зориулалтаар ашигладаг ган бөмбөлгийг стар-75 гэж нэрлэдэг. Түүнийг ердийн, чанартай, өндөр чанартай гэж 3 ангилдаг. Эдгээр гурван ангилал нь хоорондоо хүхэр, фосфорынхоо хэмжээгээр ялгагддаг юм. Улс орон хөгжиж, бүтээн байгуулал эхлэх эхний шатанд ердийн гангийн хэрэгцээ нэмэгддэг.

Мөн ганг нүүрстөрөгчтэй болон alloy steel, high alloy steel /тусгай зориулалтын ган/ гэж гурав ангилдаг жишиг бий. Хятадын сүүлийн 20 жилийн бүтээн байгуулалт болон Энэтхэг, Бразил, Мексик зэрэг хөгжлийн эхний шатандаа явж буй гуравдагч ертөнцийн орнуудад ердийн буюу нүүрстөрөгчтэй болон чанартай гангийн хэрэглээ өндөр байдаг. Уг ган нь дэлхий нийтийн үйлдвэрлэж буй гангийн 80 хувийг бүрдүүлдэг юм. Харин барилга байшин, зам барих том бүтээн байгуулалт нь дууссан Америк, баруун европын орнуудад гангийн хэрэглээ ерөнхийдөө буурдаг ч тусгай зориулалтын илүү болон high alloy steel-ийн гангийн хэрэглээ эсэргээрээ нэмэгддэг онцлогтой. Тэгэхээр бүтээн байгуулалтын үе эхэлж буй манай орны хувьд ердийн гангийн хэрэглээ өсч эхэлнэ. Тиймээс бид Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын түвшинд гангийн хэрэглээг хэрхэн идэвхжүүлж, эдийн засгийн хөөсийг дэвэргэлгүй жам ёсоор нь хөгжүүлэхийн тулд ямар бодлогоор ажиллах ёстойгоо зөв шийдвэрлэж, арга замаа сонгох хэрэгтэй болж байна. Уг асуудал нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын нэг том зорилго юм. Магадгүй Засгийн газар татвар нэмэх болон хасах тогтоол гаргах эсвэл нөөц ашигласны роялтын татварыг тэглэх байдлаар гангийн үйлдвэрийг ашигтай ажиллаж байгаа мэтээр харуулж болох юм. Ийм шаардлага зайлшгүй гарч магадгүй. Гэхдээ бид ийм арга замыг сонгохгүйгээр гангийн үйлдвэрлэлийг хөрсөн дээр буулгавал зөв голдрилоороо явах болно. Үүнийг гангийн үйлдвэрийн бас нэг том онцлог гэж хэлж болно

Хүн төрөлхтөний хөгжлийн түүхийг харахад гангийн үйлдвэрлэл бий болсноор аж үйлдвэрийн хоёр дахь хувьсгал эхэлсэн гэдгийг ганцхан би хэлээд байгаа юм биш дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс эхлээд ширмийн тухай ярих шаардлагатай болно. Ширэм нь гангийн нэгэн адил нүүрстөрөгч, төмөр хоёрын хайлш ч гэлээ амархан хагардаг бутрамтгай шинж чанартай. Харин ган нь ширмийг бодвол бат бөх хэрнээ уян чанартай.

-Ширмээр чухам ямар бүтээгдэхүүн хийдэг вэ?
-Төмөр дотор ууссан нүүрстөрөгч нь 2.12 хувиас их агуулгатай болохоор ширэм болж, давтагдахгүй, сунахгүй, амархан бутардаг болдог. Ширмээр маш олон зүйл хийдэг бөгөөд үүний хамгийн энгийн жишээ нь автомашины доод эд анги гэж ярьдаг блокууд юм. Ган нь халахаараа амархан тэлж, хөрөхөөрөө амархан агшдаг учраас автомашины доод эд ангийг ширмээр хийдэг. Өөрөөр хэлбэл гангийн дулаан тэлэлтийн коэффицент нь өндөр байдаг. Харин ширэм нь химийн найрлагын хувьд гангаас арай илүү тогтвортой байдаг онцлогтой. Энэ нь гангийн өөрийнх нь бүтцээс хамаардаг бөгөөд төмөр дотор ууссан нүүрстөрөгч нь хөрөхөөрөө төмрөөсөө ялгарч талст дундуур нэвчиж тогтдог. Хэрэв үүнийг нь гаргаад харах юм бол харандааны бал буюу бал чулуу үүссэн байдаг. Харандааны бал нь хялбархан хугарч бутардаг зүйл шүү дээ. Тиймээс бал чулуу нь ширмийг бутрамтгай болгодог гэсэн үг. Нөгөө талаараа бал чулууны мөхлөгүүд нь халахаараа тэлэх нь бага, хөрөхөөрөө агших нь бага байдаг. Тиймээс автомашины доод эд ангид ширмийг ашигладаг байх нь. Гэхдээ ширэм нь ганг бодвол химийн идэвх багатай учраас бохирын хоолойны шугамыг ширмээр хийдэг байжээ. Түүнээс гадна ширэм ганг бодвол цутгуурын аргаар янз бүрийн хэлбэр дүрсэнд оруулахад хялбар, үнийн хувьд хямд байдаг. Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгалын өмнөх үе буюу 1840 оноос өмнө Англи, Франц зэрэг баруун европын орнууд төмөр хийцүүд /хашаа, зам гүүр/-ийг ширмээр хийдэг байж. Тэгэхээр ширэм болоод гангийн аль аль нь дутагдалтай болон дэвшилттэй талтай байдаг аж. Үүнээс харахад Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгалаас өмнө дэлхий нийт ширмийг гарган авч ашигладаг байж. Монголчууд ч бор ширэм буюу оросоор серый чугун, англиар cast iron гэж нэрлэдэг ширмийг цутгуурын аргаар гарган авдаг байсны нотолгоо Хархорины археологийн малталтаар илэрдэг. Харин ганг хүртээмжтэй болгохын тулд олон жил уйгагүй оролдсон бөгөөд маш хүнд аргаар гаргаж авдаг байсан. Энэ тухай ярих юм бол тусдаа танин мэдэхүйн том сэдэв болно.

Дээхнэ үед орчин цагийн домен зуухны жижгэрүүлсэн хэлбэр болох зууханд ганг үйлдвэрлэж сэлэм, жад төдийхнөөр зэвсэг болгон ашигладаг байж. Харин үйлдвэрлэлд хэрэглэх гэхээр ган гаргаж авах үйлдвэрийн өртөг нь өндөр байсан юм. Тиймээс уран дархчууд зөвхөн өөрсдийн багажыг гангаар хийдэг байсан аж. Үүнээс харахад хүн төрөлхтөн ганг гаргаж авах аргыг мэддэггүйдээ биш, харин гаргаж авах технологи нь төвөгтэй байсан учраас өргөн хэрэглэдэггүй байсан юм.

-Харин ганг хэзээнээс, хэрхэн үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн юм бол?   
-Bessemer гэдэг хүн өөрийн зохиосон зууханд ширмийг хийгээд хүчилтөрөгчөөр үлээлгэн нүүрстөрөгчийг нь багасгаснаар ган гаргаж авсан байдаг. Уг арга нь ширэмнээс ган гаргаж авах хамгийн хямд арга бөгөөд одоо ч уг аргыг хүн төрөлхтөн ашиглаж байна. Bessemer-ийн нээсэн аргаар хүн төрөлхтөн ганг гаргаж авснаар ховор байсан зүйл маань хүртээмжтэй болж улс орнууд төрийн бодлогоороо гангийн үйлдвэрлэлийг дэмжиж өнөөг хүрсэн юм. Улмаар уурын тэрэг, төмөр зам, вагон, усан онгоц, тээврийн хэрэгслэлийг гангаар хийж эдэлгээ нь уртсаж, бат бөх, найдвартай бүтээгдэхүүн болсон юм. Ингэж л хүн төрөлхтөний хөгжил хоёр дахь шатандаа гарсан түүхтэй. Тэгэхээр Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгалын үндсэн суурь материал нь яахын аргагүй ган юм. Гангаар алх, токорын машинаас эхлээд бүх төрлийн багаж, техникийг хийж байна. Бидний өргөн хэрэглэдэг зүйлсээс хамгийн бага гангын агуулгатай нь онгоц. Гангүйгээр аливаа зүйлсийг хийх боломжгүй болсноор улс орнууд гангийн үйлдвэрлэлээр хоорондоо уралдаж эхэлсэн байдаг. Тиймээс баруун европын орнууд гангийн үйлдвэрлэлээр толгой цохиж энэ хэрээр эдийн засаг нь өсч хөгжсөн юм.



-Ганг хайлуулдаг домен зуухны талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Тухайлбал, уг зуух нь хэдэн хэсгээс бүтсэн ямар зүйл байдаг бөгөөд хэрхэн ажилладаг вэ?
-Дэлхий дээр ганц л төрлийн домен зуух байдаг. Домен зуухыг энгийнээр тайлбарлавал галд тэсвэртэй материалаар доторлосон торх гэж хэлж болно. Нэг ёсондоо нефть агуулдаг том торх шиг л зүйл. Уг зууханд коксжих нүүрс хийгээд төмрийг хайлуулдаг. Уг зуухыг галаар өрдөхөөр найман талаас нь тусгай утаа буюу агаараар үлээдэг юм. Улмаар дулаан ялгарч температур нь нэмэгдсэнээр төмрийн хүдэр нь хайлж ангижраад коксжих нүүрсэнд агуулагдаж байсан нүүрстөрөгчийн нэг хэсэг нь төмрөнд уусаад зуухны ёроолд ширэм болж үлддэг.

-Домен зуухыг галлахдаа эрчим хүч ашигладаг уу?
-Ер нь домен зуухны ашиглалтын хугацаа 15 жил байдаг. Нэг ёсондоо домен зуухыг галлаад 15 жилийн турш ашиглах боломжтой. Домен зуухыг анх галлахдаа эхлээд коксжих нүүрсээ хийдэг. Коксжих нүүрс нь 600 градуст эрчимтэй шатдаг. Улмаар цахилгаан гагнуураар оч үүсгэж коксжих нүүрсээ халаадаг юм. Ингээд коксжих нүүрс нь 600 градус хүрч шатахаар утаагаар үлээлгэнэ. Түүний дараа төмрийн хүдрээ хийнэ. Өмнө нь домен зууханд 58-60 орчим хувийн агуулгатай төмрийн хүдрийг шууд хийж болдог байсан ч өнөө цагт хоёр үндсэн шалтгааны улмаас ашиглахаа больсон. Учир нь нэгдүгээрт, төмрийн хүдрийн байгалийн нөөц багасч байна. Хоёрдугаарт, ган гаргаж авахын тулд коксжих нүүрс зайлшгүй ашиглах ёстой байдагтай холбоотой юм. Тиймээс коксжих нүүрсний зарцуулалтыг бууруулах шаардлага тулгарсан. Нэгэнт төмрийн хүдрийг баяжуулж болж байгаа учраас домен зууханд ашиглах тохиромжтой хэмжээнд хүртэл баяжуулж байгаа.

-Төмрийн хүдрээ баяжуулахгүйгээр домен зууханд хийвэл ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
-Домен зууханд ашиглах төмрийн хүдрээс хөнгөнцагаан, цахиурын исэл зэрэг сул шороог нь ялгаж, баяжуулаагүй тохиолдолд уг төмрийн хүдрийг халаан, ангижруулж, хайлуулах үүрэгтэй коксжих нүүрсний зарцуулалт нэмэгддэг сул талтай. Тиймээс төмрийн хүдрээс сул шороог нь ялган ангижруулах шаардлагатай болдог.

-Эдийн засгийн үр ашигтай төмрийн хүдэр дэх төмрийн агууламж ямар хэмжээтэй байх ёстой вэ?
-Төмрийн хүдэр дэх төмрийн агууламж 62.7 хувь байх шаардлагатай. Үүнээс бага агуулгатай төмрийн хүдрийг ашигладаггүй.

-Домен зууханд ашиглах төмрийн хүдрийг нунтагладаг уу, эсвэл?
-Ган хайлуулахаар ашиглаж буй төмрийн хүдрийг домен зууханд хийхдээ нунтаглаж огт болохгүй. Ялангуяа магнатиттай төмрийн хүдрийг домен зууханд шууд хийж хайлуулахад тохиромжгүй байдаг.

-Тэгвэл төмрийн хүдрээ хэрхэн баяжуулж, ямар боловсруулалт хийснээр домен зууханд ашиглах шаардлагыг хангадаг вэ?
-Баянголын төмрийн ордын дундаж агуулга 51.3 хувь байдаг. Хэрэв ширэм гаргаж үзье, туршилт хийе гэвэл уг төмрийн хүдрийг шууд домен зууханд хийж хайлуулж болно. Гэхдээ ховордчихоод байгаа коксжих нүүрсийг их хэмжээгээр ашиглах шаардлагатай болдог учир эдийн засгийн хувьд алдагдалтай юм.

-Таны бодлоор Баянголын төмрийн хүдрийг домен зууханд хайлуулж ган гаргаж авъя гэвэл түүнийг хэрхэн боловсруулж чанарыг нь сайжруулах боломжтой вэ?
-Баянголын төмрийн хүдрийн агуулгыг 63 хувь хүртэл баяжлуулах шаардлагатай. Хүдэр дэх төмрийг нь химийн шинжилгээгээр ялгаж үлдээгээд бусад сул шороог нь салгаж баяжуулдаг. Магнетитын хүдэр нь металлурагт хамгийн дээд тал нь онолын тооцоогоор /Fe3O4/ 72 хувийн агуулгатай байдаг.

-Нойтон баяжуулах дамжлагаас гарсан гурил шиг нунтаг төмрийн хүдрийг хэрхэн домен зууханд ашиглах боломжтой болгодог вэ?
-Гурил шиг нунтаг болсон хүдрийг агломератад оруулж хөрзөн маягийн хэлбэртэй болгодог. Үүнийг энгийнээр тайлбарлавал нунтаг төмрийн хүдрийг хайлуулаад хооронд нь барьцалдуулдаг гэж ойлгож болно.

-Домен зууханд шатсан халуун хайлшаа зуухнаасаа ямар үе шат дамжлагаар гарган авдаг вэ?
-Домен зууханд хайлсан хайлшийг гаргаж авах тусгай зориулалтын цорго бий. Домен зуухан дахь хайлшийн шаар нь шөлөн дээр тос тогтдог шиг хөвсөн байдалтай байдаг. Дээд талын цоргоор шаарыг нь аваад доод талын цоргоор хайлшаа гаргаж авдаг.

-Хүхэр ихтэй төмрийн хүдрийг домен зууханд хийж болох уу?
-Хүхэр нь домен зууханд хийж болдоггүй хор хөнөөлтэй зүйл юм. Хортой гэдэг нь гангийн найрлагад хүхэр их хэмжээгээр байх юм бол бутрамтгай шинж чанартай болгодог. 4000 С-ээс дээш өндөр температурт төмрийн хүдрийг халаахаар 0.45, 0.015 хувийн хүхрийн агуулгатай ган хагардаг. Тиймээс хүхэр ихтэй төмрийн хүдрээр ган хийж болдоггүй.

-Харин фосфор ихтэй төмрийн хүдрээр ган хайлуулж болох уу?
-Фосфор нь хүхрийн нэгэн адил гангийн шинж чанарт сөргөөр нөлөөлдөг. Хэрэв ганд фосфорын агуулга их байх юм бол хүйтэнд тэсвэргүй болно. Нэг ёсондоо -500, -700С-т фосфор ихтэй ган бутардаг. Ердийн температурт 800м/м2 хүчээр татахад сунаж эхэлдэг ган -700-т сунахаасаа өмнө тасарна гэсэн үг.

-Тэгвэл цайр, зэс зэрэг полиметаллтай төмрийн хүдрийг домен зууханд хайлуулж болох уу?
-Цайртай төмрийн хүдрийг домен зууханд хайлуулахад гангийн чанарт сөргөөр нөлөөлөхгүй.

-Сөргөөр нөлөөлөхгүй юм бол төмрийн хүдрээс ямар учраас цайрыг нь ялган авдаг юм бол?
-Цайр нь жингийн хувьд төмрөөс хүнд. Домен зууханд хийхэд цайр ангижрах урвалд ороод төмрийн хүдрээс ялгарч цэвэр цайр болдог. Уг цайр нь домен зуухыг доторлосон тоосгоны завсраар ороод уг зуухыг эвдэж сүйтгэдэг. Тиймээс домен зууханд хийх гэж буй төмрийн хүдрээс цайрыг нь ялгаж авдаг юм. Домен зуух 15 жилийн хугацаанд ажиллахдаа өөрийнхөө өртөг, зардлаа нөхөөд ашиг гаргадаг.

-Ер нь домен зуух хэр хэмжээний коксжих нүүрс болоод төмрийн хүдэр ашигладаг вэ?
-Домен зуухны эзлэхүүн нэмэгдэх тусам ашиглах коксжих нүүрсний хэмжээ багасдаг онцлогтой. 1980-аад оны үеэс АНУ, Япон зэрэг улс орнууд 2000м3  болон түүнээс бага эзлэхүүнтэй домен зуухыг ашиглахаа больж 4000м3  багтаамжтай болгосон. Харин БНХАУ л 2000м3 болон түүнээс бага багтаамжтай домен зуух ашигласаар байгаа. Домен зуухнаас гарсан ширэмний 90 хувийг эцсийн бүтээгдэхүүн болох ган үйлдвэрлэхэд ашигладаг юм. Хятадын гангийн үйлдвэрлэлийн 80 хувь нь 2000м3 эзлэхүүнтэй домен зуух ашигладаг.

Япончууд 1990 оны эхээр 1тн ширэм хайлуулахад 220-260кг коксжих нүүрс ашигладаг байсан. Харин өдгөө Хятадын Бугат, Анганы гангийн үйлдвэрүүд 1тн ширэм хайлуулахдаа хамгийн багадаа 380кг коксжих нүүрс ашигладаг нь маш өндөр үзүүлэлт юм. Их хэмжээний коксжих нүүрс ашиглаж байгаа нь домен зуухных нь эзэлхүүнээс шалтгаалж байгаа хэрэг.

-Дэлхий дээрх хамгийн том эзлэхүүнтэй домен зуух аль улсад байдаг вэ?
-АНУ, Япон, Солонгос, ОХУ-д 6000м3 эзлэхүүнтэй домен зуух бий. Домен зуухны чансаа, зарцуулалтын үндсэн гол үзүүлэлтийг коксжих нүүрсний хэрэглээгээр нь тодорхойлдог. Өөрөөр хэлбэл ширэм хайлуулахдаа коксжих нүүрс бага ашиглах тусам тус домен зуух өрсөлдөх чадвартай болдог. Тиймээс Хятадууд үйлдвэрлэж байгаа гангийнхаа хэмжээгээр дэлхий дээр ноёрхож байгаа ч үнэндээ маш их хэмжээний коксжих нүүрс ашиглаж байгаа учир өрсөлдөх чадваргүй гэж мэргэжлийн үүднээс дүгнэж болно.

-Хятадууд ямар учраас өрсөлдөх чадвараа өсгөхийн тулд домен зуухныхаа багтаамжийг нэмдэггүй юм бол?
-Хятадууд ширэм хайлуулахын тулд маш их хэмжээний коксжих нүүрс ашиглаж байгаа учир домен зуухныхаа багтаамжийг өөрчилж эхэлсэн. Харамсалтай нь тэдний ашиглаж байсан эзлэхүүн багатай домен зуухны хаягдлыг Бэрэнгийн гангийн үйлдвэр ашиглаж байна. Хаягдал гэж хэлж байгаагийн учир нь Бэрэнгийн гангийн үйлдвэрийн домен зуух нь 36м3 багтаамжтай болохоор тэр. Гэтэл уг зуухыг одоогоос 130-аад жилийн өмнө буюу 1880-аад оны үед ийм зуух ямар ч ашиггүй юм байна гээд халчихсан эд. Уг домен зуухаар 1тн ширэм үйлдвэрлэхэд 1.5тн коксжих нүүрс ашиглах учир эдийн засгийн хувьд өрсөлдөх чадваргүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Бэрэн групп нь Монголын металлургийн салбарт олон зүйлийн анхдагч болсныг нь дурьдахгүй өнгөрч болохгүй. Уг групп төмрийн хүдрийг баяжуулах, шууд ангижруулахад анхдагч болж чадсан. Одоо ч домен зуухны үйлдвэрлэл дээр анхдагч болж байна. Харамсалтай нь тэд суурь мэдээлэлгүйн улмаас домен зуухны асуудалд дэлхийн түвшинд мэргэжлийн үүднээс хандаж чадсангүй. Нөгөө талаар Бэрэн группыг шүүмжлэхээсээ өмнө Монгол Улсад металлургийн салбарт баримтлах төрийн бодлого алга. Тиймээс өнөөдөр ийм домен зуух ашиглалтанд орсоныг цохон тэмдэглэх хэрэгтэй болов уу. 

Хятадууд улс орны улстөр, эдийн засгийн байдал болон бусад хүчин зүйлээс хамаарч өөрсдийн дотоод хэрэглээг хангахын тулд 36м3 буюу бага эзэлхүүнтэй домен зуухны ган хайлуулах үйлдвэрүүд байгуулж байсан. Харин 1980 оноос хойш сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадууд танин мэдэхүйн болоод техникийн дэвшилтэт түвшинд хүрч бага багтаамжтай зуухнуудаа халж эхэлсэн юм. Хятад бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс. Түүний дээр дэлхийн хүн амын долоон хүн тутмын нэг нь Хятадад амьдардаг, гадаад зах зээлээс гадна дотоодын хэрэглээ асар өндөр учир ямар нэг үйлдвэр байгууллаа гэхэд дотоодынхоо хэрэгцээг хангаад хангалттай ашигтай ажиллаж чаддаг. Тиймээс тэд бага багтаамжтай домен зуух байгуулсан ч ашигтай ажиллаж болж байгаа юм. Хятадууд нэг жилд 18 сая автомашин үйлдвэрлэдэг хэрнээ одоо хэр нь экспортлохгүй дотоодынхоо хэрэгцээг хангаж байгаа. Хятадын домен зуух 1930-аад оны үед Англи, Америк, Герман, Оросуудын ашиглаж байсан зуухнаас илүү гар ажиллагаатай. Тэд хүний олноор ажлаа явуулдаг улс. Тиймээс Хятадууд уг давуу талаа л ашиглаж байгаа хэрэг. Гэхдээ 2000 оноос хойш 100м3 –ээс бага багтаамжтай домен зуухнуудаа халсан.

-Төмрийн хүдрийг хайлуулж ширэм болгож байгаа домен зуухны дотор тал нь галд тэсвэртэй, гадагш дулаан алддаггүй түүхий эд байдаг байх. Яг ямар материалаар доторлодог юм бол?
-Домен зуухны дулаан алддаггүй чанарыг бий болгохын тулд олон янзын материалаар доторлодог. Гэхдээ энэ нь технологийн нууц юм. Энгийнээр тайлбарлавал ширэм агуулж буй доод хэсэгт нь нүүрстөрөгчийг халаадаг учир агаар буюу хүчилтөрөгч очдоггүй тул нүүрсний блок гэж байдаг. Харин дээд хэсэгт нь хөнгөнцагааны исэл агуулсан тоосгонууд байрлана. 2000м3 эзэлхүүнтэй домен зуухны ширэм агуулж буй доод хэсгийн хананы зузаан нь 1.2м байдаг бөгөөд дээшээгээ арай нимгэн болдог. Галаар үлээлгэж коксжих нүүрс шатаадаг хэсэгт 30000  С хүртэл халдаг ба хананы зузаан нь 1м байна.

-Домен зуухнаас гаргаж авсан ширмээ хэрхэн ган болгон хувиргадаг вэ?
-Энгийнээр тайлбарлахад домен зуухнаас гаргаж авсан шингэн ширмийг хүзүүтэй торхонд хийгээд дан хүчилтөрөгчөөр үлээлгэдэг бөгөөд үүнийг хүчилтөрөгчийн конвертор гэж нэрлэдэг. Ингэж үлээлгэхээр ширмэн доторх нүүрстөрөгч нь исэлдэж дулаан ялгаруулж нүүрстөрөгч нь багасах тусам хайлах температур нь нэмэгддэг. Ингэж л ган гаргаж авдаг юм.

-Ган нь ямар хэлбэр дүрстэй гардаг вэ?
-Ихэнх ган 15390 С-ээс бага температурт хайлдаг бөгөөд дундаж нь 1480-14900С байдаг. Өмнө нь 2м урттай, 50-60см өргөнтэй гаргаж авсан гангаа тусгай базагч машинаар жижиглэж хэрчдэг байсан бөгөөд уг процесс нь хөдөлмөрийн бүтээмж багатайн дээр алдагдал ихтэй байсан. Харин өдгөө тасралтгүй цутгадаг машинаар ганг тасладаг болсон. Уг машины санааг 1950-аад оны үед Оросууд нээж баруун германууд өргөжүүлж одоогийн ашиглаж буй цутгагч машин болгосон юм. Цутгагч машинаар 2м урттай, 10см зузаантай, 60см өргөнтэй шингэн хавтангууд болгоно. Харин төмрийн үйлдвэрт арматур цутгах гэж байгаа бол 100мм квадрат хэмжээтэй цутгадаг.

-Уг тасралтгүй цутгах машин нь ямар материалаас бүтсэн байдаг вэ. Мэдээж шингэн ганг хөргөх хөргүүртэй байдаг байх?
-Тасралтгүй цутгах машин нь шингэн ганг хөргөх усан хөргөлтийн системтэй. 100-110мм хөндлөн огтлолтой 90см урттай хромоор өнгөлсөн зэс хоолой байдаг. Хром нь 1530-16000С-т хайлдаг. Уг зэс хоолойн гадуур гэр байдаг бөгөөд дундуур нь ус гүйнэ. Тус хоолойны нэг талыг нь таглаад дундуур нь гангаа оруулж хөргөдөг.

-Ганг хатаах процесс гэж ямар технологийг хэлдэг вэ?
-Хатаах процесс гэдэг нь ганг хатуу болгож байгааг хэлдэг. Гэхдээ хатуу байдал нь бат бөхийн шинж гэж ойлгож болохгүй. Цонхны шил гангаас илүү хатуу боловч амархан хагарч бутардаг шүү дээ. Усыг халаахаар давс хурдан уусаж, хөргөх тусам уусалгүй ялгардгийн нэгэн адил ганг хөргөх үед ууссан нүүрстөрөгч нь ялгардаг.

Шооны найман булан дээр нэг нэг төмрийн атом байдаг. Мөн шооны төвд нэг атом байгаа. Үүнийг альфа төмөр гэж нэрлэдэг. Харин уг төмрийг халаахаар талст нь өөрчлөгддөг бөгөөд төмрийг халаахаар тэлж, хөргөхөөр агшдаг үндсэн шалтгаан нь энэ юм. Шоо дөрвөлжний найман булан бүрт атом байгаа хэрнээ зургаан талынх нь гол дээр дахин нэг нэг атом үүсдэг. Үүнийг гамма төмөр гэж нэрлэдэг. Уг төмрийг дахин 12000С-ээс дээш халаахаар буцаад альфа төмөр болох бөгөөд хоёр атомын хоорондын зай холдож байна гэсэн үг. Уг талст торны хоорондын зайгаар нүүрстөрөгч нэвчин ордог. Тиймээс гамма төмрөнд ууссан нүүрстөрөгчийг ялгарахаас нь өмнө маш хурдан усанд хийж хөргөдөг бөгөөд энэ нь ганг хатаах процессын үндсэн механизм юм. Нэг ёсондоо нүүрстөрөгчийг талст торонд нь барьж байгаад хөргөж байгаа хэрэг. Уг бүтцийг гангийн үйлдвэрт мартензет гэж нэрлэдэг.

-Ер нь домен зуух байгуулахад хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?
-Домен зуух багтаамжаасаа хамаарч харилцан адилгүй өртгөөр босдог. Хоёр сая м3 эзэлхүүнтэй, жилд 2тн ган үйлдвэрлэдэг цогцолбор барихад ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын өртөгтэй байдаг. Харин домен зуух нь 200-300 сая ам.долларын хөрөнгөөр босдог юм. Гэхдээ манайх шиг дэд бүтэц хөгжөөгүй газарт цогцолбор байгуулахад өртөг нь нэмэгдэнэ.

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт барихаар төлөвлөж буй гангийн үйлдвэрт ямар хэмжээтэй домен зуух байгуулах вэ?
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт байгуулах гангийн үйлдвэрийн талаар олон талын судалгаа хийсэн. Бид жилд таван сая тонн ган үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд үүний тулд хамгийн багадаа 2400м3 домен зуух барих төлөвлөгөөтэй байгаа. Бид ийм хэмжээтэй домен зуух байгуулахгүйгээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөх тухай яриад ч хэрэггүй. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд 36м3 болон 2000м3 эзэлхүүнтэй домен зуухан дээр адилхан 16 хүн ажилладаг.

-Ер нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт яг ямар түүхий эд бэлтгэх зорилготой байгаа вэ?
-Төмрийн хүдрээ боловсруулахаас эхлээд баяжуулж, түүнийгээ агломерат болгон домен зууханд хайлуулах, улмаар ширэм болгоод дахин хайлуулж ган болгож эцсийн бүтээгдэхүүн гарган авч байгаа цогцолборыг гангийн үйлдвэр гэж нэрлэдэг.

Эцсийн дүндээ гангийн үйлдвэрээс хэлбэрийн хувьд цул урт, цул хөндий, хавтгай бүтээгдэхүүн гардаг. Цул уртаар нь арматур, төмөр утас, булан төмөр зэргийг хийдэг. Харин цул хөндийгөөр нь турба хийнэ. Ган нь хэлбэрийн хувьд дээрх гурван төрөл байдаг бол харин химийн найрлагын хувьд харилцан адилгүй байж болно. Бидний хамгийн сайн мэдэх тээврийн хэрэгсэл болох вагоны хашлагыг ган листээр хийгээд хооронд нь холбох булан төмөр, дугуй, явах төмөр зам гээд бүгдийг нь гангаар хийдэг.

Усан цахилгаан станцын гинаратор зэрэг овор хэмжээ ихтэй зүйлсийг шууд тэр чигээр нь гангаар цутгаж хийх боломжгүй учир тухайн үндсэн бааз сууринд тулгуурласан мэргэжлийн мэдлэг, ур чадвар шаардсан ажил болдог. Монголчуудын хувьд гангийн үйлдвэрээ барьж ашиглалтанд оруулж вагоноо үйлдвэрлэх нь чухал байна. Бид Хятад руу 158 сая тонн ачаа тээвэрлэхийн тулд 50 мянган ширхэг вагон шаардлагатай байгаа. Гэтэл нэг ширхэг вагон 70 орчим мянган ам.долларын үнэтэй байдаг. Тэгвэл Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт байгуулах гангийн үйлдвэр ашиглалтанд орсноор бид вагоны шаригнаас бусдыг нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм. Улмаар вагоны гол төмөр, дугуйг хатаадаг технологи хөгжинө. Тиймээс Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор нь монголчуудад эдийн засгийн үр өгөөж үзүүлэхээс гадна механик инженерийн сургуулийн оюутнууд бодит зүйлийг нүдээрээ харж, дадлага хийж, сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй болох сайн талтай юм. Нэг үеэ бодоход геологичид гадны хөрөнгө оруулагчидтай хамтарч ажилласнаар их зүйл сурч, хөдөлмөрөө үнэлүүлж байна. Үүний нэгэн адил бид гангийн үйлдвэртэй болсноор механик инженерийн үнэ цэнэ өснө.

Ер нь материал нь бэлэн байвал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ шүү дээ. Тухайлбал, төмрийн хүдрээс гаргаж авсан ширмийг хэн нэг нөхөр аваад түүгээр автомашины доод эд анги болон паар үйлдвэрлэж болж байна.

Хятадын жишээг харахад улс орон хөгжихийн тулд юуны өмнө гангийн үйлдвэрээ хөгжүүлсэн байдаг. Ер нь улс орны хөгжилд гангийн үйлдвэр, тээвэр харилцаа, эрчим хүч гэсэн гурван зүйл нөлөөлдөг. Үүгээрээ би монголчуудыг заавал ган үйлдвэрлэ гэж хэлээд байгаа юм биш. Харин гангийн үйлдвэртэй болж байж бид хөгжилд хүрнэ гэдгийг л хэлж байгаа юм. Магадгүй энэ ярилцлагыг уншиж буй хэн нэгэн Лхагвадорж өөрийнхөө мэргэжлийг сурталчилж байна гэж бодож болох ч үнэндээ бид ган хайлуулж байж үйлдвэрлэлээ тэтгэнэ гэдгийг л би зөвлөж байгаа хэрэг.

-Бид хятадаас ган экспортолж авч байгаа. Уг гангийн чанарыг металлургийн инженер мэргэжилтэн хэрхэн тодорхойлж таних вэ?
-Аливаа бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ гэж байдаг шиг ган бүтээгдэхүүнд сертфикат бий. Тус сертфикатад уг бүтээгдэхүүнийг аль улсын ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн болон химийн найрлага, хэмжээ, механик шинж чанарынх нь тухай тодорхой бичсэн байдаг.

-Гэхдээ хятадад үйлдвэрлэсэн арматур төмөр Оросод болон манайд үйлдвэрлэсэн арматураас чанарын хувьд муу байна гэсэн асуудал гардаг. Энэ нь ямар шалтгаантай байдаг юм бол?
-Энэ нь өнөөдөр манайд тохиолдож байгаа асуудлын нэг мөн л дөө. Тиймээс манайд оруулж ирж буй арматурын чанарыг шалгадаг лаборатори байх ёстой юм. Гэхдээ арматур бүрийг шалгана гэдэг эдийн засгийн хувьд хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Уг арматураас жижиг хэсгийг тасдаж аваад хоромхон хугацаанд 40 элементийг тодорхойлж болдог. Арматурын химийн найрлагыг нь тодорхойлсон байхад түүнийг ашиглаж болох эсэхийг нь тодруулж болно. Манайд ийм лабораториуд бий. Ийм тоног төхөөрөмж 10-200 мянган ам.долларын үнэтэй байдаг. Мөн ганд баталгаатай химийн найрлагатай болон баталгаат механик шинж чанартай гэсэн хоёр тодорхойлолтоор баталгаа өгдөг. Баталгаат механик шинж чанартай гэдэг нь уг гангаар ердийн хэрэглээнд, ердийн температурт бүтээгдэхүүн хийж болох бөгөөд дулааны боловсруулалт хийхгүйгээр хуйлж, нугалж, эвхэж, зорж хэрэглэж болно гэсэн үг. Үүнийг ердийн нөхцөлд ашиглаж болох ган гэнэ. Харин баталгаатай химийн найрлагатай ганг шууд хэрэглэхэд тийм ч тохиромжтой бус байдаг. Уг ганг хатаахын тулд дагалдах бичгэн дээрх химийн найрлагыг нь харж дулааны боловсруулалтыг нь тохируулдаг. 

-Төмөр хутгыг цахиурт цохиж түүнээс үсэрсэн очны өнгө болон ширхэгээр нь хатыг нь шалгадаг уламжлалт арга байдаг. Энэ тухайд?
-Японы аж үйлдвэрийн стандартад очоор нь химийн найрлагыг нь тодорхойлдог салбар байдаг. Бидний хувьд тухайн зүйлийг ямар нэг тоног төхөөрөмжин дээр шалгаагүй бол баталгаагүй гэж үздэг тал бий. Харин гангийн химийн найрлагыг очны өнгөөр нь ялгаж болдгийг япончууд тодорхойлдог стандарттай байдаг.

-Сонирхлын журмаар нэг асууль асуух гэсэн юм. Ер нь металлургийн шинжлэх ухаанд тайлж чадаагүй зүйл бий юу?
-Миний хувьд энэ асуултанд бүрэн дүүрэн хариулт өгөх хэмжээнд металлургийн олдворыг судлаагүй. Түүнчлэн хүн төрөлхтөн бүх л зүйлийг металлургийн шинжлэх ухааны хүрээнд тайлбарлаж чаддаг.

-Баярлалаа.Танд амжилт хүсье.

Д.Оюунжаргал