Дэд доктор, геологич, минералогич Д.Даваасамбуу: Бид ус их ашигладаг үйлдвэрлэлийн технологи руу хошуурвал Монгол үндэстэн тун амархан мөхнө

Саяхан “Ашигт малтмалын ордын хайгуул, нөөцийн тооцоо, нөөцийн ангилал” нэртэй номоо гаргасан Дэд доктор, геологич, минералогич Д.Даваасамбуу гуайтай ярилцлаа. Монголын ганц саалийн үнээ гэгдэж байсан Эрдэнэтийн ордын хайгуул, олборлолтод 30 гаруй жил ажилласан түүнээс нөөцийн ангилал, бодох аргачлалын талаар асууж тодруулсан юм.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ 30 ЖИЛИЙН АМЬДРАЛАА ХОЛБОЖЭЭ

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Д.Даваасамбуу гэдэг, Увс аймгийн Сагил сумын хүн. 1971 онд Политехникийн дээд сургуулийг төгссөнөөс хойш 42 жилийн турш энэ салбартаа ажиллаж байна. Би ажлынхаа гарааг Улаанбаатар хот дахь геологийн зураглалын экспедицээс эхэлсэн. Улмаар Сонгино, Тэшигийн зураглалын ангиудад ерөнхий геологичоор ажиллаж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр рүү шилжсэн түүхтэй. Миний хувьд 30 гаруй жил уулын үйлдвэрт ажилласан учир намайг геологичид нэг их танихгүй, харин уулын болон боловсруулалтын салбарынхан уулын инженер, технологич хэмээн хүлээн авдаг юм.

-Та Дэд докторынхоо зэргийг ямар сэдвээр хамгаалсан бэ?

-Би шинжлэх ухааны дэд докторын зэргийг “Эрдэнэтийн овоон зэс-порфирийн ордын хүдрийн бодисын бүрдэл ба технологийн минералогийн онцлог” гэдэг геологи, баяжуулалт хоёрын зааг салбар шинжлэх ухааны сэдвээр хамгаалсан.

-Та Эрдэнэт болон Цагаан Суваргын орд дээр ажиллаж байсан. Тэр тухайгаа сонирхуулна уу?

-Миний хувьд Эрдэнэт үйлдвэрийг анх байгуулагдаж байх үеэс нь барилга угсралтын нэг, гуравдугаар удирдах газарт орчуулагч-зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Улмаар тус үйлдвэр ашиглалтанд орсны дараа хоёр жил гаруй хугацаанд Ил уурхайн цехийн боловсон хүчнээр ажиллаж байгаад шинжилгээний төв лабораторид технологийн минералогичоор 17 жил ажилласан. Түүний дараа уурхайн ерөнхий геологичоор таван жил, үйлдвэрийн ерөнхий геологич-геологи-маркшейдерийн хэлтсийн даргаар таван жил, Үйлдвэрийн хөгжлийн хэлтэст ерөнхий мэргэжилтнээр хоёр жил, нийтдээ 30 жил энэ үйлдвэрт ажиллажээ. Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн ерөнхий геологичоор ажиллахдаа баяжуулах фабрикт өгч байгаа хүдрийн чанарын жигдрүүлэлтийг хариуцаж хүдрийн нөөцийг хэсэгчлэн бодох ажлыг түлхүү хийж байсан. Харин үйлдвэрийн ерөнхий геологичоор ажиллаж байхдаа ил уурхай, геологи-хайгуулын ангийн болон үйлдвэрийн дүүрэгт хийгдэж байгаа гидрогеологи, инженер геологийн хайгуулын ажлыг хариуцдаг байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн буянаар Орос, Болгар, Чех, Австрали, Канад зэрэг орны дэлхийд томоохонд тооцогдох ордуудын ашиглалтын арга зүйтэй танилцах завшаан тохиож нүд нээгдэх шиг л болж байлаа. Харин Цагаан Суваргын ордтой МАК компанийн хүсэлтээр холбогдсон юм. 1984 онд тус ордын хайгуулын ажил дуусч Улсын нөөцийн комисст хүлээлгэж өгөх гэтэл тогтоосон нөөцдөө эдийн засгийн үнэлгээ өгөөгүй, усны нөөцийн хайгуул дутуу хийгдсэн гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй юм билээ. Тиймээс Цагаан Суварга ордын нөөцийг улсад бүртгүүлэхэд ордыг гүйцээж хайгуул хийх шаардлага МАК компанид тулгарсан. Тухайн ордод гүйцээх хайгуул хийх болсон нь бас учиртай. Социализмын үед геологичид тухайн ордын геологийн нөөцийг бодоод л орхидог байж. Үнэндээ ордыг ашиглалтанд оруулахын тулд хүдрийн баяжиц, чулуулгийн физик механик шинж чанар зэргийг сайтар судлах шаардлагатай байдаг. Физик механик шинж чанарын судалгаагаар чулуулгийн хатуулаг, бат бэхийг тогтоож түүнд тулгуурлан хүдрийг бутлах, нунтаглах тоног төхөөрөмжийг сонгож авдаг. Хүдрийн баяжцын судалгаанд үндэслэн хүдрийн баяжуулалтын технологийн схем, хэлхээг сонгон, хэлхээний зангилаа бүрт суурилуулах тоног төхөөрөмжийг сонгодог юм. Нөгөө талаас технологийн судалгаанд үндэслэн гаргах баяжмалын гарц, чанар зэргийг тогтоогоод тэдгээрт үндэслэн үйлдвэрийн борлуулалтын хэмжээг тодорхойлдог. 1980-аад онд Цагаан Суваргын ордын хүдэрт технологийн туршилт явуулсан хэдий ч тэр нь орчин үеийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл 1980-аад оноос хойш 30-аад жилд техник технологид ихээхэн дэвшил гарсан тул технологийн туршилтыг давтан хийхээс өөр аргагүй болсон. Нөгөө талаас баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн болон үйлдвэрийн барилга байгууламжуудын суурийн геотехникийн судалгааг бүрэн орхигдуулсан байсан. Ийнхүү гүйцээх хайгуулын ажил хийх хэрэгтэй болсон юм. Нөгөө нэг том асуудал нь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын асуудал байсан. Цагаан Суваргын орд хэдийгээр жижиг орд ч гэлээ нэг их наяд 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардаж байгаа юм. Ийм хэмжээний хөрөнгийг Монгол Улсын төв банк ч гаргаж чадахгүй. Анод, Зоос зэрэг банкууд Олон Овоотын үйлдвэрт хөрөнгө оруулаад дампуурлаа. Тиймээс манайд ийм хэмжээний чадамж байхгүй учраас олон улсын банкнаас зээл авах ёстой болсон. Үүний тулд ордын хайгуулын ажлыг олон улсын стандартад нийцүүлэн хийж, геологийн нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн этгээдүүдээр бодуулж, зураг төслөө олон улсын компаниар хийлгэх шаардлагатай болсон байна. Харин Цагаан Суваргын ордын хайгуулыг 184х100 метрийн тороор өрөмдөж С1 буюу одоогийнхоор В-д ойролцоо нөөц гэж тогтоосон байгаа юм. Ийм сийрэг тороор хайгуул хийсэн ордыг ашиглалтын үед ашиглалтын хайгуул хийдэг. Гэтэл олон улсад зэс-порфирийн ордыг 40х50 мэтрийн тороор хайгуулын ажил хийдэг. Оюутолгой ордыг 45х55 метр тороор өрөмдсөн юм шүү дээ. Тиймээс Цагаан Суваргын ордын хайгуулын торыг 45х60 метр хүртэл нягтруулах шаардлага гарсан. Гүйцээх хайгуулын ажлыг удирдан хийлгэж, нөөцийг нь бодож Улсын Эрдсийн санд бүртгүүлэхэд минь Эрдэнэт үйлдвэрт ажилласан туршлага их хэрэг болсон. Хайгуулын ажлын чанарыг Канадын P and E Mining Consultans.Inc хөндлөнгийн мэргэжлийн компаниар давхар хянуулсан.

-Цагтаа Монголын ганц “саалийн үнээ” гэгдэж байсан Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг анх хичнээн тнноор тогтоосон бэ, уг ордыг ашиглахад одоо хэдэн жил үлдсэн бэ. Эрдэнэтийн ордын ойр орчимд хайгуулын судалгаа дахин хийхэд өөр орд олдох магадлал бий юу. Ер нь уг ордын ирээдүйг та хэрхэн харж байгаа вэ?

-1965-1974 онуудад Эрдэнэтийн ордыг +1200 метрийн түвшин хүртэл хайгуулын ажил хийж дөрөв орчим сая тн металл зэсийн нөөцтэй гэж тогтоосон. Уг нөөцийг ЗХУ болон манай Улсын нөөцийн комисс хүлээж авч баталсан юм. Харин 1982-1989 онд хийсэн гүйцээх хайгуулын ажлаар нөөцийг +905 метрийн түвшин хүртэл хайгуул хийж, нийтдээ 11 орчим сая тн металл нөөц тогтоогдсоны 55-60 хувь буюу 6.2-6.5 сая тн нь ашиглах боломжтой нөөц гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тэгэхээр дахин 30 жил ашиглах нөөц үлдсэн гэсэн үг. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр түүхий эдийн баазаа өргөтгөхөөр хайгуулын ажлыг сүүлийн 6-7 жил эрчимтэй хийж байгаа ч одоогоор сонирхолтой нөөц илрүүлж чадаагүй байна. Уг нь онолоор бол энэ бүсэд дунд зэргийн хэмжээтэй орд хоёр байх магадлалтай ч гадаргуугаас олдохгүй байгаа нь шинээр илрүүлэгдэх нөөц нь газрын гүнд байгаа байх гэсэн таамаг бий болсон. Мэдээж манай геологичид энэ ордуудыг олох байх гэж миний хувьд найдаж байгаа.

НӨӨЦ БУРУУ БОДНО ГЭСЭН АСУУДАЛ БАЙДАГГҮЙ

-Ер нь ордын нөөц тогтоосон байдалд эрдэмтэд шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа Оюутолгойн нөөцийг дутуу бодсон, нөөцийн хэмжээг багасгасан байна гэх зэргээр ярьдаг нь ямар учиртай юм бол?

-Геологичид ямар ч тохиолдолд аливаа ордын нөөцийг аль болох алдаагүй тогтоохыг чармайдаг. Оюутолгойн ордыг маш сайн судалсан учраас нөөцийг нь буруу бодно гэж байхгүй. Харин тухайн нөөцийн хэдэн хувийг эдийн засгийн үр ашигтайгаар уурхайлах боломжтой юм бэ гэдэг дээр л маргаан үүсч байна. Зарим эрдэмтэн, геологичид газрын хэвлийд байгаа бүх нөөцийг ашиглах ёстой гэж үздэг ч үнэндээ тийм зүйл энэ ертөнц дээр байдаггүй юм. Жишээлбэл, Оросууд кондицийн эдийн засгийн үндэслэлээр Эрдэнэтийн ордын баялаг гэж нэрлэгдэх геологийн нийт нөөцийн 55 хувийг ил уурхайгаар олборлоход үр ашигтай гэсэн тооцоо гаргаж тогтоосон гэдгийг дээр дурьдсан. Оюутолгойн эдийн засгийн үр ашигтай нөөц мөн ийм тооцоогоор тогтоогдсон байж таарна.

-Манай улс ордын нөөцийн ангилал, тайланг боловсруулахдаа Оросын стандартыг дагаж мөрдөж ирсэн. Харин өдгөө олон улсын стандартад нийцүүлэх шаардлага тулгарч энэ дагуу хийгээд тийм ч урт хугацаа туулаагүй байна. Тиймээс геологичдийн дунд ордын нөөц бодох тайлан гаргахад үл ойлголцол үүсч багагүй маргаан гардаг. Ер нь ашигт малтмалын нөөцийг аль аргаар хэрхэн гаргах нь илүү бодитой байдаг вэ?

-Ер нь ордын нөөцийг найдвартай бодох гэж чармайдаг хэдий ч анх тогтоосон нөөц батлагдахгүй байх тохиолдол бий. Тухайлбал, 1970-1980 оны үед ашиглалтанд орсон Австралийн алтны ордуудын 30 орчим хувьд нь нөөц батлагдаагүйн улмаас уурхайнууд алдагдалд орсон байдаг. Ер нь нөөцийг баталгаатай тогтоохын тулд хайгуулын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хийх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд бид Оросын школоор ордууддаа хайгуул хийж, нөөцөө бодож ирсэн. Сийрэг тороор хийсэн хайгуулаар ордын геологийн тогтцыг бүрэн гүйцэд тодруулж чаддаггүй. Жишээлбэл, ордууд хүдэр агуулаагүй судлын чулуулгаар маш их хэмжээгээр хэрчигдсэн байж болно. Ашигтай элементүүдийн агуулгыг найдвартай тогтоож чаддаггүй учир уурхайгаас жил бүр олборлох хүдрийн чанарыг зөв төлөвлөх боломжгүй байдаг. Ийм учраас ашиглалтын хайгуул заавал хийх шаардлагатай болдог. Үйлдвэрлэл явагдаж байгаа уурхай дотор ашиглалтын хайгуул зохион байгуулах ажил хийх маш хэцүү. Яг ашиглалтын хайгуулын өрөмдлөг хийж байхад ашиглалтынхан талбайд тэсэлгээ хийнэ гээд өрөмдлийн ажлаа зогсоохыг шаарддаг. Мөн ажиллаж буй уурхайд тэсэлсэн масс байдаг учраас үйрмэг хэмхдэслэг чулуулаг өрмийн хошууны элэгдэлд халгаатайн дээр керний гарц байхгүй болж баталгаатай мэдээлэл авах боломжгүй болдог. Энэ байдлаас болж илүү зардал их гарч, үр бүтээл багатай болдог. Тиймээс ордыг ашиглаж эхлэхээс өмнө барууны аргачлалаар нягт тороор хайгуул хийх нь олборлолтын үед ашиглалтын хайгуулд нэмэлт зардал гаргахаас сэргийлж чадна. Бид хурдан хугацаанд Оросын хайгуулын аргачлалаас татгалзаж барууны хайгуулын аргачлалд шилжих шаардлагатай. Ингэснээр нөөцийн ангиллыг барууных руу шилжүүлэх боломж бүрдэнэ.

-Таны хувьд сүүлийн долоо, найман жилийн турш ордын нөөцийн ангилал тооцоо тайланг барууны аргачлалаар бодож байгаа. Барууны стандартын дагуу ажиллахад учирдаг бэрхшээл юу байдаг вэ, мөн манайхны гаргадаг түгээмэл алдаа юу вэ?

-Барууны аргачлалаар нөөц бодохын тулд эхлээд хайгуулын ажлыг барууны аргачлалаар хийж нягт тороор өрөмдөх ёстой. Нягт тороор өрөмдөнө гээд байгаагийн учир нь металлын тархалтын зүй тогтлыг тодорхойлдог вариограмм үүсгэхтэй холбоотой. Энэ нь тодорхой цэгт тогтоогдсон металлын агуулга хэдэн метр тасралтгүй үргэлжлэх боломжтойг тодорхойлдог статистик шинжилгээний арга юм. Үүний дагуу зарим том ордод тодорхой цэгт тогтоогдсон агуулга 100-150 метрийн турш тасралтгүй үргэлжлэх боломжтой гэж тогтоогддог бол мөнгө болон ховор металлын ордуудад 15-20 метр хүртэл үргэлжлээд тасралтгүй чанар нь алдагдаж түүнээс цааш ямар ч агуулгатай болж магадгүй, эсвэл бүр хоосон ч байж болно гэдгийг тогтоож өгдөг. Тиймээс хайгуулын торыг вариограмм хэвийн үүстэл нягтруулах шаардлагатай. Ийм нөхцөл бүрдсэн тохиолдолд нөөц бодоход хялбар болдог. Гэхдээ нөөцийг компьютер мэддэг хүн бүр бодохгүй. Харин уг хүдрийн биет үүссэн зүй тогтол, металлын тархалтыг ойлгосон геологич бодох шаардлагатай.

Ер нь ордын нөөц бодно гэдэг маш хариуцлагатай ажил. Манайд хайгуулын ажил дутуу хийсний улмаас бэрхшээл үүсч байна. Тиймээс цаашид манай геологийн компаниуд эдийн засгийн чадамжтай болж хайгуулыг бүрэн гүйцэд хийдэг болох байх. Нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэхээр хайгуулын ажил хийж буй багийн гишүүд нэгдсэн удирдлаган доор системтэй ажиллаж байж нөөц бодох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Ингэж чадаагүйн улмаас нөөц буруу бодогддог. Энэ хариуцлагыг тухайн газар хайгуул хийсэн геологийн компани эсвэл хайгуул хийлгэсэн байгууллага нь хариуцах ёстой. Түүнээс биш тодорхой нэг хүн энэ хариуцлагыг хүлээх боломжгүй ч, ямар нэг байдлаар хариуцлага хүлээлгэж тогтох ёстой. 1930-1945 оны үед Оросод нөөц бодсон олон геологич хариуцлага алдсаны улмаас шоронд орж байсан юм. Тэднийг эхлээд бодсон нөөц чинь батлагдахгүй байна гэж шоронд хийгээд 10 жилийн дараа бодсон нөөц чинь батлагдсан шүү гээд шоронгоос гаргах тохиолдлууд түгээмэл байсан аж. Тэгэхээр социализмын үед геологичдод хатуу шаардлага тавьдаг байж. Харин өдгөө барууны орнуудад нөөц буруу бодсон итгэмжлэгдсэн итгээдүүдийг олон нийтэд онлайнаар зарлаж тэр хүн дахиж нөөц бодох эрхгүй болдог. Тиймээс хоолноосоо салахгүйн тулд нөөц бодож буй итгээдүүд хариуцлагатай ажилладаг юм. Харин манайд бол уулын компаниуд бизнесийн ёс суртахуунаа уландаа гишгэж лицензэт талбайгаа хоосон байсан ч хамаагүй худалдаж мөнгө олох зорилгоор хуурамч нөөцийн тайлан хийж өөр хоорондоо наймаалцаж байна. Энэ байдлаас болж Монголын геологичдийн нэр хүнд унаж байгаад харамсаж явдаг.

-Нөөц буруу бодсоны нэг жишээ нь Олон Овоотын орд мөн үү?    

-Олон Овоотын ордын нөөцийг яаж бодсоныг хэлж мэдэхгүй юм. Тухайн компанийн эзэн мөнгө босгохын тулд нөөцөө худлаа хөөсрүүлж бодуулсан байж болно. Нөгөө талаас тухайн геологич туршлагагүйн улмаас нөөцийг буруу бодсон байж бас болно. Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье, 1990-ээд онд Бумбатын ордын зөвхөн 118 дугаар судал дээр 5.1 тн алтны нөөц Улсын нөөцийн комисс баталсан байдаг. Сүүлд МАК компани тус ордын нөөцөд аудит хийж өгөөч гэж надад хандсан юм. Уг нь алтны ордын нөөцийг бодохдоо дөрвөн талын малталт хийдэг байтал нөхдүүд гадарга дээр гарсан судлын дээд талыг нь цэвэрлээд 30 метрийн зайтайгаар судлын хөндлөн огтлолын дагуу ховилон сорьц аваад түүнийхээ агуулгыг доошоо 30, 100 метрт тараан нөөцийг нь бодож батлуулсан байсан. Тэдний гаргасан гол алдаа нь ганцхан огтлолоор хайгуул хийж гоц өндөр агуулгыг хязгаарлаагүй байсан. Ер нь кварцын судал дээр зэс-порфирийн ордуудад үүсдэг хоёрдогч баяжилтын бүс шиг алтаар баяжсан хоёрдогч багана гэж нэрлэдэг баян бүс үүсдэг. Өөрөөр хэлбэл газрын гадарга дээр кварцын судлын гаршид тогтоогдсон алтны өндөр агуулга доошоо тав, арван метр явахад тав, 10 дахин унадаг зүй тогтолтой. Үүнийг мэдэхгүй геологич гадаргад тогтоогдсон агуулгыг 30, 100 метр хүртэл доош үргэлжилнэ гэж төсөөлөөд нөөц бодсонд гол алдаа нь байсан. Олон Овоотын ордын хайгуулын ажил дутуу хийгдсэн үү, туршлагагүй геологич нөөц буруу бодсон уу, эсвэл Ц.Мянганбаяр геологичдоор худал нөөц бодуулсан уу гэдгийг хэлж мэдэхгүй юм.

БАРУУНЫ АРГААР ОРДЫН НӨӨЦ БОДОЖ, АНГИЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ГЕОЛОГИЙН ХОЛБООД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БОЛОХ ЁСТОЙ

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ ордын нөөцийг баталдаг байсан бол одоо бүртгэж авдаг болсон. Ингэхдээ сайтар нягтлаагүйн улмаас тус зөвлөлийн бүртгэж авсан Олон Овоотын орд асуудал үүсгэлээ. Энэ мэтчилэн ЭБМЗ-д шүүмжлэлтэй хандах нь цөөнгүй болж. Таны хувьд ЭБМЗ-ийн хийж буй ажилд ямар дүгнэлт өгдөг вэ?

-ЭБМЗ нь нөөцтэй тайланг хоёроос дөрвөн цагийн дотор хэлэлцэхдээ 5-10 боть материалыг уншиж буруу зөвийг нь тогтоох боломжгүй. Тиймээс ЭБМЗ нь шинжээчдийн дүгнэлтэд ихээхэн найддаг. Гэтэл шинжээчид тайлантай дутуу дулимаг танилцаж хөнгөн хуумаг дүгнэлт хийсэн байж болно. Тиймээс ЭБМЗ гэхээсээ илүү шинжээчдийн хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй байх. ЭБМЗ тухайн ордын нөөцийг баталж байгаа юм биш. Харин шинжээчдийн дүгнэлтэд итгэж бүртгэж авдаг. Тиймээс ЭБМЗ-д нэг их буруу байхгүй.

-Гэхдээ ЭБМЗ нэгэнт тухайн ордын нөөцийг бүртгэж авсан учир уг нөөц баталгаатай гэсэн ойлголт байдаг шүү дээ. Тиймээс ЭБМЗ ямар ч хариуцлага хүлээхгүй гэж хэлж болохгүй байх? 

-Манай улс барууны аргаар ордын нөөц бодож, ангилах аргачлал руу шилжих гэж байгаа бол нөөцтэй холбоотой бүх хариуцлагыг геологийн мэргэжлийн холбоодод шилжүүлэх шаардлагатай. Ингэснээр мэргэжлийн холбоод өөрийн эрхийнхээ дагуу нөөц бодож буй геологичдод өндөр шаардлага тавих боломжтой болно. Ийм системтэй болсноор адаглаад ёс суртахууны хариуцлага хүлээдэг болно шүү дээ.

Нэг компани Төв аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Төмрийн обьектын хайгуулын ажлыг Австралийн итгэмжлэгдсэн геологичоор хоёр жилийн турш удирдуулсан байсан. Тэгээд нөөцийн тайлангаа хийж өгөхгүй болохоор нь аргаа бараад тухайн компани намайг уг обьектыг үзээд өгөөч гэж гуйсан байсан. Гэтэл нөгөө Австралийн итгэмжлэгдсэн геологич нь төмрийн скарны орд гээд пирит-пирротиний цул сульфидын хэвтэш өрөмдүүлсэн байсан. Энэ нь төмрийн хүдэр биш учраас хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум төгрөгийг хий дэмий салхинд хийсгэсэн явдал болж хувирсан. Геологичид нь хүдрийн үйлдвэрлэлийн формацийн төрлийг мэддэггүй, онолын мэдлэг, туршлага дутсанаас болж хүний мөнгийг үрсэн байгаа юм. Үүнээс харахад гадны мэргэжилтнүүд бүгд сайн гэсэн үг биш байгаа биз.

-Манайхан барууны аргачлалаар нөөцийн тооцоо хийж тайлагнахад зардал их гардаг. Тиймээс хэвшсэн ангиллынхаа дагуу хийсэн нь дээр гэдэг юм билээ. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-Манайхан Оросын нөөцийн ангиллыг барууныхны ангилалтай холиод өөх ч биш, булчирхай ч биш нэг тийм ангилал гаргаад байна. Энэ нь Монголын геологийн хөгжлийг хойш нь татахаас өөр ид шидгүй зүйл юм. Бид чинь өөрсдөө геологи-хайгуулын ажилд зарцуулах мөнгөтэй хүмүүс биш шүү дээ. Иймд геологи-хайгуулын ажилд гадны хөрөнгө оруулагчдыг татаж оруулахаас өөр гарц байхгүй. Тэд нартай хамтран ажиллахын тулд геологи-хайгуулын ажлыг олон улсын жишигт хүрсэн аргачлалаар хийж, тэдний аргачлалаар нөөцийг нь бодож, хөрөнгө босгохоос өөр аргагүй. Гадныхан их ашиг өгөх том обьект олох зорилготой байдаг. Үүнийг нь ашиглаад аймаг бүрт нэг том орд олоод түүнийгээ ашиглахад манай улс хөгжинө. 1990 оноос хойш Эрдэнэт үйлдвэр дангаараа Монгол Улсыг тэжээлээ шүү дээ.

-Монголын геологийн тогтцыг харахад аймаг бүрт Эрдэнэтийн дайны томоохон орд олдох боломж бий юу?

-Онолоор бол аймаг бүрт биш юм аа гэхэд ядаж гурван аймгийн дунд нэг том орд байх ёстой. Завхан аймагт гэхэд Баян-Айргаас гадна цул сульфидын хүдрийн хэд хэдэн орд илрэх боломжтой юм. Харин Дорноговьчууд Цагаан Суваргаа 20 орчим жил ашиглахад аймаг байтугай улс орны хөгжилд үр ашигтай. Ер нь хулгана шиг олон жижиг нүх ухаж байхаар цөөн тооны том орд ашиглахад Монгол Улсын экологид маш их тустай.

УЛСТӨРЧДИЙН ЯВЦУУ УХУУЛГА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙГ ХЭДЭН ЖИЛЭЭР ХОЙШ ТАТАХААС ӨӨР ИД ШИД АЛГА

-Том ордуудыг илрүүлэхийн тулд хэрхэн ажиллаж, ямар төрлийн судалгаа хийх ёстой вэ?

-Хайгуулын ажлыг системтэй, олон зуун жилийн туршид тогтсон хайгуулын ажлын үе шат, дарааллыг баримтлах шаардлагатай. Богино хугацаанд орд олж, бизнесээ цэцэглүүлэх гэсэн шинэ үеийн баячуул тогтсон шат дамжлагыг алгасан шууд л өрөмдөөд байна. Ингэж Монголын ард түмнээс цуглуулж авсан мөнгөө газарт эмх замбараагүй хаяж байгаа хүмүүстэй олон таарч байлаа. 

-Одоо ашиглаж буй нөөц бодох, тайлагнах журамд ямар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж та хэлэх вэ?

-Миний түрүүн хэлсэнчлэн ордын нөөц буруу гарсан тохиолдолд хариуцлагыг нь мэргэжлийн холбоод хүлээдэг, холбоод нь нөөц боддог геологичдодоо эрх олгодог байх хэрэгтэй. Социализмын үед нөөц хүлээж авах журам олон шат дамжлагатай илүү хариуцлагатай байсан гэж миний хувьд боддог. Тэр үед бодсон нөөцийг түүнийг хариуцсан геологийн экспедицийн шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлдэг байлаа. Тус экспедицийн шинжлэх ухааны зөвлөл уг тайланг хүлээн зөвшөөрвөл яамны шинжлэх ухааны зөвлөлд шилжүүлдэг байсан. Түүний дараа уг тайланг Улсын нөөцийн комисс авч хэлэлцдэг байлаа. Ингэж гурван шат дамжлагаар шигшдэг байсан юм. Гэтэл одоо хайгуул хийсэн геологич нөөцөө бодоод түүнийгээ шинжээчид өгнө. Шинжээч шалгаж үзээд ЭБМЗ-д өгдөг. Өмнө нь экспедиц болоод яамны удирдлагуудын хянадаг байсан ажлыг өнөө үед ганц шинжээч хийж байгаа нь учир дутагдалтай юм. Шинжээч хайхрамжгүй ажиллавал тэр ажил үндсээрээ буруудаж байх жишээтэй. Нөөц нь батлагдахгүй нүүрсний уурхай хаагдаж байна. Тиймээс хайгуул хийсэн уулын компани өөрсдөө эрсдэлээ үүрэх ёстой болохоос дундаас нь төр хариуцлага хүлээх хэрэггүй л дээ.

-Улс бүр өөрийн орны онцлогийг тусгасан, үзэл бодол, эрх ашгаа харуулсан шаардлагуудтай байдаг. Харин манай улс эрдэс баялгийн салбарт нэн ялангуяа ашигт малтмалын нөөц бодох арга аргачлал, тайлан гаргах асуудалд нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байна. Тиймээс Канад, Австралийнх шиг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт гаргахын тулд ямар зүйлийг гол болгож баримтлах ёстой вэ?

-Манайхан нөөцийн ангилал гаргах гэж 10-аад жил маргалдаж байна. Ер нь нөөцийн ангилал хийхийн тулд юуны өмнө нэр томьёо, дүрэм журмаа сайтар боловсруулсан байх учиртай. Байшин барихын тулд эхлээд зургаа гаргаж, түүндээ тайлбараа бичдэг шүү дээ. Гэтэл манайхан зургаа зурахаас өмнө шууд байшингаа барих гээд байх юм. Олон улсад нөөцийн ангилал хийх журмыг эхлээд маш сайн боловсруулсан байдаг. Жишээлбэл, Оросод нөөц бодох, ангилал хийх 50 гаруй хуудас журам гаргасан байдаг.

ГАРГАСАН ХУУЛЬ ТОГТООМЖУУДАА ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ

-Уул уурхай бол эрсдэл ихтэй салбар учраас манайхан бие даан хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс гадны хөрөнгө оруулагчдыг түшихээс өөр арга зам одоогоор алга. Харин манай улсын хууль эрхзүйн тааламжгүй байдлын улмаас гадны хөрөнгө оруулалт саарлаа. Тиймээс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх хэрэгтэй вэ, мэдээж хууль эрхзүйн орчноо тогтворжуулах ёстой гэж та хэлэх байх. Гэхдээ хууль эрхзүйн орчноо сайжруулахад юуг анхаарах ёстой вэ?

-УИХ-аар “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг хэлэлцэж байна. Гадны хөрөнгө оруулагчдын нэг хэсэг нь манайхаас гарч явсан ч олон компани хөрөнгө оруулалтаа царцаагаад хүлээж байгаа шүү дээ. Геологийн ихэнх компаниуд ажилчдаа халаад цөөн хэдэн хүнтэй байна. Ер нь энэ салбарын хууль ойлгомжтой байх юм бол хөрөнгө оруулагчид бидэнд итгэж ажлаа үргэлжлүүлнэ. “Урт нэртэй хууль” болоод “Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар” зэрэг хуулиудаас болж энэ салбар зогсонги байдалд орсон. Орон нутгийн иргэд геологичдийг хайгуул хийлгэхгүй байна. Өнгөрсөн жил би Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт хайгуулын лицензтэй хүний гуйлтаар очсон юм. Гэтэл нутгийн иргэд хайгуул хийлгэхгүй гээд эсэргүүцсэн. Би “Завхан аймаг бол улсын татаасаар амьдардаг цөөн хэдэн аймгийн нэг. Тиймээс ганц ч болов том орд танай нутагт олдох юм бол та бүхний амьдрал тэр хэрээр сайжирна шүү дээ. Яагаад та нар үүнийг эсэргүүцэж байгаа юм бэ” гэж асуусан. Харин тэд “Мятав л ингэ гэсэн шүү дээ” гэж хэлсэн. Мятав гэж хэн юм гэхээр Санжмятав байхгүй юу гэдэг байна. Тэгэхээр улстөрчид сонгуулийн өмнө нэр олохын тулд ард түмэнд буруу суртал ухуулга явуулж улс орны хөгжлийг хойш нь татаж байна. Аргагүй шаардлагатай газруудыг орон нутгийн хамгаалалтанд өгөөд үлдсэн хэсэгт нь хайгуулын ажил хийх боломж бүрдүүлэх ёстой. Тэгэхгүй бол улс орны хөгжил тав, арван жилийн дараа зогсоно.

 -Та геологи, уул уурхайн салбарын хэтийн төлвийг хэрхэн хардаг вэ?

-Нэг үе уул уурхайн салбар ашигтай байна гэхээр хүн бүхэн хошууран орсон. Ер нь ингэж хэт туйлширч болохгүй л дээ. Би 2005 онд Чехийн Байгалийн баялгийн яамны үйл ажиллагаатай танилцсан юм. Тэд 50 тн алтны нөөцтэй ордыг байгаль орчинд хор хөнөөлтэй гээд ашиглахгүй байгаагаа хэлж байсан. Тэд нөөцөө тогтоосон байна, харин хэзээ хэрхэн ашиглах вэ гэдгээ төрийн бодлогоороо зохицуулж байна. Тиймээс манай улс ч гэсэн тэдний туршлагаар байгаа баялгаа тогтоогоод харин ашиглахдаа хэмжээ хязгаартай хандах ёстой. Сүүлийн 20 жилийн хугацаанд геологи, хайгуулын салбар хөгжиж, улсын төсвийг нэмэгдүүлсэн гэж ярьдаг. Гэтэл үнэндээ сүүлийн 20 жилийн хугацаанд шинээр олж нөөцийг нь шинээр бодож ашиглалтанд өгсөн обьект Оюутолгой л байна. Мөн Баян-Айргийн ордын нөөцийг барууныхан бодоод үйлдвэрээ барьж байгаа. Цагаан Суваргын ордын гүйцээх хайгуулыг МАК компани хийж үйлдвэрээ барьж байна. Үүнээс өөр металл ашигт малтмал ашиглах чиглэлд шинэ обьект олоогүй. Гэтэл геологич уурхайчдыг маш чухал мэргэжил гээд их хэмжээгээр бэлтгэж байна. Тэд маань хаана ажиллах вэ. Геологи, уул уурхайн салбараа бусад салбартайгаа эн тэнцүүхэн хөгжүүлэх хэрэгтэй. Ер нь миний хувьд геологи, уул уурхайн салбарыг Монгол Улсын хөгжлийн ганц гарц гэж хардаггүй. Одоо байгаа шиг бараг хүн бүр хаа дуртай газраа ухаад байх юм бол бид хэдхэн жилийн дотор мал аж ахуй, газар тариалангаа бүрэн устгана. Бид чулуу, металл идэж амьдрахгүй биз дээ. Тиймээс уул уурхайн салбарыг өргөн хэмжээнд хөгжүүлнэ гэдэг бол буруу. Харин эдийн засгийн хувьд үр ашигтай байна гэсэн үүднээс цөөн тооны хэдэн том ордыг ашиглах хэрэгтэй. Хэтэрхий олон нүх ухсанаар тухайн газар нутгийг экологийн хувьд доройтолд оруулдаг. Ер нь том ордуудыг ашиглахад ч экологийн даац хүрэх эсэх нь тодорхойгүй байдаг. Тухайлбал, Оюутолгойн үйлдвэр нэг жилд гүний усны хоолойгоос 25-30 сая м3 ус авах байх. Гүний ус нь дээрээ байгаа хөрсийг чийглэж ургамлын бүрхэвчийг усны уураар тэжээж байдаг. Газар доорх усыг их хэмжээгээр авч ашиглаад байвал ус чийгний хэмжээ алдагдаж гадаргуу нь цөлжих аюултай. Үүнээс үүдэн 10-20 жилийн дараа Говийн дүүрэг Сахарын цөл шиг болохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс усыг их хэмжээгээр ашигладаг уулын баяжуулах үйлдвэрийг олноор байгуулах нь буруу гэж би боддог. Эрдэнэт үйлдвэрийн тухайд Сэлэнгэ мөрний газар доорх усны арвин нөөцтэй учраас байгаль экологид сүйдтэй хохирол учруулахгүй. Харин говийн бүсүүд их осолтой. Өмнөговиос эхлээд цөлжүүлж элсэнд даруулах юм бол жинхэнэ гамшиг болно. Одоогоор Орхоны эхээр элс давшиж орж ирж байна. Улмаар Сэлэнгийн хөндий рүү элс их хэмжээгээр орох үүд хаалга нээгдсэн байна. Бид ус их ашигладаг үйлдвэрлэлийн технологи руу хошуурвал Монгол үндэстэн тун амархан мөхнө. Ийм нөхцөл байдалтай байхад би лав уул уурхайг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй гэж хэзээ ч хэлж чадахгүй.

ГАЗРЫН ГҮНИЙ УС ДООШОО 5-10 МЕТР СУУВАЛ
ДЭЭРХ УРГАМАЛ УСТАЖ, ЦӨЛЖИНӨ

-Цөлжих аюул хэдийнэ нүүрлэчихээд байгаа энэ нөхцөлд төр засаг бодолтой хандах ёстой юм байна даа.

-Эдийн засгийн үр өгөөжтэй гэхээсээ байгаль экологид хор хөнөөлтэй учраас энэ салбарт баримталж буй бодлогоо сайтар тунгааж бодох хэрэгтэй юм. Эрдэмтдийнхээ үгийг сонсож, экологичдын судалгааг харж байх хэрэгтэй. БО-ны сайд асан Л.Гансүх “Өмнийн говьд газар дор далай цалгилж байна” гэж ярьж байсан. Тийм юм байхгүй. Үнэндээ Өмнөговийн ус бол гаднаасаа ямар ч тэжээлгүй, дарагдмал юм шүү дээ. Тиймээс их хэмжээгээр ашиглаад байх юм бол юу ч үгүй болж магадгүй. Гэхдээ барууныхан өөрсдийгөө боомилж алахаар тооцоо хийгээгүй байлгүй. Газрын гүний ус Оюутолгойг ашиглахад хүрэлцээтэй гэж бодож байгаа байх. Харин хөрсний усны түвшин 5-10 метрээс доош суувал хөрсөн дээрх ургамал устаж, цөлжинө. Үүнийг бол би баттай хэлж чадна.

-Зарим нэг хууль тогтоомж ялангуяа “урт нэртэй хууль”-ийн балгаар геологи хайгуулын ажил зогслоо гэж ярьдаг. Харин хэтийн төлөв байгаль экологийн асуудлаа харах юм бол ингэж хязгаарлах нь тустай юм биш үү?

-Ер нь тодорхой хэмжээгээр хязгаарлалт байх ёстой. Жишээлбэл, Туул голын хөндийд элс хайрганы маш олон уурхай ажиллаж байна. Тэрхүү хайрганы дор Туул гол 300-400 сая жил урсахдаа шаврын нимгэн давхарга үүсгэсэн байгаа. Уг шавар нь усыг доош оруулахгүй тогтоож хааж байх үүрэгтэй юм. Гэтэл уг шаврыг хамаа замбараагүй цоолоод байх юм бол голын урсац тасарна. Тиймээс адаглаад Туул голын хөндийд элс хайрга ухуулахгүй байх хэрэгтэй. Ер нь төр засаг бодлоготой л ажиллахгүй бол Монгол үндэстэн дэлхийн хөрснөөс арчигдахад амархан шүү дээ.

-Тэгэхээр геологи, хайгуулын салбарыг манай улсын эдийн засгийн хөгжлийн гарц хэмээн хөөрцөглөх нь зохисгүй юм байна?

-Тийм шүү, Монгол орон экологийн хувьд их эмзэг. Туул голыг тэжээж буй гол эх үүсгэвэр нь Хэнтийн нурууны мөнх цэвдэг шүү дээ. Дэлхийн дулаарлын улмаас мөнх цэвдэг хайлж байна. Яваандаа энэ цэвдэг үгүй болоход Туул гол тэжээлгүй болно. Үүн дээр нэрмээс болж модыг нь тайраад, хайргыг нь ухаад байхаар Туул гол хатах аюултай. Тиймээс зөвхөн геологи, уул уурхайн салбар гэж туйлширч байхаар ой модоо нөхөн сэргээх асуудалд төр засаг анхаарах ёстой. Улс орныг айлтай зүйрлэвэл төр засаг эцэг эх нь. Гэтэл эцэг эх нь буруу шийдвэр гаргаад байвал улс орон буруу тийшээгээ явна биз дээ.

-Геологийн салбар нэгдсэн бодлогогүй, тогтворгүй хуультай, бүрхэг байгаагийн гол учир шалтгааныг та юу гэж боддог вэ?

-Монгол Улс социализмын үед геологи хайгуулын салбарт бодлоготой явж ирсэн. Хөгжлийнхөө дөрөв дэх үе шатандаа явж байгаа юм шүү дээ. Тодорхой хэмжээний амжилт бас бий. 1960-1980 оны хооронд олсон олон том ордууд аж ахуйн эргэлтэнд татагдаж оруулах нөхцөл одоо бүрдэж байна. Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэр барьчихлаа. Энэ бол төрийн бодлого бас ч гэж зөв явсаны үр дүн. Энэ бол 1997 оны Ашигт малтмалын тухай хууль”-тай холбоотой. Гэтэл бид хууль дүрмээ хэтэрхий богино хугацаанд өөрчлөөд байхаар хэцүү байна. Хуулийг өөрчилж болно. Гэхдээ зөв өөрчлөх шаардлагатай. Манайд геологийн бодлогыг олон газар хариуцаж байна. Энэ чинь манайхны доголдол юм. Төрийн ерөнхий бодлогыг Уул уурхайн яам, хайгуул-олборлолтыг Ашигт малтмалын газар, цацраг идэвхт ашигт малтмалыг Цөмийн энергийн газарт, усны хайгуул ашиглалтыг Усны газар, нүүрсний асуудал бас тусдаа байна. Энэ салбарын асуудлыг олон салангид болгосноор ажил өөдтэй урагшлахгүй. Түүний дээр геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлого эмх замбараагүй туйлбаргүй байна. Нэгдсэн удирдлага гэж алга.

-Геологийн алба байгуулснаар энэ асуудлыг цэгцэлж геологи, уул уурхайн салбарын асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно гэж шинэчлэлийн Засгийн газар үзэж байгаа. Таны бодлоор энэ хэр зөв шийдэл вэ?

-Ер нь геологийн салбарт хэрэгжүүлж буй бодлогыг зангидсан байгууллага байх шаардлагатай. Геологи хайгуулын ажилд улс тодорхой хэмжээний хөрөнгө оруулж хувийн хэвшлийнхэний гаргаж буй хөрөнгийг зөв удирдаж залж чиглүүлэх хэрэгтэй. Одоогийн лиценз бүхий талбайд тохирсон ажил хийлгэх ажил үр дүнгүй байна. Геологи хайгуулын ажил хийгээгүй хэрнээ баахан хуурамч тайлан бичиж, зохиомол өрөмдлөгийн тайлан гаргаж Монгол Улсын Геологийн фондыг бузарлаж байна. Үүнээс харахад геологи хайгуулын маш их ажил хийгдсэн мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ алтан фондыг хогийн сав болголоо. Сүүлийн 20 жилийн дотор энэ байдал бүр дэндлээ. Адаглаад үүнийг цэгцлэх шаардлагатай байна. Тэгэхээр Геологийн алба байгуулах юм бол хийх ажил их байна даа.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

 Д.ОЮУНЖАРГАЛ