Германы Конрад Аденауэр Сангийн оролцоотой, бидний хэдэн судлаачдын
гар нийлсэн хамтын шинэ бүтээл – номын хэсгээс


ШХАБ бол эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграц гэхээсээ олон талт геополитикийн тал бүрийн тоглолтын маш том талбар, олон талт үйл явцын ээдрээт сүлжээ, одоо ба хэтдээ дэлхий дахины анхаарлын төвд байх олон улсын нэгэн том институц мөн. Ираныг жинхлүүлэх шийдвэр гарсны дараа гишүүдийн бүтэц нь ийм байна: Үүнд 9 жинхэнэ гишүүн, 3 ажиглагч гишүүн, яриа хэлэлцээний түнш 9 улс, нийт 21 оролцогч улс бүхий ШХАБ-ыгбид олж харах болно. ШХАБ-д ажиглагч гишүүн болохоор өргөдөлөө өгсөн 8 улс байна. Энэ нь Бангладеш, Сири, Израиль, Мальдив, Украин, Ирак, Вьетнам, Бахрейн. Өөрөөр хэлбэл «9+3+9=21»; «21» + «8» = нийт 29 улс орон ШХАБ-тай хамааралтай байна. 2022 онд дараагийн саммитаар ямар улс жинхлэх, ямар нь ажиглагч болох, өөр нэмж ямар улс яриа хэлэлцээний түнш болохыг урьдчилан таашгүй. 

ШХАБ-ын түүхийг гурван үе шатаар ангилж үзэж болно. Хуучин СССР ба БНХАУ-ын үеийн хил хязгаарын зөрчил, газар нутгийн маргааныг шийдвэрлэх үеийн анхны “Шанхайн тав” хэмээх форум (1); ШХАБ болж байнгын ажиллагаа бүхий бүс нутгийн байгууллага болох үед ОХУ давамгайлсан нэг үе (2); Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хавсарга маягтай болж ирж буй ШХАБ (3). Ингэж гурван үе болгохдоо ерөнхийд нь ОХУ голлох үүрэгтэй явсан ШХАБ; Хятад ил далд нөлөөгөө бэхжүүлж, залуурдаж эхэлж буй ШХАБ гэсэн хоёр том хэсэгт хуваан үзэж болох юм. Гурав дахь хэсэг буюу 2017 оноос хойшхи, Энэтхэг, Пакистан нэмэгдсэн, 2023 оноос Иран нэмэгдэх зарчмын цоо шинэ үеийг (4!) юу гэж тодорхойлох нь одоогоор тодорхойгүй. Жинхэнээсээ 4 дэх үе нь эхлэх болов уу. 

Олон талт геополитик гэдэгт би Орос, Хятадын өвөр хоорондын далд өрсөлдөөн, тэнцвэр хангахын төлөөх тэр хоёр гүрний тал бүрийн чармайлтыг оруулж тооцно. ШХАБ дотор Хятад нь ганцаардмал байдалтай ганцаараа зожигрон явсан үе буйг дээр үечлэхдээ би дурдсан. Энэ бол бодит үнэн. Постсовет улсуудынблок Хятадтай сөргөлдсөн байдалтай байсан. Постсовет блок гэдэг нь нэг түүхтэй, «Оросын ертөнц»-ийн, хоорондоо хэл амаа ололцчихдог, Оросоос блокийн гишүүн тус бүртэй нь өвөрмөц, холбоотны харилцаатай (цэрэг-улс төрийн ОДКБ эвсэл, ТУХН гэх мэт), гэтэл нөгөө талд нь ганц Хятад тэднийг сөрөн зогсож ая эвийг нь олсон байдалтай байв.

Хятад улс ШХАБ-ыг сонгосон нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаантай. Үүнд 1) «Дорнод Туркестан»-ы сепаратист хүчнийг хазаарлан барих; 2) Төв Азийг тогтвортой, стратегийн бат бэх ар тал болгох; 3) Төв Азийн зарим орнууд нь Хятадын эрчим хүчний нөөцийн найдвартай ханган нийлүүлэгч, эдийн засгийн бусад салбарт түншлэгч нь байх явдал аж. Хамгийн гол зорилго бол БНХАУ-ын баруун хилийн гадна талд дорнод туркестаны сепаратист хүчнийхэн үүрлэхгүй байх, олон улсын терроризмтой ямар нэгэн холбоо суваггүй байх явдал болно. Төв Азийн улс орнуудын болон Шинжаан-Уйгурын өөртөө засах орны аюулгүй байдал гэдэг бол Хятадын хувьд нэг, нягт холбоотой хэмээн үздэг. 

Хятад ба Төв Азийн харилцаан дээр тогтвортой, стратегийн ар тал гэдэг утгаар Бээжингээс гурван нөхцөл тавьдаг. Нэгд Хятад ба Төв Азийн хил залгаа орнуудын хоорондын хилийн маргаантай асуудлыг бүрэн шийднэ. Энэ хил бол энх тайван, аюулгүй байдлын хил байна. Энэ зорилтод бараг хүрсэн, ганц нэгхэн участка дээр шийдэх үлдсэн. Хоёрт Төв Азийн улсууд нь Хятадын талаар найрсаг харилцааг эрхэмлэх гадаад бодлого явуулах ёстой. Хоёр талын харилцаанууд ямар ч зөрчилгүй байх ёстой. Гуравт Төв Ази нь ямар нэг хэт их гүрэн, эсвэл хэсэг гүрний хяналтад байх ёсгүй, Хятадтай геополитикийн ба стратегийн ямар нэг эгэл бус харилцаа үүсгэж болохгүй. Энэ утгаар АНУ-ын хөндлөнгийн оролцоог хүлээж авшгүй.

БНХАУ нь ШХАБ-ыг яг энэ өнцгөөсөө хардаг, ШХАБ тойруулсан Төв Азийн стратегиа одоо яг тэгж хэрэгжүүлж байна. ШХАБ-ыг улам боловсронгуй болгохоор Хятадын зүгээс тавьдаг чармайлт, санхүүжилт нь дээрхи асуудлыг шийдвэрлэх механизмыг л төгс болгох гэж буй хэрэг юм.

Тэгвэл ОХУ Хятадынхаа эсрэг хэрхэн ажиллаж байгаа вэ? Хуучин Дундад Азийн үеийнх шигээ Москва ийшээ эргэж ирэхийг үнэхээр хүсч, олон алхам дараалан хийж байна. Хятадын оролцоогүйгээр ОДКБ-г бэхжүүлэн, олон удаагийн янз бүрийн цэргийн сургуулиуд хийж байна. Ингэснээр цэрэг–улс төрийн нөлөөллөө барьж байх бодолтой. ТУХН ба Евразийн эдийн засгийн холбоо/Гаалийн холбооныхоо хүрээнд аж ахуйн шинжтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна. Хятад яг дагуулаад ШХАБ ба “Бүс ба Зам”-аараа хариу үйлдэл үзүүлэхийг зорьдог. Гэхдээ Оросын байр суурь Хятадынхтай харьцуулбал бат бэх биш, санхүү-эдийн засгийн хөшүүрэг муутай. Хятадынх эдийн засгийн зүтгүүр, бүр хөгжлийн загвар гэж тооцогдох дээрээ тулсан. Үүнд Москвад таатай ханддаггүй. 

Өргөн утгаар авч үзвэл Орос ба Хятад нь ШХАБ-ын хүрээнд Төв Ази дахь түншлэгч хамтрагч гэхээсээ өрсөлдөгчид юм. ШХАБ-ыг дэлхийн хүчний нэг чухал төв байлгана, болгоно гэж Хятад үздэг нь нийт Еврази дээр бус чухам Төв Азид тийм байлгах, ШХАБ бол Төв Ази дахь геополитикийн гол зэвсэг, Хятад-Оросын харилцааны баланслагч байх ёстой хэмээн үздэг. Төв Ази дахь Хятадын бодлогыг «зөөлөн жанжлал» хэмээн үзэх явдал байдаг. Хятадын эрэлт хэрэгцээ их учраас эрчим хүчнийх нь нөөцөөс сорчихно, эргүүлээд Хятадын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг нэмчихнэ, Казахстаны нефть-хийн салбар, Кыргызстаны гидро-эрчим хүч гэхчлэн олон салбарт бодитой хамтран ажиллагч хэмээн нэрлэж болно. Харин Узбекистантай худалдаа-эдийн засаг гэхээсээ олон улсын терроризмын эсрэг хамтран ажиллахыг чухалчилна. Оросын хувьд Төв Ази дахь ШХАБ нь Хятадтай хамтран ажиллах геополитикийн чухал ач холбогдолтой нэг формат гэж тооцогддог. Энэ талын хамтын ажиллагааны оргил үе нь 2005 ба 2021 онууд юм. 2005 онд Москва, Бээжингээс үгсэж байгаад Төв Ази дахь АНУ-ын цэргийг гаргах шийдвэр ШХАБ-ын саммитаас гаргуулж дөнгөсөн. 2021 онд Афганистанаас АНУ, НАТО-гийн цэрэг гарч, Талибан Кабулд эргэж ноёлсон нь Орос ба Хятадад шинэ сорилт, шинэ хамтын ажиллагаа, шинэ харилцан ажиллагаа тулгалаа. 

ШХАБ-ын хүрээнд хоёр гүрний цэрэг-стратегийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа ч цэргийн холбоотон гэж хэн хэнээ нэрлэдэггүй, Оросын зүгээс ч зарим цэргийн шинэ техникийн худалдаагаа хориглодог, зэвсгийн наймаандаа оросууд сэтгэл түгших нь мэр сэр харагддаг. Хятад хүчирхэгжиж, ялангуяа Төв Азид илэрхий бэхжиж байгаад сэтгэл дундуур ханддаг. ШХАБ-ыг улс төрийн байгууллагаас эдийн засгийн холбоо (Хятадын ивээл дор ажиллах маягтай, “Бүс ба Зам”-д хүчин туслуулах) болгон хувиргах Бээжингийн хүсэл Оросын зүгээс дэмжлэг хүлээдэггүй. 

ШХАБ-д Энэтхэг, Пакистан хоёр нэгдэхээс өмнө гурван түвшинд ШХАБ-ын харилцан ажиллагаа төлөвшсөн байв. Энэ нь ч Оросын хувьд ч, Хятадын хувьд ч бодлогоо томъёолж явуулахад дөхөмтэй, бидэндээ ойлгомжтой байжээ. Үүнд схемчэлбэл«2+2+2» буюу 1) Дээд түвшин ОХУ-БНХАУ; 2) Дунд, бүс нутгийн түвшин Казахстан-Узбекистан; 3) Доод, салбар бүс нутгийн түвшин Киргиз-Тажикистан гэж. Гэтэл хаа хамаагүй холын Энэтхэг, Пакистан 2015-2017 онд нэмэгдлээ. 2021-2023 онд Ираныг жинхлүүлэх үйл явц өрнөнө. Тэгэхлээр «2+2+2» схем хэрэггүй боллоо, харин энэ шинэ «3»-ыг ямар схем загварт оруулах, тэд ямар түвшнийх гэдэг нь ирээдүй цагийн асуудал юм.

Төв Азийн «дөрвөл» хэн бэ, тэдэнтэй хэрхэн харилцан ажиллах вэ гэдэгт Орос, Хятад хоёр сэтгэлээ чилээж ирсэн бол аль түвшинийх нь үл ойлгогдох, бас хоорондоо таарамжгүй, бүр өс хонзонтой Өмнөд Азийн цөмийн зэвсэгтэй хоёр улс, дээр нь олон жил олон улсын хэл амны бай болж ирсэн, цөмийн зэвсгээр хөөцөлдөгч Иран нэмэгдэж байна. 

Тэгэхлээр ШХАБ-ын ерөнхий нийтлэг стратегийн чиг шугамыг тодорхойлоход амаргүй болсон мэт сэтгэгдэл төрнө. Тэр дундаа Хятадын хувьд их биш, бага түнш рүү гулсаж, зарим талаар түүхий эдийн ханган нийлүүлэгч болж хувирч буй Орос, тэр гутамшигаа эерүүлэх зөөлрүүлэх үүднээс Их Евразийн үзэл номлогч, Евразийг хавтгайд нь «Өрнөд»-ийн эсрэг өргөн фронт болгохыг хүсэгч Оросын шинэ байр суурь тодрох бөлгөө.

ШХАБ дахь геополитикийн гурвалжин. 2015 оны өмнөх бяцхан түүх. ШХАБ-д Энэтхэгийг интеграцчилснаар Кремль өөрийгөө тэнцвэржүүлэгч гэдгээ харуулсан бол Хятад зүгээр суусангүй. «Нью-Дели» гэх хамгийн гол өрсөлдөгчөө шинэ ганц гишүүн байхыг шууд зөвшөөрөхгүй, олон жилийн холбоотон Пакистанаа зүтгүүлжээ. Тэрбум хол давсан хүн ард бүхий Өмнөд Азийн хоёр гүрэн (нэг нь лалын том гүрэн) ШХАБ-д ийнхүү элссэн нь түүхэн том үйл явдал мөнөөсөө мөн. Өмнө нь ШХАБ нь Орос, Хятад гэсэн хоёр гүрэн дээр суурилж байсан бол эдүгээ эрчтэй хөгжиж буй Энэтхэг (+Пакистан?) түүн дээр нэмэгдлээ. ШХАБ-ын хэл орос хэл байхаа болилоо. Англи хэлээр хүссэн ч, эс хүссэн ч ШХАБ ажил албаа залгуулдаг болно. Оросын эртний, шалгарсан холбоотон Энэтхэг ШХАБ-д ороод ирнэ гэдэг Хятадын нөлөө, хамаарлыг сулруулах, хазаарлах сайн талтай хэмээн оросууд үзсэн. Хятад, Энэтхэг хоёр саяхнаас л сайжраад сүйд болцгоож байгаагаас бус 1960-аад оны эхээр хил дээрээ байлдаад авсан, одоо ч ганц нэг хилийн будлиан үе үе дэгддэг. Хятад нь Пакистаныг олон жил зэвсэглэн Энэтхэгийг бүслэн хаасан, хариуд нь Энэтхэг нь Монгол, Вьетнам, Балба зэрэг хил залгаа орнуудаар Хятадыг бүслэн хаасан байдалтай ирсэн түүх хуучраагүй байна. Эцэст нь энэ гурван гүрний (Орос-Хятад-Энэтхэг) нийтийн дайсан нь өнөөдөртөө исламын терроризм байгаа. Цаашдаа ШХАБ-ын гишүүн бүх улсын эрх ашгийг нэгэн зэрэг исламын терроризм нэг хэсэгтээ хөндөж таарна. Бүр ч олон талын тоглолтууд толгой эргүүлнэ.

ШХАБ-ын хүрээнд Орос нь Хятадтай, Хятад нь Оростой хамтын ажиллагаагаа нарийвчлан томъёолохоор хоёр улсын улс төрчид, судлаачид ажиллаж байтал гэв гэнэт Энэтхэг ШХАБ-д бүрэн эрхт гишүүн болсноор гурвалсан харилцаа буюу геополитикийн шинэ гурвалжин үүссэн. 

Анхлан ОХУ-ын Засгийн газрын дарга Е.Примаков Москва-Дели-Бээжингийн гурвалжин буй болгох үзэл санаа дэвшүүлэхдээ геополитикийн түр зуурын хөшүүрэг маягтай байхаар төсөөлсөн нь яван явсаар ШХАБ, БРИКС дэх онцгой «гурвал» болгож хувиргасан. ШХАБ, БРИКС гээд институцын хүрээнд энэ «гурвал» яалт ч үгүй голлон оролцож яваа учраас геополитикийн гурвалжин бодитой байх нь байна. 

Олон улсын нэн хурц асуудлаар БНХАУ-тай ойртон нягтрах, тэгснээрээ Хятад-Энэтхэгийн хооронд цоо шинэ найрамдалт харилцаа тогтооно гэсэн бодлого Москвад байсан байх. Олон улсын тавцан дээр Орос, Хятад хоёр үйл ажиллагаагаа зохицуулах мөртлөө холбоотны хатуу үүрэг амлалт авахгүйгээр, дэлхийн глобал хүчний бусад төвүүдтэй системийн антагонизм, мөргөлдөөнд оролцохгүйгээр стратегийн түншлэлээ хөгжүүлэх ньМосква-Бээжингийн гол зорилт юм.

- үргэлжлэл бий