Ерөнхий сайд П.Гэндэнд тусгаар тогтнолын асуудлаар багшилсан нэгэн түүх
Баримт: 1934.11.15, Москва, Кремль


    Гэндэн.  Би Танаас БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар тайлбар тодруулга авмаар байх юм.

    Сталин. Тусгаар тогтнолын тухайд, Танай улс үнэн хэрэгтээ тусгаар тогтносон улс юм.  Миний мэдэж байгаагаар зөвхөн ЗСБНХУ л танай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Тийм байх аа? Танайх албан ёсоор Хятадаас салаагүй, салснаа зарлан тунхаглаагүй. Тийм үү?

   Гэндэн.
Тийм ээ, тэр үнэн. ЗСБНХУ-аас өөр ямар ч улс биднийг хүлээн зөвшөөрөөгүй, Хятадаас албан ёсоор салаагүй.

    Сталин. Танайд Хятадаас суугаа ямар нэгэн албан ёсны төлөөлөгч байна уу? Та бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна уу? Тэдгээртэй албан ёсны харилцаа тогтоохыг хүсч байна уу? Та бүхэн энэ сэдвээр бусад улсын төлөөлөгчидтэй хэзээ нэгэн цагт ярилцаж байсан уу?

    Гэндэн. Хятадын төлөөлөгч манайд байхгүй. Гадны хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлэх гээгүй. Гадаадын ямар ч төлөөлөгчтэй би энэ сэдвээр ярилцаагүй.

    Сталин. Тэгвэл гадаадынхнаар хүлээн зөвшөөрүүлэхийг Та хүсэхгүй байгаа хэрэг үү? Гадаадын ямар ч төлөөлөгчтэй энэ сэдвээр ярилцаагүй юм биз дээ?

    Гэндэн. Тийм ээ. Би тэр тухай хэнтэй ч хэлэлцээ хийгээгүй. Гадаадаар, Японы зүгээс хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүмүүсийг бид шийтгэснийг Та мэдэж байгаа. Бид  гадаадынхнаар хүлээн зөвшөөрүүлэх гэж эрмэлзэх хэрэг байгаа эсэхийг Та илүү сайн мэдэж байгаа биз ээ. Учир нь БНМАУ-ыг гадаад орнууд хүлээн зөвшөөрөх  асуудал нь дотоодын биш, олон улсын чанартай юм.



    Сталин. Та бүхэн олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн цагт Танай орон албан ёсоор тусгаар тогтносон улс болно. Тийнхүү хүлээн зөвшөөрүүлэх гэж хөөцөлдөхөд буруу юм гэж үгүй. Юуны өмнө танайх Хятадаас хараат бус болсныгоо тунхаглавал зохино. Тусгаар тогтносон байдлаа Хятадын талаар зөвшөөрүүлж, бусад улс орнуудаар мөн тийнхүү хүлээн зөвшөөрүүлбэл Та бүхэн өвөр монголчууд буюу цахар, баргуудыг өөртөө татах болно. Тэгэх юм бол тэд Монголын жинхэнэ тусгаар тогтнол танайд байгаа юм байна гэж мэдэх болно. Яаж түүнд хүрэх вэ?

Нэгдүгээрт, - Та бүхэн улс орноо хүчтэй болгох хэрэгтэй. Тэгэхгүй одоогийн байдлаар Танай Засгийн газар, лам нарын хэн нь хүчтэй байгаа нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд Та бүхнийг гадаадынхан яаж хүлээн зөвшөөрөх юм бэ? Ийм байдалтай байж болохгүй. Тийм болохоор Та бүхэн юуны өмнө улсын хувьд бэхжиж, армиа хүчтэй болгож, ардуудын эдийн засгийн болон соёлын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Та бүхэн бэхжиж, улсын хувьд хүчтэй болсон цагтаа Хятадаас хараат бус болсноо тунхаглах боломжтой болно. Тэгэх юм бол Япон, Англи зэрэг империалист улс орнууд өөрийнхөө санаачилгаар Та бүхнийг хүлээн зөвшөөрөх гэж эрмэлзэх болно. Хүлээн зөвшөөрдөггүй юм аа гэхэд Танайх нэгэнт хүчтэй болсон тул тэднээс айхгүй байж болно. Хамгийн чухал нь хүчтэй байх явдал юм.



    Молотов. Урьд нь манайх ч гэсэн ЗСБНХУ-ыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй тийм байдалтай байсан, харин одоо биднийг бүгд хүлээн зөвшөөрч, бид Үндэстний Лигэд элссэн.

    Сталин. Та бүхэн зөвхөн хүчтэй болсон тохиолдолд л тийнхүү хүлээн зөвшөөрөгдөнө. Харин үүний тулд Та бүхэн өөрийн бааз суурийг бүтээн байгуулах хэрэгтэй. Бат бэх армитай байх хэрэгтэй. Хүчтэй байх юм бол Та бүхэн Хятадаас хараат бус гэдгээ тунхаглаж чадах бөгөөд хятадууд танайх руу довтолж зүрхлэхгүй. Улмаар дотроо бат бэх улс болох хэрэгтэй. Лам нарыг чангахан барьж авах хэрэгтэй. Танайх хүчтэй орон болж,  бат бэх армитай байх юм бол Хятад танайх руу довтолж зүрхлэхгүй. Сул дорой нэг нь зодуулдаг, хүчтэй нэг нь тоогддог гэдгийг мартаж болохгүй. Танай тусгаар тогтнолын тухай асуудлын гол нь үүнд л оршиж байгаа юм...