Монгол Улсын харилцаа холбооны салбарын түүх, танин мэдэхүйн цоморлиг, орчин цагийн ном хэвлэлийн альманахын стандартаар анх удаагаа хэвлэгдэн гарч байна. Энэ бүтээл бол НЭПКО хэвлэлийн газар National geographic-тай хамтран хэрэгжүүлж буй Монголын түүхийн альманахуудын нэг юм. Үүнээс өмнө Монголын улс төр, соёл, банк санхүүгийн салбар, эдийн засгийн альманах бүтээгдсэн юм.

Хүн төрөлхтний харилцаа, холбооны түүхийг Монголын их гүрэнтэй холболгүйгээр бичих аргагүй юм. Ийм учраас Монголын харилцаа холбооны салбарын он дарааллын зурагт түүхийг бүтээхдээ Ази-Европыг холбосон “Морин өртөө” буюу дэлхийн анхны тив хоорондын шуудан холбооны системээс эхлэн өгүүлсэн болно. 

Техник технологийн хувьсал, дэвшил нь хүн төрөлхтний мэдлэг оюуны тусгал учраас радио болон утсан холбоо, өрнөдийн маягтай шуудан түгээлтийн системийн үүх түүхийг мөн дурдан орууллаа. XIX зууны сүүлчээс тал нутагт утсан болон радио холбооны мөр гарсан байдаг. Манж Чин гүрний эрхшээлд байх үед монгол хэлнээ нэвтэрсэн харилцаа холбооны нэр томьёо социалист утга зохиолд найргийн мөр, зохиолын хэллэг болон “Уушаан Дэнгийн эрээн багана, Удаан жилийн хэдэн барилга”(Р.Чойном), “Төмөр утас цохих”гэхчлэнгээр үлджээ. Уушаан дэн гэдэг нь Хүрээнд байсан Хятадын цахилгаан мэдээний газрын цамхагийн нэр юм.

ХХ зуунд Монгол орны өнцөг булан бүрд холбооны шугам татагдан, аймаг, сумын төвүүд нийслэлтэйгээ холбогдсоныг бид мэднэ. Саяхныг хүртэл манай бүхий л суурин газруудын хооронд татаастай байсан “төмөр утасны шон” буюу холбооны шугамын энэ түүхийг бахдан өгүүлсэн “өртөөнөөс Орбит хүртэл” хэмээх зурагт хуудас, постер нэлээд түгсэн байдаг. Харин энэ үеэс монгол хэлнээ орж ирсэн, радио, шугамын радио, Орбит станц гэхчлэнгийн хэллэг, Төв шуудан, холбооны салбар, ярианы захиалга, шугам гэмтэлтэй гэхчлэнгийн шинэ үг, холбооны залгагч, мончоор, холбоочны мэргэжил гээд олон арван ойлголт, хэдэн зуун үг хэллэг бий. Эдгээр шинэ үг хэллэг нь ХХ зууны Монгол оронд харилцаа холбооны шинэ технологи хаанаас, хэрхэн орж ирснийг хэлээд өгнө.

Харин шинэ мянганы заагаар Монгол нутаг үүрэн холбоо, интернэтийн хамгийн идэвхтэй хэрэглэгч, хөгжингүй зах зээл болон хувирлаа. Гар утас, интернэт, фэйсбүүк, чаатлах зэрэг хөдөөгийн малчдын ерийн хэрэглээ болов.

Монгол морины хурдаараа давхиж хүрэх боломжтой газар буюу хоорондоо 30 орчим километр зайтай байгуулагдсан станцуудаар дамжуулан шуудан мэдээлэл хүргэх арга анх сэдсэн үеэс хойш өдийг хүртэлх цаг хугацааны шугамын дагуу өгүүлэх бидний түүх олон арван баримт, баримтат зургаар гэрчлүүлсэн болно.

Альманах буюу зурагт түүхийн утга нь цаг хугацааны эрэмбэд оруулж, баримтаар баяжуулсан шастир төдийгүй, эрдэм боловсрол түгээсэн танин мэдэхүйн хэвлэл бүтээхэд байдаг. Ийм учраас танд толилуулан буй энэ бүтээл болбоос жирийн уншигчаас эхлээд түүх сонирхогчид зориулсан шинжлэх ухааны танин мэдэхүйн туурвил болно. Улмаар харилцаа холбооны чиглэлээр суралцагч оюутнууд, салбарын түүх судлаачдад зориулсан бүтээл ч бас мөн юм.

Монголын улс төр, нийгэм, соёлын бүхий л салбарыг хамран өгүүлэх дараа дараагийн цувралаар эргэн уулзах ерөөл тавья!


НЭПКО хэвлэлийн газар