Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тэмцэх амлалтынхаа анхны шалгуурын өмнө ирлээ.  Авлигатай тэмцэх газрынханд жараахай биш, тул барихыг  зөвлөдөг  Ерөнхийлөгч өөрөө “аварга  загас”  олж харчихаад дэгээ шидэх эсэхээ шийдэж ядан зогсч байна. Энэ нь УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилсан 76 тэрбум төгрөг.  Энэ мөнгийг урьдынх шиг  “гишүүдийн” гэж хуульчлаагүй ч, зориулалт нь тойргийнх.  Хоригоос зугтаалгаж, төсөв  захирагч нарын багцад тараан байршуулсан ч,  захиран зарцуулагчид нь УИХ-ын гишүүд. Хэчнээн хуульд нийцүүлсэн ч, нэг тэрбум төгрөгийг зарцуулах жагсаалтаа төсөв батлах өмнөх өдрийн хагас  шөнийн дотор гаргаж өгснөө гишүүд бахархан ярьж яваа. Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад  хуулийг гэртээ  заслаа гэж түүнийг  гэж буруутгадаг байлаа. Тэгвэл өнөөдрийн парламентын гишүүд хуулийг орондоо зохиодог болсны  жишээ энэ ажээ.

Анх арван саяас  эхэлж,  ноднин 500 сая төгрөг байсан тойргийн мөнгө энэ жил нэг тэрбум болж  нэмэгдсэн нь хяналт тавих үүрэгтэй УИХ-аа хахуульдах хэрэгцээ  шаардлага Засгийн газарт ийм хэмжээгээр хэрэгтэй болжээ л гэсэн үг. Төсвийг жил бүрийн арванхоёрудгаар сарын 1 гэхэд батлах учиртай.  Гишүүд эхлээд Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг баахан шүүмжилж, сунжруулж дээрх хугацаанд нь тулгадаг. Хууль батлах цаг хугацааны шахалтанд орсон Засгийн газар эцэст нь УИХ-ыг 76 тэрбум төгрөгөөр авлигадаж байж төсвөө батлуулдаг жишиг Монголын улстөрд тогтлоо. Ерөнхийдөө “УИХ-ын шантааж+ Засгийн газрын авлига=76 тэрбумтан” төрдөг болов. Сая ч яг энэ сценаараар явж гишүүд хагас шөнийн дотор л хууль батлах эрхээ 76 тэрбумын төгрөгийн авлига болгож чадав. Парламент өндөр хөгжсөн,  ёс зүйтэй оронд энийг эрх ашгийн зөрчил гэдэг. Харин манай парламентчид болохоор 76 тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргааг хагас шөнөдөө хийж, хугас өдрийн дотор хууль болгож чадсан хурдаараа бахархаж сууна.      

 Алдагдалгүй төсөв батлах учиртай гишүүд өөрсдөдөө мөнгө хуваарилснаар төсвийн орлогыг хагас шөнийн дотор 76 тэрбум төгрөгөөр дутаав. Төсөв батлах УИХ-ын гишүүний эрхээ өөртөө мөнгө хуваарилах давуу байдал болгосны балгаас гуравхан жишээ өгүүлье.

Өмнө нь нэг тойрог-нэг мандаттай байсан бол энэ удаагийн сонгууль олон мандаттай томсгосон тойрогт болсон. Гишүүдийнхээ тоогоор Булган, Говь-Алтай  аймаг тус бүр хоёр тэрбумыг авч байхад Хөвсгөл, Төв зэрэг аймгууд тус бүр дөрвөн тэрбумыг зарцуулах нь.  Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Тэр нь одоохондоо хүн амын тоогоор бус, засаг захиргааны нэгжийн системээр дамждаг.  Тойрог гэж засаг захиргаа байхгүй. Төсвийн ерөнхийлөгч нарын жагсаалт дотор УИХ-ын гишүүн гэдэг албан тушаал ч  байхгүй.

Гишүүдийн гаргаж өгсөн жагсаалт Монголын төрийн нэр хүндийг гутааж байна. Жишээ нь, Булганаас сонгогдсон хоёр гишүүн хоёулаа нэг суманд 100 сая төгрөгөөр худаг барина л гэнэ. Э.Мөнх-Очир гишүүн 250 сая төгрөгөөр эцэг малын үүлдэр сайжруулж, Л.Гүндалай гишүүн Хөвсгөл далайн эрэгт аялал жуулчлалын бааз байгуулах жагсаалт өгчээ. Зарим гишүүн тойргийнхоо төдөн өрхөд гэр олгоно гэж бичсэн байна. Энэ арай дэндэнэ ээ. Ингэж 76 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байхаар ганц сайхан боловсруулах үйлдвэр, эсвэл нэг сайн эмнэлэг  барьмаар. Бүр байг гэхэд гахайн ханиадны эсрэг  өндөр хөгжилтэй орнуудын илүүдлээс үнэгүй вакцин горьдож суухаар Монголдоо вакцин үйлдвэрлэх хөрнөгийг гаргаж өгч яагаад болдоггүй юм.

 Ерөнхийлөгчийн хоригоос зугтаалгаж, хуульд нийцүүлж байгаа нь энэ гээд 76 тэрбум төгрөгийг төсөв захирагч нарын багцад тараан байршуулсан нь бас л хэрүүл боллоо. Х.Тэмүүжин гишүүн 350 сая төгрөгийг хуулийн байгууллагуудын шинэчлэлд зориулах санал бичиж өгчээ. Гэтэл Сангийн яам, Төсвийн байнгын хорооныхон “Х.Тэмүүжин Баянгол дүүргээс сонгогдсон учраас” гээд түүний 350 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын багцад хийчихэж.  Би УИХ-ын гишүүн байж, бас өөрт ногдсон мөнгөө нийслэлийн Засаг даргаас гуйж авах болж байна уу. Тэгвэл би энэ авлигыг нь авахгүй гэж Х.Тэмүүжин гишүүн мэдэгдэж байна.  

Монгол Улс гадаад эх үүсвэрээс 1.5 их наяд төгрөг олж хямралыг давах төлөвлөгөө баталсан ч, энэ мөнгөө олсон үгүй, төлөвлөгөөний дагуу хийж байгаа ажил буй эсэх нь мэдэгддэггүй. Харин Олон улсын валютын сан 200 сая ам.долларын тусламж өгөхөө амалж хөтөлбөр хэрэгжүүлэн энэ мөнгөө цувруулан өгч байгаа. Хуваарь ёсоор бол энэ мөнгөний үлдэгдэл 92 сая ам.долларыг удахгүй Монгол Улсад өгөх учиртай. УИХ гишүүдэд 76 тэрбум төгрөг хуваарилсныг мэдсэн Олон улсын валютын сангийнхан төсөв баталсан эхний өдөр л Сангийн яамны удирдлагуудтай уулзсан байна. Тэд “хэрвээ улстөрийн авлигын шинжтэй энэ алдаагаа засахгүй бол үлдэж буй 92 сая ам.долларыг олгохгүй,  өмнө нь олгосон 100 гаруй сая ам.долларыг буцаан төлүүлж болзошгүй”-г Сангийн сайдад сануулж ч үзжээ.  Энэ бол УИХ-ын балаг. Гэнэт 76 тэрбумтан төрснөөс болж ОУВС хөтөлбөрөө зогсоож, Монгол Улс өрөнд ч ороход ойрхон байв. Гэвч Засгийн газар, Сангийн яамныхан энэ удаа ОУВС-гийнхныг аргалж  чадав. Харин “Зоос” банкийг хүндрэхэд тэд  ОУВС-гийнхныг зөөлрүүлж чадаагүй л юм даа. ОУВС-гийнхан “хэрвээ энэ банкаа дампууруулахгүй, бусад банкинд нэгтгэх замаар  хувийн хэвшилд өгвөл бид хөтөлбөрөө зогсооно” гэж мэдэгдэж байсан юм билээ. Эцэстээ тэдний шаардлагаар  “Зоос” банкийг дампууруулсан. ОУВС-гийнхны  зөвлөснөөр бүхэл бүтэн банк дампууруулж болсон юм чинь төсвөөс хулгайлсан 76 тэрбумыг буцааж эздэд нь /ард түмэнд / өгүүлэх харин ч буянтай  үйлс Ерөнхийлөгч өө. Дотооддоо 76 төсвийн тэрбумтантай байснаас олон улсын санхүүгийн байгууллагатай  хамтын ажиллагаатай, тэдэнд өргүй явсан нь дээр.                 

Иймд татвар төлөгчдийн мөнгийг шөнө хагасалж орондоо хуваасан хуйвалдаанд өгөх ганц хариу нь Ерөнхийлөгчийн хориг юм. Хэлбэр талаасаа яаж ч хуульд нийцүүлсэн бай, агуулга нь улстөрийн авлигын шинжтэй учраас ард түмнийхээ талд, сонгогдсон амлалтдаа үнэнч  зогсох эсэхийг Ерөнхийлөгчөөс хүлээж байна. УИХ хүлээж авах, үгүй нь хамаагүй, хориг тавь Ерөнхийлөгч өө, гоё харагдана. Хүссэн хүсээгүй хоригийг хэлэлцэх учраас хулгай нь баригдсан УИХ улам “гоё” харагдана.  

Хориг бол нэг талаас Ерөнхийлөгчийн эрх. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн биелүүлэх ёстой үүрэг. УИХ хүлээж авдаггүй юмаа гэхэд Төрийн тэргүүний хориг УИХ-ын үнэн нүүр царайг илчлэн баталгаажуулахад нэмэр болно.

Хүүхдүүд ярьдаг даа. Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгай  ч гэж.  Тэгвэл энэ парламентын гишүүдэд 1.5 сая төгрөг өгнө гэж хуурч сонгогдсон хулгайчийн шинж нь ч, анх 500 саяыг хумсалж байснаа гэнэт нэг тэрбум төгрөгт хүргэсэн хулгайчийн шинж нь ч байна. Сонгогдох гэж ард түмнээ хуурна, сонгогдсон хойноо ард түмнээсээ хулгайлна.

Ер нь сөрөг хүчний хяналтын үүргийг өөртөө авбал яасан юм  Ерөнхийлөгч өө. УИХ-д байх ёстой  сөрөг хүчин нь олонхидоо уусч, засагт хамтарчихлаа. Хамтарсан засаг  өөрийг нь хянах үүрэгтэй УИХ-аа 76 тэрбумаар авлигадчихлаа.  

Г.ОТГОНБАЯР