“П.Шагдарсүрэн. Амьдралын хувь төөрөг (Дурсамж)” хэмээх энэ ном 2008 онд уншигчдын гарт очсон юмсан. Номын зохиогч нь маршал Х.Чойбалсангийн дэргэд ажиллаж явсан,  50 гаруй жилийн тэртээ Монголын төрд Гадаад хэргийн сайдаар  зүтгэж явсан, өмнөх нийгэмд энэ албыг хашсан түүхэн хоёрхон гэрчийн нэг нь гэдгийг бэлгэшээж би энэ бүтээлд хянан ариусгагчаар (редактор) ажиллаж хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг. Гэтэл номын зохиогч маань дөнгөж сая Монгол Улсын Баатар хэмээх эрхэм дээд цол хүртлээ. Халхын голын байлдааны баатрын номын хэсгээс хүргэе.

... 1938 оны сүүлчээс эх орны зүүн хязгаар улам түгшүүртэй болж, японы милитаристуудын түрэмгийлэх аюул нөмөрч байсан үед манай армид боловсрол, мэдлэгтэй дарга нар их үгүйлэгдэж байсан учир Бүх цэргийн жанжны тушаалаар төгсөх ангиудыг хугацаанаас нь өмнө төгсгөх болсон юм. Ингээд 1939 оны 2 дугаар сарын сүүлчээр бүх цэргийн жанжны орлогч, дивиз командлан захирагч буурал Дамба тэргүүтэй комисс шалгалт авч, 3 дугаар сарын 5-нд дүн гарган, Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсангийн томилолтын тушаалыг бидэнд уншиж сонсгов. Манай сургуулийг энэ удаа төгсөгчдөөс нэлээд хэдэн хүнийг цэргийн анги, нэгтгэлүүдэд дээд, ахлах тушаалын даргаар (өмнөх дарга, захирагч нарын ихэнхи нь хэлмэгджээ) шууд томилсон юм.



Миний бие Тамсагийн 6 дугаар морьт дивизийн 17 долдугаар морьт хорооны штабын даргаар томилогдон, 21-хэн настайдаа шууд ахмад цол хүртэж цэргийн дарга болох гэсэн өнийн мөрөөдөл минь ийнхүү биеллээ. Жил хагасын өмнөхөн хөдөөгийн шалдар банди би бээр цэрэг татлагын комисст царайчлан очиж, байлдагч сонсогч боллоо хэмээн хагартлаа баярлаж явсан маань өчигдөр мэт санагдавч эргээд бодох нээ бага дэслэгч, дэслэгч, ахлах дэслэгчийг алгасан шууд л сраз моёор гэдэг шиг ийм өндөрлөгт гэнэт хүрчихнэ чинээ санаж ч явсангүй.

Хүмүүс амьдралын замдаа янз янзаар л ордог байх. Өөрийн бодол өөрт зөв гэгчээр миний сонгосон зам талаар болоогүйд сэтгэл баясч явдаг. Эх орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалах хүндтэй үүргийг хүлээн авсан тэр мөчид залуу дарга бид нарын зориг бадарч, сэтгэл дүүрэн баяртай байв. Ерөнхий сургууль биднийг цэрэг, улс төрийн боловсрол, мэдлэг эзэмшүүлж, эх оронч үзэл, тэсвэр хатуужил, сахилга бат, зохион байгуулалт, дэг журамд сурган хүмүүжүүлсэн нь ажил дээр гарсан анхны мөчөөс л мэдрэгдэж байв.

Алс хязгаарт томилогдсон биднийг эцэг, эх, төрөл садантайгаа уулзахыг сургуулийн захирал зөвшөөрч, хувийн бэлтгэлээ хангаад, 3 дугаар сарын 8-ны өглөө 06.00 цагт сургууль дээрээ бэлэн байх үүрэг өгөв. Ингээд улаан цэргийн шинэхэн дарга би гэдэг хүн сургуулиа төгсгөж, цэргийн дарга болж, томилолт авсан баяртай мэдээгээ өвөө, эмээ хоёртоо сонсгохоор нэг их яарсан амьтан гэртээ гүйж хүрч билээ. Намайг сургуулиа төгсгөж шалгалт өгч байгаа хэл, мэдээ авсан эцэг, эх, эгч гурав минь ч хөдөөнөөс ирчихсэн байв. Тэд минь намайг сургуулиа амжилттай төгссөнд их баяртай байсан ч, дайн самуунтай цагт алс хязгаарт ажиллах томилолт авсанд сэтгэл зовсон байдал нь миний нүдэнд илхэн харагдаж байв.

Цаг үеийн байдал түгшүүртэй үед хал үзэж, хашир суугаагүй намайгаа алс хол газарт явж ажиллах болсонд тэд хайрлахдаа сэтгэл зовох нь аргагүй байсан нь мэдээж. Тэдэнтэйгээ уулзсан энэ мөч маш богинохон ч, хаа хаанаа эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан байхыг бэлгэдэн, сэтгэл зүрхнийхээ үгийг хэлцгээн тэд минь намайг алс хол, таньж мэдэхгүй газар ажиллаж, амьдрахдаа нөхөдтэйгөө эвтэй, нөхөрсөг, удирдах дарга нар, ахмад хүмүүсийг хүндэлж, тэдний үгийг сонсож, сэргэлэн цовоо, хийморьтой яваарай хэмээн сургамж, захиасаа хайрлаж хаа яваа газраасаа захидал бичиж байхыг хүсч билээ.

Ингээд л 1939 оны хавар Цэргийн ерөнхий сургууль төгсгөөд анхны томилолтоо авсан залуухан дарга нар очиж ажиллах зүүн хязгаарын анги, нэгтгэл рүүгээ яаравчлан хөдлөх болов. Бид хаврын урь орсон 3 дугаар сарын 8-ны өглөөний 6 цагт Ерөнхий сургуулийн өмнөх талбайд цугларч, автомашинаар алсын замд мордоход эцэг, эх, эгч гурав минь намайг үдэж гаргасан юм. Тэр үед нийслэлд такси байгаагүй тул хотын төвөөс Цэргийн ерөнхий сургууль хүртэл тэд минь миний хайрцаг савтай юмыг барилцан үүрийн гэгээнээр эртхэн гарч аахилсаар хүрэв. Тэнд бидэнд амжилт хүсч, аян замдаа сайн явахыг ерөөн цэргийн удирдах хүмүүс болон явж байгаа хүмүүсийн гэр бүл, төрөл садан, анд нөхөд цугларан үдэж мордуулсансан.

Тэдний дунд хайрт эцэг, эх, эгч гурав минь нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн намайгаа сайн яваарай гэж тэврэн үнсээд, ээж минь сүүн цацлаа өргөн үлдсэнсэн. Ингэж ямаан дах нөмрөн ачааны машинд сууж дайн самуунтай зүүн хязгаарыг зүглэв. Дөнгөж сургууль төгсөөд цол хэргэм хүртсэн бидний нас залуу, цус шингэн, сэтгэл санаа өндөр учир баяр хөөр болон хөгжилдөж, дуулсаар даарах, ядрахыг үл огоорон өдөржин, шөнөжин довтлогосоор Баянтүмэнд ирж, халуун хоол идэж, амарч хонов.

Тэнд 5 дугаар дивизийн байлдааны ангийн даргаар томилогдон очсон ангийн минь найз Г.Дорж, комиссар Тогтох, бусад дарга нартайгаа салах ёс гүйцэтгэн, цаашаа Тамсагбулаг орохоор маш эрт хөдлөв. Ингэж явахдаа бид эх нутгийнхаа зах нь үл харагдах зэрэглээ татсан уулс, далайн давалгаа мэт салхины аясаар халиуран сэвэлзэх сахлаг өвстэй Дорнодын алдарт Мэнэнгийн нүд алдам их талын үзэсгэлэнт байгаль, тэр их талд газар хөдлөх мэт шаргалтан язганах цагаан зээрийн түмэн сүрэг, өглөө эрт тэнгэр, газрын заагаас асар том алтан бөмбөлөг наран газар дороос гарах зэргийг үзээд гайхан биширч байж билээ...  



... Энэ байлдаанд эхнээс нь дуустал оролцож, дайны талбарт дарийн утаа үнэрлэж явсан ахмад дайчны хувьд, дайны үнэн байдал, монгол, зөвлөлтийн эрэлхэг дайчдын баатарлаг үйлс, тохиолдож байсан бэрхшээл, ялалтын талаар сэтгэлд үлдсэн үйл явдлын талаар дурсахгүй өнгөрөх аргагүй.

Дайны жинхэнэ үйл явдал өнөө үеийн манай хүмүүсийн кино, телевизийн дэлгэцэнд үздэгтэй зүйрлэх юм биш.

Ер нь дайсны сумны ширүүн мөндөр, бөмбөг, их бууны сумны дэлбэрэлтээс айхгүй хүн хэн байх вэ дээ. Гэвч амь өрссөн тулалдаанд тэр аюулыг хайхрахаа больдог юм билээ. Дайснаа дарж, дархан хилээ хамгаалахын төлөө монгол, зөвлөлтийн дайчид бид бүтэн 4 сар хувцас тайлалгүй зэр зэвсгээ мөрнөөс салгалгүй, нойр хоолоо хасан, өлсөж, цангахыг огоорон, наранд халж, бороонд цохиулахыг юман чинээ бодохгүй, тэсвэр хатуужилтай тулалдаж, гал, ус, элст манхныг хөндлөн гулд гатлан давшиж, хориглох үедээ амиа хамгаалах нуувч, суваг шуудуу ухаж, хөлс асгаруулсан их хүч, хөдөлмөр гарган ядрах, зүдрэхийг огтхон ч тоодоггүй байж билээ.

Ингэж явахад баярлах, харамсах мартагдашгүй олон юм сэтгэлд үлдсэн. Энэ хүнд үед бидний сэтгэлийг баясган зоригжуулж байсан чухал хүчин зүйлийн нэг нь найдвартай ар тал, манай нам, төр, ард түмэн байлдааны ялалтыг түргэтгэхийн тул цэргийн ангиудаа хоол хүнс, хувцас, зэвсэг, техник, агт морьдоор тасралтгүй хангаж, сэтгэл санааны халуун дэмжлэг үзүүлж байв. Нөгөө нь манай улсын тусгаар тогтнол, ард түмэнд тохиолдсон энэ аюулт хүнд үед туслахаар хүрэлцэн ирсэн анд зөвлөлтийн улаан армийн эрэлхэг дайчид бидэнтэй мөр зэрэгцэн дайсны эсрэг тэмцэж байсан. Байлдааны явцад манай дайчид гэр орноосоо захиа авах нь ховор ч, эх орны өнцөг булан бүрээс малчин, ажилчин, сэхээтэн, пионер сурагчдаас монгол, зөвлөлтийн дайчдад ялалт, амжилт хүсэж, тулалдаанд зоригжуулсан олон захидал, гарын бэлэг авдаг байв.

Аливаа тулалдаанд зэвсэг техникээ чадамгай сайн эзэмшсэн дайчин зориг, авхаалж самбаа, цэргийн эрдэм, мэдлэг, бүх шатны захирагч дарга нарын байлдах ур ухаан, авъяас туршлага л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм билээ.

Дайн тулалдааны аймшигт үнэнийг түүнд оролцсон дайчид л мэднэ. Тэд түр амсхийх зуур өөртөө болон нөхөддөө тохиолдсон сайн, муу юу болсон, юу харсан, яаж сандарсан, хэн эндсэн, дарга хэнийг сайшааж, хэнийг зэмэлсэн, хэнд гэр орон, эхнэр хүүхэд, болзоот бүсгүйгээс нь захиа ирсэн гэх мэт нарийн зүйл, алиа хошин яриаг хөгжөөн ташмагтай усаа хуваан балгаж, асаасан тамхиа ээлжлэн сорж суугаад хөөрөлддөгсөн. Энэ бол цэрэг эрсийн дайны үеийн үнэн амьдрал. Харамсалтай нь тэдний тийм сонин яриа, дурсамж их ховор үлджээ.

Дайнд оролцсон манай дайчдын сэтгэлээс гардаггүй хамгийн их бахархал, дурсамж бол хайрт эх орон, ард түмэнд минь аюул учрахад, туслахаар хүрэлцэн ирсэн зөвлөлтийн улаан армийн эрэлхэг дайчидтай хамт харийн дайсны эсрэг тулалдаж явахдаа бид тэдний үнэнч сайн нөхрийн өгөөмөр сэтгэл, хүнлэг, тусч чанар, баатарлаг зориг, хатуужлыг сэтгэл зүрхээрээ танин мэдсэн явдал. Энэ дайнаас бид бүгдэрээ эсэн мэнд буцаж ирээгүй ээ. Орос, монголын олон аав, ээжийн хайрт олон эрэлхэг хөвгүүд амь эрсэдсэнд би сэтгэлдээ үргэлж эмгэнэн гашуудаж явдаг. Тэдний минь баатарлаг үйлсийн гэгээн хөшөө, дурсгал монгол, зөвлөлтийн ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрч дээ. Манай ард түмэн тэдний их ач, гавъяаг үеийн үед хэзээ ч мартах ёсгүй. Энэ бол дайнд оролцсон цэрэг эрийн сэтгэл, хүндэтгэл.



Үүрийн туяаг хамгийн түрүүнд, үдшийн бүрэнхийг хамгийн сүүлд үздэг монголын дорнод хилийн үзэсгэлэнт сайхан байгаль, алдарт Хамар даваа, Халхын гол, Баянцагааны нуруу, Талын манхан миний сэтгэлд одоо ч тодхон байдаг. Цэргийн алба бол улс, эх орны тусгаар тогтнол, ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалах цэрэг эрийн төрийнхөө өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай ариун үүрэг юм гэдгийг тэнд би үзэж мэдсэн…