Юрий Николаевич Кручкин 1958 онд ОХУ-ын Саратов мужид төрсөн. ЗХУ-ын МГИМО, МИД их сургууль, Вайкатын их сургуулийн япон хэлний курс, Шинэ Зеландид болон Оросын  МИД Дипломат Академид суралцсан.Оросын гадаад харилцааны яам, Улаанбаатарт Оросын элчин сайдын яам болон Эрдэнэт хотод консуль хийж байсан.

Жар гаруй ном, хэлний толь бичгүүд, “Русский мир Восточной Азии” зэрэг бүтээлүүд хэвлүүлсэн, синхрон орчуулагч, А.С.Пушкин, С.А.Есенин, В.С.Высоцкий, Гурама Панджикидзе нарын бүтээлийг мөн ариутган шүүсэн. Монгол эхнэртэй, хоёр хүүхэдтэй. Монгол судлаач, сэтгүүлч, нийтлэлч, дипломатч. “Өнөөдрийн Монгол” сайтыг Орос хэлээр эрхлэн гаргадаг.




Д.Т:-Бид хоёр бараг хорь орчим жилийн өмнөөс бие биенээ мэднэ. Яг Монголд хэдэн жил болж байна аа?
Ю.К:-Анх 1981 оны 12 сарын 29-нд Эрдэнэт хотод консулын газарт ажиллаад дараа нь Элчин сайдын яаманд шилжээд 10-аад жил ажилласан хүн. Монголд 33 жил болж дээ.

Д.Т:- Сонин юмаа яг энэ өдөр ярилцаж байна шүү дээ. Он гарах гэж байна. Энэ өнгөрч байгаа жилийн гол онцлох зүйл өөрийн чинь хувьд юу байв даа?
Ю.К:-Миний гавъяа гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ би 18 жилийн турш бараг сар бүр, өдөр бүр “Орос Монголын хооронд виз байх ёсгүй…” гэж үзсээр, ярьсаар ирсэн. Оросын “Аргументы факты” “Московский комсомолец “…гэх мэтийн олон сонинд, Монголын бараг бүх сонинуудад энэ талаар ярьж байсан. Сая 11 сарын 15-нд визгүй боллоо. Жижиг дунд бизнесийнхэн их баяртай байна. Энэ тухайн үед хэний шахалтаар, хэний сонирхлоор ийм юм хийсэн нь тодорхойгүй ч энэ бол хоёр улсын харилцаа, тэр дундаа санхүү бизнесийн салбарт маш муу нөлөө үзүүлсэн гэж бодож байсан.

Д.Т:-Та ер нь яагаад Монголтой ийм удаан амьдралаа холбочихов оо? Монгол эхнэртэй болоод тэр байх л даа. Гэхдээ Оросын иргэншилтэй биз дээ?
Ю.К:-Тийм Оросын харьяат. Виз нэг жилээр сунгуулаад явдаг. Би олон улсын харилцааны сургууль  төгсөөд энд ирсэн хүн л дээ. Гэхдээ энд ирсэнээр хамт төгссөн хүмүүстэйгээ харьцуулахад  маш сонирхолтой нөлөөтэй тийм хүмүүстэй танилцах, хамтарч ажиллах боломж гарч ирсээн.Би элчинд ажиллаж байхдаа соёлын харилцаа, уран бүтээлчдийг хариуцдаг байсан болохоор одоо Оросын хамгийн том эстрадын одууд, уран зохиолын том том хүмүүстэй холбогдож ирсэн. Жишээ нь Иосиф Кобзон, Валерий Леонтьев, Песняры, Самоцветы, Верасы хамтлаг…гэх мэт энэ хүмүүстэй танилцаж хамтран ажиллаж энд урьж, янз янзын арга хэмжээ зохион байгуулж байсан. Олег Попов гээд алдартай алиалагчтай бараг хоёр сар ажилласан. Киноны улсууд, зураачид гээд олон хүн нэрлэж болно. Монголчууд бараг санахгүй ч байж магадгүй. Оросын алдарт зураач Глазуновын нэг үзэсгэлэнг бас Монголд гарч байсан. Глазунов тэр үед гадаадад үзэсгэлэнгээ ер гаргаж чадахгүй байсан. Тэхээр түүний гадаадад зургаа үзүүлэх ажил Монголоос эхэлсэн гэж хэлж болно. Зохиолчид бол бүр ч олон Виктор Астафьев, Валинтин Распутин, Чингиз Айтматов, Евгений Евтушенко…гээд бараг бүгдтэй нь холбоотой байсан одоо ч заримтай нь холбоотой. Надтай хамт төгссөн хүмүүс АНУ зэрэг бусад оронд ажиллаж байгаа ч тэд над шиг ийм гүнзгий холбоо байхгүй. Яагаад гэвэл Монгол Орос хоёр улс их өргөн хүрээнд хамтарч байсантай энэ холбоотой. Энэ бол их том боломж юм. Хоёрдугаарт Монгол авгайтай болохоор Монголчууд бас их өөриймсэг ханддаг. Жишээ нь арван хэдэн жилийн өмнө Ц.Дамдинсүрэн гуай надтай уулзаад “ Чи Орос Монгол толь бичиг хий өөр хүн харагдахгүй байна…” гэж хэлж байсан юм. Миний багш  Виссарион Саввич бас тэгж хэлж байсан. Тэгээд би оролдож эхэлсэн. Жилийн жилд сайжруулаад явдаг. Би харин хэний ч үгийг их сайн авдаг,тэмдэглэж аваад оруулдаг. Зүгээр жирийн ард, малчин, жолооч нараас ч ганц нэг үг сураад баяжуулаад явдаг овоо гайгүй Орос Монгол, Монгол Орос толь бичиг гарсан гэж боддог. Гэхдээ мэдээж цаашдаа ч улам сайжруулаад явна.

Д.Т:-Монгол хэлийг яаж ингэтлээ Монгол хүнээс  дутуугүй сурсан хэрэг вэ?
Ю.К:-Би Монгол хэлийг Монгол хүнээс дээр сурсан гэж арай ч хэлж чадахгүй л дээ. Гэхдээ би Монгол хүнийг, хэлийг мэдэрдэг ч гэх үү дээ. Оюутан байхдаа О.Дашбалбартай танилцаж байлаа. Тэр үед Москвад олон монгол оюутан байснаас  их олон хүн шүлэг, уран захиол сонирхдог байжээ. Харин би тэхэд нэрд огт гараагүй байсан ч Дашбалбарыг сайн яруу найрагч болох хүн байна даа гэж мэдэрч байсан. Мэдэх гэхээсээ мэдэрдэг гэвэл илүү үнэнд ойртох байх.

Д.Т:-Яг одоо “Өнөөдрийн Монгол” гэж нэг сайт эрхлээд явж байна уу? Өөр алба тушаал байх уу? Мэдээж ном бичиж байгаа байх. Жар орчим том бага ном гаргасан гэж дуулсан?
Ю.К:-Миний амьжиргаа бол гол нь ном л доо. Монголын тухай нэвтэрхий толь, хэлний толь бичигүүд …Энэ интернэт сэтгүүл гэхүү тэр сайтын тухайд бол одоогоор тийм ч нэртэй, ашигтай болж амжаагүй байх. Гэхдээ хүмүүс бас их сонирхож байгаа. Саяхан нэг судалгаа хийсэн ная гаруй орны хүмүүс уншиж байна гэсэн хариу гарсан. Миний мэдэж байгаагаар Оросын ерөнхийлөгчийн тамгын газар бас Монголын ерөнхийлөгчийн тамгын газар гэх мэт бас нилээд том том хүмүүс их уншдаг юм билээ. Жишээ нь Жванецкий хүртэл  хэд хоногийн өмнө бас надад захиа бичсэн байсан. Их том хошин шогын төлөөлөл шүү дээ. Бид мартсан ч байж магадгүй Оросод Монголтой холбоотой бараг сая гаруй хүмүүс байдаг. Гайдай гээд кино найруулагч 1940 өөд онд Зүүн хараад ажиллаж байсан,Кудрин гээд Оросын хууль зүйн сайд байсан нөхөр бас бага насаа Чойрт өнгөрүүлсэн байдаг. Зарим Оросууд Москвад төрсөн гэж гэрчилгээндээ бичүүлсэн байдаг ч Монголд төрсөн байдаг. Эрдэнэтийн консулд ажиллаж байхад надад нэг тийм заавар ирдэг байсан. Оросын иргэн хүүхдийнхээ төрсөн газраа Монголд ч гэж тэмдэглүүлж болно, эх орондоо ч төрсөн гэж бүртгүүлж болно гэсэн заавартай байсан юм. Юрий  Сенкевич бас л Монголд Чойбалсанд төрсөн гэдэг шүү дээ. Абхазын батлан хамгаалахын сайд ч бас Монголд төрсөн хүн байсан. Иймэрхүү хүмүүс Оросод маш олон.

Д.Т:-Монгол бүр социализмын үеэс энд амьдарсан, тэр дундаа соёл урлагийн салбарыг анхаарч явсан хүний хувиар одоо энэ сүүлчийн 25 жилд манай урлаг соёл ямархуу болчихвоо? Өмнө нь сайхан зүйл их байжээ. Ганц Соёл урлаг ч биш ер нь …Оросын нөлөөнөөс гарсанаас хойш гэхүү дээ?
Ю.К:-Ер нь монголчууд их авъяастай гэдэгтэй бол хэн ч маргахгүй. Гэхдээ та нар өөрсдөө ч ярьдаг даа ганцаарчилсан салбарт л амжилттай ажилдаг. Багаар тоглохдоо муу гэж. Жүдо бөх, бокс,буудлага ч гэх юмуу  ганцаарчилсан спортын төрөлд амжилт их байгааг бүгд харж байна. Оросын нөлөөнд Монгол тэр чигтээ байсан гэдэгтэй би нэг их санаа нийлдэггүй юм. Тэр үед том том обектуудийг Монголд хүлээлгэж өгж байхад хамт байсны хувьд Салдан гуай ч юм уу Содном гуай ч юм уу тэр обектуудыг хүлээж авахдаа маш хатуу болзол тавьдаг байсан. Шууд Оросын саналыг хүлээж авна гэж байхгүй шүү. Ялангуяа Эрдэнэтийн асуудлыг би сайн мэдэх юм. Ер нь Монголын гадаад бодлого их зөв явсаар ирсэн. Жишээлэлэд Сайд нарийн зөвлөлд байсан  академич Д.Ширэндэв гуай зэрэг шахалтанд орж байсан хүмүүстэй би оройн цагаар, шөнийн цагаар уулздаг байлаа. Ширэндэв гуай зориуд тийм хүмүүстэй намайг уулзуулдаг байсан юм. Абмад гэж хүн байсан бүр коментерний үеийн тухай ч сайн мэдэх хүн. Элчинд ажиллаж байсан болохоор би бас олон хүн мэдэхгүй нууц юмнууд мэднэ. Жишээ нь Оросын ерөнхийлөгчийн архивт 3 сар сууж судалгаа хийсэн юм. Энэ өнгөрсөн 70 жилийн хооронд болсон зүйлсийн талаар их бодолтой ярьж бичих хэрэгтэй юм билээ. Дэлгэж болох ч юм байна, болохгүй ч юм байна. Зарим материалыг надаас өөр хүн үзээгүй байдаг. Яагаад гэвэл тэр материалыг үзсэн хүн заавал тэнд гарын үсгээ зурдаг болохоор хэн үзсэн, хэн үзүүгүй нь тодорхой байдаг. Жишээ нь Сталин өөрийхөө гараар бичсэн Гэндэнтэй уулзсан уулзалтын тухай 28 хуудас материал үзэж байсан. Энэ тухай би Орос хэл дээр ном гаргасан. Жоохон эвгүй юм яривал хэлмэгдүүлэлтийн тухай их тааруухан ойлголт нийтэд байдаг.  Танайд нэг кино саяхан гарсан шүү дээ . “Долоон бурхан харвадаггүй” гээд тэр кинон дээр бол бүх муу юмыг  муусайн Буриадууд, Оросууд хийж байсан гэж үзүүлсэн байна билээ. Шинэ үеийн үзэл суртлын ч гэхүү кино шүү дээ. Яг тэр нууц материалуудыг харах юм бол Монголчууд Монголчуудаа маш “сайхан” матаж байсан байдаг. Тэр ч бүү хэл тэнд маш сонин материал байхыг олсон. Монголчууд Монголчуудаа матаад алах гэж байхад тэр үед НКВД гын ажилтан Орос нэг Монголыг нөгөө Монголоос нь хамгаалж байсан баримт ч олж үзсэн. Гэхдээ энэ 30-40 өөд онд л болоод өнгөрсөн дууссан зүйл биш 70-80 аад онд ч бас иймэрхүү матаас их байсан байдаг. Одоо ч зарим хүмүүс нь амьд байгаа. “ Сталин л бүх бурууг хийсэн гэдэг их асуудалтай. Тэгвэл 5 сая   матаасыг хэн бичсэн юм бэ? гэж…” Долматов зохиолч хэлсэн байдаг. Энд ч бас тийм л юм болж байсан.

Тэгэхээр зарим архивыг одоо ил болгож болохгүй. Би мэдээж нэрийг нь хэлэхгүй нэг сайхан гэр бүлийг танина маш сайхан айл. Гэтэл архив харж байтал тэр хоёрын эцэгүүд хоорондоо бие биенээ матаад нэгнээ алуулсан архивын баримт олж харах жишээтэй. Тэрийг би очоод тэдэнд хэлчихвэл юу болох вэ? Ийм юм их байх юм билээ. Бүр саяхан хүртэл ч байсан. Монгол өнөөдөр юу болж байна вэ гэж дээр асуусан. Ганц соёл ч бишээ ер нь нэг хачин “кастовы систем” ч гэмээр юм уу нэг тийм анги давхрага, дээд доодын ялгаа гэсэн ойлголт их болчихлоо. “Соронз” ч юм уу “Гранд” гэх мэт сэтгүүлийг харж байхад дарга нарын эсвэл баячуудын хүүхдүүд хоорондоо сууцгаадаг, тэд л бие биенээ дэмжидэг,галайрэй энэ тэр байгуулж зураачдын зурагыг өндөр үнээр авч цуглуулдаг байдал маш түгээмэл болж байх шиг. Ардчилалын дараа улс төрийн ч талаар эдийн засгийн ч талаар дээд давхарт амьдарч байгаа улсууд хоорондоо бүр ангийн ялгаа шиг хоорондоо ялгарах үзэгдэл маш хүчтэй болж байна. Клан бүлэглэл маягтай. Гадаадад гарсан сэхээтэн давхрагыг татах бодлого хийвэл энэ улс хөгжинө. Тэд эргэж ирэх үү дээ гэдэг бас том асуудал юм.

Д.Т:-Миний үеийнхэн найз нөхдөөс их олон хүн, жишээ нь, АНУ-д тэндээ суурьшсан. Хүүхдүүд нь тэнд сургуульд орчихдог. Тэгээд наашаа нэг ирчихвэл буцаад виз олдохгүй тэгээд тэндээ гацдаг байдал маш их. Цаашдаа ч нэмэгдэх болов уу. Энийг одоо яаж зохицуулах ёстой юм бэ?
Ю.К: -Яахав тэнд сураад ирсэн хүмүүсийн хувьд бол байх л асуудал. З.Энхболд дарга,Ц.Элбэгдорж ерөнхийлөгч гээд олон хүн бий шүү дээ. Би Оросуудад хэлдэг юмаа. Та нар өмнөх үе шигээ хараад байнаа. Одоо Монгол өөр болсон. Өмнө нь бол яахав манайд л сурч боловсорсон улс байсан. Гэтэл одоо бараг Монгол хүн бүр барууныг үзчихсэн. Тэнд сурчихсан улс болжээ гэж. Жишээ нь Якунинд би хэлж байсаан. Одоо эд нар та нараас илүү боловсролтой болсон. Танай төмөр замынхнаас хамаагүй хол явчихсан байхад хуучнаараа бодоод байна та нар гэж хэлж байлаа л даа. Одоо үе солигдож байна. Ардчилалын буянаар дээш гарсан улс тун удахгүй тэтгэвэрт гарнаа. Цоо шинэ үе араас нь орж ирж байнаа. Энийг та нар тооцож харилцах ёстой гэж… Нэг зүйлийг олж мэдээд би их гайхсан. Одоо яаманд ажиллаж байгаа хүмүүсийн судалгаагаар наймаас олон жил тэнд ажиллсан хүн бараг байхгүй болчихож. Энэ бол цоо шинэ үе ирж байгаагийн дохио. Өнөөх манай  сургуульд сурдаг энэ тэр бүр алга болж эхэлж байна. Оросын киноны , уран зохиолын, уран зургийн сургуулиуд их сайн шүү дээ.Тэгээд бас давхар иргэншилийн талаар одоо бас бодох цаг болсон.Тэгж чадвал сайн боловсон хүчин өөрөө ороод ирэх талтай. Монгол жижиг улс гэтэл бас л жижиг Израйль, Шинэ Зеланди  гэх мэт оронд бүр 3 давхар иргэншил зөвшөөрдөгийг бодох хэрэгтэй шүү дээ. Цөөн хүнтэй улс орон нэг ч хүнээ гэсэн гадны иргэншилтэй болгох харамсалтай хэрэг.

Д.Т:-Танай сайтаас би нэг юм олж харсан юм. Монголын тэргүүн 100 баячуудын жагсаалт байж байна билээ. Ийм юм гарч л байдаг л даа. Гэхдээ жишээ нь Л.Балхжав тэнд 11 сая долларын хөрөнгөтэй гэж орсон байх жишээтэй. Энэ хир бодитой мэдээлэл вэ? Өөрийг чинь нилээд серёзный товариш болохоор их анзаарч харсан юм л даа?
Ю.К: -Энэ нэг их баталгаатай мэдээлэл гэж хэлэхэд хэцүү л дээ. Энд тэндээс л олж цуглуулсан тоо. Балхжав гуай гэх мэт авъяасаараа, цэвэр хөдөлмөрөөр мөнгөтэй болсон хэсэг ч байгаа. Бас өөр аргаар баяжсан хүмүүс ч байгаа. Гэхдээ өртэй улс ихэнх нь гэдгийг бас бодууштай. Яахав ганзагын наймаагаар эхлэж хөлжсөн улс ч байгаа. Гэхдээ би нэг зүйл энд онцолмоор байнаа. Оросод ч юм уу Хятададад юм зараад мөнгө олох бол нэг хэрэг. Тарваганы арьс зарж яваагүй хүн их ховор шүү дээ. Би нэг хүнийг мэднэ л дээ. Ганзагын наймааны  үед Оросоос тамхины цаас оруулж ирээд энд тавь жар дахин нугалж зараад баяжсан хүн. Та боддоо. Өөрөө Монгол хүн байж ядарч байгаа ах дүүсээ ингэж шулж баяжих сайн хэрэг мөн үү? Бизнэсийн нэр хүнд мөнүү гайхуулаад яриад байх зүйл мөн үү гэх мэт юм их байх юм даа.

Д.Т:-Түрүүн Якунин гэж ярилаа. Энэ төмөр замын тухай маргаан маш олон жил боллоо. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?Хэдийгээр манайд олон жил амьдарч байгаа ч ажиглагчийн,хөндлөнгийн байр суурийг сонсох гээд л энэ бүх ярилцлагыг хийгээд байгаа юм шүү дээ.
Ю.К:-Монголын түүх давтагдаад байнаа. Энэ сэдэв бүүр 120 жилийн өмнө ч яригдаж байсан сэдэв. Х.Баттулга гишүүн тэр Го.Бадарч эд нарын хийсэн киног би үзсээн. Бас сонин нарийн юм бол дотор нь  байгаа. Гэхдээ Орос Хятадын сонирхолыг уялдуулж их нарийн дипломат бодлого хийж болох байх гэж боддог. Ер нь Киргиз, Казахстан гэх мэт ойр байгаа улсуудтай харьцуулахад Монгол харин ч их дипломат гадаад бодлоготой явж ирсэн.

Яахав нөгөө нүүрс ачих зорилготой төмөр зам нарийн байж болно. Ер нь төмөр замыг одоо цахилгаанжуулах, давхар зам тавих гээд нилээд шинэ шатанд гаргах цаг нь болсон л доо. Энэ одоо ч эцэслээд шийдсэн асуудал биш болохоор хоёр талын хатуу шахалтанд орохгүйгээр алсдаа шийдчих асуудал л гэж би хардаг. Бас хийн хоолой энэ тэр гээд хоёр хөршөөс хамааралтай олон зүйл байгаа шүү дээ.

Д.Т:-Бид хоёр нэг хурал дээр нь таарч байсан даа. Халх голын асуудлаар “Номун хааны тулаан” гэх мэт их зөрчилтэй зүйл байдаг. Тэр цагаас хойш би бас Халх голын тухай  нилээд уншиж харах болсон. Явж явж тэр дайн бас л Манжуур хавиар Оросруу тавьж байсан Японы төмөр замаас л үүдэлтэй гарсан дайн шиг байдаг. Герман цаанаас нь дайрна. Япон Манжуураар Оросын хил хүртэл төмөр зам тавиад наанаас нь орж ирнэ гэсэн бодлого л байсан юм билээ шүү дээ.Орос Япон хоёрын л дайн манай нутагт болчихсон ч юм шиг. Дайны дараа бид Мана уул, Номун хаан гэх мэт газраа Хятадад алчихсан байдаг?
Ю.К:-Энэ тухай дан яривал бас их урт  яриа болно. Би бас нэг жижиг ном бичсэн. АНУ, Японд бас их судалгааны материал байдаг. Бас тийм ч сайн судлагдаагүй байж мэдэх сэдэв. Зарим улс төрчид ЗХУ тухайн үед ер нь Монголын малыг 3 рублээр үнэлж авч байсан тухай их ярьдаг. Энийг би нэг их эсэргүүцдэггүй л дээ. Гэхдээ бас нэг өөр судалгаа байдаг юм. Монгол улс Оросын том том мэргэжилтэнүүдийг ердөө сарын 3 доллараар ажилуулж байсан байдаг. Мэдээж хэрэг мэргэжилтэнгүүд хамаагүй өндөр цалин авч байсан л даа. Гэхдээ тэр цалингийн 97 хувийг ЗХУлс төлж байсан байдаг юм билээ. Хорьдугаар зуунд ийм хямдхан гадаадын мэргэжилтэн ажилуулж байсан өөр улс байхгүй. Хоёрдугаарт тэр мэргэжилтэнгүүд дандаа маш том алдартай улс байсан байдаг. Хүүхдийн эмч Рошаль байна хүмүүс мэднэ . За тэгээд Соболёв гэх мэтээр маш нэртэй төртэй улс энд ажиллаж байсан байдаг. Энэ бол яах ч аргагүй их том түүхэн хуудас.

1979 оноос энд Оросын цэргийн бааз бий болоод маш их хүн энд ажиллаж байлаа. 1985-1986 онд би элчинд ажиллаж байхдаа Орос цэргийн ангиуд эндээс гарах тухай яригдаж эхлэхэд 49 Оросын цэргийн хотхонуудаар явсан. Тэхдээ элчингээс даалгавартайгаар цэргийн ангиудын ойролцоох нэгдэл, сангийн аж ахуйн хүмүүсээс Оросын цэргийн ангиуд гарвал таатай байх уу үгүй юу гэсэн судалгаа хийхэд нэг ч хүн гарвал таарна гэж хариулахыг сонсоогүй юм. Танай мал энэ тэрийг хулгайлдаг юм бишүү гэж зориуд асуухад манай цэргүүд ч бас л хулгайлдаг шүү дээ гээд хавьтуулахгүй байсан юм шүү дээ…

Д.Т:-Оросыг сайн маажвал Монгол гарч ирдэг гэсэн яриа байдаг. Сүүлд Гумилевыг уншиж байтал Оросын ихэнх дээд сэхээтэн давхрага дандаа Монгол овогтойг мэдэж авч билээ. Бараг 30 орчим овог Монгол байсан. Бухарин, Айтматов, Бунин, Шермэйтов, Мичурин, Тургенев…  гэх мэтээр урт цуваа байна билээ?
Ю.К:-Би Гумилев гуайтай уулзаж байсан. Тэр үнэн шүү дээ. Гумилев бас нэг Монгол эмэгтэйд хайртай байсан. Тэдний хайр дурлал  нь бүтээгүй. Хоёр ч удаа шоронд ороод… Өөрөө ярьж байсан. Гумилевын ээжийн нэр Ахматова шүү дээ. Ахмад гэсэн Монгол нэр. Жишээ нь Москвагаас манай нутаг Саратов муж руу машинаар явхад газар зүйн нэр томёонуудын бараг 30-40 хувь нь Монгол нэртэйг харж болно. Манай аавын нутаг гэхэд л Карабулак гэдэг газар шүү дээ.

Д.Т:-Өө за за өөрийг чинь бас сайн маажвал Монгол болчих юм байна. Харбулагийн хүүхэд байх нь. Жириновский манайд ирж байсан уу? Манайхыг их л доош хийсэн яриатай хүн байдаг?
Ю.К: - Тийм. Сайн маажвал би ч Монгол болж мэднэ. Оросод ийм хүн маш олон. Жириновский өөрөө бол ирээгүй ээ. Харин нэг орлогч нь ирж байсан. Тэхдээ халааснаасаа маш олон мянган доллар гаргаад Монголын нэг сургуульд өгч байсан. Ямар ч рекламгүйгээр шүү зүгээр л …Жиривскийтэй сайн яриад уулзвал тэр нэг их дургүй хандахгүй хүн байж мэднэ шүү. Жоохон хулиган зантай л даа.Гэхдээ дахиад хэлхэд сая гаруй Монголд элэгтэй хүн байгааг мартаж болохгүй…

Д.Т:-Сая манайд Путин бас Хятадын дарга Си Зи Пин зэрэг шахуу ирлээ. Харин ч манайхан нээрээ овоо дипломат хандаад өнгөрсөн ч бас Путин яагаад уйлчихав? Си Зипин яагаад “Миний нутаг” шүлэг уншив? гэж гайхах хүмүүс их байна. Зарим хүмүүс Орос ах маань ингээд биднийг орхиод Хятадад өгчихлөө гэсэн яриа бас байнаа?
Ю.К:-Миний мэдэж байгаагаар Си зи пин Оросуудад ч Монголчуудад ч хувийн талаасаа сайн гэж хэлмээр байна. Елизавета Павловнa Кишкина гэдэг Бээжинд бараг 60 гаруй жил амьдарч байгаа бараг Филатова шиг Орос эмэгтэй байгаа. Тэрний нөхөр Ли Ли Сян Мао даргаас өмнө Хятадын намын хороон дарга байсан хүн. Одоо амьд саяхан 100 нас хүрсэн.Си зи пин тэр хүнд маш хүндэтгэлтэй ханддаг бөгөөд 100 насны нь ойгоор түүнтэй очиж уулзаж бүр Оросоор ярьж бас Монголын тухай ч ярисан байдаг. Хятад нэрийг нь Ли Ша гэдэг юм билээ. Оросод би дээр хэлсэн Монголтой холбоотой Монголд хайртай нэг сая хүн байгаа гэж.Тэднийг ашиглаж лобби хий гэж зөвлөмөөр байна. Бас Хятадад ч олон хүмүүс байгаа. Би саяхан нэг сайд хийж байсан хүнтэй Хятад хоолны газар ороод ярихад Хятадаар бага сага ярьж байсан. Чи яагаад Хятад хэлтэй байдаг билээ Оросод сургуульд сурсан хүн биз дээ гэхэд “Миний багад 40 мянгатад амьдарч байхад  Хятад тогоочтой байсан юм. Тэгээд л багаасаа Хятад хэл бага сага мэддэг болсон” гэж байна билээ. Дээр үед сэхээтэн айлууд баян хоосон ялгаагүй Хятад тогоочтой байсан, бас сайн харилцаатай дотно байсан түүх байгаа. Зуун тавин жилийн өмнө бүх цайны худалдаа Хятадаас Хиагтаар дамжиж Орос руу гарч байсан түүхтэй. Монголчууд л тэр үед үүнийг зохицуулж бүр сайн зохицуулж байсан байдаг. Ийм хүмүүсийг сайн татах бол маш чухал юм.

Д.Т:- Оросууд өөрсдөө бас манайхыг нэг их тоохоо ч болио юу даа гэж бодогдох болж. Сэтгүүлчид, нийтлэлчид ч нэг л тааруухан мэдээлэлтэй байх шиг. Балмасов гэж нэг нөхөр Монголыг Хятадад нь алдаж байна гэх мэт юмс их бичих юм даа?
Ю.К:-Харин сая Путинтэй хамт 50 орчим сэтгүүлч ирсэн. Уулзахад тийм юм ажиглагдсан. Пөөх ийм өндөр байшин бас энд байдаг юм уу гэх мэт  гэнэн юм ярьж байна билээ. Дарья Асламова гэх мэт өнгөц юм бичдэг сэтгүүлчид бас байнаа. Би тэдэнд чадлаараа ойлгуулж ярьж өгч байсан.Тэдний үг их нэмэртэй эсвэл их хортой шүү дээ.

Социализмын үед зөвлөлтийн 15 сэтгүүлч энд тогтмол ажиллаж байсан одоо нэг ч байхгүй болсон. Заримдаа Оросууд хэтэрхий зөгнөлт юм шиг юм бичээд байх тал бас байдаг. Балмасовыг уншсан. Монгол судлал бас их хэцүү байдалтай болж байна. Дандаа настай хүмүүс 70 гарсан хүмүүс л байна. Яг Монгол судлалаар 50 орчим л хүн дэлхийд байдаг ч бүгд хөгширсөн.

Д.Т:-Бид хоёрын яринаас нэг юм бодогдоод ирлээ л дээ. Бидний үе тэтгэвэртээ гархад бас л Орос ах гэсэн өнөөх сайхан нөхөрлөл алга болчих вий дээ гэж бодогдож байна. Бидний үеийнхэн түүх овоо мэднэ. Гэтэл одоо энэ шинэ үе Орос хэлчгүй дээр нь түүхээ мэддэггүй. Гадаадад төгссөн хүмүүс Монголын түүхээ мэдэхгүй юм даа. Тэнд нь заадаггүй болохоор.
Ю.К:-Саяхан би Алтан гадас одон авсан юм л даа. Тэгээд ялалтын баяртай давхцуулж П.Цагаан дарга дуудаж энгэрт зүүж өгсөн хэрэг л дээ. Тэгсэн Монгол залуучууд над руу утасдаад “Өө таныг хоёрдугаар дайнд оролцож явсныг чинь сая л мэдлээ баяр хүргэе” гэж байх жишээтэй. (тас тас инээв)

Д.Т:-Мэдэх хүмүүс бол өөрийг чинь мэднэ л дээ. Гэхдээ бас яг юу хийдэг хүн бэ? Монголч эрдэмтэн юм уу? Сэтгүүлч юм уу ? Дипломат ч юм уу? Бүр зарим хүн энэ хүн Оросын местны тагнуул хүн гэж ч харж байж мэдэх юм л даа. КГБ талын хүн гэх яриа ч бас чих дэлсэж байлаа?
Ю.К:-Тагнуулч гэвэл над шиг ядуу, машин тэрэгчгүй явган таваргадаг тагнуулч байхгүй л байх л даа. Гэхдээ тагнуулч, сэтгүүлч, дипломатч гэдэг бараг нэг мэргэжил гэж би хардаг. Рихард Зорге гэж тагнуулч бараг мэдээлэлийнхээ 90 хувийг Германы, Японы болон бусад орны хэвлэлээс олж авдаг байсан шүү дээ. Гол нь олж авсан мэдээлэлээ зөв ойлгож, боловсруулж, тэгээд тэрийгээ  хааш нь дамжуулах, ямар зорилгоор тараах, хэрхэн дүгнэлт хийх, анализ хийх гэдэг  бол өөр зүйл л дээ. Миний ярианаас би хэний тусын тулд ажиллаж байсан нь бага ч гэсэн ойлгогдсон болов уу даа. Жишээ нь визны асуудлаар олон жил тууштай ажилсан мэдээлэл тараасан зэргээс ойлгож болох байх л даа.Монгол оронтой би хувь тавилангаар холбогдсон хүн. Хоёр хүүхэдтэй Монгол эхнэртэй. Тэхээр илүү ойлгогдох байх.

Д.Т:-За та бид хоёрын ярилцлага яг шинэ жилээр таарч байна.
Ю.К:-Тэглээ. Шинэ жил дандаа л сайхан баяр байсан. Цаашдаа ч сайхан л байх ёстой. Энэ ярилцлагаар уншигч олон ахан дүүсдээ баярын мэнд хүргэе! Би цаашдаа ч энэ улс орондоо хэрэгтэй юм хийх гэж зүтгэнэ. Үзсэн харсан зүйлсээ бичиж үлдээнэ. Бас өөрөөс чинь эхлүүлээд олон сайхан хүнд тус болно л гэж бодож явдагаа хэлэе дээ. Ярилцлага авч намайг хүндэлсэнд баярлалаа. Шинэ жилээ сайхан угтаарай.