Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрвөн Шадар сайдтай Засгийн газраа танилцуулна
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн хөгжлийн сайд, Х.Булгантуяа Сангийн сайдаар давхар шадарлана
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам олонх болсон нь ойлгомжтой боллоо. Ардчилсан нам Монгол Улсын шинээр бүрдэх Засгийн газрын бүрэлдэхүүнийг энэ долоо хоногт багтааж зарлахаа төлөвлөж байна. Ардчилсан нам олонх болсон тохиолдолд Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайд болгох албан ёсны шийвэр гаргасныг мэдэгдэж байна” хэмээн Р.Амаржаргалыг цочтол зарласан. Хиймэл оюун ухааны аргаар хийсэн судалгаагаар 2020 оны зургадугаар сарын 15-ны 00:01 минутын байдлаар тойрогтоо гуравдугаарт жагсч байсан Р.Амаржаргалын рейтинг шууд 1-рт буюу Д.Цогтбаатарыг гүйцэж очсоныг тойргийн индекс харуулж байна. Хэдийгээр дуулиан тарьсан ч уг мэдэгдэл сонгогдын дунд дуулиан тарьж чадсан, зорилго нь ч тэр байв. Тэрбээр У.Хүрэлсүхийн “сул тал” дээр тоглолт хийхээр шийдэж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчаар туг болгож намынхаа бодлогыг илэрхийлээд зогсохгүй Ерөнхий сайд асаныг ялах, ялагдахын эгзэгтэй мөчид өөрөөс нь ч асуулгүйгээр “бооцоонд” тавьж орхих нь тэр. Үүгээрээ тэр “Надад дургүй бол Р.Амаржаргалыг”, “Намайг Ерөнхий сайд болно гэж бүү ай” гэхчлэн өөрийгөө мэдэрсэн тэнэгдүү мэдэгдэл хийсэн байж болох ч С.Эрдэнэд С.Эрдэнэ ч итгэхгүй байгааг өөрөө хүлээн зөвшөөрч, мэдэрч чадсанаараа “гайхамшигтай” байлаа.
Тэрбээр үүнийхээ тайлбарыг хийхдээ “Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг бид мэдэж байгаа. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид сонгуульд бүх хүчээ хаяад нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг орхигдуулаад байна. Монгол Улсын гадаад нэр хүнд туйлын хүнд байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг онцгой нөхцөл байдлын түвшинд байгаа энэ нөхцөлд Монгол Улсын Ерөнхий сайдын хүндтэй, хариуцлагатай үүргийг хэн авч явж чадах вэ гэдэг асуудлыг удирдах бүрэлдэхүүний түвшинд ярилцаж, шийдвэрлэсэн. ” гэсэн юм.
Дараагийн Ерөнхий сайд нь С.Эрдэнэ биш Р.Амаржаргал болно гэдгийг сонсоод АН-ын дэмжигчид сонголтоо өөрчилнө гэж итгэсэн АН-ынхан “тоонд муу хүүтэй” МАН-ынхнаас илүү гэдгээ харуулахаар элдэв эвлүүлгээр сошиалыг бөмбөгдөж эхэлсэн
Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ойрын үед өөрийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулчихаад санал хураах мөчийг хүлээхээр шийджээ. Ерөнхий сайд нь ялсан намын дарга байх нь тодорхой бөгөөд тэрбээр дөрвөн Шадар сайдтай байхаар төлөвлөсөн байна. Тэрбээр мэдээж намаа ялуулна, өөрөө Ерөнхий сайд хэвээр байхаа зарлаж таарах нь. Түүний цочир мэдэгдлийн гол бодлого нь л Коронавиурусийн цар тахлын үеийн эдийн засгийг хэн сайн удирдаж авч явж чадах вэ гэдгийг гол бодлогоо болгосон аж.
Тэргүүн Шадар сайд буюу хууль, хяналтын асуудал хариуцсан Шадар сайдаар одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшинг коронавирусийн нөхцөл байдалд ажиллаж сурсан туршлага, өнөөгийн байдлаар дотооддоо “алдаагүй” гавьяаг нь үнэлж томилох юм байна.Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг, Хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан Шадар сайдаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайдаар Сангийн дэд сайд Х.Булгантуяаг томилж таван их наядын төсвөөр долоон арга хэмжээг хэрэгжүүлэх чухал хариуцлагыг үүрүүлэхээр болжээ.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анхны эмэгтэй Шадар сайдтай болох нь. Түүнийг Монголын төр, ялангуяа коронавирусийн үеийн, түүний дараах үеийн эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даван туулахад ард иргэдэд, ялангуяа нийгмийн эмзэг хэсгийнхэнд халамж энэрэл үзүүлэх мэдрэмжтэй байхыг санхүү, эдийн засгийн өндөр мэдлэг боловсрол, ажлын туршлагатай хослуулан ажиллаж чадна гэсэндээ дэргэдээ авахаар шийдвэрлэсэн байна. Сонирхолтой боловч энэ сонголтоор У.Хүрэлсүх “алдаагүй” байж мэднэ. Учир нь хоёр жилийн өмнө буюу 2018 оноос тэрбээр Стратеги академийн гүйцэтгэх захирал, доктор Цэрэнжамцын Мөнхцэцэгийг МАН-ын даргын зөвлөхөөр томилон дэргэдээ авсан төдийгүй энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлснээрээ эмэгтэй хүний мэдлэг чадвар уураг тархийг ашиглахдаа “нүдтэй” гэгдэх болсон. Ийнхүү У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайдаар зарлагдсан Р.Амаржаргалын эсрэг дөрвөн Шадар сайд сайд зарлах нь тодорхой болоод байна.