Муу үгийн ил нь дээр
Муу махны далд нь дээр
                        
Ардын үг

Өнгөрч буй долоо хоногийн нэг их анхаарал татсан сэдэв бол газрын тухай хуульд орсон манайд 180 хоносон гадны иргэн газрыг 60 жилээр цаашдаа 40 жилээр өмчилж болно гэсэн хуулийн төсөл, энэ тухай болон төмөр замын бодлогын тухай олон тв-гээр гарсан “100 чухал сэдэв” нэвтрүүлэг байлаа. Энэ нэвтрүүлэгт оролцож хөтөлсний дээр яг энэ үед Тайваны нийтлэлч Бо Ян хэмээх хүний бичсэн “Муухай Хятад хүн” номыг уншиж барахтай давхацсан тул холбоод хэдэн үг хэлмээр санагдав.

Фэйсбүүкээр зарим хүн “Таныг захиалгат нэвтрүүлэг хийх хэмжээнээс том хүн гэж боддог байлаа…” гэж харамсан бичжээ.

Захиалгат нэвтрүүлгийн тухайд бол одоо ер нь захиалгагүй нэвтрүүлэг нийтлэл гэж байдаг юм уу гэж хариу асуумаар санагдлаа.

Анх социализм байхад бүх нэвтрүүлэг, нийтлэл төр засгийн захиалгатай байсан төдийгүй уран зохиол, кино урлаг, тэр ч бүү хэл “Хүн бүр бага балчраасаа туйлын арвич хямгач…” гэсэн шүлэгтэй дуу хүртэл захиалгаар л хийж байлаа шүү дээ.

Мөнөөх л 1990 оноос захиалга алга болсон гэх ч одоо болтол ямар ч захиалгагүй юм хийсээр байна гэж эндүүрч болохгүй. “Урт цагаан”-д байсан хувцас захиалга алга болсон байж мэднээ. Харин өдөр бүр шахуу нэмэгдээд байгаа энэ олон телевиз, сонин, сайтууд хэвлэл мэдээллийн хэрэгслийн ихэнх нь ямар нэг компанийн эзэд, эсвэл улстөрчдийн мэдэлд бөгөөд тэдний шууд болон шууд биш захиалгаар бүтэж байгаа шүү дээ.

Хэвлэл мэдээлэл угаасаа нийгмийн захиалгыг биелүүлдэг бөгөөд сэтгүүлч гэх хүн нийгмийн, олон нийтийн захиалгаар л юм бичих нэвтрүүлэг хийх бүр үүрэгтэй билээ.

Захиалга гэдэг бол эрэлт хэрэгцээ юм. Үндэсний аюултай байдал үүсэж байна, их гүрний бодлогыг бид тосож гүйж эхэллээ, их гүрнүүдийн гео-политик гэж ийм юм байдаг юм байна гэсэн санаа бүхий дээрхи нэвтрүүлэг бол жинхэнээсээ нийгмийн захиалгаар гарч ирж байгаа болоод л ийм их эрэлттэй байгаа хэрэг.

Ер нь манайд 300-гаад студи байдаг гэсэн. Захиалга олж чадахгүй бол өөрсдөө дампуурдаг “жижиг дунд үйлдвэрлэгчид” шүү дээ. Энэ олон телевиз ч ялгаагүй олон түмний захиалгыг л биелүүлж яваа бүтээлчид бөлгөө.

Бас зарим хүмүүс хүн мундсан биш Гопиминь овогтой эрлийз хүнээр хөтлүүлдэг нь яаж байгаа юм гэж их асууж байна. Энэ гогцоо дараагийн дугааруудаар тайлагдана. Олон хүн мартсан байх 17 чингэлэг спиртийн хэрэг гэгчид намайг, яруу найрагч Б.Галсансүх, их хурлын гишүүн Х.Баттулга биднийг яаж гүйцэтгэх ажлын шугамаар буюу цагдаагийн шууд оролцоотой зориуд шоронгийн хоригдлыг телевизийн эфир рүү архи уулган, хутга бариулан оруулаад хуурцаг хулгайлуулж шуугиан дэгдээгээд маргааш өглөө нь гэрээс минь баривчлан 3 сар мөрдөнд хорьж бидэнд ял тулгах гэж оролдсон ч эцэстээ жүжигчин Түвшинхүүгийн найз гэж яриад байсан ялтан залуугийн зургийг тэрээр хараад би ийм хүн огт танихгүй гэснээр бүх юм эргэж шүүхээр цагаадсан тухай яриа байсан билээ. Би тэгэхэд дэлхийн наадмуудаас шагнал хүртэж байсан ч нутагтаа бол хилс хэргээр мөрдөнд сууж байсан билээ.

Тэр хэрэг явдалтай шууд холбоотой Го овогт Бадарч Х.Баттулга гишүүнээс уучлал гуйж байгаагаар нэвтрүүлэг эхэлсэн. Энэ тухай хожим өгүүлэх тул эс өгүүлэн өгүүлэхэд; “Муухай Хятад хүн” номонд жантай гангийн соёл гэж ямаршуу юм байдаг талаар дурджээ. Бээжин нугас идэхэд хажууд нь дагалдаж нунжгай жан ирдэг. Шар мөрний урсгал шиг чөлөөтэй урсдаг бус урсах аргагүй тогтоол ус шиг болсны дээр уурших хэрээр улам өтгөрч булингартах мөртлөө бүр тэр нь алсдаа өтдөг нь Хятад хүний мөн чанар, өмнөх үйлийн үр гэж бичсэн өгүүлэл тэр номд байх ажээ.

Хятад улстай манай улс түүхийн олон мянган жилийн турш тэмцэлтэй явсан учраас төрд очиж байгаа хүн заавал 3 үеийн түүхээ мэдүүлдэг “Хар хайрцагны” бодлоготой байжээ.

Тэр ч бүү хэл Хятадтай маш таарамжгүй хүйтэн дайны үед ч манайд Хятад сургууль гэж байсан ч Монголд төрж өссөн хятад хүүхдүүд 8-р анги л төгсдөг бөгөөд 10 жил дүүргэдэггүй, их дээд сургуульд элсэж орох боломж олгодоггүй байж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эрлийз хүн бусадтайгаа адил амьдрах эрхтэй ч цэвэр Монгол хүн шиг төрд зүтгэж болохгүй л гэсэн үг. Тэднийг гуталчин, шаварчин болоход хэн ч саад хийхгүй ч дээд боловсрол олж аваад төрд зүтгэхийг хорьж байсан болоод тэд ТМС-д л орох хувьтай байсан гэсэн үг.

Энэ бүх бодлого магадгүй бүр Их засаг хуулиас ч улбаатай байж мэднэ.

1253 онд Монголд ирж байсан Гильом де Рубрукийн тэмдэглэлд ч Их хуралдай хийх үед нэг ч гадны зочинг оруулдаггүй, ихэс дээдэс тусгай хаалгаар ордог, эхнэр хүүхнүүд эхний өдөр ногоон, дараа өдөр цагаан гэх мэт өдөр бүр дээлээ сольж өмсөнө. Мөнх хааны морь гадаа байхыг олж харах завшаан олдов. Алтан эмээл хазаартай юм гэх мэтээр бичсэн байдаг.

Харин 1990 оноос хойш энэ бүх хар хайрцагны бодлого бүрэн алдагдаж түүнийг нь хянадаг байсан НАХЯам бараг л хамгийн их бодлогоо, чигүүргээ, даргаа, нэр хаягаа сольсон газар болж хувирсан. Ийм байдал даамжирсаар өнөөдөр Оюутолгойн гэрээг зурсан 3 Их хурлын эрхэм гишүүд эрлийз байнаа гэж нэвтрүүлэгт дурдсан нь хүн эцэг эхээ сонгодоггүй ч бас ч гэж өнөөх “хар хайрцагны бодлого” байхгүй болсныг үзүүлсэн төдийгүй мөнөөх Го овогт Бадарч ч бас өмнө нь биднийг баллах, гүтгэх ажилд толгойлон оролцож явсан ч буруугаа хүлээж уучлал гуйж эвлэрч байгааг харуулах гэсэн найруулагч Б.Баатарын шийдэл байлаа.

Хятад улс бол бидний мөнхийн хөрш билээ. Энд тэр улсын эсрэг зүгт хандсан зүйлс ярихаасаа илүүтэйгээр бид өөрсдөө “жантай ган руу” тосож орох гээд байгааг эрт эдүгээгийн түүхэн үнэнд тулгуурлан тайлбарлаж ийм юм хийгээд байгаа “Муухай Монгол хүмүүсийн” тухай л өгүүлэх гэж оролдсоноос өмнөд хөрштэйгээ цус холилдсоныг буруутгах гэсэнгүйн дээр мөнхийн хөршөө ч муулах санаа байсангүй.

Харин ч энэ нэвтрүүлэг хийгээд олон түмний эсэргүүцэл шуугиан нөлөөлж өнөөх газрын хууль эргэн татагдлаа.

“Муухай хятад хүн” зохиолд Хятад улс хоорондоо эвгүй “Шуудайд хийсэн элс мэт” нэг саванд байгаа ч гоожихдоо маш  амархан тухай онцолжээ. Тэгвэл манай ардын үгэнд бүр “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” хэмээдэг.

Эрт цагаасаа ч бид ийм л байсан болоод өөрөө өөрсдөө Манжийн “жантай ганд” унаж живсэн түүхтэй.

Ноён хутагт Данзанравжаа Монгол хүний тухай “Саваагүй нялх хүүхэд самуун үгт гайхал хоёрын яриа” зохиолдоо эрт цагт ингэж өгүүлсэн байдаг:

“Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй
Омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээнэ...
Эв нь өндөг мэт хэврэг
Хэрүүлч нь цаасан буу мэт яйралдах
Хяналгүй нь суман могой харвах мэт
Аргадвал тэр даруй нялхас мэт баярлах
Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгалдах
Алдахдаа дээрэмд дайрагдсан мэт алдаад
Гайгүй хямд наймаа болов хэмээн чалчилцах
Аашлах нь олон зантай албин мэт
Анхандаа бэрээ мэт цохилох
Завсартаа тугалган жад мэт шантрах
Гуйрамч болбол дайсны боолд зарагдах
Баяжих цагтаа лам бурханд ч бардамнах
Өтлөхийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох
Үхэхийг мэдэхгүй яваад егүүтэх цагтаа балрах
Хуралд дуртай нь цөөн, хулгайд дуртай нь олон
Гаслах нь тэмээ буйлах мэт үргэлж
Дарвихдаа дарь хүхэр мэт авалцах
Буцан тусах нь олон, бяраа мэдэхгүй хаан шиг загнах
Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах
Санаа нь юм бүрийг чадах
Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй
Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах
Гэнэдэхдээ бааст гараар хэрэм цохиод үмхэхийн үлгэр болох"
гэжээ.

Энэ тухай л баримтат киноны хэлээр нэвтрүүлэг хийснийг мэргэн үзэгчид тунгаах буй за.

“Захиалгат” нэвтрүүлэг буюу жантай ганд унах хүслийн тухай цухас тайлбарлахад ийм буюу.

          
                        2014 оны 6 сарын 20