Түрэмгийллээр эхэлсэн засаглал ялагдлаар төгсдөг
Ж.Эрдэнэбатын Засгийн газар эрх баригч намын улс төрийн шийдвэрээр танхимаа бүрдүүлж дууссаны дараа төрийн жинхэнэ албанд багаа байршуулах бэлтгэлээ хангалаа.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар эрх баригч намын улс төрийн шийдвэрээр танхимаа бүрдүүлж дууссаны дараа төрийн жинхэнэ албанд багаа байршуулах бэлтгэлээ хангалаа. Сайд, дэд сайдаас хойших төрийн албан дахь томилгоог Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ шүүн шийдвэрлэх учраас юуны өмнө ТАЗ-ийн бүрэлдэхүүнд сэлгээ хийж, өөрсдийн гишүүдийг оруулах замаар бэлтгэлийн нэгдүгээр үеийг эхлүүлж байна.
Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, цаашлаад агентлагийн дарга нар дээр төрийн албаны өндөр шалгуурууд хуулийн дагуу тавигдаж эхэлдэг. Тэрхүү хуулийн шалгуур, болзлуудыг хангаж, баримталж чадвал МАН-ын тунхагласанчлан жинхэнэ “мэргэжлийн” Засгийн газар биш юм гэхэд дор нь мэргэжлийн аппарат бүрдэн ажиллах бололцоо бий. Нэгэнт улс төрийн албан тушаалд “мэргэжлийн” шалгуураар томилгоо хийх нь бололцоогүй гэдгийг харуулчихаад байгаа өнөөдрийнх шиг нөхцөл байдалд сайдын дор бүрдэх шинэ багийг “мэргэжлийн” байлгаж чадвал хэлэх үгтэй үлдэнэ. МАН шиг боловсон хүчний нөөцтэй улс төрийн намд энэ бол энүүхэнд харагдаж байгаа бололцоо.
Харин ТАЗ-өөс шийдэгдэх томилгоонуудаа хийхээс өмнө уг байгууллагыг гартаа оруулах гэсэн шиг яаран улс төрийн шийдвэр гаргаж, УИХ дахь олонхийн саналаар түүнийгээ хүч түрэн баталгаажуулсан нь тэдэнд нэмэх оноо авчрахгүй алхам болов уу. Мөн анхдугаар чуулганы энэ богино хугацаанд УИХ-ын дэд хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлахдаа сөрөг хүчнийхнээ нүд үзүүрлэх бодлого барьж бухимдуулаад амжлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы хуралдааны үеэр үүнийг хатуухан шүүмжилж, сонгогчдын 46 хувийн санал, итгэлийг авсан сөрөг хүчнээ парламентын танхимаас шахах бодлого барьж байгаа нь асуудал, тэмцлийг гудамжинд гаргахад хүргэнэ шүү гэдгийг сануулсан нь ч учиртай. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийн мэдээлснээр бол сонгуулиас хойш хугацаанд эрх баригчдын эз дийлсэн түрэмгийллийн жишээ нэг бус аж. Сүхбаатар дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон, Замын-Үүд сумын Засаг даргын тамгыг цагдаагийн хүч ашиглан булааж авсан гэх зэрэг үйлдлүүдийг тэрбээр дурджээ.
Төрийн эрхийг дангаар авсан хүчинд “ялагч бүхнийг авах зарчим” үйлчилж байгаа нь үнэн ч цөөнхөө үл хүндэтгэх, хууль зөрчих үйлдлүүд чухамдаа “нэрийн хор” биз ээ. Ялангуяа хууль зөрчсөн “түрэмгийллээр” бүх шатны эрх мэдлийг яаран авахыг санаархаж байгаа нь ардчилал, дэг ёс, ёс зүйг гажуудуулах урхагтай. Ардчилал гэдэг нь олонхиор асуудлыг шийдэх, цөөнхөө хүндэтгэх, хууль ёсонд захирагдахын нэр юм. Эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэгдэх, хуулийг мөрдөхийн нэр юм.
Харин хууль зөрчих, хүч хэрэглэх, түрэмгийлэх байдлаар эрх мэдлийг хэрэгжүүлэх оролдлого эцэстээ эрх баригчдаа ялагдалд хүргэдгийг өмнөх дөрвөн жилд эрх барьсан Ардчилсан намын засаглал нотлон харуулсан гэдгийг өнөөгийн МАН-ынханд сануулмаар байна. Сонгуулийн дараа 2012 онд АН яг л иймэрхүү түрэмгийлэл хэрэглэж, анхдугаар чуулганы шийдвэрүүдээ гаргаж байсан санагдана. УИХ-ын дарга сонгогдохоос өмнө анхдугаар чуулганыг Л.Цогоор даргалуулж, МАН-ыг бүлэг байгуулах бололцоогүй болсон хэмээн сүрдүүлж байлаа. Нэг бус асуудлыг иймэрхүү хандлагаар шийдвэрлэж, хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, сонгуулийн тойргийн газрын зураг гаргах зэрэг дээр ч зөвхөн өөрсдийн хүслээр ажиллаж, хуулийг хүртэл өөрсдөдөө нийцүүлэн өөрчилж байсан юм. Үр дагаварт нь өнөөдрийн ялагдалд хүрч, парламентад есөн суудалтай, сөрөг хүчин болчихоод шахагдаж суугааг бид харж байна.
Ялагчийг хэн ч шүүдэггүй гэдэг үг худлаа. Дундад зууны дүрэм ард хоцорч, хууль ёст нийгэм бүхий хориннэгдүгээр зуунд бид хөл тавьсан. Эрх мэдлийг эв дүйгээр бус түрэмгийллээр хэрэгжүүлнэ гэвэл бичиг үсэгт бүрнээ тайлагдсан, чөлөөт сонголт хийх эрх чөлөөтэй энэ ард түмэн сонгуулиар дүнгээ тавьдаг гэдгийг эрх баригчдад сануулахад илүүдэх юун.
DR DANIEL