Удирдлагын академийн түүхийг Ц.Лоохууз гуай ингэж сөхөв
Цогт-Очирын Лоохууз гэж амьдаараа домог болсон нэгэн буурал бий. Ахмад хижээл насныхан, ялангуяа улс төрчид бол андахгүй. Би тэднийд зочилж хуучиллаа. Гарын үсэг зурж номоо солилцлоо. Хожим дуурсагдахаа больсон, зарим нь бүр нийгмээс гадуурхагдсан улс төрч эрхмүүдийн шавь гэж ирээд л мань хүн түүх дэлгэлээ.
Ц.Лоохууз:
- Би Санхүүгийн техникумаас шууд Намын шинэ хүчний сургуульд шилжсэн юм. Нэг өдөр автобусанд суугаад Намын шинэ сургууль дээрээ очлоо. Тэнд намайг бүртгэж авлаа. Дараа нь байранд орууллаа. Намын шинэ хүчний сургуульд их ач холбогдол өгч байсан цаг. Энэ сургууль бол цоо шинэ үзэл бодолтой, шинэ цагийн боловсон хүчнийг бэлтгэж гаргах зорилготой байсан юм. Гол нь энэ сургуулиар үндэсний үзэлгүй, бас шашин шүтдэггүй боловсон хүчнийг бэлтгэх зорилго тавьсан юм билээ. Тэгээд ч марксизм-ленинизмийн сургаалийг судалсан, түүнд үнэнч, социализмыг байгуулах зориг эрмэлзэл төгс хүмүүс байх нь мэдээжийн хэрэг байв. Би тэдний нэг болсон юм.
- Манай сургуулийн захирал нь Ч.Сүрэнжав гуай байлаа. Ч.Сүрэнжав гуай бол Монгол Улсын Ерөхий сайдын орлогч байлаа шүү дээ. Тэрээр Ерөнхий сайд маршал Х.Чойбалсантай их ойр дотно харилцаатай, түүний итгэлийг хүлээсэн хүн байв. Бас МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн даргын албыг хашдаг байлаа.
- Сургуулийн дэд захирал нь Н.Давжаев гэдэг буриад хүн байв. Тэр бол Байгаль нуур орчмын Буриад зон нутагт төрж өссөн, өндөр болосролтой, зохион байгуулах авъяастай нэгэн байсан юм. Н.Давжаев захирал сургуулиа чанга сахилга баттай, маш хатуу гараар барьж байлаа. Оюутнуудыг хичээл ном үзэхийн хажуугаар заавал нэг ажил олж хийлгэдэг байлаа. Зуны амралтаар хөдөө явуулж, ногоо тарих, хадлан хадахад туслах ажил хийлгэнэ. Бас суртлын ажлаар явуулна. Өвлийн улиралд Богд ууланд гаргаж мод, гишүү түүлгэж, түлш бэлтгүүлнэ. Хоёр жил иймэрхүү байдлаар бид огт завгүй явсаар төгссөн юм.
- Бидэнд Н.Лхамсүрэн лекц уншдаг байлаа. Н.Лхамсүрэн бол их авъастай, гайхамшигтай мэдлэгтэй хүн байсан юм. Н.Лхамсүрэн бол МАХН-ын Төв Хорооны том дарга. Монгол Улсын Гадаад явдлын яамны сайдын албыг нэгэн үе хашиж байсан хүн шүү дээ. Бидэнд лекц уншдаг байсан багш нарын дотроос хамгийн өргөн мэдлэгтэй нь энэ Н.Лхамсүрэн байлаа. Тэрээр лекц уншихдаа зөвхөн лекцийнхээ сэдвээр хязгаарлагдахгүй. Маш өргөн утгаар нь тайлбарлан ярьдаг байсан юм. Түүний лекцэнд суухад надад их өндөр сэтгэгдэл төрдөг байлаа. Ялангуяа Чингис хааны байгуулсан Их Монгол улсын түүхийн асуудлыг маш сайн мэддэг, тэр үеийн үйл явдлуудыг сайхан тайлбарладаг байж билээ.
- Манай сургуульд “Нийгмийн хөгжлийн онол”, “Философийн сэтгэлгээний түүх” гэсэн нэртэй лекцийг Дарамын Төмөр-Очир заадаг байлаа. Хожим Д.Төмөр-Очир МАХН-ын Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Д.Төмөр-Очир бидэнд марксизмын гурван үндэс болсон “Марксист философи”, “Түүхийн материализм”, “Диалектик материализм”-ын лекцүүдийг бас уншдаг байлаа. Бидэнд Санпилын Жалан-Аажав лекц уншдаг байлаа. Энэ хүн манай Намын шинэ хүчний сургуулийн анхны төгсөлтийн хүн. Тэрээр өөрийн сургуульдаа багш болсон юм. Бидэнд Дэмчигийн Моломжамц бас лекц уншдаг байлаа. Түүхийн лекцийг эрдэмтэн Ш.Нацагдорж уншдаг байлаа.
- Манай О.Будаев багш бас сайхан лекц уншдаг багш байлаа. Олон улсын харилцааны тухай маш сонирхотой яриа хийнэ. Хичээлийн явц дундуур авдаг шалгалтанд О.Будаев багш бидэнд бараг бүгдэд нь онц тавьчихна. Харин улсын шалгалт дээр О.Будаев багшийн хичээлд бид онц дүн авна гэж гонж. Бидэнд хамгийн хатуу дүнг С.Цэдэнжав багш тавьдаг байлаа. Тэр тооны багш. Хичээлийн явцын шалгалтанд С.Цэдэнжав багшийн хичээлд бүгд л “плохо” гэсэн дүн авдаг байлаа. Тэгээд түүнийг “плохо Цэдэнжав” гэж хочилдог байлаа. Бид улсын шалгалтанд бэлтгэхдээ зөвхөн “плохо Цэдэнжав” багшийн хичээлд л бэлтгэнэ. Бусдад нь бол тийм их бэлтгэдэггүй байлаа...
Agusia