Дорнод хязгаарт амжуулсан амин чухал ажлынхаа чөлөөгөөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд саатаад явлаа. Даваа гаригт түүний ажлыг нь эхлүүлсэн 4000 км үргэлжлэх “Сибирийн хүч” хийн хоолой Благовещенск болон Дальнереченскээр Хятад руу орох юм. Благовещенскээс Улаанбаатар руу нисч ирэх замд тэр “Украины асуудлыг энхээр зохицуулах” долоон төлөвлөгөөгөө бодож олсон тухай сэтгүүлчдэд сонирхуулсан. Яг маргааш нь НАТО-гийн саммит эхэлсэн. Үнэндээ мань хүний бодол санаанд Монгол Улс ямархан байр суурьтай байсныг хэлэхэд хэцүү.


ТАСАЛДАЛ

Айлчлалаас манай улс харьцангуй өндөр үр дүн хүлээж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч тавдугаар сард Шанхайд түүнтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны “замын зураг”-ийг санал болгосон юм. Энэ нь "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр" л дөө. Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт-Петербургт түүнтэй уулзаж дахин бататгасан. Хэрэв энэ хөтөлбөр батлагдвал Монгол Улс, ОХУ-ын хооронд одоо байгаа “стратегийн хөгжлийн” гэх харилцааны статусыг дараагийн шатанд гаргах буюу “Иж бүрэн түншлэлийн стратегийн” харилцаанд шилжүүлэх боломж бүрдэх байлаа. Гэвч хойд хөршийн тэргүүн “замын зураг”-ийг баталсангүй. Ойлголцол итгэлцлийн хувьд байсан байрандаа хэвээр үлдлээ. Хил орчмын, иргэд хоорондын түншлэл, худалдаа, арилжааны хэм хэмжээ хүртэл жилээс жилд буурч байгаа өнөөдрийн энэ их “холдолтыг” эргүүлдэггүй юм аа гэхэд зогсоож чадна гэсэн хүлээлт монгол хүн бүрт байсан. Харамсалтай нь манай хоёрын хооронд үүссэн ангал хэчнээн гүн болчихсоныг илтгэн харуулчихаад Путин яваад өгөв.

Монгол Улс хоёр хөрштэйгөө ижил, тэгш харилцах ерөнхий зарчимтай. Балансын хувьд хөрш орнуудын бодлого “гурав дахь хөрш”-ийнхөөс тэргүүнд тавигддаг. Си Жиньпиний айлчлалаар БНХАУ-тай “иж бүрэн түншлэл” байгуулж чадсан атлаа манай улс хойд хөршөөсөө итгэл хүлээж бараагүй маань гадаад бодлогын зүй тогтолд хэлбийлт үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүсгэчихлээ. Одоо ОХУ цаашаа Европын холбоо болон НАТО-той харилцан хориглолцсон байдалд байна. Украины салан тусгаарлагчдыг хүмүүнлэгийн талаар илэрхий дэмнэсэн байр сууриа нууж хаахгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Үүнийг худалдаа, экспортын боломж, бололцоо гэж харж, Монголоос оруулах бүтээгдэхүүнд татвар шимтгэл, хэмжээ хязгаар тогтоохгүй байхыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал болгосон нь тагнуулч эрд таалагдаагүй байж мэдэх юм. Монгол, Оросын уламжлалт харилцаа цэвэр “ах, дүүгийн”, хүн ёсны байсан. Ийм үндэс суурийг эрэлхийлж ирсэн түүнд “ашиг хонжоо” харсан дээрх санал жудаг журамгүй сонсогдсон байхыг үгүйсгэмгүй.


1/2

Ц.Элбэгдорж хоёр гол асуудалд найдлага тавьж байлаа. Эхнийх нь энэхүү худалдааны явдал. Айлчлалын өмнө Оросын хэвлэлүүд манай улсаас авах мах, махан бүтээгдэхүүнд “акцент” өгч байлаа. Татвар, квотгүй нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ тухай ярихдаа Ц.Элбэгдорж “Монгол Улсад эцсийн боловсруулалт хийсэн” гэх тодотгол дайсан нь мөн л ХАА-н бүтээгдэхүүнээ онцолсон хэрэг байв. Нөөц бололцоо бийг мэдсээр хэрнээ В.Путин хөл алдсангүй. Барууны хориг түүнийг барьц алдуулаагүйг тэр Монголын Ерөнхийлөгчид ойлгуулахын дээдээр ойлгуулчихаад тусгай Ту-214-өөрөө нисч одов. 2020 он гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх тухай яриа хөөрөө зөвхөн амлалт байлаа. Өнөөдрийн байдлаар манай хоёр улсын худалдаа 90/10 гэсэн харьцаатай байгаа. Бид хойд хөршөөсөө ихийг авч, багыг өгдөг. Худалдааг нэмнэ гэсэндээ В.Путин авах, өгөхийнхөө алийг нь өсгөхөөр тооцсоныг тааж таамаглахад бас л хүндрэлтэй.

Ц.Элбэгдоржийн найдвар тавьсан хоёр дахь асуудал нь Монголоор дамжин өнгөрөх тээврийн харилцаа байсан юм. УБТЗ-ын гол шугамыг хос, цахилгаанжсан болгох болон тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна Монголыг нэвтэрсэн төмөр замын шинэ корридоруудыг байгуулах, иргэд харилцан визгүй зорчих зэргийг хамтатгасан багц асуудал харин тодорхой хэмжээгээр урагшиллаа. Зам, тээврийн сайд А.Гансүх, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэх ОХУ-ын эзэмшлийн хувьцааг итгэмжлэн захирагч В.И.Якунин нарын байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ээр Салхит-Эрдэнэтийн чиглэлийн төмөр замын салаа шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлж, ОХУ-ын Тува Улсын Кызылтэй холбон эрдэс, түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ зам бий болгох тохиролцоог шийдсэн нь талуудын аль алиных нь хувьд хамгийн чухал алхам болж байна. Чухам яаж, ямар хугацаанд, хэрхэн хэрэгжих вэ гэдэг нь шал өөр асуудал.


ИЛЭРХИЙЛЭЛ

В.Путин дэлхийн анхаарлын төвд яваа хүн. Хэдийгээр түүний Монголд буудалласныг Якутын ёслол хийгээд П.Порошенкотой утсаар ярьснаас нь тоймтой ялгаруулж дүгнээгүй ч тодорхой хэмжээнд үнэлгээ өгсөн. Албан сурвалжаас авсан мэдээллээрээ улс орнууд түүнийг “Халх голын байлдааны ялалтын ойн баярт оролцсон” тухай мэдээлж, ялангуяа Оросын хэвлэлүүд энэхүү “зарлаагүй дайны оршил”-ын ач холбогдлыг өргөхийг хичээлээ. Ерөнхийлөгч В.Путин ч Улаанбаатарт саатсан зургаан цагаа ийн дүгнэснээс үзэхэд тэр анхнаасаа ажлын айлчлалд зарчмын хувьд ач холбогдол өгөөгүй бололтой. Өмнөхөн нь хүрэлцэн ирсэн БНХАУ-ын дарга Си Жиньпиний төрийн айлчлалтай харьцуулахад В.Путины зочлолт эрэмбийн хувьд ч, үр дүн талаасаа ч харьцангуй дутав.

“Худалдаа, эдийн засаг л ярилаа” гэж тэрээр айлчлалаа товчхон дүгнэсэн. Дурамж нь сулхан байсан ч байж мэднэ. Оросын хувьд Монголоор дайрч Хятад руу гарах төмөр замын маршрут нэг л зүйл. Магадгүй Алтайн хязгаарын сэргээн босголтын хөрөнгө оруулалтаас нь нэг их томрохгүй. Өөрсдийн маань өндөрт тавиад байгаа худалдааны хэмжээ В.Путины хувьд хязгаарын нэгэн тосгоны “өвлийн идэш”-ний дайтай санагдаж байж ч мэдэх юм. “Танай махны импортын талаар би холбогдох шийдвэрийг гаргуулах болно” гэхдээ тэр өөрөө чухам итгэлтэй байсан эсэхийг хэлж мэдэхгүй. Гол шаардлага нь эрүүл ахуйн стандарт. Манай мал аж ахуй бэлчээрийнх гэдэг нь уул нь өвөрмөц онцлог юм. Харин түүний тавьсан эрүүл ахуйн шаардлага “farm”-ынх юм. Дэлхий нийтийн жишиг тийм л байгаагаас хойш яах ч билээ. Харин манай улс уламжлалт мал маллагаагаа эрс шинэтгэн, бүрэн эрчимжүүлээд, өөрсдийнхөө хэрэглээнээс илүү гаргаж, “орос ах”-тайгаа наймаалцахын тулд улс төрийн шийдэл хийх асуудалтай тулгарна.


САНУУЛГА

Мөнгөтэй, мөнгөгүй хоёр хүн зэрэгцэж суугаад ярилцаж болдоггүй гэлцдэг. Далайц, төсөөлөл нь зөрөлдөөд тэр байх л даа. В.Путины манай улсыг харж, дүгнэж байгаа байдал түүний “Монгол бол Орос, Хятадын дунд оршдог” гэсэн ганц өгүүлбэрээс нь л танигдах болов уу. Орос, Хятад хоёр Монголын худалдааны тэргүүн түншүүд болохыг тэр сануулаад, хэдий тийм ч Монгол, Оросын худалдааны эргэлт маш чамлалттай байгааг тун “серёзный” онцолсон байна. Энэ нь “ганц” төмөр замтайнх биш гэсэн хандлага илэрхийлснийг ярианы өнгө аясаас нь анзаарч болно. Өөрөөр хэлбэл, Монгол улс төмөр замаа, тээврийн дэд бүтцээ хэтэрхий хангалтгүй ашиглаж байна гэсэн дүгнэлт хийв. Ашиглалтыг нэмэгдүүлэх, одоогийнхоосоо илүү гаргах, нөөц боломжинд нь тулгаж ажиллахыг тэр санууллаа.

Бидний бодитой гэж харж байгаа гэрээ, хэлэлцээрүүд ажил хэрэг болтол бага биш хугацаа зарцуулна. Хэн хэн нь шилжилтийн сорилтыг даван туулж, харилцааны нэг хэв шинжээсээ нөгөөд шилжин байрлаж байгаа. Ойлголцож итгэлцэх, түншлэх талаар хэн хэнд нь алдаа эндэл бий. Харин хэнд нь ч энэ алдаа эндлээ засаж залруулах эрмэлзэл байхгүй бол “ахан дүүгийн ган бат найрамдал”-ын тухай хаа эртийн үлгэр домгоос өөр юу ч үлдэхгүй болох вий.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл. №35 (238) 2014.09.08

http://toimsetguul.mn