Удирдагч бэлтгэх дамжаа
Дэлхий ертөнц хязгаар хярхаггүй байхаа больж, хүн төрөлхтний жижигхэн, эмзэгхэн орон гэр болон хувирчээ. Хүмүүс улс үндэстнээр хуваагдаж, хил, зурвасаар тусгаарлагдан суух нь улам л харьцангуй болоод, зовлон, жаргал нэгтэй элгэн саднууд мэт болсоор байна.
Дэлхий ертөнц хязгаар хярхаггүй байхаа больж, хүн төрөлхтний жижигхэн, эмзэгхэн орон гэр болон хувирчээ. Хүмүүс улс үндэстнээр хуваагдаж, хил, зурвасаар тусгаарлагдан суух нь улам л харьцангуй болоод, зовлон, жаргал нэгтэй элгэн саднууд мэт болсоор байна. Даяаршил, дэлхийшил гэж бидний нэрлэж буй иргэншлүүдийн ойртон нягтрах үйл явц яг тэр хэрээрээ глобал асуудал, тулгамдлыг өргөн хүрээнд, цогцоор нь харж, түүнийг шийдэж, бөмбөрцгийн дэвшил хөгжлийн нийтлэг хандлага, зүгийг чиглүүлж байх шаардлагатай тулгарчээ. Тэгвэл үүнийг хэн хийх вэ?
Дэлхийн эдийн засгийн форумын санаачлагч, ноён Клаус Шваб өөртөө яг энэ асуултыг тавьсан болов уу. Тэгээд тэрээр Давосын чуулга уулзалтын бүтцэд Young Global Leaders буюу Дэлхийн залуу манлайлагчид хэмээх форумыг бий болгон, 2004 оноос жил бүр бүс нутаг, орон улсуудаас нийгэм, улстөр, бизнес, эдийн засаг, боловсрол, төрийн бус байгууллагын зэрэг салбар салбартаа тэргүүлж яваа залуусыг ирээдүйн удирдагчаар нэрлэх болсон юм. Энэ жил 66 орны 214 залуу удирдагчийг шалгаруулан нэрлэсний хоёр нь монгол залуус байлаа. Жил болгон ийм тооны “шинэ” удирдагчдыг төрүүлдэг үү гэвэл үгүй. Отгон манлайлагчдыг нэмээд “дэлхийн залуу удирдагч”-дын тоо ердөө л 900 орчим болж байгаа. Бөмбөрцгийн бүхий л бэрхшээл зовлонг уялдаа хэлхээ, учир зангилаан дунд нь шийдэж, амьдралын чанарыг алхам алхамаар ахиулахад энэ хүмүүс хэтэрхий цөөднө. Тэд зөвхөн өөрсдөө бие даан манлайлж, ирээдүйг харсан шийдвэр гаргаж ажиллахаас гадна шийдвэр гаргагч нарт туслах, шинэ санаа, санаачилга гаргаж, тэднийг түлхэн дэмнэх нийгмийн хөдөлгүүр болцгоон, улмаар бэхжин бүрдэх ёстой.
“Залуу” хэмээн тодотгож буйн учир эдэнд насны болзол тавигдана. Зургаан жилээр “сонгогддог” залуу удирдагчид бүгд 40-өөс доош насныхан. Энэ ч бас учиртай. Дэлхийн залуу манлайлагчид форум бол зүгээр нэг хүмүүсийн бүлэглэл төдий зүйл биш юм. Энэ бол удирдлага, манлайллыг дэлхийн хэмжээнд нэгтгэн зангидах тогтолцоо бөгөөд цаашдын жинхэнэ удирдагчдыг боловсруулан бий болгох нэг ёсны дамжаа юм. Тийм ч учраас шалгарсан залуу удирдагч нар жил жилээрээ нэг ангийнхан болцгоодог. Эрч хүчтэй тэргүүлэгч залуусаас бүрдсэн багийг үүсгэн, тэдний цаг болон нөөцийг дэлхий дахинд тулгамдаж буй асуудал, хүрээлэн буй орчин, эдийн засаг, бизнес, нийгмийн голлох асуудалд чиглүүлж, шийдлийг гаргуулан, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох нь Дэлхийн залуу манлайлагчид форумын зорилт юм.
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, “NOVA TERRA” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, “Шунхлай” группийн дэд ерөнхийлөгч бөгөөд стратеги төлөвлөлт хариуцсан захирал В.Ганзориг нарын ангийнхан дотор Шведийн Hennes & Mauritz (H&M) компанийн ерөнхийлөгч Карл-Ёохан Пөрссон, Болливүүдийн жүжигчин, найруулагч Фархан Ахтар, ажлын байрны шилдэг гар утсаарх оутсорсингийн систем болох TaskRabbit-ийн шийдлийг гаргасан Лиа Бүскэ, Хятадын аварга онлайн дэлгүүрүүдийн нэг 360buy.com-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Лиу Киандон, Зүүн Африкийн мэдээлэл, харилцаа холбооны тэргүүлэгч Seven Seas Technologies-г үүсгэн байгуулагч Майзл Макариа, Египт улсын төв банкны тэргүүн дэд захирал Раниа ал-Машат, Холливүүдийн алдарт жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Чарлайз Терон, Мяньмар улсын газрын тос, байгалийн хий, барилга, санхүүгийн гигант Кен Тун, Оросын супер модель, хүүхдийн төлөөх буяны санг үүсгэн байгуулагч Наталиа Водианова, Украины алдарт хүнд жингийн боксчин Владимир Кличко гэх мэт олон арван алдартнууд багтжээ. Мангайлагч болж дэлхийд шалгарах энгийн хэрэг бишийг энэ мэт нэрс бэлхнээ өгүүлнэ.
280 гаруй гишүүн компанитай Монголын бизнесийн зөвлөлийг удирдан ажиллаж байгаа Б.Бямбасайхан хувийн хэвшлийнхний ажил хэрэгт олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Мэдээж, бизнесийн стандарт гэдэг ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн дамжлага ч юм уу, ажлын гүйцэтгэлд тавьдаг шаардлагаас өөр өргөн хүрээтэй ойлголт. “Олон улсын стандартаар ажиллах нь олон улсын хэмжээнд сэтгэхээс эхэлнэ” гэж тэрээр өгүүлж байна. Тэгвэл “Шунхлай”-гийн В.Ганзориг цаашид компаний засаглал, бизнесийн ёс суртахууны чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөжээ. Монголын томоохон компаниуд эзэд болон эзэмшлийн хувьд эхний үе дээрээ явж байна. Гэхдээ анхны эзэд харьцангуй насжлаа. Үр хүүхдүүд нь тэдний бизнесийг уламжлах болж байна. Одоохондоо “гэр бүлийн” хэв шинжтэй байгаа компаниуд цаашид задарч, хэлбэр, бүтцийн хувьд шинэчлэгдэх учиртай. Харин яаж? В.Ганзориг энэ чиглэлээр судалгаа, дүгнэлт хийж Монголын гэх компаний засаглалын загвар, шийдлийг олоход оюун санаа, хүч хөдөлмөрөө зориулахаар шийджээ.
Залуу удирдагчдад “дэлхийнх” байх цараа бас чухал. Манайхны “жалга довны үзэл” гэж ярьдаг шиг улсынхаа доторх бэрхшээл, гачланг бодож зовнихоос илүүтэй даян дэлхийн нийтлэг асуудалд анхаарал хандуулахыг форумаас шаардана. Анхлан шалгаруулахад баримталсан хүчин зүйлүүдэд нь ч энэ нөхцөл болзол бий. Асуудлыг хэр холуур, өргөн хүрээнд, далайцтай харж, шийдэл гарцыг нь ямар цар талбайгаар хайж олох чадвар суусан бэ гэдэг хамгийн гол шалгуур ч гэж хэлж болно. Ажил амжилтыг нь үнэлэмж болгохоосоо илүүтэй нийгэмд нөлөөлөх нөлөөлөл, зөв чиг хандлага, бусдын өмнөөс хариуцлага үүрэх ноён нурууг нь баримжаа болгодог байна. “Монголын Дауны Синдромын Холбоог үүсгэн байгуулалцаж, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа маань шалгарахад нөлөөлсөн байх” гэж В.Ганзориг ярьж байлаа. УИХ-ын гишүүн С.Оюун болон бусад хэд хэдэн гэр бүлийн хамтаар энэ холбоог байгуулж, илүү хромосомтой хүүхдүүдийн суралцах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэхэд тэр оролцжээ. Түүнчлэн оюун ухааны бэрхшээлтэй хүмүүсийн спортын наадам болох Тусгай олимпын Монголын хороог үүтгэж, бүсийн байгууллагад гишүүнчлэгдэхээр болоод байгаа юм байна. “Одоо бидэнд ийм хүмүүсийн ажил эрхлэх нөхцлийг бүрдүүлэх нэг том зорилт байгаа” гэж тэр ярьсан юм.
Хийж байсан, цаашид хийхээр зорьж байгаа үйл хэргээ хэрэгжүүлэхэд нь дэлхийн залуу манлайлагчид бие биесээ хурцлан дэмжиж, харилцан өрсөлдөж, өөр хоорондоо мэдлэг, туршлагаа солилцож, хамтран ажиллаж, асуудлыг олон талаас харж, шийдлийг зөв гарган, хувийн болон мэргэжлийн талаар нийгэмдээ бодитой хувь нэмэр оруулах боломж бололцоог олгож өгдөг юм байна гэж Монголын залуу удирдагч нар дүгнэж сууна. Б.Бямбасайхан, В.Ганзориг нараас урьд энэ шалгаруулалтад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Сангийн дэд сайд асан, “Хас”-ийн Ч.Ганхуяг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар багтаж байсан юм. Сүмогийн их аварга Д.Дагвадоржийг Япон улсаас нэр дэвшүүлэн оруулж байжээ. Энэ хүмүүс өөрсдөө хөгжиж, нийгмийг манлайлан, бусдыг үлгэрлэн ажиллахын зэрэгцээ дараа дараагийн залуу удирдагчдыг төрүүлэн гаргах, хөхиүлэн дэмжих, сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээнэ. Ирэх жилүүдийн форумд нэр дэвшүүлэх эрхийг аль ч улс орны ямар ч сайд дарга үл эдлэх бөгөөд зөвхөн залуу удирдагчид өөрсдөө болон урьд өмнө шалгарч байсан хүмүүс л энэ эрхийг хэрэгжүүлдэг онцлогтой.
Зургаан жилийн хугацаандаа залуу манлайлагчид үл тасалдах гинжин урвалаар тасралтгүй хөгжих учиртай. Харвардын, Еэлийн гэх мэт дэлхийн хамгийн шилдэг сургуулиудад өрсөлдөн элсэж, үнэ төлбөргүй суралцах бололцоог Дэлхийн залуу манлайлагчдын форумаас тэдэнд нээж өгдөг. Хувиараа болон бүлэг, нэгдлээрээ хийх тогтмол ажлуудыг цаанаас нь хуваарилж өгсөн байх агаад зургаан жилийн дараах төгсөлтийн өндөрлөг дээр тэд дэлхийн “жинхэнэ” удирдагчид болж бойжсон байх учиртай. Мэдээж хэрэг үйл хэрэг өндөрлөхгүй. Тэднийг форумын төгсөгчдийн холбоо угтан авч, бие даасан ажил, шийдлийнх нь залуур дээр зогсооно. Удирдагч удирдагчаараа төрдөггүй ч гэлээ нэгэнт түүчээнд гарсан бол буцаж няцах эрх хэнд ч үгүй.
Nuudel
Batbayar
Зочин
тархи
Зочин
Зочин