Стив Жобсийг өөрийнх нь байгуулсан компаниас халчихсан тухай өмчийн харилцааны сэдвээрх яриа болгонд л жишээлдэг дээ. Энэ нь 1950-иад онд Америкт гарч ирсэн шинэ институциональ онолтой холбоотой. Уг онолын дагуу өмч гэдгийг өмчлөх эрх гэдэг ойлголтоор сольж, 12 төрлийн өмчлөх эрхийг бий болгожээ. Үүгээр эд баялаг, өмчийг эзэнд нь ойртуулах бус харин ч яг эсрэг зарчим хэрэгжүүлсэн байна. Эзэн хүний явцуу ашиг сонирхлоос өмч, эд баялгийг салгаж байж нийгэм хөгжинө гэсэн уг онол хүний юмыг булааж авна гэсэн биш. Эзэн капиталынхаа түрээсийг авдаг байх сертификат эзэмшинэ. Тэгээд дэлхий ертөнцийн хаана ч дураараа явж байж болно. Энэ тохиолдолд төр, засаг нь харин тэрхүү капиталын өсөж, хөгжиж, улам их үр ашигтай болж байх бүтцийг бий болгож, сайжруулах үүрэг хүлээдэг. Ингээд материал баялаг бий болох болон өмч, баялаг эргэлтэнд байх хөдөлгүүрийн удирдлага дээр өндөр мэдлэг, чадвартай инженерүүд, менежерүүд очжээ. Өмч эздийнхээ гарт хэвээр үйлдэж, үйлдвэрлэл нь жинхэнэ мэргэжилтнүүдийнхээ гарт хүрчээ. Венч капиталын тухай энэ баримтын цаана мэдлэг, хөрөнгө хоёрыг хэрхэн холбох тухай болон өнөөгийн хамгийн идэвхтэй сэдэв болж буй “мэдлэгт суурилсан эдийн засгийн” тухай яриа хөөрөөний шийдэл нуугдаж байдаг.


Дороо эргэцсэн Засгийн газрууд

Манай улс бүр социализмын үеэс 3.0 сая хүн амтай болж байж л хэрэглээ ба үйлдвэрлэл аль аль талаасаа хөгжлийн ерөнхий шаардлагаа хангана гэж тооцдог байлаа. Энэ жил бид 3.0 саяулаа болно. Тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар энэ оныг үйлдвэрлэлийг дэмжих жил гэж зарлан, “Монголдоо бүтээцгээе” хэмээх хөтөлбөрөө танилцуулсан. Чингис бондын үлдэгдэл, Самурай бонд болон бусад эх үүсвэрийн 1.1 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх 888 үйлдвэрийн төслийг сонгоод байгаа. Засгийн газраас явуулж байгаа албан ёсны мэдээлэл, сургталчилгаанаас үзвэл эдгээр төслүүд барилгын материал, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхмэл хувцас, модон эдлэл, хуванцар эдлэл, хагас коксжсон нүүрсний болон мах, сүү гэх мэт хүнсний үйлдвэрлэлд хамаарч байна. Энд дурдсан үйлдвэрлэлийн чиглэлүүдийг дахин сайтар ажиглана уу. Үүнээс зөвхөн Засгийн газрын төдийгүй ерөөс бид бүгдийн маань үндэсний үйлдвэрлэлийн тухай ойлголт, мэдлэг, хүрээ хэмжээ тов тодорхой харагдана. Дахин нэг жишээ авъя. 2011 онд Засгийн газар “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан байдаг. Тогтоолын хавсралтаар “Тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталсан. Эсгий, савхи, ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон болон оёмол, нэхмэл, сүлжмэл эдлэлүүд, хэвлэмэл бүтээгдэхүүн, ургамлын болон малын гаралтай хүнс, барилгын дүүргэгч материалууд, тоосго, хавтан, хуванцар цонх, хаалга гэх мэт 40 шахам нэр төрлийн бүтээгдэхүүнийг энд жагсаасан. Мөн л дөө, үндэсний үйлдвэрлэл. Монголчууд л хийж, зарж борлуулж, орлого ашиг олж байгаагаас хойш яах аргагүй үндэсний үйлдвэрлэл. Гэхдээ дээрх жишээнүүдэд нэрлэсэн үйлдвэрлэлийн төрлүүд, хатуухан хэлэхэд сүүлийн 20 гаруй жилд огт урагшилж, хөгжихгүй, анх ямар байсан яг тэр хэмжээндээ байсаар л байгаа. Цаашдаа ч хөгжиж, өргөжиж, хөдөлгөгч хүч болж, Монголын аж үйлдвэрийн нэр, нүүр болоод явна гэдэгт итгэхэд бэрх. Ийм үндэсний үйлдвэрлэл гэж байдаг юм уу?


Хуучин “тулгуур”-аа дүгнэх үү?

Үндэсний үйлдвэрлэлээ эсгий таавчиг, савхин дээл, ноолууран цамц мэтхэнээр төсөөлж, энэ хүрээ зааг дотроо тонгочсон сэтгэлгээнээсээ халих, цаагуур бодож, холуур сэтгэх цаг нэгэнт болжээ. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс эхлэн торнисон үндэсний компаниуд эхнээсээ ардчилалтайгаа үе чацуу болж, эдийн засгийн зүтгүүр гэж нэрлэж болохуйц аж ахуйн нэгжүүд ч бүрэлдлээ. Монгол залуус өнөөдөр эрчим хүч, эрүүл мэнд, мэдээллийн технологи гээд нарийн мэдлэг шаардсан олон салбарт амжилт гаргаж, бизнесээ өргөжүүлээд явж байна. Монгол инженерүүдийн ур ухаан, мэдлэг чадвар хаа ч гологдохгүй болсныг бид өдөр ирэх тутам сонсох болж байна. Автобус, тролейбус угсарч, компьютер, нөүтбүүк хийсэн тухай мэдээллүүд саяхны жишээ. Манай санхүү, гааль, бүртгэл тооцооны секторт үндсэндээ монгол мэргэжилтнүүдийн програм хангамж ажлын хүндийг нугалж байна. Ерөөс дэлхийд цоо шинэ технологи гэж хэлж болох суурин утас, интернэт, телевизийн гурвалсан үйлчилгээний технологийг монгол инженерүүд өөрсдөө бие даан суурилуулж, амжилттай нутагшуулаад байгаа. Манай улс үүрэн холбооны салбартаа уртаашаа дөрвөн тоглогчтой. Тэд бүгдээрээ Монголын топ аж ахуйн нэгжүүдийн тоонд орж явдаг. Эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, татвар төлөлт гээд олон үзүүлэлтээрээ эхний 10-т орцгоодог. Гэсэн хэрнээ эдгээр компаниуд Засгийн газраас тусламж дэмжлэг авч гэнэ, гуйж гувшиж явна гэнэ гэж огт дуулдаагүй.

Үйлдвэрлэл ярьж байж үйлчилгээ, дэд бүтцийн компаниудыг жишээллээ гэж хачирхах хэрэггүй. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг үйлдвэрлэгч биш гэж ад үзэж, ач холбогдлын дарааллын ард эгнээ рүү чулуудах нь буруу. Үүрэн холбооныхон гэхэд л яриа, мессэж, дата дамжуулалт гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдаг. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, идэж ууж, өмсөж зүүж болохгүй бол “бүтээгдэхүүн биш” гэж ханддаг, ингэж тооцож тоолдог ёс байхгүй. Манай улсын эдийн засаг уул уурхайн олборлох салбар, мал аж ахуй гэх хоёрхон гол тулгууртай гэсэн үзэл баримтлал бий. Дэлгэмэл зураг дээр харвал ийм дүр төрх үзэгддэг л байх. Гэтэл байгалийн баялгийг сорчлон ухаад хүдрээр нь юм уу, баяжмал хэлбэрээр экспортлоод байх нь ажлын байр үүсгэж, орлого нэмэгдүүлдэг боловч хөгжил, дэвшил авчирдаггүй. Бэлчээрийн мал аж ахуй хямд өртөгтэй ч гэлээ эрсдэл ихтэй, бүтээмж багатай байдаг. “Тулгуур”-ынхаа тухай үзэл, үнэлэмжид “их засвар” оруулах, харааны өнцгөө өөр газарт зөв тусгах шаардлага нэгэнт бий болсныг үүнээс харж болно. Цаашлаад жилийн жилд татаас, түлхээс хуваарилавч “жижиг” хэвээрээ байсаар байгаа үндэсний үйлдвэрүүддээ дүгнэлт хийх болсон санагдана.


Үйлдвэрлэлд мэдлэг “шингээх” нь

Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор манай улс түүхэндээ анх удаа 45 сая толгой малтай болсон. Энэ олон мал сүргээс маань чухам хэдий хэр түүхий эд гарах вэ? За 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ гэж тооцьё. Өнөөдөр манай мал аж ахуйн түүхий эдийн дийлэнх нь зүгээр л гадагшаа гарчихдаг. Түв түүхийгээрээ. Хэрвээ боловсруулаад бүтээгдэхүүн хийвэл 200 тэрбум төгрөгийн өртөгтэй болно. Бүр цаашаа нанотехнологиор боловсруулбал 20 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн болно. Энэ бол үйлдвэрлэлд мэдлэг шингээх тухай яриа юм. Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засгийн бүрэлдэхүүн дэх хамгийн мэдлэг шингэсэн салбар нь мэдээллийн технологи. Компаниуд нь топ аж ахуйн нэгжүүдийн тоонд явдгийн учир нь ердөө л энэ.

Орчин үед нийгмийн баялгийг арвижуулахад үйлдвэрлэгдсэн болон үйлдвэрлэгдээгүй актив, хөдөлмөрийн эрчмээс мэдлэг хавьгүй илүү ач холбогдолтой. Мэдлэг нь зураг төсөл, стандарт, технологи болж эд баялаг, үйлчилгээ, зохион байгуулалт болно. Товчоор хэлбэл, баялаг бий болох хөрс нь мэдлэг юм. Дэлхий дахинд мэдлэгийн үйлдвэрлэлийн хурд улам бүр түргэсч байна. Саяхан худалдаж авсан компьютер маань шинээрээ шахуу хоцрогдож байгааг бид өөрсдийнхөө амьдралаас харж байгаа. Хэдхэн жилийн өмнө кабелийн телевизийн 60 сувгийн алийг нь үздэг юм билээ гэж байсан бол интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээг өдөөдөр хувийн юм шиг л ашиглаж байна. Ухрааж буцааж, сануулж хадгалж, чухамхүү ганцхан өөрт зориулагдсан юм шиг л хэрэглэж байна.

Манайхныг жижиг бизнесээ эхлүүлэх гэж бүтэлгүйтэж байх зуур дэлхий дахинд нийгмийн үйлдвэрлэл, ДНБ-д эзлэх материаллаг бус активын хувь хэмжээ асар ихээр өсөн нэмэгдэж. Гэхдээ энэ нь зөвхөн “шинжлэх ухааны багтаамж ихтэй” салбарт гарч байгаа үзэгдэл гэж ойлгож болохгүй, бүх салбар, секторт энэ үйл явц өрнөж байна. Холбоо, мэдээллийн хэрэгслэл, шинэ материалын болон эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарт илүү хүчтэй байна. Товчхондоо, дэлхийн эдийн засаг бүтцийн хувьд шинэчлэгдлээ. Энэ хэрээр үзэл хандлага ч өөрчлөгдөж, хөгжлийн тухай ойлголт, тодорхойлолт, тооцоолол өөр болж байна. Хувьсал өөрчлөлт өдрөөр биш, цагаар явагдаж байгаа ийм цаг үед бид үндэсний эдийн засгийнхаа бүтцийн тухай уламжлалт ухагдахуунтайгаа зууралдаад байж яавч таарахгүй.


Монголыг гэх гадаад үгүй

Улс орноо монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ гэж бид ярих дуртай. Тэгсэн атлаа гадаадынхныг хөлөө хугалчих даган гүйж, аргадан аяглаж, гадаадын юманд сүжирч, тэдний ухаантай, соёлтойг гайхан өөрсдийгөө болохоор дорд үздэг “уламжлалт атгаг” улам гаарах янзтай. Монголчууд юм хийчихлээ гэвэл “олигтой юм болоогүй биз дээ” гэж таамаглана. Төр нь ч үндэсний компаниудаа дэмжихгүйгээр барахгүй холгоод сууж байх хандлагатай. Иргэд болохоор олигарх, луйварчнаар нь дуудаастай. Гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэснийхээсээ илүүд үздэг. Ийм аймшигтай хандлагынхаа хаагуур нь бид “өөрсдөө Монголоо хөгжүүлэх” вэ? Төр засагтаа түвэг дараа, ачаа чиргүүл бололгүй хийж бүтээж, өмч хөрөнгө, эд баялагтай болсных нь төлөө үндэсний компаниудаа үзэн ядаж болно гэж үү?

Дэргэдийн жишээ хэлье л дээ. Солонгос хүмүүс хаа ч явсан Кореан эйрээрээ зорчиж, солонгосынхоо буудалд буугаад, үндэсний хоолоо иднэ. Солонгосуудынхаа дэлгүүрээс хүнс бараагаа аваад, солонгосын хөрөнгө оруулалттай компаний барьсан байшинд амьдарна. Энэ тухай бид бүгдээрээ мэддэг. “Муусайн солонгосууд ийм муу санаатай” гэж ирээд муулна. Бидэндээ бол “хүний хүн хүрэн бөөртэй” гэдэг шиг санагдах боловч өөрсдөд нь бол туйлын зөв юм. Тэднийг муулж суухын оронд бид өөрсдөө ийм болчихож яагаад болохгүй гэж? Энэ бол хандлагын л асуудал. Түүнээс биш монгол хүн муу, гадаад хүн сайндаа биш. Харин ч гадаад хүмүүс хэчнээн сайхан сэтгэлтэй ч бай, Монгол Улс хөгжөөсэй гэж өөрсдийн маань чинээтэй бодохгүй нь лав. Харин ч оруулсан хөрөнгө нь улам их болоод буцаж нутаг руу маань яваасай л гэж сэтгэнэ. Тэгээд биднийг илүү их худалдан аваасай, үйлчлүүлээсэй гэхдээ сайн хүн шиг аашилж аяглана. Монголчуудад бие биенээс нь ч сайн хүмүүс шиг хандана.

Хөгжингүй орнуудын туршлагыг судлаад байхад дандаа л үндэсний том хөрөнгөтнүүд, материал баялаг үйлдвэрлэгчид, компаниудаа түшсэн байдаг. Манай Засгийн газруудын үүсгэж, өсгөж, бойжуулах гээд байгаа жижиг, дунд үйлдвэрүүд АНУ, Япон, Австрали, Герман, Өмнөд Солонгост Засгийн газрынхаа тусламжаар биш үндэсний том үйлдвэр, компаниудынхаа захиалга, худалдан авалтаар өсч өндийсөн байх юм. Гэтэл манайд хэнд ч хэрэггүй, ямар ч зах зээлгүй, эрэлгүй, худалдан авагчгүй эсгий таавчиг хийчихээд үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж яриад л сууж байна. Үйлдвэрлэл хөгжүүлэх төв цэгээ оновчтой тодорхойлоогүй Засгийн газрын алдаа байж мэдэх ч монголчууд бидний бие биенээ гэх, эх орноо гэх сэтгэл дутагдаж буйд бүр том алдаа оршиж байгаа болов уу.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл. №12 (215) 2014.03.24

http://toimsetguul.mn