Тоотой тоглоомын тоогүй тавилан
Шинэчлэлийн Засгийн газар шахаанаас түр амсхийх 100 хоногоо УИХ-аас авлаа. Хаврын чуулганы хугацааг парламент тэдэнд өгч байна. Ямартай ч Засгийн газар наадамтай золгоно. Энэ хугацаанд чухам юу хийх нь олны анхааралд хамгийн ихээр өртөж байгаа. Үр дүн нь тодорхойгүй, шалгуур байхгүй 23 ажлыг хийснээр эдийн засаг эрчимжинэ гэж сайд нар өөрсдөө ч тооцсон, УИХ ч тэдэнд итгэл үзүүлсэн.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн тайлж байгаагаар түүний тэргүүлж буй яамны түшмэд “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. Bloomberg-т цахилгаан шуудангаар өгсөн мэдээллээс нь үзвэл Шинэчлэлийн Засгийн газар Хонгконгийн Морин уралдааны клубт санал тавьж, зөвшөөрөл авна. Зун 50 гаруй хүнийг тус улсад сургалтад хамруулах, Хөшигтийн хөндийд баригдаж байгаа нисэх онгоцны буудлын урдхан талд, нийслэлээс 54 км-т орчин үеийн, багтаамж сайтай морин тойруулга барихаар аль хэдийнэ төлөвлөчихсөн байна. Эдний яаман дээр боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа бас нэг хуулийн төсөл бол “Онлайн мөрийтэй тоглоом, лоттерейн тухай” юм.
Эдийн засгийг эрчимжүүлэх, үндсэндээ бараг элгээрээ хэвтчихсэн байгааг босгох зорилготой арга хэмжээнүүдийнхээ хүрээнд энэ асуудлыг оруулж буй нь Засгийн газрыг аргаа барж байна уу гэмээр харагдуулж буй. Алт, зэс зэрэг цөөн тооны эрдсийн бүтээгдэхүүний үнэ ханш, эрэлт нийлүүлэлтээс хэт хамааралтай эдийн засгийг юугаар ч хамаагүй төрөлжүүлж, солонгоруулах гэсэн хүчир оролдлого гэж дүгнэхээр. 2011 онд 14.3 хувиар цойлж байсан манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хоёр жил дараалан буурч өнгөрсөн онд 11.7 хувь болсон. Он гарсаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар буурч, экспорт танагдан, нөхцөл байдал улам дордож, албан бус мэдээгээр 200 гаруй аж ахуйн нэгж үүдээ барьсан тухай ам дамжин ярьж буй. Ам.долларын ханш 1807 төгрөгт хүрч, цааш тасралтгүй өгсөж явна. Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В+-аас ВВ- болгон бууруулж, харин богино хугацааныхыг В гэж тогтоолоо. Засгийн газрын үрэлгэн байдал, төсвөөс гадуурх мөнгөний урсгал, гадаад өрийн дарамт зэргийг нэн даруй цэгцлэхгүй бол доройтол улам гүнзгийрч мэдэхийг олон улсын байгууллагууд, шинжээч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа.
“Азийн ханиад” гэж албан ёсоор түүхэнд тэмдэглэсэн санхүүгийн хямрал Зүүн Өмнөд азийн бүхэлд нь намагт шигтгээд зогсохгүй Японоор дамжин АНУ-д хүртэл нөлөөлсөн юм. 1997 оны хоёрдугаар хагасаас эхлэсэн энэ хямрал дэлхийн зах зээлийг бүхэлд нь донсолгож, биржүүд дээр эрдэс түүхий эдийн үнэ ханшийг унагаснаар “ханиад хүрэхгүй” байгаадаа ичингүйрэн, “орчлонгоос тасарсан буйд мухрын булайгууд” гэхчлэн өөрсдийгөө зүхэцгээж суусан манай улсад нөлөөлөл мэдрэгдэж эхэлсэн. 1998 онд зэс, алтны үнэ шалан дээр тэрий хадан хэвтлээ. “Саалийн үнээ” гэж нэрлэж заншчихаад байсан Эрдэнэт үйлдвэр төсвийн татаасаар арай ядан ажиллах боллоо. Өнөө “Өмнөговийг япончуудад түрээслэе” гэсэн “домогт” санаачилга чинь энэ үеийн юм шүү дээ. Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгаа солонгоруулах арга хайж байгаа шиг тэр үеийн төр, засаг басхүү олон талын бололцоог эрэлхийлж байсны нэг нь казино байлаа.
УИХ дахь АН-ын гишүүд болох Д.Баттулга, С.Батчулуун, Д.Энхбаатар нарын санаачилсан Казиногийн тухай хууль батлагдав. Гэхдээ мөрдөгдөж эхлэлгүйгээр шахуу хүчингүй болж, санаачлан батлуулсан гишүүд нь гадны компаний лоббид автсан, авилга хээл хахууль авсан гэх үндэслэлүүдээр сэжиглэгдэн, дархан бүрэн эрхээ хураалган байж шалгуулсны эцэст татвар төлөөгүй гэдэг ч билүү, нэг тийм яль шальгүй зүйлээр гэмт хэрэгтнүүд болцгоосон юм. Монголын хууль тогтоох дээд байгууллага бүрэн эрхт гишүүдээ шорон руу илгээсэн энэ онцгой бөгөөд цорын ганц тохиолдол Казиногийн хуультай холбогддог.
“Морин хуур” төслийнхөнтэй Хан-Уул дүүргийн Засаг дарга байхаасаа нэр холбогдсон Д.Загджав 2008 онд УИХ-ын гишүүн болж, 2010 онд тэр үеийн МАХН-ын Ж.Энхбаяр, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Р.Буд, АН-ын Кекюшүзан Д.Батбаяр, Батж. Батбаяр, Г.Баярсайхан, бие даагч З.Алтай нартай хамтран Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв. Энэ үед гишүүд ийм хууль батлах сэтгэлзүйн үндэс суурь бүрдээгүй байсан гэж хэлж болно. “Манайхан казиногоос айдаг” гэх өнөөдрийн эшлэлүүд чухам энэ үеийн сэтгэлзүйтэй холбоотой. Хууль батлах гэсэн үүнээс өмнөх оролдлогууд бүгд гадныхны түлхээс, лоббигоор хийгдсэн гэгдэх нэр хүндийн хир буртаг Д.Загджав тэргүүтнүүдийг цаагуураа айлгаж байсан байж мэдэх юм. Нухацтай судлах хэрэгтэй, сайн, муу үр дагаваруудыг нарийвчлан тооцож, сайтар шүүн хэлэлцэх хэрэгтэй гэсэн “зүйлчлэлээр” уг төслийг цаг хугацаанд үлдээсэн юм.
Хэдийгээр Засгийн газар 100 хоногт хийх ажлынхаа төлөвлөгөөнд казино байгуулах тухай цогц ажил тусгаагүй ч “зугаа цэнгэлийн төв” байгуулах санаачилгатай нь уялдан боссон энэ тухай сэдэв хэсэгтээ өрнөн, хууль санаачлах хэмжээнд хүрэхийг ч үгүйсгэхгүй. Хэрэзээ тэгж гэмээнэ эсэргүүцэхээсээ илүүтэй дэмжих хандлага улстөрчдийн дотор ч, олон нийтийн дунд ч давамгай байна.
...Үнэн л дээ, казино баялаг бүтээдэг салбар биш. Бидний төсөөлж байгаагаас ч их хэмжээний хөрөнгө мөнгө бүртгэл, хяналтгүй эргэлдэж болзошгүй ч эрх зүйн чамбай зохицуулалтаар энэ мэтийг шийдчих боломж бий. Монголчууд орохыг хориглох, иргэдийг огцом ядуурч үгүйрэхээс сэрэмжлэх, тодорхой бүс, хязгаарын дотор үйл ажиллагааг нь хяналттай явуулах, улсын төсвийн хөрөнгийг завшиж, луйвардах нүх сүвийг хаах зэргийг нягт нямбай зохион байгуулж чадвал айж цэрвээд байх зүйл байхгүй. Сөрөг үр дагавар гэж зарим хүмүүсийн нэрлээд, казинотой нааж хамаатуулаад байгаа хар тамхи, биеэ үнэлэлт, зэвсгийн наймаа, гэмт хэрэг, хуурамч мөнгө, танхайрал гэхчлэнгийн хууль бус үйлдлүүд гарахаа хүрвэл казинотой казиногүй л гарна.
Оргио
Бас нэг санал
Казиногоор дутаж байна хөөе
Судлаач
Agi
Судлаач
Судлаач
Судлаач
unshigch
zochin
zochin
Энхболдбаатар хэмээх 3-н нэртэй залууд
Modun
Зочин
huurkhii
unshigch
Хахаха
Хахаха
Хахаха
Зочин
Зочин
mongolzuu
Зочин
Адар