Сүйрлийн ирмэгт ч ирсэн юм байхгүй л дээ. Малын тоо 50 сая гараад явчихлаа, турж үхтэл хаа байсан юм! Ер нь бүх түүхийнхээ туршид монголчууд нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн гамшигтай учирч яваагүй. Тиймдээ ч хөгжих шаардлага гарч байгаагүй бололтой. Гэтэл жишээ нь XIII зуунд тахал гарч хүн амыг нь сүйтгэсний дараа л Англи улс хөгжлийн өөр замд орж дэвшилд хүрсэн гэх. Алив үндэстэн зовлон бэрхшээлд тулж арга тасарсан үедээ амьдралын өөр арга чарга хайн явсаар шинэ зөв зам олдог гэдэг.

Бидний өнөөгийн зовлон бол нэгэнт хүрсэн өндөрлөгөөсөө маш хурдтай эргэж унах гээд байгаад оршино. Социализмын үед нийт орлогынхоо 70 хувийг хүнээс зээлээд тарчиг ч гэсэн амьдарсаар ирсэн. Систем задран унасны дараа өөрийн жинхэнэ хөрсөн дээр унаж “дэлгүүрт давснаас өөр юмгүй”-д очсон. “Зах зээлийн өнөөгийн хүнд нөхцөл” гэгчид үнэндээ гуйлгаар л амьдарсан. Нийт орлогын 50 шахам хувийг Олон улсын санхүүнийн байгууллагууд, хандивлагч орнууд, хүмүүнлэгийн тусламжаар бүрдүүлж байв. 2000 он хүрч байж бид арай гэж нэг тэрбум долларын эдийн засагтай болов. Арван жилд хоёр дахин өсчихөөд байгаа нь энэ, гэхдээ хүнд ноогдох ДНБ дөнгөж 450 доллар буюу дэлхийн хамгийн доод үзүүлтэнд багтана. Гэхдээ энэ 10 жилд байгалийн баялаг илрүүлэх, ашиглах бэлтгэл сайн хийгдсэний дүнд хайгуулиар олон баялаг илэрсэн ба хуулийн тогтолцоо буй болгосны хүчинд түрүүчээсээ гадаадын хөрөнгө оруулагчид хаалгаар шагайж эхэлсэн юм.

2005 оноос ДНБ огцом өсч эхэллээ. Түүхий эдийн үнэ дэлхий даяар гэнэт өсч эхэлсний дүн болохоос бид гэнэт ажилсаг болчихсон хэрэг биш л дээ. Чухам ийм учраас түүхий эдийн үнээс хамаарсан гэнэтийн өсөлт бол төдийлөн сайн үзүүлэлт биш. Үнэ гэнэт унахад урдахаасаа хүнд байдалд орж хямардаг. 1973 оны газрын тосны гэнэтийн өсөлт ба хэдэн жилийн дараах үнийн уналт нефть олборлодог олон оронд тун ч муугаар төгссөн. Монголын эдийн засгийн чадвахи түүхий эдийн гэнэтийн өсөлтөөс шалтгаалан 5-7 жилийн дотор 10 дахин нэмэгдлээ. Нийт эдийн засаг нь 10 тэрбум долларын үзүүлэлттэй болсон нь хүнд ноогдох ДНБ-ийг дөрвөн мянгад хүргэн дэлхийн дундач орлоготой айл болгосон.

Гэнэтийн их мөнгө хараад нийгэм маань тэр чигтээ галзуурчихсан. Архинд голдуу үрэгдсэн дөрвөн тэрбум долларыг нам засаг ард түмнээ бодон хайрлаад бэлнээр нь тараачихсан нь үрэлгэн эдийн засгийн зөвхөн нэг тал нь. Төрийн зардал хүн аймаар нэмэгдэж, хэнд ч хэрэггүй, эсвэл огт ашиглаж чадахгүй асар их бараа үйлчилгээний гүйлгээ хийлээ. Дээр нь хэдэн мянгаараа байгуулагдсан Төрийн бус байгууллагын “эгэл баатруудаас” эхлээд төрийн удирдлага сайд дарга нараа хүртэл шинэ баяны цээж гарган ханхалзаж үзээгүйгээ үзэж үхэр цамаа харайж гарлаа. Эдийн засгийн өсөлтөөсөө давсан авилгын сүлжээ замаа алдсан.

Өнөөдөртөө Монголын эдийн засаг байгалийн баялаг дээр л тогтож байгаа. Нийт экспорт бараг л тэр чигээрээ байгалийн баялаг. Өөр гадагш нь гаргаж худалдах юм бидэнд өнөөдөртөө үгүй. Нэгэнт 10 тэрбум хүртлээ тэлсэн эдийн засагт урьд нь болгоод байсан ноолуур, жуулчлал, малын түүхий эд, үр тариа бараг л хувь эзлэхээ больжээ. Солонгорсон эдийн засагтай болохын тулд юун түрүүн асар их мөнгө хэрэгтэй. Бид эднээ хөгжүүлэх суурь тавьж болох байсан гэнэтийн их олзоо ам руугаа хийгээд жорлон руу асгачихсан шүү дээ. Цаана нь боловсрол, эрүүл мэнд гээд мөн л их мөнгө шаардсан салбар байна. Энэ мөнгийг өнөөдөртөө бид уул уурхайгаас өөр ямар ч салбараас босгож чадахгүй.

ДНБ-ий хэмжээ хурдтай буух нь аюултай үзэгдэл. Тогтмол 3-5 хувийг өсөлттэй эдийн засгийг эрүүл гэж үздэг. Гэтэл бид 17-оос 12 болсон ба энэ жилд 6-7, хойтон жил 3-4, тэгээд хасах руугаа орох прогнозтой байна. Төгрөгийн ханшийг барьж байх учиртай волютийн нөөц үнэн чанартаа тэглэж байгаа. Дутуу байшин бариад дуусгачихсан. Энэ зун баригдаж байгаа байшин сав бараг харагдаагүйг хүмүүс ажигласан л байх. Улсын төсөв их наядаар хотойтол дутах боллоо. Хувийн ба төрийн гадаад өр 20 тэрбум доллар руу дөхөж явна. Жижиг дунд гэхээсээ энэ улсыг чирч, төсөвийг нь бүрдүүлдэг том компаниуд хаалгаа барих дээрээ тулж байна. Экспортонд гарч буй түүхий эдүүд түрүүлж зээлээд хуваагаад идчихсэн өрөнд гарч байгаа. Импорт эрс багаслаа.

Алдаа бол алдаа, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд ашиггүй. Алдахад биш алдаагаа засаж чадахад л хамаг ухаан оршино. Сүүлийн арван жил төр хувааж барьсан хоёр нам одоо балраад ирэхээр биенээ буруутгах аянд мордлоо. Энэ хямрал бол хамтын бүтээл. Энэ хэрэгт манай жирийн иргэд ч оролцоотой. Нэхэж шаардан хомхойрч байснаас гадна төрийн эрх барих дээд байгууллагыг өвчтэй галзуу хүмүүсээр дүүргэсэн. Иймээс бурууг хэнээс ч эрэх шаардлагагүй, эзэд нь бид бүгдээрээ. Саяхан Японы шинжээчид манайд судалгаа хийж үзээд өнөөгийн хямралд юутай ч гаднаас нөлөөлсөн ямар ч хүчин зүйл алга, зөвхөн өөрсдөөсөө болсон байна гэсэн хариу гаргажээ.

Нэгэнт хямралын буруутан нь цөмөөрөө учир ялтныг хайн дэмий л хэрэлдэж байхаар гарах шинэ гарц бэдэрсэн нь дээр санагдана. Саяхан Хятадын дарга айлчлаад буцлаа. Мөнгө өгч аврах байх гэсэн горьдлогыг жолоочоос жолоодогч хүртэл цээжиндээ агуулав. Мөнгөний бараа хараад энэ дэлхийг хүртэл өшигчиж байсан гарууд маань номхорч юун хужаа хувхай, ах минь, найз минь, чи хөөрхөн шүү, авгай чинь бүр хөөрхөн болоод явсан даа. Си Зиньпин дарга олон гэрээ үзэглэснээс хамгийн чухал нь Монголд үйлдвэрлэсэн юуг ч худалдан авахад бэлнээ илэрхийлсэн явдал юм. Бэлэн мөнгө яахав дээ, ямаа идэхээс хойш ямар ялгаа байна! Гол нь Монголын өмнө зах зээлээ нээж өгөхөөр амаллаа. Монгол руу хандах гадаадын хөрөнгө оруулалтын хамаг гол сонирхол бол Хятадын хэмжээгүй аварга зах зээл. Хятадын зах зээлд Монголоор дамжин гарч чадна гэдэг ашигтай наймаа. Энэ нь Монгол улс эдийн засгаа сэргээх хамгийн том бололцоо.

Бид аманд гэнэт ороод ирсэн шар тосыг юм болгож чадах уу? Их л эргэлзээтэй. Улс төрийн өнөөгийн харьцаа хамгийн түрүүн гай болно. МАХН агсан хөөрхий дундуураа хоёр хуваагдаад тусдаа нам болох мөртөө аль алин нь хууль тогтоох байгууллагад хүчирхэг бүлэгтэй болоод авсан. МАН нэртэй болсон хэсэг нь ч даргын ба даргын бус гээд хоёр хуваагдчихсан байгаа. Төрийн эрх барилцаж байгаа МАХН нэрийг авагчид ч дотроо бөөн явдал. АН-ын хувьд чухам хэд хуваагдсаныг нарийн байтугай бүдүүнээр ч хэлэх бололцоогүй. Хамгийн хүчирхэг хэсэг нь намын даргын толгойлох бүлэг. Тэднийг унагах гэсэн бусад бүлгүүд түр нэгдэл байгуулаад бяраа үзэж байгаа. Хоёр оролдоод бүтээгүй, бурхан гурав гэсэн тоонд дуртай болохоор Намрын чуулганд хайнаа салгаж магадгүй л юм. Тэд МАН-ын даргын бүлгийг хүчин хавсруулахаар дуудаж байгаа. Харин АН-ын даргын бүлэг МАХН-аасаа салахгүй гэж гүрийж байгаа. Нүдний булай болсон эдийн засгийн алуурчин гэгдэх ганц хоёр сайдаасаа салж байгаад цааш үлдэх сонирхолтой. Түр зуурын л амьсгал даа. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр. Аль ч хувилбараар нь яваад унасан нь унагаасныгаа ажил хийлгэхгүй. Тийм хангалттай хүч аль алинд нь байгаа. 1919 онд яг ийм нөхцөл засагт үүсч, ноёдын ба шар лам нарын хагарал нь тэнцээд хэн нь ч дийлэхгүй болохоор нөгөө нэгэндээ төр бариулж байхаар автоном төрөө унагачихъя гэдэгтээ тулан Хятадаас цэрэг уралдан урьж тусгаар тогтнолоосоо татгалзаж байсан тохиолдол бий шүү дээ. Энэ талын хоёргүй нэг утгатай баримт хэдийнээ олдсон.

Ардчилсан төрд сөргөлдөх хүчнүүд хэт тэнцсэнээс болоод шийдвэр гаргаж чадахгүй мухардалд орж байсан тохиолдол олон бий. Бельгид хоёр хүчин яг тэнцчихээд Засгийн газаргүй жил гаруй болсон тохиолдол саяхных. Энэ ч яахав улс төрийн хямрал. Гэтэл дагалдаад эдийн засгийн хямрал болохоор сүйрлийн дохио болно. Ийм явдал саяхан Италид тохиов. Герег, Кипр, Испаний араас  Итали сөхөрч эхэлсэн. Берлескунийг хүүхэнтэй орооцолдсон хэргээр шүүхэд аваачиж өгсөн ч нам нь дарагдаггүй ээ. Шудрага сонгуулиар гарч ирсэн улс төрийн намыг яалтай нь билээ дээ. Ингээд улс төрийн бүх намууд хэлэлцэж байгаад улс төрөөс ангид мэргэжлийнхнээс бүрдсэн дундын Засгийн газрыг буй болголоо. Энэ нь цаашид үргэлж мөрдөх бололцоогүй зарчим ч хямралаас гарах түр зуурын сайн арга болохоо харуулсан. Ерөнхий сайдыг нь Сюпэр Марио гэж дуудах болов. Жилийн дотор мэргэжлийнхэн улс орныг эдийн засгийн хямралаас гаргаад эргүүлээд улс төрийнхэнд засгийн эрхийг нь буцааж өгсөн. Ийм аргыг урьд нь Финдланд болон Израилд хэрэглэж байжээ.

Хямралаас гарах үндэсний эвлэрэл зөвшлийг буй болгоод Засгийн газрыг хөндлөнгийн мэргэжлийнхний гарт түр хүлээлгэн өгөх энэ арга л өнөөгийн манай нийгэм улс төр эдийн засгийн хямралтай үед хамгийн сайн эм болох болов уу гэж санагдана. Нэг үеэ бодвол манай орон зах зээлийн эдийн засгийг ойлгодог мэдлэг мэргэжилтэй боловсон хүчний нөөцтэй болжээ. Мэдээж тэдэнд туршлага дутна, ялангуяа улс төрийн туршлага. Үүнийг улс төрөөс нэгэнт холдсон туршлага бүхий зангарагатай хуучин кадраар зангидуулан удирдуулж болно. Энхсайхан, Бат-Үүл, Дорлигжав, Ганболд гэсэн нэрс санаанд орж байна. Олонхийг АН бүрдүүлж байгаа учир нөгөө намуудаас хүн нэрлэсэнгүй. УИХ-аас ганц хүн л мэргэжлийн түр Засгийн газарт орох юм бол бусад нь барьцаад заваарч өгнө гэдгийг тооцож л санаанд юун түрүүг буусан нэрсийг жишээ болгов. Сайд нарыг мэдээж фракцууд дэвшүүлэх боловч хүний өөрийн гэхээсээ мэргэжил туршлагад нь тулгуурлана гэсэн зарчимд хүрэх ёстой. Голлох агентлаг болон төрийн өмчит компаний удирдлагыг Засгийн газар өөрөө шийдэж нэрлэнэ. Фракцууд Засгийн газрын шийдвэрт аль болох оролцохгүй ба бие биендээ хяналт тогтоон Засгийн газарт нөлөөлөх нөлөөллийг багасгана. Хоёр жилийн дотор эдийн засгийг сэргээн 2012 оны төвшинд нь аваачих ба Засгийн газарт орсон хэн нь ч цаашид улс төрийн карьер хөөцөлдөхгүй, сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн болзол тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгуулиар ард түмэндээ таалагдах гээд баахан популизм хийгээд хаячихана. Нохойн толгой ширээн дээр тогтохгүй гэгчээр бидний хамаг зовлон бол популизм болчихоод байна. Намуудын фракцууд ч нэгэнт Үндэсний зөвшилцөлд хүрэх юм бол мэргэжлийн Засгийн газрыг хууль эрхийн хүрээнд сайн дэмжинэ гэдгээ амлах ёстой. Эс чингэвээс бантан болж Засгийн газар юу ч хийж чадахгүй.

Жич: Хэдэн нэр хэлчихсэн биш, одоо энийг дагаад бөөн маргаан болж эцэст нь портуун дээр унах вий дээ.

2014.8.28 


Томоор үзэх бол зураг дээр дарна уу.