2021 оноос үлдэх номууд: УРАН ЗОХИОЛЫН БУС НОМ
Монголд үнэндээ уран зохиолын гэхээсээ уран зохиолын бус ном идэвхтэй, эрэлхийлэлтэй хөгжиж байна. Намтар, дуртгалаа бичин үлдээх соёл энэ үеийн сэхэээтнүүдийн дунд хүчтэй түгж, үүнийг нь ч хэвлэлийн газрууд бодлогоор дэмжиж байна. Үүний үр дүнд эдүгээгийн нийгмийг бүтээсэн, бүтээлцэж буй хүмүүсийн үйл хэрэг оюун санааны өв болон үлдсээр байна.
Онцгой байдлын үеийн оюуны ертөнц
“Үндэсний ТОЙМ” сэтгүүл “Эргэлтийн цэг” дугаартаа уламжлал ёсоор өнгөрсөн онд монгол хэлээр бүтээсэн шилдэг номуудыг нэрлэж байна. Цар тахлаас шалтгаалан оюуны бизнес эрхлэгчид, ялангуяа ном, хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газрууд санхүүгийн хувьд хүнд байдалд орсон хоёр дахь жилээ үдэж байна. Гэхдээ агуулга бүтээгчид гар хумхин суусангүй. Ер нь зөвхөн ном, хэвлэл биш агуулга бүтээх бүхий л салбарт гарч буй дэвшил, уран бүтээлчдийн тэмүүллийг төр засаг онцгойлон анхаарч, ганц нэгхэн бүтээл, студид онцгойлсон ивээл хүртээлгүй, салбараар нь хөл дээр нь босгох дорвитой эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлага тулгарчээ.
Бид үндэстний уран зохиол, яруу найраг, уран зохиолын бус бүтээл, орчуулгын уран зохиол, уран зохиолын бус орчуулгын бүтээл, хүүхдийн ном гэсэн зургаан төрлөөр тус бүр таван шилдэг номыг онцоллоо. Эдгээр номуудыг тодруулахдаа номын талаар тогтмол бичдэг тоймчид, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачдын саналыг харгалзан үзлээ.
Уран зохиолын бус монгол ном
Хандлага
Монголд үнэндээ уран зохиолын гэхээсээ уран зохиолын бус ном идэвхтэй, эрэлхийлэлтэй хөгжиж байна. Намтар, дуртгалаа бичин үлдээх соёл энэ үеийн сэхэээтнүүдийн дунд хүчтэй түгж, үүнийг нь ч хэвлэлийн газрууд бодлогоор дэмжиж байна. Үүний үр дүнд эдүгээгийн нийгмийг бүтээсэн, бүтээлцэж буй хүмүүсийн үйл хэрэг оюун санааны өв болон үлдсээр байна.
Тангадын Мандир “Төв Азийн нүүдэлчид”, “Ари Монголын агуу тавилан” түүхэн судалгаа
Хэвлэлийн газар: Нүүдлийн соёл иргэншлийн академи
Номын тухай:
Бид тулгар төр байгуулагдсаны ойгоо Их Хүннү гүрэн үүсгэн байгуулагдсан цаг хугацаанаас тооцдог билээ. Харин энэхүү бүтээл нь тэрхүү 2000 гаруй жилийн түүхийг даруй 6000 гаруй жилийн өмнө нүүдэлчин төрт улсууд байсан гэх үнэн магадлагааг дэлгэн тавьжээ... Т.Мандир гуай ари, скит, гуйфань зэрэг дээд нүүдэлчдийн түүхийг баримжаалахдаа шинжлэх ухааны үндэстэй, тод томруун баримтуудыг шигтгэж өгсөн нь далай дотроос сувд шүүрдэж суух мэт торгон мэдрэмж, хатан зориг гаргасан нь уншсан хэний ч сэтгэлд тод буух вий.
Номын тоймч М.Баасанжаргал
Бадамгаравын Гангаамаа “АМОЛА: Үзэгч үгүй үнэн” дуртгал
Хэвлэлийн газар: Адмон принт
Номын тухай:
Гангаамаа маань шаггүй бичээч. Он цагийн хүрдийг цаг хоромтой нь цээжиндээ баринтаглаж, зүрхэндээ тээж явсаар ном болгон эмхэлсэн нь энэ. Анд нөхдийнхөө гэгээн хүслийг үүрч, алдаа оноогоо алгандаа атгасаар амьдралаа ном болгон бүтээсэн нь энэ юм. Түүнтэй хамт Алтай таван богдын цасан шуургыг давж, Богд Очирваанийн босгоор алхаж, үхлийн уул хэмээдэг К2-ын оргилд зогсож, Эверестийн оройд мандах нарыг угтсан өдрүүд гайхалтай байлаа. Бас түүнтэй хамт ялагдлын гашуунд газар тулан өндийж, ялалтын хашгираанд сэтгэл дэлгэн зогсох ч сайхан байлаа.
Номын редактор, сэтгүүлч Р.Эмүжин
Ёндонгийн Отгонбаяр “Агданбуугийн АМАР” намтар
Хэвлэлийн газар: Непко
Номын тухай:
Олон нийт баригдан цаазлагдсныг нь мэддэг болохоос Амар сайд орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн суурийг тавьж, өнөөгийн бид ч эргэцүүлэн бодмоор гүнзгий судалгаатай Монголын түүхийн ховор бүтээлийг туурвиж, зам тээвэр, барилга хот байгуулалт, орчин цагийн банк, татвар санхүүгийн салбар, эрүүл мэнд, боловсролын салбарын тулгын чулууг тавилцсан хүн гэдгийг тэр болгон мэддэггүй.
Улс орны тусгаар тогтнолыг сэргээн мандуулах эгзэгтэй тэр цагт түүхийн жихүүн шуурганд босоо явсан, хүнээ барьж идэж байх хүнд тэр мөчид хүн чанараа хадгалж чадсан төрийн их хүн нэг их олонгүй гэхэд хилсдэхгүй биз ээ.
Зохиогч Ё.Отгонбаяр
Дашдондогийн.Батсайхан “Театрын түүх”сурах бичиг
Хэвлэлийн газар: Монсудар
Номын тухай:
Монголын театр судлалын тэргүүлэх судлаачдын нэг Д.Батсайхан өөрийн 40 гаруй жилийн багшийн замнал, театр судлал, театрын түүхийн чиглэлээр цуглуулсан материалдаа тулгуурлан энэхүү сурах бичгийг бүтээжээ. Номын агуулга нь олон улсын жишиг болсон театрын түүхийн сурах бичгүүдээс огтоос дутахгүй. Монсудар хэвлэлийн газар номын агуулгын боловсруулахад тун хариуцлагатай хандсан бөгөөд DK зэрэг дэлхийн хэмжээний хэвлэлийн газруудын стандартад нийцсэн дотоодын агуулга бүтээж чадсан нь баярлууштай хэрэг юм.
Дэжидмаагийн Галсансүх "Mein Kamf-Шүлэг бичих" (Миний бузар амьдрал) дуртгал
Хэвлэлийн газар: Хувь хүн
Номын тухай:
Яруу найрагч Б.Галсансүхийн хүүрнэлийн найруулга нь яруу найраг шигээ өвөрмөц агаад чөлөөтэй. Тэрээр авто ослын улмаас хүн амины хэрэгт холбогдон ял сонсож, торны цаана суух үедээ өөрийн амьдралынхаа талаар оочин цоочин дурсамж бичсэн нь энэ ном. Номын ерөнхий зохиомж наминчлал хэлбэртэй. Өөрийгөө “бузар” хэмээн тодорхойлсон Д.Галсансүх 1990-ээд оны хүнд цаг үе, эдүгээ хүртэлх хувь хүний болоод уран бүтээлчийн амьдралд нь зам огтлолцсон хүмүүсийн талаар ил цагаан дурсжээ.
Дурдууштай бүтээлүүд:
Б. Дөлгөөн,Б. Батбаатар,М. Бямбасайхан “Ардын хувьсгал: Үзэл санааны түүх” (Монсудар), А.Баатархуяг “Цогт чандманийн эрэлд 2 – Мартагдсан бэлгэдлүүд”, В.Ганзориг “Санаанаас сая долларын стартап”, Э.Адъяасүрэн “Бөн бөн хэмээх уран бүлтрээ”, Шагж Гэлэн “Мал дээр”
DR. LOUIS