Энэ хавар УИХ, Засгийн газар ард түмнийхээ төлөө юу хийж бүтээв
Одоо УИХ, Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулах ганц ажил бол долларын ханшийн өсөлт байна. Яг энэ цаг дор 1828 төгрөг болж дээш өгссөөр байгаа ам.долларын ханшийг хэрхэн барих, буулгах дээр онцгой төвлөрөх цаг нэгэнт болжээ. Үнэндээ ам.долларын ханшийн өсөлт энэ төр засгийн бүх ажлыг үгүй хийж, үнэ цэнгүй болгож байна.
Бас нэг гэгээтэй мэдээлэл түгсэн нь ирэх зургадугаар сараас хилийн үнэ нь 900 ам.доллараар үнэлэгдсэн шатахуун манай улсад орж ирнэ. Одоо шатахууны хилийн үнэ 1100 орчим ам.доллараар үнэлэгдэж байгаа нь 900 ам.доллар болж буусан юм. Манай улсын шатахуун импортлогч компаниудын ихэнх нь буюу 10 гаруй байгууллага “Роснефть”-ээс бүтээгдэхүүнээ авдаг. 1400, 1200, 1100 ам.доллар гэх мэтээр буурсаар одоо шатахууны хилийн үнэ гурван оронтой тоо руу орлоо. Ингэж шатахууны хилийн үнэ буурсан учраас зургадугаар сараас дотоодод худалдаалагдах шатахууны жижиглэнгийн үнэ бууна гэсэн ойлголт хүн бүрийн сэтгэлд гэгээ татуулав. Гэтэл албаны хүний хариулт урамгүй байна. Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгийн мэдэгдсэнээр “Роснефтийн манайд нийлүүлэх үнэ 1100-аас 900 ам.доллар болж бууснаар дотоод дахь жижиглэнгийн үнэ тонн тутамдаа одоогийн байгаа үнээс 40-70 орчим ам.доллараар буух боломжтой. Ингэж шатахууны үнэ буух нөхцөлийг бүрдүүлсэн ч өөр нэг том хүчин зүйл нөлөөлсөн нь ам.долларын ханш юм. Долларын ханш Роснефть-тэй өнгөрсөн сард хэлцэл хийж байх үед 1750 орчим төгрөгтэй тэнцэж байлаа. Гэтэл одоо 1820 төгрөг болчихсон болохоор 40-70 ам.доллараар буулгах боломжийг хааж байна. Тийм болохоор өнөөдөр долларын ханш энэ байдлаараа байвал шатахууны жижиглэнгийн үнэ буух боломжгүй юм” гэв. Ийм л юм бол Оросоос нефть бүтээгдэхүүний үнийг хөнгөлсний ашиг тус гэж юу байгаа юм бэ. Монголын ард түмэнд хүртэх үр дүн гэж өчүүхэн ч байхгүй байна. Эхэнд хэлснээр УИХ, Засгийн газар нь доллартайгаа л ноцолдохгүй бол хилийн цаадах үнийг хичнээн хямдруулж, буурууллаа ч дотоод дахь ам.долларын тэнгэрт тулсан ханш хэрэглэгчдэд нар үзүүлэхгүй юм байна. Одоо эдийн засагт хийж байгаа эцсийн амь тариа болох “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-т найдах л юм биз дээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлого үр дүнтэй явагдаж, ам.долларын ханш доошилбол олон зүйл дээр эерэг хариу гарна. Ам.долларын ханшаа хэрхэн буулгах дээр голлон анхаарч, Төмөр зам, дэд бүтцээс эхлээд баялгаа дэлхийн зах зээлд хурдан хүргэх ажлаа урагшлуулахгүй бол бид боломжоо алдана. Таван жилийн дараа Монголын нүүрс үнс болж мэднэ. Оюу толгой бол онцгой анхаарах эдийн засаг. Хэрэвзээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт товлогдсон ёсоор есдүгээр сард орж ирэхгүй бол Монгол Улс долларын хамаг нөөцөө шавхахад хүрнэ гэсэн эдийн засагчдын тооцоо байна. Хууль тогтоомж, бодлогын тогтвортой бус байдлаас болоод эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал 55 хувиар татарчихаад байна шүү дээ. Дээр нь V цахилгаан станц, “Сайншандын аж үйлдвэрийн парк”... гэхчлэн том бүтээн байгуулалтууд хаачив. Бондоос үлдсэн гэх нэг их наяд төгрөг хаана байна, юунд зарцуулах гэж байна. Бас л баахан вакуум цонхны үйлдвэрт үү. Эцсийн дүндээ ард түмний амьдрал дээшлэхгүй байгаатай л Засгийн газар эвлэрэх ёстой.
УИХ юу хийв. Хаврын чуулганы хугацаа талдаа орсон хэдий ч эдийн засагт чухал хуулиуд урагшаа явсангүй. Нэн түрүүнд шаардлагатай цариг, хайгуулын лицензийн хоригийг чөлөөлөх гээд улс орны хөгжилд хэрэгтэй хуулиудыг баталснаар гадаад зах зээл өргөжин тэлэх боломж байсаар байгаа. Гэтэл энэ Их хурал гэж шуудайнд хийсэн үхрийн эвэр байсаар байна. Улс төрийн хүчнүүд нь нам, фракц бүлэглэлээрээ талцаад дууслаа. Сүүлдээ бүр албан бус бүлэгтэй болох тухай яриа гарав. Шантааж хийдэг бас нэг баг гарч ирэх нь хэмээн ард түмэнд ойлгогдож эхэллээ. Урдах хэрүүлээсээ илүүг харж төлөвлөж, шийдвэрлэж чадахгүй, хувийн эрх ашгаа бүгдийн өмнө эрэмбэлсэн хэдэн нөхөд бүлэг байгуулж Засгийн газрыг яаж тамлахаар шийдсэн юм бол доо. Өнөөдрийн эдийн засгийн хямрал бол өчигдрийн хэрүүл, дотоод зөрчлийн илрэл гэдгийг ард түмэн мэдэрч байгаа шүү.
Өнгөрсөн сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн хаврын чуулган хуралдаж эхлээд 51 хоног өнгөрчээ. Сар хүрэхгүй хугацааны дараа хаалтаа хийх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр 25 асуудлыг жагсаасан байх юм. Гэвч Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталснаас өөрөөр, жагсаасан асуудлууд нэг алхам ч урагшилсангүй.
Хэлэлцсэн боловч батлаагүй нэг асуудал байгаа нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан, олны хэлж заншсанаар сайдуудын давхар дээлийг дан болгох төсөл дээр өнгөрсөн намрын чуулганы төгсгөл, энэ хаврын чуулганы эхэн хагас хүртэл төвлөрч ажилласан ч эцсийн үр дүн гэж гарсангүй. Бүтэн хоёр сар тойрч ярьсан асуудлаа батлах эцсийн мөчид Их хурал унагав. Хэлэлцэхгүйгээр буцаасан бас нэг асуудал байгаа нь Шилэн дансны тухай хуулийн төсөл. Монгол Улсын төсөв юунд хэрхэн зарцуулагдаж, тендер ямар шалгуураар эзнээ олж байгааг ил тод болгох зорилготой байсан. Хүмүүс татвараа хаашаа орсныг, хэн гэдэг албан тушаалтан түүнийг нь юунд зарцуулсныг, үр ашиггүй зарцуулалт хийсэн эсэхийг л сонирхдог. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга батыг сахиулах нь чухал атал, гишүүд нэр томьёо таарахгүй нэрээр буцаалаа.
Ийнхүү хаврын чуулганаар хэлэлцэх 25 асуудлынхаа ердөө ганцын ард гарч, хоёрыг нь хойш шидсэнээс өөр юу хийв. Сөрөг хүчний санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулах гэж баахан үзлээ. Дараагаар нь Эдийн засаг хөгжлийн сайд, Сангийн сайд хоёрыг огцруулах гэж оролдов. Залгуулаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг чөлөөлөх шийдвэр л гаргасан юм байна. Зөвхөн Х.Тэмүүжинг огцруулах уу, үгүй юу гэдгээ шийдэхэд УИХ 40 хоног зарцуулсан байна. Хавар бол хайран цаг хугацаа юм, Монголын хувьд. Гэтэл албан тушаал, сандал ширээ хөөцөлдсөн улс төрөөр, хаврын ихэнх хугацааг алдсаар. Хууль нь ч тэнэг байна. Нэг гишүүний хүсэлтээр Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх асуудал босч УИХ нь зөвхөн үүнээс болж 40 хоногийн ажлаа алдана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Огцруулах үндэслэл нь дэндүү ядуу. Ялих шалихгүй зүйлээс болж хоёр гишүүн маргалдангуутаа нэг нь өрөөндөө гүйж ороод огцруулах өргөдөл бичээд өгчихөж байгаа юм. Эсвэл хувийн эрх ашиг нь хөндөгдөхөөр тэр сайдыг огцруулах асуудал оруулдаг. Гудамжинд маргалдангуутаа гүйж ороод огцруулах өргөдөл өгсөн Их хурлын гишүүн ч байгаа шүү. Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг чинь ийм хэврэг байдаг юм уу. Үүний хажуугаар өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Х.Баттулгад ямар их цаг зарав. Үүнээс өөр хийсэн ажилгүй хаврын чуулган завсарлах нь. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд буй зарим хуулийн төслүүд олон нийтийн дунд дэндүү их хүлээлттэй байна. Хэдийгээр барьцаа, шантаажаар хэлэлцэхээр болсон ч Өршөөл үзүүлэх тухай хуулийг өнөөдөр хэдэн мянган хүн хоног тоолон хүлээж сууна. Энэ хууль бол эдийн засгийн ач холбогдолтой хууль юм шүү. Гарч ирсэн хүн бүр бизнесээ сэргээнэ. Үүнээс гадна өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээ хэзээ баталж, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөө аль завандаа батлах гэж байгаа юм. Мөн ирэх оны Үндсэн чиглэл, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтаа яаж гаргахаа мэдэж байгаа болов уу. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг тэнгэр харж байгаад гаргадаггүй. Улс орны хөгжил, хүн зоны амьдралд зайлшгүй шаардлагатай, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр гаргадаг. Гэтэл энэхүү хэлэлцэх асуудлын чинь ердөө дөрвөн хувь нь биелсэн байна.
Гэтэл хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх ёстой ямар олон асуудал байсны заримаас нь танилцуулъя.
- “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
- “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
- “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын их хурлын тогтоолын төсөл;
- Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;
- Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;
- Шилэн дансны тухай хуулийн төсөл /буцаасан/
- Худалдааны тухай хуулийн төсөл;
- Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /унагасан/
- Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл... гэхчлэн 25 хуулийн төсөл хүлээгдэж байна. Энэ бүгдийн ард хэзээ гарах нь тодорхойгүй байсаар. Ингэсээр байтал Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусах юм шиг байна.
VcwTQYGOdfIpJouNGJk
NDHxsaNvBGAoy
nnnnnnnnn
ss
TTT
Зочин
Зочин
dangaa
Bayarkhuu
ddd
1111
Zol
barsaa
Зочин
Зочин
gangaa
cr
Зочин
Зочин
bayaraa