Амь мултрах алтан боломж
Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорлоо. Хүн нь л Н.Алтанхуяг болохоос биш огцорлоо л гэдэг, томилогдлоо л гэдэг байдаг л нэг албан тушаал. Өчүүхэн би гэхэд сэтгүүлчээр ажилласан хугацаандаа энэ “Алиа Данзан”-тай нийлүүлээд есөн Ерөнхий сайд огцрохыг үзсэн байх юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорлоо. Хүн нь л Н.Алтанхуяг болохоос биш огцорлоо л гэдэг, томилогдлоо л гэдэг байдаг л нэг албан тушаал. Өчүүхэн би гэхэд сэтгүүлчээр ажилласан хугацаандаа энэ “Алиа Данзан”-тай нийлүүлээд есөн Ерөнхий сайд огцрохыг үзсэн байх юм. Тэгэхээр надаас цаадах нь юу үзсэн нь тодорхой. Ардчилсан хувьсгал ялсан эхний жилүүдэд Ерөнхий сайд огцрох нь үнэхээр гайхалтай сонин үзэгдэл байсаан, хүлээнэ зөвшөөрнө. Коммунизмын он жилүүдэд Ерөнхий сайдуудыг огцруулах биш Оросод аваачаад буудчихдаг, эмнэлэгт эсвэл гэрт нь хорьж байгаад үхүүлчихдэг байсан болохоор тэр. Харин цагаан морин жилээс хойш бид ардчилсан нийгэмд амьдарч ирлээ. Төр засаг нь огцорч сурсан. Бас төр засгаа огцруулж сурсан... Бид олон зүйлийг мэдэж авсан. Төр бидний шүтээн биш харин үйлчлэгч, хамгаалагч юм байна гэдгийг ухсан. Харин нэгэн зүйлийг хэзээ ч мартаж боломгүй санагдана. Монголын төрд 1999 оноос хойш 2009 он хүртэл оршиж авилгын сүлжээг өөрийн гараар нэхэж хожим тэр торондоо өөрөө орооцолдон унасан нэгэн хүн бий. Түүнийг Н.Энхбаяр гэдэг. Гурван шатны шүүхээс авилга авсан нь нотлогдсон тул түүнийг л “албан ёсны авилгач” гэхгүй юм бол өөр хэнийг хэлнэ. Н.Энхбаярыг төрийн толгойд байсан 10 жилийн хугацаанд сайд, дэд сайдууд авгайнх нь тамшаалдаг дарсны бөглөөг мулталж явлаа. Ардчилсан намын харьяалалтай олон мянган төрийн албан хаагч гудамжинд гарсан. Одоогийн улсын баатар Э.Бат-үүлийг С.Зориг агсаныг алсан хэмээн баривчилж хорив. Хаа холоос Д. Энхбат гэж хүнийг баривчилж ирээд алчихсан. Тракторчдын цуглааныг ганцхан шөнийн дотор нухчин дарав. Тэр 10 сая төгрөгийн дээл өмсдөг, түүний ивээн тэтгэгч компани бүх тендерт ялдаг боллоо. Бүх албан байгууллагын өрөөнд түүний зураг байх ёстой. Бүгд түүнд зусардах үүрэгтэй. Шүүх, прокурор, цагдаа хувийнх нь компани мэт байлаа. Олон сайхан залуус түүний бий болгосон авилгын дамжаанд сурч, төгссөн. Тэд нэгийгээ алж, дараа нь өөрсдөө төрийн машинд амь үрэгдэж байлаа. Хадгаламж зээлийн хоршоо гэгч луйвраар ард түмнийхээ зовж цуглуулсан хэдэн төгрөгийг нь бүрмөсөн залгиж орхив. Эхчүүд уйлж үсээ хусав. Бүсгүй хүн үсээ хусна гэдэг дээдийн гомдол, аймшигтай харуусал. Ингэж цус нулимс урсаж , нийгэм цөхөрч байвч үүнийг мэдээлэх хориотой байсан юм. Түүний эхнэр Чөлөөт хэвлэл сан үүсгэн байгуулж сонин телевизүүдийг хахуульдаж амьдрал сайхан байна, аз жаргалтай байна, Н.Энхбаяр үндэсний удирдагч хэмэээн бичүүлж байлаа. Тэр он жилүүдэд ганцхан “ Өдрийн сонин” л чөлөөт хэвлэлийн үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн байдаг юм.... Түүний дарангуйлал МАХН-ыг хоёр хувааж шинэ МАХН, МАН болгон бутаргаж өөрөө шоронд орсоноор төгссөн юм. Нэгэн дарангуйлагч эцэслэв. Ардчилсан нам сонгуульд ялав. Одоо л “Хүн шиг амьдарья” гэтэл байдаггүй ээ. Ардчилсан төрийн толгойд Н.Алтанхуяг суулаа. Дахиад л Н.Энхбаярын он жилүүд шиг үе эхлэв. ТЕГ, ЦЕГ-ын тэр улайрсаар гартаа авлаа. Н.Алтанхуягийг шүүмжилсэн сэтгүүлчдийг ТЕГ-т шөнө дөлөөр байцаав. Хууль зүйн сайдтайгаа нийлээд хууль зөрчиж байгаа нь зурагтаар гарав. Гаргасан зурагт нь буруудав. Хуулийн сайд нь хүн бус авирлав. Илчилсэн хүмүүс буруудаж илчлүүлсэн сайд баатар болов. За энэ ч яахав. Өөдөсхөн охиндоо тэр хулгай хийхийг заасан бололтой. Эхлээд “ Цэвэр агаар” сангийн мөнгөнөөс луйвардсан хэрэгт шалгагдав. Арай гэж энэ хэргийг дарж алга болгов. Гэтэл “Нүүрс” хөтөлбөрөөс бас л хусчихсан бололтой шалгагдаж байна. Тэр жаахан охин хулгай хийх арга замыг мэднэ гэж үү. Үгүй. Итгэхгүй байна. Харин Тэр л зааж өгсөн байх. Түүнийг сайтар шалгах хэрэгтэй. Дэнзэн гэж хөөрхий залуу шившигт хутгагдав. Тэр аль төрөлдөө тийм олон тэрбум төгрөгийг данснаас дансанд хулуулж мэддэг байхав дээ. Өнөөх л зааж өгсөн байх. Хараач, Н.Энхбаяр энэ хоёрт адилхан тал байна. Юу ч мэдэхгүй, амьдрал үзээгүй залуусаар “баасаа цэвэрлүүлдэг”. Эцэст нь тэд л шившиг болдог, тэд л ялыг нь үүрдэг. Харуусал, зовлон, хагацал гуниг бүхэнд тэдэнд л үлддэг. Хадгаламж банкны хэрэг яалаа даа. Н.Энхбаяр нам дотроо өөрийнхөө өмнөөс үг хэлсэн болгоныг шийтгэж, цэрэг цагдаагаар айлгадаг байсан юм. У.Хүрэлсүхийг санаж байна уу. “Та Монголын төрийг удирдаад байна уу, танай авгай удирдаад байна уу” гэж хэлсэнийхээ шанд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж эгээтэй л шоронд явчихаагүй шүү дээ. М.Энхболд түүний үгэнд ороогүйнхээ төлөө Ерөнхий сайдаасаа огцорч байлаа. Тэгвэл Н.Алтанхуягийг Монголын төрийн толгойгоос цэвэрлэхэд оролцсон УИХ-ын найман гишүүнийг намаасаа хөөх гэж оролдов. Бүтсэнгүй. Гэтэл нөгөө найман гишүүнээс дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг зөвшөөрөхгүй гэнэ. Тэр хаан уу. Ямар их өс хонзон бэ. Одоо тэгээд “Өрийг төлж барагдуул, Өсийг авч барагдуул” гэсэн эртний монгол үгийг хэрэгжүүлэх үү. Хэрэв энэ хүн Ерөнхийлөгч байсан бол шүүх засаглалыг гартаа атгаж байсан бол ....бурхан минь....төсөөлөхөд хэцүү. Тэр хэвлэл мэдээллийг орвонгоор нь худалдаж авлаа. Насаараа Н.Алтанхуягт шүүмжлэлтэй явсан өвгөн бичээч нар магтах болов. Н.Энхбаярын үед түүний дарангуйллыг эсэргүүцэн туг нь болж явсан сонин түүний эсрэг дуугарсан хүмүүсийг ээлж дараалан “намнав”. Одоо “Монголын Үнэн” сониноос өөр сөрж дуугарах сонин үлдсэнгүй. Телевизүүдийн холбоог мөнгөөр зодоод “2-р суваг” –аас өөр үзүүлж чадах дүрс бас үлдээсэнгүй. Цээлийн ус ширгэв, цэгээн чулуу хагарав. УИХ Монголын төрийг Н.Алтанхуягаас арай гэж салгалаа. Одоо Ардчилсан нам толгой дээрээ суусан хувалзыг авч хаях үлджээ. “Ардчилсан нам Н.Алтанхуягтай сонгуульд ялж төр барьсанаас гудамжинд лааз өшиглөж явбал дээр” гэж нийтлэлч Баабар бичиж байсныг санацгаа. Удахгүй арванхоёрдугаар сарын 6-ны өдөр болно. Одоогоос 14 жилийн өмнө Ардчиллын төлөөх таван нам эл өдөр нэгдэж өнөөгийн АН-ыг байгуулж байлаа. Гэтэл энэ ойн дээрээ Н.Алтанхуягаас болж туурга тусгаарлан салж одоход бэлэн болжээ. АН-ын үзэл баримтлалын нэгдүгээрт “Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэн, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх ” гэж бичсэнээ санагтун. Үндэсний эрх ашиг, эв нэгдлийн төлөө наад нөхрөөсөө салж эв эеийг хичэээх цаг иржээ. “ АН таалал төгслөө” гэж гишүүд нь өөрсдөө эмгэнэж байна. Гэхдээ боломж байна. Амь мултрах алтан боломж байна. Н.Алтанхуяг хэмээх орчин цагийн лүмпэн дарангуйлагчийнхаа эрх мэдлийг яаралтай хязгаарла. Яарахгүй л бол тэр хэнээс ч яаж ч өшөө авч мэдэхээр боллоо. Ардын нам Н.Энхбаяраасаа салах гэж 10 жил мунгинаж олон гишүүнээрээ туг тахисан юм. Ардчилсан нам Н.Алтанхуягаасаа салахад ахиад 10 жилийг золигт гаргаж болохгүй. АН-ын амь мултрах алтан боломжийг бүү алд. Ардчиллын төлөө нэгдсэн 14 жилийн өмнөх чин сэтгэл, чигч шулуун зорилгоо бүү умарт.