УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Р.Раш, Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан,  Б.Ганхуяг нарын хэсэг нөхөд “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-г байгуулжээ. Тэд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт хандан долоон зүйл бүхий уриалга хүргүүлээд байна. 

Намаа үзэл баримтлал, бодлого, бүтэц зохион байгуулалт хөтөлбөрийн төвшинд шинэчлэх, намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх, намын санхүүжилтийг ил тод болгох, Ерөнхийлөгчийн хийгээд, УИХ, орон нутгийн сонгуулиудад дараалан ялагдал хүлээсэн байдалдаа улс төрийн дүгнэлт хийхийг эдгээр нөхөд шаардаж байгаа юм. Энэ уриалга бол агуулгын хувьд маш энгийн, маш эрүүл зүйл. Ингэхэд МАН-ын түүхэнд улс төрийн хариуцлага хүлээж байсан түүх хэр их вэ. Хамгийн тод жишиг Б.Даш-Ёндонгийн жишээ болов уу. Энэ хүн бол 1992 оны сонгуулиар  72 суудал авч байсан намын дарга. Аймшигтай том ялалтыг хийсэн менежер. Дөрвөн жил жирэлзэн өнгөрч хашир хандгай дараагийн өрсөлдөөндөө явж орсон. Гэвч мөнөөх 72 суудлаа 26 болгож унагасан. Нам гэдэг айл үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болно биз дээ. Өвгөн философичийг өргөөд шидчих шахсан уур хилэн нөмөрчээ.  Гэвч тэр “Одоо надад алба хашна гэж хэлэх эрх байхгүй ээ” гэж хэлээд бууж одсон. Тэр том намын, тэр өндөрлөг орон зайг зүгээр л хаалгыг нь хаагаад орхисон. Энэ бол түүний өөртэйгөө хийсэн “Улс төрийн тооцоо” байлаа. Энэ бол гадагшаа үзүүлсэн анхны том соёл байлаа.

Хуучны МАХН чинь тэр үед одоогийнхоос тэс өөр, цул оргисон хүнд даацын машин байв шүү. Зүтгэлтнүүдийг нь зүгээр л эргэлзэх зүйлгүйгээр коммунистууд гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Тэгэхээр одоогийн энэ хаалга үүд онголзуулсан ардчиллын үнэр ч тусаагүй тийм үед Б.Даш-Ёндон анхны жишгийг ингэж сийлж байсан түүхтэй.  Дараагийн жишиг Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын хүсэлтээрээ эрх мэдлээ шилжүүлсэн явдал. Нэн шинэ үеийн түүхэн дэх хамгийн эрүүл үзэгдэл энэ байв. Энэ хүмүүс бол намынхаа дээл хувцсыг сольсон, малгай толгойг нь шинэчилсэн. Одоо ялагдлын гол буруутнуудаар тодруулан чичилж байвч түүх заавал тэдний хийснийг эргэж цэгнэх л болно. 

Хуучин бол эдний намд өнөөдрийнх шиг жигүүр далавч ургаж, уриалга шаардлагадаа тулсан явдлууд гарахад бөөн юм болдог байлаа. Одоо харин энэ мэт зүйлсийг өчүүхэн төдий сэтгэл хөдлөлгүйгээр хүлээж авдаг болжээ. Ёстой нэг гэр дүүрэн айлд хүүхэд уйлах, хоорондоо гөвшилцөх мэтийн явдал  байдаг л зүйл гэх маягийн. Нам төлөвшиж, тогтнож, шинэчлэгдэж л байгаагийн шинж.

“МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ны нөхдүүд  МАН-ыг шинэчлэх хүсэл тэмүүллийнхээ хүрээнд нэгэн сонирхолтой санал дэвшүүлсэн нь “МАХН-тай нэгдэх ёстой” гэсэн санал юм. УИХ-ын сонгуульд ялагдсаны гол шалтгаан нам хуваагдсан явдал. Зовлон зүдгүүрээ ардаа хийчихсэн таван намын нэгдэл бүхий АН шиг том нэгдэл нягтралын эсрэгцэлд хуваагдал зогсч байхаар ялагдахаас яахав дээ.

МАН-ын “босогчид”  өнөөдөр  уриалгынхаа хариуг авчээ. Намынхаа дарга Ө.Энхтүвшинтэй уулзсан байна. Намын дарга Ө.Энхтүвшин тэдний уриалгын хариуд ийн мэдэгджээ. Түүний амнаас  “Хоёр намын эв нэгдлийг хангахад татгалзах шалтгаан алга. Гол нь дан ганц МАН-аас хамаарах асуудал биш учраас МАХН-ын удирдлага, гишүүдтэй нь  ярилцаж уриалгаа хүргүүлээрэй. МАХН-ын зүгээс хүлээн зөвшөөрвөл МАН-ын төвшинд татгалзах шалтгаан байхгүй ээ” гэсэн төв үг унасан байна. Монголчууд ийм нуруутай байр суурийг төв гэж дүгнэдэг. Үнэхээр төв  хариу өгсөн байна. Намын дарга хүн бол цавчигнасан, хөнгөдсөн, ам хэлээ гозгонуулсан “жижиг гар” байж болдоггүй аж.  Хэрэв тэгвэл завиа хөмөрчихнө.

Босогчид маань  цаашаа явсаар хорих 401 дүгээр ангид очиж, МАХН-ын дарга Н.Энхбаярт  уриалгаа өгсөн байна. Н.Энхбаяр харин ямархан хариу барих бол.

“МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ныхны гаргасан уриалгад ингэхэд юу юу тусгагдсан бэ.

Нэгд, УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон гишүүдийн хийсэн ажил, улс төрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, үүргээ хангалтгүй биелүүлсэн гишүүдэд, тухайлбал жагсаалтаар сонгогдсон гишүүдийг эргүүлж татах хүртэл хариуцлага тооцохыг шаарджээ.

Энэ юу гэсэн үг вэ. Генсек асан У.Хүрэлсүх чөлөө хүсэн нэрээ татаж авснаар нэг орон онгойж, УИХ-д нэгэн эмэгтэй гишүүн нэмэгдэн орж ирсэн. Одоо тэд хэнийг шахах хүсэлтэй байгаа хэрэг вэ. Сү.Батболдыг уу, Д.Дэмбэрэлийг үү. Энэ хоёрын зиндааны лидерүүдийг онилохгүй бол уриалга муриалга гэж шалчиганах шаардлага бий билүү. Яг энэ цонхоор шагайвал босогчдын ард том залуур байна гэсэн үг. Магадгүй намынхаа толгой хавьтай зөвшилцсөн тоглоом ч байж болох юм.

Хоёр, гурав..цаашилбал долоо хүртэлх зүйлд өөр сортосхийлгэх юм алга. Зарчмын л зүйлс байна.

Тэгэхээр босогчид Орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцсон нийслэлийн МАН-ын удирдлагатай яагаад ноцолдсонгүй вэ. Энэ нь хотын бүлэгтэй зодолдох хүсэлгүй байна гэсэн үг бус уу. Иймд, М.Энхболдыг элэгдэх бодол эдэнд байхгүй байна л гэсэн үг. Харин эдэнд МГИМО-гийн бүлэглэлийн хүчийг тараах, чадвал үгүй хийх санаархал байна. Д.Дэмбэрэл бол ганц адуу. Дүйвээнд нь тэр хөгшнөөр нэрийг нь татуулж чадвал таатайхан нэг орон онгойгоод л ирнэ. Гэхдээ түүн рүү нэр цохож дайрвал олон нийт төдийлөн таашаахгүйг тооцсон байна.  
 
 Ингээд харахад манай босогчдын санаа байдаг л нэг хорон бодлого тээчихжээ. Намдаа ашиггүй ч байж болох ийм жижиг хатиг тарих хэрэггүй л байсан болов уу. Гэвч тэдний хэрэг юм даа.

Одоо МАН-д хуваагдал ямар ч ашиггүй. МАХН-ынхныг годгонуулсан энэ мэт ял шалихгүй сээтэгнэл дэмий зүйл. Гэхдээ цаашаа хэрхэн яаж эргэхийг харах зугаатай ч юм уу.