Гоомой сонголт...
Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Ерөнхий сайдад нэр дэвшээд Ч.Сайханбилэг нь намынхаа ҮЗХ-ны хуралд ялалт байгуулжээ. Нуруулаг, царайлаг Ерөнхий сайдтай болох нь гээд хөөрч дэвэлзэх охид бүсгүйчүүд олон. Нуруулаг нь ч үнэн, царайлаг нь ч үнэн.
Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Ерөнхий сайдад нэр дэвшээд Ч.Сайханбилэг нь намынхаа ҮЗХ-ны хуралд ялалт байгуулжээ. Нуруулаг, царайлаг Ерөнхий сайдтай болох нь гээд хөөрч дэвэлзэх охид бүсгүйчүүд олон. Нуруулаг нь ч үнэн, царайлаг нь ч үнэн. Хэрэв Ерөнхий сайдын шалгуур ийм байдаг бол ч манай Сайханаа ногоон гэрлээр ээ... Шоконд орсон эдийн засгийг, хөл толгой нь олдохоо байсан засаглалын хямралыг, эв эе нь эвдэрсэн эрх баригчдын ашиг сонирхлыг царай, нурууны сайханаар засч болдог бол найзыгаа дэмжилгүй яахав ээ. За тоглосон юмаа, Сайханаа Америкт сургууль төгссөн, төгс инглиштэй, хүнтэй эвтэйхэн харилцчихдаг, Н.Алтанхуягийг бодвол дарангуйлагч биш. Гэхдээ Сайханаа Америкт сургууль төгссөн байлаа гээд ард түмэн баян амьдрах биш, тэр төгс инглиштэй байлаа гээд Чингис бондын өрнөөс үр хойч маань аврагдах биш, нуруулаг царайлаг байлаа гээд эдийн засгийн болон засаглалын хямралаас гарчих биш. Тиймээ, ийм цөвүүн цагт Ерөнхий сайд болох хүн чи биш ээ, анд аа. Төрийн өндөр албан тушаал, тэр тусмаа өвөг дээдэс минь амиа үрж зүтгээд ард түмнээ аварч гардаг байсан энэ сэнтийд суух цаг чинь өнөө биш. Яагаад гэвэл чи Н.Алтанхуягийн Засгийн газарт гал тогоог нь барьж байсан. Улс эх орноо эдийн засгийн хямралд оруулахгүй аваад явж болох байсан. Амалсан ёсоороо ард иргэдээ хүн шиг амьдруулж, эх орноо улс шиг хөгжүүлж болох л байсан. Аргагүйн эрхэнд хямрал руу алдчихсан юм бол алдаагаа залруулах хугацаа бас байлаа. Чи Ерөнхий сайдаа буруу алхам хийхэд нь сануулах боломжтой байсан. Чи Ерөнхий сайдын ойр хавийнхан ард түмний татварын мөнгөнөөс хулгайлах гэж байхад нь хорих ёстой байсан. Чи Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай хуйвалдаж гэрээ байгуулахад нь болиулж болох байсан. Чи 2015 оны төсвийг 100 гаруй тэрбумаар тануулахгүй, төрийн албан хаагчдыг цомхтгуулахгүй байлгахад анхаарах ёстой байсан. Чи Чингис бондын өрийн менежментийн хуульд анхаарч 2017 он гэхэд ДНБ-ийнхээ 20 хувьтай тэнцэх мөнгийг өрөнд гаргуулахгүй хэмжээнд байлгаж болох байсан. Чи Чингис бонд, Самуурай бондын мөнгөнөөс цалин тавиулахгүй хянах ёстой байсан. Чи нарийн царигтай төмөр замын бодлогыг дэмжүүлэхгүй байж болох байсан. Чи монголчууд зөвхөн баялгаа ухаж Хятад руу зөөдөг биш дотооддоо боловсруулдаг бүтээлч Монголыг бий болгож болох байсан. Чи хорт утаанаас болж эхийнхээ хэвлийд устаж байгаа мянга мянган үрсийг аварч чадах байсан. Чи эмнэлгийн шалан дээр төрж байгаа эхчүүдэд төрөх эмнэлэг бариулж ёстой байсан. Чи хувийн компаниудыг хэдэн зуугаар нь дампууруулахаас аварч чадах байсан...Чи Хятадын Банк оф Чайнагийн салбарыг Монголд оруулахгүй хааж ҮАБ-аа хамгаалах үүрэгтэй байсан. Чи Монголын мэдээлэл харилцааны урсгалыг Хятадын ZTE-д өгөхгүй байж болох байсан. Чи монголчуудыг хүн шиг амьдруулж улс шиг хөгжүүлэхэд хүчин зүтгэх ёстой байсан. ЗГХЭГ-ын дарга гэдэг бол сайдуудын сайд юм. Харамсалтай нь чи энэ бүхнийг хүсээгүй. Тиймээ, чи зүгээр л чадаагүй. Өмнөх бүх алдаа завхралын ялыг үүрэлцэх хүн чи яах аргагүй мөн. Гэтэл чи өнөөдөр Ерөнхий сайд болно гэнэ. Яах гэж, ямар зорилготой энэ суудал руу зүтгэх болов... Монгол улсад одоо гадагш нь алдаагүй, алдсан ч хэдхээн гэр бүлийн хоол болох учиртай ганц л том үүц бий. Энэ бол Тавантолгой. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт “Тавантолгойг Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай, М.Энхболд, Сү.Батболд нар хувааж авах гээд надад хүртэл санал тавьж байсан. Би төрдөө буцааж өг гэсэн. Тэгсээр төрд буцаалгахад С.Баяр Ц.Элбэгдорж нар MCS компанид Ухаа худагийг өгсөнөөр 4,5 миллярд ам.долларын ашгийг нэг л компанид өгчихсөн. Энэ бол алдаа, энэ бол хуйвалдаан ” гэсэн утга бүхий ярилцлага өгчээ. Үнэн ч бай, худал ч бай өнөөдрийг хүртэл Тавантолгойд хөрөнгө оруулах тендер эцэслэгдээгүй байна. Дэлхийд алдартай компаниуд саналаа ирүүлсэн боловч Н.Алтанхуягийн Засгийн газар тендерийг энэ арванхоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Тендерийг урьдчилан төлвөлсөн ёсоор MCS компанид өгөхөөр зэхсэн гэх хардлага ч бий. Ийм учраас Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилуулж Тавантолгойн тендерийг нэг тийш болгуулах шийдлийг бодож олсон бололтой. Мэдээж үүн дээрээ Ерөнхийлөгчийн болоод МАН дахь хэсэг гаруудын дэмжлэгийг авсан. Хэдхээн жилийн өмнөх явдлыг эргэн саная. С.Баяр Тавантолгойн Ухаа худаг дахь ордыг MCS д авч өгч үүргээ гүйцэтгээд Сү.Батболдод төрийг жолоог атгуулахдаа Оюутолгойн гэрээг үлдээсэн юм. Мэдээж тохироо хийгдчихсэн ганцхан гүйцэтгэгч хэрэгтэй байсан. Одоо хар. Оюутолгойд монголчууд хожсон уу. Тиймээ, хожсон гээд хэлэх хүн гарах уу. Оюутолгойн гэрээ манай улсад хожил, ялагдалын алийг нь авчирсаныг одоо л бид ухаж байна. Тэгвэл өнөөдөр Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг гүйцэтгүүлэхээр Ч.Сайханбилэгийг зүтгүүлж байна. 2004 онд Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар гээчийг байгуулж түүнд өгөөд БНХАУ-ын төрийн өмчийн ZTE компанийг оруулж ирсэн байдаг. Эл компани авилга өгдөгөөрөө алдартай, тагнаж чагнадгаараа гаршсан дуулддаг. Манай төрийн нууцыг дамжуулдаг, татвараа нуун дарагдуулдаг гэдгээрээ хардагдаж АТГ-ын хаалгыг онголзуулсаар байгаа. Тэгэхээр Сайханаа гүйцэтгэгч байж болох уу. Болно. Н.Алтанухяг, Ц.Элбэгдорж нарын захиалгаар Тавантолгойн тендерийг амжуулж өгөөд буухад монголчууд хохирно уу гэхээс Ч.Сайханбилэг хохирохгүй ээ.... Тиймээс энэ бол Ардчилсан намын гоомой сонголт байлаа. Энэ бүхнийг ухаараад, хийж чадаагүй ажлаа хийж чадна гэж нүүрээ ширлэж зүтгэхгүйгээр нэрээ татчихаач, Ч.Сайханбилэг ээ. Чи залуу, боловсролтой байна. Нэгэн цагт чин үнэнээрээ төрийн жолоог атгах цаг ирнэ шүү дээ, Сайханаа.