Н.Алтанхуягийн рекорд
Н.Алтанхуяг бол бүрэн эрхийн хугацаандаа ном бичсэн ардчиллын жилүүдийн анхны Ерөнхий сайд.Номынх нь нэр “Оргил өөд”.Үнэхээр ч өөрийнх нь уйгагүй зүтгэлээр түүний хувийн амьдрал, улстөрийн карьер үргэлж өөдөө дээшилж, дэвшиж иржээ.Түүний хувийн амьдрал бусдад хамаагүй.Харин олны нүдэн дээр ил байхыг өөрөө зөвшөөрч сонгосон улстөрчийнх нь амьдралыг сонирхож үзье.
Ардчиллаас өмнө Н.Алтанхуяг Их сургуулийн биофизикийн багш байлаа.Ардчилсан хувьсгал өрнөхөд Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын социал демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг болов.Ардчиллын үйл хэрэгт ингэж анхнаас нь оролцсон боловч тэрээр тухайн үедээ ч, одоо нийтээр хүлээн зөвшөөрөгддөг ардчиллынхны нэгдүгээр эгнээнд багтдаггүй байв.Гэхдээ л хоёрдугаар эгнээнээс намын дарга, ердийн нэгэн улстөрчөөс Ерөнхий сайд болтлоо улстөрийн карьер нь өсч, өгсчээ.Түүний сайдаар ажилласан дөрвөн Засгийн газар дөрвүүлээ хугацаанаасаа өмнө огцорсон.Харин танхим нь огцроод байснаас бус, улстөрч Н.Алтанухяг огцроогүй, үргэлж урагшилж ирсэн байх юм. Эхлээд 1998 онд Хүнс, хөдөө ахуйн сайд, дараа нь 2004 оны хамтарсан засагт Сангийн сайд, 2008-2011 онд С.Баяр, С.Батболд нарын танхимд тэргүүн Шадар сайд гээд хариуцдаг салбар нь чанаржиж, хамаарах зангараг нь томроод л явжээ. Хэрвээ хамгийн олон Засгийн газарт хамгийн олон удаа сайд болсон улстөрчдийг жагсаавал толгойн хэсэгт гарцаагүй Ч.Улаан, Н.Алтанхуяг хоёр урд хойноо орж эрэмбэлэгдэнэ. 1996 оны ялалтыг оруулаад АН УИХ-ын сонгуульд нэг /1996/ ялж, нэгд нь /2012/ хамгийн олон суудал авч, хоёрт нь /2004,2008 / хамтарсан засаг барилцжээ. Тэр бүгдэд АН-аас дандаа сайд болсон цорын ганц азтан нь Н.Алтанхуяг.Тав давж начин болдогтой адил тав дахь Засгийн газартаа тэрээр Ерөнхий сайд болж бүр дэвшив. Нам дотроо л гиннес гэж болохоор энэхүү амжилтын ганц “кран” нь түүний тэргүүлдэг “Алтан гадас” фракц юм. АН-ын нэгдүгээр эгнээнд ч, ҮЗХ-нд ч хамгийн олон төлөөлөлтэй байсан учраас тус фракц нэг хэсэг АН-ын өмнөөс өрөм болгоныг хамж, өнгөтэй бүгдээс хүртдэг байв. АН-ын зүг чигийг заана гэчихээд албан тушаалын “алтан гудас” болж хэвтлээ гэх шүүмжлэлийг ч эс тоон хамтарсан засагт энэ фракцынхан л багтдаг.2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Алтан гадас”- аас бүрдсэн АН-ын удирдлагууд нэр дэвшигч М.Энхсайханыхаа эсрэг ажилласан гэж одоо ч шүүмжлүүлдэг.Яг үнэн эсэхийг мэдэхгүй ч, түүнээс хойш намынхаа, нэг намын нэр дэвшигч нар бие биеийнхээ эсрэг ажилладаг жишиг эндээс эхэлсэн нь бодитой юмдаг.
Яг өнөөдрөөс урагш харвал АН-ын түүхэн амжилт гэж болох гавъяа Н.Алтанхуягийн үед хэд хэд тохиов.Тухайлбал, таван намын нэгдлээр үүссэн АН анх удаа Н.Алтанхуягийн үед УИХ-д хамгийн олон суудал авав.Энэ нь 2012 оны сонгууль.Орон нутгийн сонгуульд ялсан.Ялангуяа, хотод.Түүнийг намын дарга байхад АН-аас анх удаа Ерөнхийлөгч “төрсөн”.Бас улиран сонгогдов.Одоогоор АН-ын түүхэнд намын даргаар хамгийн удаан ажиллаж байгаа нь бас л Н.Алтанхуяг.Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулийн дараахан намын тамгыг одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардсан юм.Засаг бариагүй байхдаа ч даргаа сольдог, ер нь л ҮЗХ хуралдах бүрдээ “толгой”-гоороо тоглох гэдэг улстөржилт АН-д нэгэн үе бараг уламжлал болж байв.Тэр эрчлээс одоо суларч, Н.Алтанхуяг ингэж удаан тогтоод байгаад бодитой гурван шалтгаан бий.Нэгд, түүнийг дарга болоход АН хамтарсан засагт орж таарсан, залгаад УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан.Тийм учраас засгийн эрх мэдэлд нам доторхи фракцуудын тэнцвэрийг хангаж хадгалж чадсан.Өөрөөр хэлбэл, лидерийнхээ чадвараар бус, төрийн алба, төсвийн мөнгөөр нам доторхи ханлигуудаа зангидаж байна.Хоёрт, улстөрийн сонгуулийн дараалсан амжилт нь ялалтаар цангаж явсан тус намд эерэг уур амьсгал авчирлаа.Гуравт, өмнө нь засаглахдаа гурван Засгийн газар сольсон алдаа нь тус намынханд механик эв нэгдэл үүсгэв.Алдаагаа давтаж 2000 оны сонгуулийнх шиг ялагдлыг дахин амсахгүй юмсан гэх айдас жирийн гишүүдэд нь ч бий.Энэхүү айдас, айдсын менежментийг “Алтан гадас”-ынхан сайн ашиглаж байна.Фракцуудын тэнцвэрийг хадгалах гэж төрийн яамдыг тэгштгэн хуваасан нь эргээд ажил хийхэд гацаа үүсгэх нь АН-д хамаагүй ажээ.Монгол бол нэгдмэл улс. Гэтэл Засгийн газрын яамдыг холбооны улсын зарчмаар бүлэглэл болгонд таллан хуваасан нь танхимын зарчмыг алдагдуулж, эргээд Ерөнхий сайдаа хүлээсэнд оруулах нь Н.Алтанхуягтхүндрэл биш бололтой. Тар нь танигдсан зарим сайдаа хариуцлага тооцож чаддаггүй, засагт хамтарсан намынхаа хүслийг сөрж болдоггүй нэг л их найзан дундаа хүмүүс засаглах.Ер нь Н.Алтанхуягийн Засгийн газрын гол зорилго нь бодлого гаргаж, юм хийхдээ бус, удаан тэсч тогтвортой засаглахад байж магадгүй гэх логик эндээс төрнө.Тэр өнцгөөс нь харвал Н.Алтанхуяг бас л нэгэн амжилтын эзэн болж амжив.Дангаараа болон хамтарч засаглаж байснаа оруулаад АН түүхэндээ зургаан Ерөнхий сайдтай. Эдгээрээс одоогийн байдлаар хамгийн урт хугацаанд буюу бүрэн эрхтэйгээ хоёр жил хүргэж байгаа танхим АН-д Н.Алтанхуягийнхаас өөр байхгүй юм.
“Н.Алтанхуягийн” гэх түүний амжилтууд АН-аар зогсохгүй.Монгол Улсын Засгийн газруудын хэмжээнд ч үргэлжилнэ.Тэр бол ардчиллын жилүүдийн хамгийн баян Ерөнхий сайд яах аргагүй мөн.Түүн шиг улсын төсөвтэйгөө тэнцэх их мөнгийг төсвийн гадуур эргэлдүүлдэг Ерөнхий сайд өмнө байгаагүй.Гэвч энэ их мөнгө энгийн иргэдийн амьдралд наалдах нь битгий хэл, үнэртэх ч үгүй холуур тойрч байгааг иргэд, эдийн засагчид шүүмжилдэг. Хэрвээ энэ Засгийн газрын хэтэвчний зузаантай нь харьцуулбал, хамгийн их мөнгөтэй байж, ард түмнээ хамгийн ядуу амьдруулж байгаа нь Н.Алтанхуягийн танхим болно.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан “өмнө нь 40 мянган төгрөгөөр хөргөгчөө дүүргэдэг байсан, одоо 100 мянгаас наашгүй боллоо” гэсэн нь үүнийг ямар нэгэн хэмжээгээр нотолно.
Ардчиллын түүхэнд төрсөн 11 Ерөнхий сайд нийлээд 2.2 тэрбум долларын зээл авчээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхим үүнээс 0.6-гаар илүү буюу 2.8 тэрбум долларыг зээлээр авсан гэх тооцоог сөрөг хүчнээс нь гаргав. Ардчиллын 22 жилийн түүхэнд аваагүй зээлийг хоёрхон жилд авлаа гэдгээр түүнийг буруутгаж байна. Чингис, Самурай бондын энэхүү зээл нь буцааж төлөх өр гэдэг утгаараа соц нийгмээс хойш улсаа, ард түмнээ хамгийн богино хугацаанд, хамгийн их өрөнд оруулсан Засгийн газар гэвэл маргаангүй Н.Алтанхуягийг нэрлэнэ.Хамгийн харамсалтай нь өр тавьж ингэж их зээл авсан хэрнээ бүрэн эрхийн хугацаа нь талдаа ороод байхад бүтээн байгуулахаар амласан төслүүдээс нь тоосго өрж эхэлсэн нь тун цөөхөн. Ажил нь эхэлсэн ч, бүтээн байгуулалтынхаа 50 хувиас давсан нь ч ховорхон. Харин ярьж хэлэх, биеэ өмөөрөх, өөрөө тэргүүн Шадраар ажиллаж байсан өмнөх танхим руугаа бухахдаа манай Ерөнхий сайд гаргуун.Ярих нь хийхийн тал гэдэг л дээ. Гэхдээ хийхээ долоо хоног бүр 30 минутаар давтан давтан ярьснаар ажил яаж урагшлахыг мэдэхгүй. Тал гэснээс намын рейтингийн тал нь намын даргын нэр хүнд байдаг. Тэгвэл Засгийн газрын рейтингийн тал нь Ерөнхий сайдын, нөгөө талд нь Ерөнхий сайдын рейтингийн мөн тал нь Засгийн газрын ажлын эерэг үнэлэмж байдаг. Өөрөөр хэлбэл, хашиж байгаа төрийн өндөр албан тушаал нь тухайн улстөрчийнхөө рейтингийн тал болж, шууд “халаас”- нд нь ордог.Жишээ нь, Ц.Элбэгдорж сүүлийн үед “шилдэг-10 улстөрч”-ийн жагсаалтыг тэргүүлж буй нь төрийн тэргүүний алба, түүгээр дамжуулж хийж буй ажлынх нь эерэг нэр хүндийн нийлбэр юм.Харин Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод ч, жишээ нь “Сант марал”-ын судалгаагаар “шилдэг 10”-т нэг удаа ч багтсангүй.Тэгэхээр Засгийн газар, Ерөнхий сайд хоёр бие биеэ нөхөөд ч улстөрч Н.Алтанхуягийг шилдэгт багтаасангүй.Энэ нь бас л түүний онцлог.
Улсын Ерөнхий сайд байж “Хууль ямар хамаатай юм бэ” гэж амны алдаа гаргасныг нь эс тооцвол хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч чаддаг нь Н.Алтанхуяг сайдын бас нэгэн “давуу тал” юм болов уу. Юу гэхээр, Үндсэн хууль зөрчлөө гэх иргэдийн гомдлоор тэр Цэцэд хэдэнтээ дуудагдсан.Хамгийн сүүлийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар өөрөө “намайг долоо хоног болгон дууддаг” гэж байна лээ.Харин дуудагдсаны тоогоор Цэцэд очиж байсангүй.Ганц ч очсон удаагүй.Учрыг асуувал “Гомдолд хамаарах шийдвэрээ Ерөнхий сайд цуцалсан” гэх албан мэдээг Цэцээс ирүүлдэг.Шийдвэрээ цуцална гэдэг алдаагаа, Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Өөрөө өнөр бүлийн гишүүн, хөдөлмөрч хүн болохоор тансаг хэрэглээгээ танах, өндөг гурилаа тааруулж идэх, нүүрсээр яаж галлахыг хүртэл заадгаараа тэр бас л хүртээмжтэй Ерөнхий сайд.Гэтэл улсын Ерөнхий сайд гэдэг айлаас ч, “Алтан гадас”-ынхаас ч том учраас макро юм ярьдаггүй, микро Ерөнхий сайд гэж хэвлэлүүд шүүмжилдэг.Олон Ерөнхий сайд магтуулж муулуулж, огцорч, бүрэн эрхээ дуусгаж байсан ч, Н.Алтанхуяг шиг макро, микрогоор алсын хараагаа тодорхойлуулж байсан нь бас л байгаагүй.
Н.Алтанхуяг хүнийхээ хувьд сайн, хөдөлмөрч, нуруутай гэж зарим хүн хэлдэг. Үнэн байх. Улстөрчийнхөө хувьд бусдын эвийг олдог, зөрчлийг намжаадаг, фракцуудын тэнцвэрийг хадгалж, бусдыг зохицуулж чаддаг гэдэг.Энэ нь улстөрч хүнд байх ёстой л чадвар байх.Харин их мөнгө, их итгэл найдвар, намынх нь амлалт, эрх мэдэл, эсэргүүцэлгүй сөрөг хүчин, бүр байгаль цаг уурын таатай орчин зэргийг нь хийж бүтээсэн, ард түмний бодит амьдралтай харьцуулж харвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний танхимд бараг л эерэг үнэлгээ ирэхгүй дээ.АН-д сайн координатор хэрэгтэй бол, ард түмэнд сайн Ерөнхий сайд, бодлоготон хэрэгтэй.АН бол ард түмний өчүүхэн хэсэг нь.Тэд хамгийн олон суудал л авсан болохоос олонхийн саналыг аваагүй.Тус намын УИХ-ын сонгуульд авсан санал ердөө 35 хувь. Гуравны нэгийнхээ саналд дөргүй бух шиг дөрлүүлэн хөтлүүлэх сонирхол ард түмний олонхид үнэхээр байдаг эсэхийг мэдэхгүй. Тэгэхдээ Н.Алтанхуягийг хэн нэгнээр солиод өөрчлөлт гарна гэх баталгаагүй.Солиллоо гэхэд том бодлого гаргаж, ажил явуулж байгаа одоогийн арга барилыг өөрчлөхгүй л бол нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр адилхан.Нэгэнт төөрсөн замын зургаа солихгүй л бол газарчинаа юмуу ганц “хөлгийн ахмад”-аа хэд солиод ч зөв замаа олохгүй.Зарим улстөрчдөд нэмэгдэхүүний байрыг солих сонирхол бий л байх.Харин олон түмэнд бол улстөрчдийн амттай яриа, эдийн засгийн том тоонууд амьдралд наалдаж, улсаараа урагшаа явах нь л чухал.