Дэлхийн аварга – F ХЭСЭГ
Аргентин дахин сулхан хэсэг толгойлох болов. Европийн тэр олон хүчтэй багуудаас хоёр биш нэг баг, тэр дундаа Босни орж ирсэн нь хэсгийн чанарт нөлөөлсөн. 2006 онд Нигери эрхээ аваагүй бөгөөд Аргентин сүүлийн гурван дэлхийн аваргад Нигеритэй нэг хэсэгт орсон нь тун сонирхолтой. Энэ дэлхийн аваргын хамгийн сул хэсэг хэлчихэд нээх хол зөрөхгүй байх.
Нигери 1 – 2 Аргентин
1994 он, хэсгийн тоглолт
Нигери 0 – 1 Аргентин
2002 он, хэсгийн тоглолт
Нигери 0 – 1 Аргентин
2010 он, хэсгийн тоглолт
АРГЕНТИН
Аргентин дахин сулхан хэсэг толгойлох болов. Европийн тэр олон хүчтэй багуудаас хоёр биш нэг баг, тэр дундаа Босни орж ирсэн нь хэсгийн чанарт нөлөөлсөн. 2006 онд Нигери эрхээ аваагүй бөгөөд Аргентин сүүлийн гурван дэлхийн аваргад Нигеритэй нэг хэсэгт орсон нь тун сонирхолтой. Энэ дэлхийн аваргын хамгийн сул хэсэг хэлчихэд нээх хол зөрөхгүй байх. Европ, Азийн хамгийн сул баг. Нигери 2012 оны Лондонгийн мөнгө, 2013 оны тивийн аварга хэдий боловч, Босниг илүү боломжтой гэж үзэж байна.
Аргентин (4-1-2-1-2)
Энэ жил Аргентинчүүд өмнө нь байгаагүй муу хамгаалалтын багтай ирж байна. Ганцхан Забалэта өндөр зэрэглэлийн тоглолт үзүүлж, том багийн гараанд тоглож байна. Төвийн хамгаалалтын гараанд Фэрнандэс, Гараи нар тоглох магадлалтай бөгөөд Дэмичэлисийг гурван жилийн дараа дахин дуудав. Лэскотт, Настасич нарын арга барил дасгалжуулагчид таалагдаагүй нь, Дэмичэлисийг гараанд тоглох нөхцөл болсон. Тэгэхээс өндөр зэрэглэлийн тоглолт үзүүлсэн дээ биш юм. Хажууд нь Компани тоглож байгаа нь давуу болсон. Харин Аргентиний гараанд тоглоно гэдэг эргэлзээтэй. Нас чацуу 34-тай Кампаньяро ч түүнтэй адил шалтгаанаар шигшээд дуудагдсан. Өнгөрсөн жилээс Фэрнандэс Наполид сайн эхэлсэн нь шигшээ багт эерэгээр нөлөөлсөн. Гараи Реалд очсон боловч гологдож, Бэнфикад сайн тоглож байгаа нь бусад том багуудын сонирхлыг татсан. Бага зэрэг шөрмөсний гэмтэлтэй байгаа ч, гараанд тоглоход нь нөлөөлөхгүй байх. Европын том багийн, шилдэг төвийн хамгаалагч алга. Кампаньяро, Дэмичэлис нар том багийн хамгаалагч боловч, шилдэг гэхэд хэцүү. Төвийн хамгаалалт сайн байх нь жигүүрийн хамгаалалтаас хэд дахин чухал юм. Зүүн хамгаалалт бүр ч сул байна. Спортинг Лисбоны Маркос Рохогоос өөр сонголт алга. Сабэллагийн дуудсан 30 тоглогч дунд өөр зүүн хамгаалагч байхгүй байгаа нь, Рохо гэмтвэл хэн тоглох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хамгаалалт сайнгүй байгаа дээр хаалгачийн асуудал хүнд байна. Гараанд тоглох Ромэро, Монакогийн сэлгээ. Андухар Катаньягийнх. Уг нь Малагагийн Кабальеро гэсэн давгүй сонголт байгаа ч, ямарч дасгалжуулагч түүнийг шигшээд дуудаж байсангүй.
Хагас хамгаалалтын бүс рүү ороход дахиад сул тал харагдана. Хамгаалах чиглэлийн Машэрано, Гаго, Билья нар дээр довтолгоо эхлүүлдэг араас найруулж, удирддаг тоглогч дутагдалтай байна. Уг нь Камбиассо байгаа боловч, 2010 онд Марадонатай муудалцаж, дараа шинэ дасгалжуулагч Батиста шигшээд дуудсан боловч, 2011 онд зодог тайлсан. Камбиассо байвал дасгалжуулагч өөр хувилбарт оруулах боломж үүсэх байлаа. Реалын төвийн хагасийн зүүнд тоглож байгаа Ди Мариаг оруулж ирнэ. Ди Мариа араас найруулдаг гэхээсээ илүү довтолгооныг хурдтай, нэмэлт техниктэй тоглолтоор дэмждэг. Ер нь бол бөмбөг хувиарлагч биш, сул зайг мэдэрч урагш тоглодог. Банэга төвд гарвал хамгаалалт сулрах аюултай. Банэга, Ди Мариа хамт гарах магадлал багатай. Харин Гагогийн оронд Билья гарч болох юм. Хэрвээ дээрх ромбоор тоглохоор бол Гаго арагш татаж, Ди Мариа төвөөс зүүн рүү дэмжсэн тоглолт хийж, Лавэззи Агүэротой зэрэгцэж болох юм. Ди Мариа, Реалд төвөөс зүүн рүү чиглэсэн тоглолтыг маш сайн хийж байгаа нь, аваргуудын лигийн шигшээ тоглолтын Бэилийн гоолыг үүсгэх гол нөхцөл болсон. Ди Мариа, Вэроны хослол дөрвөн жилийн өмнө тоглоход хамгаалалт илт суларч байсан. Дээр нь довтолгоонд хэн гарахаас олон юм шалтгаална. Хэрвээ Игуаин гарахаар бол хамгаалалт хамгаагүй сул болно. Дөрвөн жилийн өмнө довтолгоон сайтай багийн эсрэг яаж ч чадаагүй. Агүэро, ард нь Мэсси гараад, Лавэззи зүүнээс төв рүү тогловол хамгаалалт, довтолгоо аль аль нь сайжирна. Лавэззи бол хамгаалалтанд сайн тусалдаг “ажилчин шоргоолж”. ПСЖ-д энэ нь давуу тал болдог. Кавани, Ибра, Моура, Пасторэ нар шиг довтолгооны багт, Лавэззи төрлийн тоглогчид сайн зохицдог. Лавэззигийн нэг дутагдал, төгсгөл муутай. 2008 оны Бээжинд Лавэззи гараанд тоглоод гоол оруулахгүй байхад, Ди Мариа сэлгээгээр яг байранд нь тоглодог байж билээ.
Мэссигийн төвийн найруулгаас илүү, гүнээс хийх хагас хамгаалалтын тоглолт илүү чухал үүрэгтэй байх. Төвөөс сайн тоглож байж Мэсси илүү тоглодог нь Барсэлонад харагддаг. Мэсси, Агүэро нар сайн тоглох нь маргаангүй. Гоолыг ч хийж өгнө. Гэхдээ төвийн бүсийн холбоо хэр чанартай байх нь чухал болоод байна. Аргентин тогтмол нэг од үлдээдэг “уламжлал” байдгийг энэ удаа Тэвэс үргэлжлүүлэв. 2010 онд Камбиассо, 2006 онд Занэтти, 2002 онд Рикэлмэ, Савиола, 1998 онд Рэдондо гээд урсч өгнө. Робэрто Аяала 2002 онд дуудагдсан хэдий боловч, гэмтлийн улмаас тоглолтонд оролцоогүй. Самүэл гурван хамгаалалтын төвд хангалтгүй тоглож, Аргентин хэсгээс гараагүй. Карлос Тэвэс энэ удаа зан чанараасаа болж дуудагдсангүй. Мэдээж Тэвэс шиг тоглогч Аргентинд байх олон талын ашигтай.
Довтолгоо багтаж ядсан, хамгаалалт сулхан багийг Сабэлла хэрхэн яаж тоглуулах нь сонирхолтой байна.
БОСНИ ХЕРЦЕГОВИНА
Анх удаа Дэлхийн аваргад орж байгаа ганц улс. Тусгаар тогтносноосоо хойш анх удаа том тэмцээний утаа үнэрлэж байгаа нь, үндэсний баярын хэмжээний юм болж байна. Боснигийн хөлбөмбөгийн хамгийн том од нь Хасан Салихимижич. Байерн Мюнхэнд арван жил тоглосон мундаг тоглогч. Хамбүргт гялалзаж байхад нь Бүндэс лигийн сайн тоглогчдыг цуглуулдаг Бавари нутгийн баг түүнийг авч, улмаар 2007 онд Ювэнтуст очсон түүхтэй. Тухайн үед Сергей Барбарецтай шигшээ багаа чирдэг байсан бөгөөд сүүлд Москвагийн ЦСКА-гийн Элвир Рахимич нэмэгдсэн түүхтэй. Сүүлд Жеко, Мисимович нар Волфсбүргийг бүндэс лигт түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж, Ибишевич Хоффэнхаимын мэргэн бууч болсноор Боснигийн шигшээ жил ирэх тусам чангарсаар байлаа. Үүний үр дүнд 2016 онд Францад болох европийн аваргын урьдчилсан тоглолтонд хэсэг тэргүүлэх хүндтэй үүргийг авсан. Сүүлийн үед тодорсон Ромагийн залуу од Пьяничийн үнэ 35 сая еврогоос буух шинжгүй. Мөн Элвир Рахимич шигшээ багийн дасгалжуулагчийн албанд орж, Бразилд ирнэ.
Босни Херцеговина (4-2-2)
Боснигийн хаалгач Бегович аль хэдийн том багуудын анхаарал хандуулдаг хаалгач болсон. Герман, Канадад хөлбөмбөгийн боловсрол эзэшсэн тэрээр 32 багийн хаалгачидаас дээгүүр орох том хаалгач. Ямарч л байсан энэ хэсэгт Беговичэд дөхөж очих хаалгач байхгүй. Хамгаалалтанд багийн ахлагч Спахич гол үүрэгтэй. Байер Лэвэркузэнтэй аваргуудын лиг, бүндэс лигт сайн тоглож байгаа. Боснигийн түүхэнд гарсан хамгийн сайн хамгаалагч. Харин хамт хэн тоглох нь сонирхолтой байна. Украины даруухан багт тоглодог Суньич, Хоффэнхаимын Бичакчичийн нэг нь тоглоно. Эрмин Бичакчич Аинтрахтад тоглож байгаад, өвлийн цонхоор Хоффэнхаимд очсон боловч тоглолтонд оролцоогүй нь гараанд гарахгүй байх шалтгаан болж байна. Жигүүрийн хамгаалалт мөн л эргэлзээтэй. Баруунд Вршаевич, Муиджа, зүүнд Колашинац, Салихович. Вршаевич довтолгооны дэмжлэг сайн хийдэг нь давуу тал болж байгаа бол Колашинац Шалкэгийн залуу од болон гялалзаж байна. Германы шигшээд дуудагддаг Дэннис Аогог Хамбүрг руу зээлсэн нь түүнтэй холбоотой.
Хагас хамгаалалтын байрлалд Пьянич гол тоглогч. Ромагийн энэ жилийн амжилт Босни тоглогчтой холбоотой. Лионд байхын 18 настай хүү дэлхийд танигдаж эхэлсэн юм. Тоглолтыг араас удирддаг, олон байрлалд хувьсаж тоглодог. Ухаалаг тоглодгоос гадна Люксэмбүрг, Итали, Герман, Франц, Англиар ярьдаг. Сүүлийн нөхөрсөг дээр Бешичийг төвийн хагас дээр гаргасан ч, Медунянин гараанд гарах болов уу!
Жигүүрт Лулич, Хайрович нар гарна. Лулич Лациогийн бүрэлдэхүүнд сайн тоглож байгаа бол, Хайрович энэ дэлхийн аваргаар гялалзах залуу тоглогчдын нэг. Галатасарай энэ өвөл багтаа элсүүлж, аваргуудын лигийн хасагдах шатанд ашигласан. Чөлөөт цохилт сайн хийдэг учраас Пьяничаас өөр сонголт байж болохыг харуулж байна. Ер нь Боснигийн тоглогчид сүүлийн жилүүдэд эрс сайжирч байгаа. Ахмад найруулагч Мисимовичийн ид үе нь өнгөрсөн учраас сайн сэлгээ болж байна.
Жеко, Ибишевич гэсэн хоёр сайн довтлогчтой учраас 4-4-2-оор тоглох магадлал өндөр. Урьдчилсан тоглолтонд энэ хоёр довтлогч ихэнх гоолыг нь оруулсан. Сайн ч ойлголцдог. Жеко бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч нь. Эдин Жеко бол ямарч том багт гологдохгүй тоглогч. Хамгаалалтыг сайн босгосон дасгалжуулагч Сафет Сушич, Пьянич, Лулич нарыг хаана тоглуулахаас шалтгаалан гараанд өөрчлөлт оруулж магадгүй.
ИРАН
Иранчууд Дэлхийн аваргын хамгийн чимээгүй багуудын нэг. Хэн ч тэдний тухай ярихгүй байна. Ираны хагас хамгаалалт Азидаа хүчтэй. Төвийн хагас Жавад Нэкунам Испанийн Осасунад 7 жил, Андраник Тэимуран буюу Тимотиан Английн Болтон, Фүлхэмд 4 жил тоглосон. Европын том лигт муу тоглогчид тоглодоггүй. Иран баруун хагас хамгаалагчдаараа алдартай. Мэхди Махдавикиа насаараа Германы лигт тоглосон бол Ашкан Дэжагаг нэг настайд аав, ээж нь Герман руу цагаачилж, Герман хөлбөмбөгийн “школ”-той болсон. Европийн боловсролтой гэж хэлж болно. 16 настайдаа Германы өсвөрийн шигшээд дуудагдснаасаа хойш, нас болгоны шигшээд тоглосон авьяаслаг нэгэн. Харин үндсэн шигшээ багт орох боломж байсангүй. Энэ үед Германд өссөн Иран хүүг төрсөн эх орон нь шигшээ багт тоглох урилга явуулсан юм. Ингэснээр Ираны шигшээ нэг л өдөр Германы лигийн шилдэг баруун хагастай болсон.
Иран (4-2-3-1)
Иран энэ удаа арван хамгаалагчтай ирж байгаа нь сонирхол татаж байна. Күэрос таван хамгаалагчтай хувилбар сонгож байгаа юм болов уу гэсэн бодлыг төрүүлж байна. Баруун хамгаалагч Бэиташур АНУ-д төрж, өссөн болохоор илүү чадварлаг тоглогч. Урд нь Дэжага тоглох болохоор Ираны баруун жигүүрээс илүү юм хүлээж болно. Төвийн хагасуудаа Нэкунам араас тоглолт эхлүүлдэг, маш ухаалаг тоглогч. Харин Андраник араас довтолгоо дэмждэг. Шожаей төв эсвэл зүүнд гарч тоглох байх. Чарлтонд тоглодог Гоочаннэжхад, Шожаейгийн байрлалаас шалтгаалан хаана тоглох нь шийдэгдэнэ. Ансарифардтай хамт төвд тоглох боломж бий. Төвийн довтлогч Карим Ансарифард Ворлд соккэр сэтгүүлийн гаргасан ирээдүйтэй залуу од тоглогчдын нэгээр нэрлэгдэж байсан. 2012 оны Азийн мэргэн буучдын хоёрт жагсаж байсан тоглогч.
Оросын Рубинд тоглодог залуу довтлогч Сардар Азмун эцсийн мөчид бүрэлдэхүүнээс хасагдлаа. Бага зэргийн гэмтэл ч нөлөөлсөн байх. Хаалган дээр Ираны бүх цаг үеийн хамгийн шилдэг хаалгач болоод байгаа Давари тоглоно. Иранаас европт тоглодог анхны хаалгач Давари дээр, Португалын даруухан багийн хаалгач нэмэгдэнэ. Иран аав, Герман-Польш ээжтэй Давариг Аинтрахтаас, Грасхоппэр үндсэн хаалгачаа болгон авсан.
Азийн хөлбөмбөгөөс ялгаатай нь илүү хүчний тоглолттой тэд сулхан хэсэгт орсон нь том боломж. 2006 онд мөн л сулхан хэсэгт орсон боловч ашиглаж чадаагүй. Дасгалжуулагч Карлош Күэрос Манчэстэр Юнаитэдад Фэргюсоны туслахаар, Реалд үндсэн дасгалжуулагчаар ажиллаж байсан том хүн удирдаж буй.
НИГЕРИ
Дэлхийн аваргад дөрвөн удаа оролцохдоо гуравт нь Аргентинтай нэг хэсэгт таарч байсан бол энэ жил дахин нэг хэсэгт орлоо. Дандаа нэг бөмбөгний зөрүүгээр хожигдсон бөгөөд тоглолтын хувьд тэнцүүхэн байдаг. 2008 оны Олимпийн аварга төлөө Аргентинтай таарч Ди Мариагийн нэг гоолоор хожигдож байв.
Унаж байсан Нигерийн хөлбөмбөг 2008 оноос дахин сэргэж, Олимпын наадмын мөнгөн медалийг хүртсэн. Энэ баг нь Африк тивийн аварга болж, өнгөрсөн жилийн Бразилд болсон тив хоорондын цомд оролцсон туршлагатай. Бүрэлдэхүүний хувьд Кот Д’Ивуараас дутахааргүй бөгөөд Чэлсигийн Микэл, Омэруо (Мидлсброд зээлээр), Мозэс (Ливэрпүүлд зээлээр), Норвичийн Иобо, Стокийн Одэмвингие, Ньюкаслын Амеоби гээд сайн тоглогчид бий. Жилийн өмнө Африкын аварга болсон багт эдгээр тоглогчдоос Мозэс л байсан гэхээр улам хүчтэй баг Дэлхийн аваргад ирнэ. Зүүн хамгаалагч Элдэрсоныг Монако мөнгөөр цохиж авсан бол ирээдүйн од гэж яригдаж байсан Обинна шигшээдээ давгүй тоглодог. Ялангуяа ахмад довтлогч Одэмвингие, Амеоби, хамгаалагч Иобо нарыг дуудсан нь сонирхол татаж байна. Хурдтай, хүчтэй Нигеричүүд сайн тоглохоороо хэнийг ч хождог, муу тоглохоороо хэнд ч хожигддог барьцгүй баг. Гэнэт олимп түрүүлж, тивийн аваргадаа бүх багаа хяргадаг. Арваад жилийн өмнөх гэнэтийн сюрприз барьдаг африкын арга барил тэдэнд хамгийн их ажиглагддаг. Хэсгээс гарахын төлөө Боснитой ширүүхэн тулааныг хийж магадгүй. Тоглолтын хуваарь Нигерид ашигтай байгаа нь нээлтийн тоглолтоо Ирантай хийхээс харагдаж байна. Хэсгийн сүүлийн тоглолтоо том багтай хийх нь ашигтай байдаг.
Нигери – 1 (4-3-3)
Нигери – 1 (4-2-3-1)
Аль 2002 онд дэлхийн аваргад оролцож байсан туршлагатай хаалгач Энеама гараанд тоглоно. Бусад арван тоглогч ямар өндөр зэрэглэлийн клубуудэд тоглодогийг та бүхэнд харж байгаа байх. Баруун хамгаалагч Амброзэ Сэлтикээс аваргуудын лиг тоглодог сайн хамгаалагч. Төвийн болон баруун хамгаалалтанд тоглодог, нуруулаг тоглогч. Төвийн хамгаалалтын хослол дээр эргэлзээ байна. Иобо бол гарааны эхний сонголт. Олон жил Премьер лигт тоглолоо. Чэлсигийн акадэмиас гарсан хүү Омэруо, Түркэд тоглож буй Обоабона нарыг нэг нь тоглоно. Зүүн хамгаалагчаар Монакод очсон Элдэрсон тоглоно.
Төвийн хагас хамгаалалтын гол Чэлсигийн Жон Оби Микэл гараад, Лациогийн Онази нэг талд нь тоглоно. Харин Интэрээс Пармад зээлээр тоглосон залуу тоглогч Обиг төвийн зүүнд гарах болов уу гэсэн таамаг байна. Солгой хөлөөрөө тоглодог, хурдтай тоглогч. Насас Игиебор, Сандэй Мба гэсэн дундаж сонголтууд ч бий. Эсвэл Микэл, Оназитай хамт гараад урагшаа нэг тоглогч нэмж магадгүй. Учир нь Нигерийн жигүүр болон довтолгооны хэсэгт илүү сонголтууд байгаа юм. Эхний хувилбараар Обиннаг суулгасан. Гэхдээ Одэмвингиегийн оронд баруунд гарч магадгүй. Обинна анх зүүн хагас дээр тоглодог байхдаа илүү сайн байсан. Бээжингийн олимп, Интэрт байх даа зүүнээс орж тоглодог байсан бол сүүлд, довтлогчийн ард тоглох нь элбэг болсон. Гарааны бас нэгэн өрсөлдөгч бол ЦСКА-гийн залуу од Ахмэд Муса. Муса жигүүр болон төвийн хаана ч тоглох боломжтой. 21-тэй гэхэд шигшээ багтаа 37 тоглолтонд оролцоод амжсан. Төвийн довтлогчийн байрлалд Эмэникэ илүү боломжтой байна. Харин ахмад довтлогч Ньюкаслын Шола Амеоби сэлгээнээс тоглох байх. Шолагийн төрсөн дүү Самми Амеоби англид төрсөн учраас Нигерийн шигшээ тоглохгүй байна. Уг нь аль хэдийн дуудагдахаар сайн тоглогч болсон.
Багийн гол тоглогч Оби Микэл, Мозэс нар. Одэмвингие ч голлох үүрэгтэй оролцох байх. Гол нь хамгаалалт голлосон баг тоглуулах болвол Одэмвингие сэлгээнд сууж магадгүй.