ДЭЛХИЙН ШИЛМЭЛ ДИЗАЙНЫ ТАЙЛАЛ


Дизайныг үзэхүй

Дизайн бол бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг билээ. Бидний гэр, ажил дээр байгаа бараг бүх зүйл цаанаа нарийн загвартай. Ширээ, камер, унадаг дугуй, компьютер юу ч байлаа гэсэн хэн нэгэн түүний хэрхэн харагдах, хэрхэн ажиллах, ямар материаллаар хийгдэхийг нарийн тооцоолж, ноорог зурж, төлөвлөж, үйлдвэрлэх зааварчилгааг нь өгсөн нь ойлгомжтой. Чухам ийм маягаар өнөөгийн бүх эд юм бүтээгддэг. Хүрээлсэн орчны маань хамгийн жижиг зүйлсийг хүртэл тодорхойлдог болохоор дизайнеруудыг манай гаригийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг хэсэг гэж үзэж болно.

Томоор үзэх бол зураг дээр дарна уу.


Томоор үзэх бол зураг дээр дарна уу.

Аж үйлдвэр хөгжихийн хамт XVIII, XIX зуунд дизайнерын мэргэжил алгуур хөгжсөн юм. Түүнээс өмнө хүмүүсийн хэрэгцээт зүйлсийг гар урчууд гараар хийдэг байлаа. Аж үйлдвэрийн хувьсгалын үеэр эд зүйлсийг үйлдвэрүүдэд бөөнөөр үйлдвэрлэдэг болсноор машинаар хэвлэх, зүсэх, угсрах, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах загварыг боловсруулахад дизайнеруудыг авч ажиллуулдаг болжээ. Дундаж давхарга улам хөгжиж, гэр орон, ажлын байраа тохижуулах тавилга, чийдэн, ширээний хэрэгслийг ихээр хүсэмжлэх болсноос XIX зууны сүүлээс үйлдвэрлэгч, дизайнерууд амжилттай түншилсэн нь өнөөг хүртэл үргэлжилж буй авай.

Зарим дизайнер анхандаа бөөний үйлдвэрлэлд таагүй хандаж байсан бол ихэнх нь үйлдвэрлэл хамгийн сүүлийн үеийн материал ашиглан, шинэлэг, хурдан аргаар үзэмжтэй, хэрэгцээтэй зүйлс бүтээх боломж өгч байгааг таатайяа хүлээн авсан юм. Загварлал, аж үйлдвэрлэлийн үр ашигтай хамтын ажиллагааны үр дүнд Петер Беренс АЭГ-д, Дитер Рамс Браунд  зориулан гайхалтай цахилгаан хэрэгслүүд зохиож өгсөн бол Мис Ван дер Роэгийн Барселона сандлаас өгсүүлээд Харри Бертойягийн Алмааз сандал; Ситроен ДС-ээс Мини тэргүүтэй аугаа автомашинууд ч бүтээгдсэн юм.

Загварыг харж мэдрэх нь хувийн мэдрэмж хэдий ч үүнийг өргөн дэлгэр мэдлэгээр баяжуулж болно. Хүн хэдий чинээ их мэднэ, хэдий чинээ тогтож нарийвчлан харна төдий чинээ ихийг ажиглаж, таашаадаг авай. Эл ном чамайг өнгөрсөн 150 жилийн хамгийн сод загваруудаар газарчлах ба XIX зууны Тонэтын матмал сандлаас сүүл үеийн Томас Хэдэрвик, Жонатан Айв, Филипп Старк нарын бүтээлүүдтэй танилцуулах болно. Ингэхдээ загвар бүрийн онцлогийг тогтон үзэж, ямар хэлбэр, материал, өнгө, аргачлал ашигласныг болон тэдгээрийн бүтсэн түүх, ямар хүмүүс бүтээснийг өгүүлэх болно. Сайн загварууд бидний эргэн тойрон дүүрэн бий. Тэд хэрхэн, яагаад бүтээгдсэн талаар илүү ихийг мэдэх нь бидэнд чухам юу зарим загварыг үнэхээр тэнгэрлэг болгодгийг үнэлэн, таашаахад туслах буй за.

Нэпко хэвлэлийн газар