Тэнгэр хараад л хэвтээд байнаа хө
Их Британи, Япон, Герман юм уу АНУ-д тэр улсын 17 намын аль нэгнийх нь даргаар дөнгөж сонгогдсон хүн “одоо намайг Ерөнхий Сайд болго.
Ийм үгийг монголчууд бид л харин муулах гээд өрийг нь зурж байхад эзэн минь тэнгэр харуулж байна гэж баярладаг хонь шиг таг дуугүй хүлцэн хүлээж авах юм. Тэгвэл ч харин өрөө зуруулах байтугай дараагийн үйлдэл нь ч биелж болох байх даа.
Монголд 90 оны эхэнд Тагнуулын Газрын дэргэдэх төвийн захирлаар том том стратегийн тагнуулуудыг удирдаад ажиллаж байсан гэдэг чинь оюутан байхдаа тагнуулаар л сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн гэсэн үг үү? Тэгээд ч ер нь хоёр хөршийнхөө аль нэгэнд нь сурч байхаасаа л КГБ-д нь агент болчихсон ч юм уу, үгүй ч юм уу. Болчихсон байсан бол одоо больсон ч юм уу, үгүй ч юм уу. Тэр бүрийг нь МАХН-ын ХХV хурлын гишүүд мэдэж сонгосон ч юм уу, үгүй ч юм уу. Мэдсэн ч, харин ч их айдаг ч юм уу, гайгүй ч юм уу. Хэн мэдлээ.
Бас С.Зориг агсныг алуулах үед Ц.Батаа гуай ч билүү, хэн ч билээ, оросын элчин дээр ч билүү, хятадынх дээрч гэлүү “почему ты убил мальчика” гээд агсарч байсан ч гэдэг билүү, уйлж байсан ч гэлүү. Нэг тийм хоёр ч билүү, гурав ч гэлүү, КГБ-ын агентуудын ч юм уу, биш ч юм уу хүмүүсийн дунд яриа болсон ч гэлүү, үгүй ч билүү гэсэн цуу байдаг.
Мөн 1996-2000 онд өөрөө УИХ-н гишүүн биш, МАХН цөөнхи байхад хүртэл авгайгаа ч билүү, малгайгаа ч гэлүү явуулаад Казиногийн ч билүү, өөр ч гэлүү нэг хэрэг үүсгүүлээд үнэмлэхүй олонхи байсан АН-ыг өвөр зуур нь хагалаад ч билүү, хуваагаад ч гэлүү самраад хаячихсан ч билүү, үгүй ч гэлүү нэг тийм чадвартай хийсэн гүйцэтгэх ажлын тухай дурсамж байдаг ч гэлүү, үгүй ч билүү. Тэр байтугай олонхийн 3 гишүүн, хууль зүйн сайд нь өөрөө шоронд орж, зарим нь амь насаараа, үлдсэн нь амьдралаараа хохирсон ч гэлүү, хоцорсон ч билүү бас нэг цуу бий.
УИХ гишүүн биш, цөөнхийн намын гишүүн байхдаа ор дэрнээсээ л тийм сайн гүйцэтгэх ажил зохион байгуулж, олонхийг самарч хаяж байсан юм бол одоо олонхи болсон намын дарга бөгөөд Ерөнхий Сайд болчихвол ч харин нэг хүүхэн байтугай хөлийнх дэргэд байгаа муур нохойгоо ч гэсэн явуулаад цөөнхи байгаа намыг байтугай, цаадах ард иргэдийг нь ч харин нэг хутгаж хаях гүйцэтгэх ажил хийхэд юу байхдаа гэж ярихыг сонссон ч гэлүү дуулсан ч билүү.
Хоёр хөршийн нэгнийд ажиллаж байхдаа ганц бие эр хүний ямар ямар ч юм хийж явсан юм билээ. Хөршүүд хамт хийгээд харин ч нэг баримтжуулчихсан ч юм билүү. Хөршүүд ч архи, тамхи, юу... гээд эр хүний сул талд маш сайн хамтрагч болчих хөршүүд байж байдаг. Халааснаас нь ч билүү, сейфнээс нь ч гэлүү, тамхины ч билүү, албаны ч гэлүү 27,000 ч билүү 47,000 ч гэлүү америк доллар алга болчихоод тамхины задгай мөнгө гээд тоогоогүй ч гэлүү, тоож эрээд олоогүй ч билүү бас нэг сураг байсан ч билүү үгүй ч гэлүү. За тэр ч яахав эр хүнд адилхан элдэв сайн ч билүү муу ч гэлүү талууд зөндөө байдаг л биз.
Гэхдээ хөрш мангадууд гэнэт биднийг сонирхоод Эрдэнэт, Төмөр Зам, Ураны ордууд, Таван Толгой, Асгатын мөнгө, Заамарын алт, том Банкууд гээд ядуу Монголд байгаа жоохон гялалзсан болгоныг минь дал мөрөн дээр далайлттай басалттай алгадаж байгаад авчих гээд дайраад байгаа энэ үед тэр хөрштэй маань хувь, хувьсгалын сургалт, сайжруулалт, сайн муу бүхнээрээ холбогдож хэлхэгдсэн даргатай болох гэж байдаг. КГБ одоо байгаа ч гэлүү, үгүй ч билүү санадагүй ээ. Баримт ашиглаж шантаажлахаа больсон ч гэлүү, больдоггүй ч билүү мэддэггүй ээ.
УИХ ч гэж уих, АН ч ан. Нэг хүн хөмсөг зангидаад л, муухай харахаар нь айж чичрээд жижгэрчих байхдаа. Уул нь тэнэг хүний л дуугай нь сүртэй гэж хөгшид ярьдагсан. Аймшигтай царайтай дарга нар аймшигтай нийгэмд л байдаг бөгөөд аймшигтай царайгаараа нийгэмээ айлгах л гэж аймшигтай царайлдаг гэдэг ч билүү, үгүй ч гэлүү. Тэрнээс биш иргэндээ үйлчилдэг үйлчлэгч төрийн үйлчлэгч дарга, ерөнхийлөгч нар бол Буш, Саркози, Блейр, Меркель нар шиг гэрэл гэгээ, инээд итгэл, энерги цацруулсан хүмүүс харагддаг ч гэлүү, үгүй ч билүү.
Аймшигтай хөмсөг зангидаж, муухай харсан хүн Ерөнхий Сайд болж Засгийн Газар, Төрийг хэрэглэн коммунист намаа 2008 оны 6 сарын сонгуульд ялуулах гэж байхад ийм юм бичиж байдаг би ч бас бүр илүү эргүүтсэн хонь юмдаа. Тэнгэр хараад хэвтээд байнаа хө. Тэнгэр мэдэг.