Хүмүүс үе үе өөрсдийгөө дэлгэцээс харж
байх учиртай. Тэдэнд үндсэрхэг үзлээс
илүү адил төстэй асуудал бий
гэдэг нь арцашгүй үнэн.

 Andre Guerin
President of Quebec’s
Regie du cinema et de la video

Сэтгэл судлалын үндэсний төвийн 2011 онд хийсэн судалгаагаар Монголын дөрвөн иргэн тутмын гурав нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэдэг ангилалд багтжээ. Энэ бол монголчууд нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас сэтгэхүй, сэтгэл хөдлөл мөн зан үйлийн хувьд хямарчихсан гэсэн үг аж. Коммунист үзэл суртлаас салсан цагаас хойш монголчууд бид оюун санааны тогтсон чиг баримжаагүй шахам явсаар өдий хүрлээ. Үндсэрхэг үзэл, өнгөрсөн баатарлаг түүх, шарын шашин гурвыг тойрон эргэлдэж байгаа ч одоогоор тоймтой юм алга.


Морио юүлэх оролдлого

Анхны Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат “Шилжилтийн үеийг цэглэнэ. Амьдралын доройтлыг арилгана” гэдэг амлалттай оролцож байлаа. Түүний “Шилжилтийн үеийг цэглэх” санаа тухайн цагтаа эдийн засгийн утгаар ойлгогдсон. Одоо эргээд бодоход үндэстнийхээ шинэ ижилсэл (национальная идентичность, national identity)-ийг тодорхойлох л хамгаас чухал байсан бололтой. Социалист систем хар аяндаа нуран унахад хамтдаа үгүй болсон “Хөдөлмөрийн хүн” хэмээх ойлголт өдгөө “Гурван сая Чингис” болсон мэт харагдаж байгаа ч үнэндээ бол өөрийгөө “Чингис” гэж боддог монгол ганцын зэрэг л бий дээ. Бид бүгдээрээ, улстөрчид, эрдэмтэн мэргэд үндэстнийхээ ижилслийг хайгаагүй юм биш. Тэр үеэс л өдгөө инээд наргиа болчихоод байгаа “Алтан ураг”-ийн асуудал эхэлсэн байдаг. Бид үндэстний ижилслээ Монголын нууц товчоо хийгээд “Алтан ураг”-аас хайсан ч 1997 оны нэгдүгээр сарын 8-нд гарсан Засгийн газрын 17 дугаар тогтоолоор удмын овгийг хэрэглэх болсноор бүрмөсөн утгаа алдсан. 2010 оны Хүн амын нэгдсэн тооллогоор монголчуудын 76.4 хувь  “боржигон” овогтой гарчээ. Энэ нь нэг талаар инээдэм боловч нөгөө талдаа үндэстний ижилслээ хайсан хүмүүсийн ухамсаргүй үйлдэл ч байж бас мэднэ. Яг энэ мэт монголчууд өөр хоорондын ижилслээ хайх замдаа айл бүр “мундаг гэлэн өвөө”, “тайж, ноён” зэргийг туулаад одоо “уг, бөө” дээр яваа дүр зураг харагдаж байна.


Ингэхэд юу билээ?

Ерөөс “үндэстний ижилсэл” гэж юу вэ? Хуучин хэллэгээр бол “үндэстний хэв шинж” гэгдэх энэ ойлголтыг “Медиа групп”-ийн Гүйцэтгэх захирал В.Ганзориг “Бусдаас ялгарах хүсэл. Үндэстний хувьд бусдаас ялгаран цухуйж шоволзох амбиц” гэв. Харин З.Батжаргал  "Үндэстэн соёлын өөрийншил (identity)". "Монголын жишээн дээр" докторын зэрэг горилсон бүтээлдээ “Хувь хүн өөрийгөө үндэстэнд хамрагдаж байгааг мэдрээд нийгэмд өөрийгөө ухаарах-“национальная идентичность”, “national identity”-г “үндэсний өөрийншил” хэмээн үзжээ. Жаал задлаад яривал үндэстний ижилсэл гэдэг нь бүх нийтийн сайн сайхны тусын тулд нийгмийг ухамсартайгаар нэгэн зорилго дор нэгтгэх; нийгмийг ирээдүйн тодорхой гэрэл гэгээ тийш хөтлөх; улмаар төр үндэстнийхээ хөгжлийн хэтийн зорилгыг биежүүлэхэд нь дэм өгөх үүднээс хууль ёсны дэмжлэг үзүүлэх тэрхүү шаардлага гэж ойлговол болох мэт. Энэ нь эцэстээ монголчуудын нийтлэг төсөөлөл, мөрөөдөл дээр тулгуурлан нийгмийг шинэ үзэл суртлаар хангах тухай л яриа юм. Энд үзэл суртал гэдгийг бидний мэдэх коммунизм гэдгээр ойлгох ёсгүй билээ.


Бидэнд буй ижилсэл

Үндэстэн хэмээх мэдрэмж нь орон зай болоод цаг хугацааны өөрчлөлтийг даван туулдаг. Тиймээс бид үндэстэн гэдгийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурвын нэгдэл дээрээс олж хардаг. Үндэстний түүх бол зүгээр нэг өнгөрсөн үйл явдлуудын жагсаалт бус тодорхой үйл явдал хийгээд хувь хүнтэй холбоотой өрнөл юм. Харин үйл явдал нь тохиолдлын бус бөгөөд тухайн нөхцөл байдлыг хэрхэн ухааран ойлгож буйгаас шууд хамаардаг. Яг үүн шиг бид өнгөрсөн дээрээ тулгуурлаж өнөөгийн нөхцөл байдлаа ухамсарлаад ирээдүйгээ төсөөлөх учиртай. Тэгвэл одоо бид яах вэ? Нэгэн цагт дэлхийн талыг дайлсан эрт урьдын түүх дээгүүрээ оюун санааны гүүр тавьж өнөө цагтаа буух хэрэгтэй байна. Монгол нутаг энэ бөмбөрцөгийн хамгийн сайхан нь биш, хамгийн шударга зөв нийгмийг ч цогцлоочихоогүй байна. Гэхдээ өнөөгийн Монголын дүр зураг, түүн доторх иргэдийнх нь амь амьжиргаа баян ядуу, дарга цэрэг гэлтгүй нэгэн цул бөгөөд чухам эндээс л бид үндэстиний ижилслээ хайх нь зүй юм. Бид энэ газар шороогоо хамгаас үнэтэйд тооцдог, монгол хүн бүр ирээдүйд сайн сайхан ирнэ гэдэгт итгэдэг. Бид өнгөрсөн түүхээрээ бахархдаг ч Монголын их хувь заяанд найддаг. Одоо үүн дээрээ дөрөөлж нийгмийг илүү сайн сайхан руу уриалан дуудсан нийгмийн шинжтэй сурталчилгаа цацвал ямар бол?


Бэлэн жишээ

Ийм сурталчилгааны бэлэн жишээ олон бий. “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг санааг харуулсан Энэтхэгийн Times Of India Ad-Every, гадаадын жуулчдад элгэмсэг сэтгэгдэл төрүүлэхийг уриалсан Сингапурын Send Somebody A Smile төслүүдийг энд нэрлэж болно. Гэхдээ бидэнд хамгийн ойр нь Оросын жишээ байх. 1995 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Оросын ОРТ сувгаар цацагдаж эхэлсэн “Русский проект” төслийг одоо зарим хүн санах биз. “Мөнгө цагаан нүд улаан” болсон Оросын нийгэмд “Бидэнд гэхдээ хүн чанар бий юм шүү” гэдэг санааг ухуулан сэтгэлийн утас хөндсөн төслийн продюссер Константин Эрнст Олон улсын телевизийн наадмаас “Алтан чидун” шагнал хүртсэн байдаг. Дээр жаал нуршаад өнгөрсөн үндэстний ижилслийг дэлхийн энгээр харвал В.Ганзоригийн хэлсэнчлэн бидний амбиц буюу “үндэстний ондоошил” юм. Иймд бид үндэстний ондоошил, бахархлаа дахин цоо шинээр бүрдүүлэх нэгэн төслийг эхлүүлэх цаг болжээ. Оршъё гэвэл ондоош гэдэгсэн.  

http://toimsetguul.mn