Шэйрлэх ба Гүлдийх
Зөв үйл үгээ моодонд оруулахын төлөө PR, маркетингийн компанит ажил явуулах хэрэгтэй болохоос биш “өнөөгийн залуус гадаадаар ярьдаг боллоо...” гээд халаглаад суух өвгөн професорыг хэн тоох юм?
Нэр үг, дайвар үг, үйл үг, тэмдэг нэр... гээд олон төрлийн үг бий. Гэхдээ эдгээрээс үйл үг хамгийн чухал нь. Үйл үг олонтой хэлийг баялаг хэл гэдэг. Үйл үг бол тухайн хэлийг тодорхойлогч гол фундам. Тэр ч утгаараа гадаадаас нэр үг орж ирвэл аюулгүй. Тухайлбал автуус, пэлээтэк, палааж, жижүүр, паар, радио, театр... бүгдийг нь энэ чигээр хэрэглээд явбал хэлний бүтцэд ноцтой нөлөөгүй. Хүүхнүүд палааж биш дэрээс (dress) гэж хоорондоо ярилцдаг болсон байна билээ. “Даашинз” гэдэг нь хүртэл цэвэр Монгол үг биш юм хойно.
Харин сүүлийн үед шэйрлэх, паарклах, сэйвлэх (save-лэх) г.м. гадаад үйл үг бараг Монгол үг шиг хэрэглэгдэж буй нь анхаарах асуудал юм. Оюутнууд “өрөөгөө шэйрлэе”, “гуанзанд шэйрлэх үү” гэж яриад эхэлж. Уг нь “гуялах” гэдэг хар ярианы үг бий. Өөр орлуулж болохуйц олон сайхан үйл үг байдаг биз (Мэргэжлийн эрдэмтэд нь мэдэх байхаа). Интернэт, соошл мэдиа (мэдиа гэдэг үгийг энэ чигээр нь ашиглахад аюулгүй байх) хөгжихийн хирээр share гэдэг үйл үг хүмүүсийн санаанд ойр бууж, моодонд орно. Улмаар Англи хэлэнд ямар утгатай байдаг тэр чигээрээ Монгол хэлэнд буугаад эхэлчихэж. Мэдээж “share” гэдэг үгтэй яг ижилхэн Монгол үйл үг байхгүй, угаасаа байх ч ёсгүй. Харин “өрөөгөө шэйрлэх”, “мэдээ шэйрлэх” гэсэн хоёр хэлцийг аятайхан орчуулж болох үйл үг хангалттай олон.
Твитэрт Save Mongolia гээд нэг марзан акаунт бий. Өөрөө үг олоод зохиочихдог бололтой Selfie – “Өөрөг”, Антарктид – Өмнөш, Марафон – Гүймэг, Бензин – Гүгэн... гээд алж өгнө. Хөгжилтэй ч юм шиг, уур хүрмээр ч юм шиг. Үг бол өөрөө моод болж байж л олонд хэрэглэгддэг. Хэн ч нэр үгийг дураараа зохиож чадна. Ер нь 35 үсгийг ч дураараа өөрчилж, өөр дүрсээр орлуулж болно. Хүүхэд байхдаа 35 үсгээ өөр өөр дүрсээр биччихээд “найзуудын нууц бичиг” гээд л тоглодогсон. Харин үйл үгийг дураараа зохиох хэцүү, учир нь нэг үйл үг их олон янзаар хэрэглэгддэг. Алтангэрэлийн Англи толинд “Take” гэдэг үгний тайлбар лав 3 – 4 хуудас эзэлдэг шиг санагдана.
Миний мэдэхийн “үзэн ядах”, “унтах (сексдэх гэсэн утгаар)” гэдэг үг лав социализмын үеийн кинонд (кинонуудад гэж бичдэг болсон нь бас л асуудал) гардаггүй. Цэвэр Америк киноноос орж ирсэн хэллэг. “Sleep with” гэдэг үгээр Америкчууд хүнтэй унтахыг хэлдэг. Өдгөө ч манайхан тэр хэвээр нь яриад хэвшчихлээ дээ. “Hate” гэдэг Англи үгийг орлуулж болохуйц олон сайхан үйл үг Монгол хэлний санд бий, тухайн үед киноны орчуулагч нар “үзэн ядах” гээд орчуулчихсан байх. Өдгөө шэйрлэх, паарклах гэдэг үгийг ч гэсэн орлуулчихмаар олон сайхан үйл үг байдаг биз. Түүнийг нь салбарын эрдэмтэд нь, төр засаг нь анхаарч ажилламаар санагдана.
Мэргэжлийн бус хүний анзаарсанаар нэг иймэрхүү л. Мэргэжлийнхэн маань “эгшиг гээгдэх дүрэм”, “гадаад үсэг хасах”, “маргаантай 700 үгийн стандарт” энэ тэр марзан юмаа орхиод том сэдэв үрүүгээ ороосой билээ. Нэр үгийг зөнд нь орхи, аяндаа хүмүүс яавлаг биш алим, маруужин биш зайрмаг, дижитал биш цахим, смаарт биш ухаалаг гэж хэлээд зүгширч байна. Бүх нэр үгийг орчуулах гэвэл Өвөр Монгол орчуулга шиг марзан юм болно. Харин үйл үгээ л анхаарах хэрэгтэй. Зөв үйл үгээ моодонд оруулахын төлөө PR, маркетингийн компанит ажил явуулах хэрэгтэй болохоос биш “өнөөгийн залуус эх хэлээ мөхөөлөө...” гээд халаглаад суух өвгөн професорыг хэн тоох юм? Уг нь бол ерөнхийлөгч ганцхан жиргээ бичээд л “Гүлдийх...” гээд сайхан үйл үгийг бүгдээрээ мэдэж авсансан...
Зочин
Зочин
Зочин
Битмин
Boyo
monglish
Зочин
Зочин
Demiir
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
ИРГЭН
МУИС ийн захирал А.Галтбаяр
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин