Д.Баярхүү: Ромын Папын айлчлал католик ертөнцөд Монголыг цоо шинээр таниулна
Папын айчлалаар ямар дүр зураг дэлхий дахинд харагдах ёстой вэ, Монголыг юу гэж ойлгох ёстой вэ гэвэл Монгол Улсад одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны наймдугаар сард НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш айлчилж, дэлхий нийтэд Монгол Улс бол үнэхээр энхийг эрхэмлэгч, нээлттэй гадаад бодлого явуулдаг, даян дэлхийд энхийг сахиулагч, энх тайвны төлөө тууштай зогсдог улс юм байна гэдэг мессэжийг хүн төрөлхтөнд өгсөн. Үүнийг Антонио Гутерреш өөрөө нотлоод, “Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн зарласан. Энэ удаа яг жилийн дараа Ромын Пап айлчилж байна гэдэг Монгол Улс бол оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон улс юм байна гэдэг мессэжийг дэлхий дахин түгээнэ гэдэгт итгэлтэй байна.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй Ромын Папын айлчлалын талаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Баасанжавын Энхзаяа ярилцсан анхны эхийг толилуулъя.
-Монгол Улсад хийх Ромын Папын айлчлал тун удахгүй эхэлнэ. Олон улс судлаачид энэ айлчлалыг тал бүрээс нь шинжилж онцолж ярьж байна. Таны хувьд дэлхийн католик шашинтны тэргүүний айлчлалыг хэрхэн харж байна вэ?
-Ромын Пап бол хоёр том албан тушаалтай хүн. Монгол Улсад айлчлан ирж байгаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хийж байгаа төрийн айлчлал. Энэ нь Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүний хувьд хийж байгаа айлчлал гэсэн үг. Гэгээн ширээт улсыг Ватикан гэж дэлхийд түгээмэл нэрлэдэг. Ватикан нь олон улсын харилцааны болон олон улсын эрх зүйн бие даасан субъект. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Олон улсын эрх зүйн субьект өөрөө олон улсын харилцаанд төрт-улс гэсэн тодорхойлолттой, түгээмэл нэр нь Nation-State. Бие даасан тусгаар тогтносон бүрэн эрхт улсын Төрийн тэргүүний хувиар Монгол Улсад ирж байгаа төрийн айлчлал гэж харж болно. Хоёрдугаар тушаал нь даян дэлхийн католик шашинтнуудын тэргүүн. Католик шашинтай улс орнууд шашны тэргүүнээ тодруулах өөрийн гэсэн дүрэм журам, ёс жаягтай. Тэр дагуу Латин Америкаас сонгогдсон аргентин иргэн. Ромын католик шашны тэргүүн голдуу Европын католик шашинтай орнуудаас тодорч байсан бол энэ удаа Латин Америкаас тодорсон. Хүн төрөлхтний гуравны нэг нь христосын шашинтай гэж үзвэл түүний бараг талаас илүү хувь нь католик шашинтнууд. Барагцаа тоогоор хүн төрөлхтний дөрөвний нэгийнх нь том төлөөлөл гэсэн үг. Латин Америк гэхэд л тэр чигтээ католик ертөнц шүү дээ. Америк, Канад хоёроос бусад нь, Америк тив тэр чигээрээ католик шашинтнууд. АНУ, Канадад ч католик шашинтнууд олноороо бий. Европын талаас илүү нь. Бидний сайн мэдэхээр Өмнөд Солонгост гэхэд л маш олон католик шашинтнууд байна. Макао ч тэр чигтээ, Хонконгод бас байна. Филиппинчүүд ч тэр чигтээ католик шашинтнууд. Энэтхэгийн нэг муж тэр чигээрээ католик шашинтай гээд нэрлээд байвал маш том ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Ингээд харвал Төрийн айлчлалын хажуугаар католик ертөнцийн шашны тэргүүний айлчлал гэдгээрээ Монгол Улсад хийгдэж байгаа хамгийн өвөрмөц, бас түүхэн айлчлал болно.
-Монгол Ватикан хоёр улсын харилцаа нэлээд эртнээс эхэлсэн гэгддэг байх аа?
-Монголын эзэнт гүрний үед манай хоёр улсын харилцаа төлөвшин тогтсон байдаг юм. Ромын Папын захидлыг тээсэн анхны элч Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд ирж байснаас хойш 777 жил өнгөрсөн байна. Гурвын гурван долоо бас л бэлгэдэлтэй тоо. Ер нь Монголын эзэнт гүрэн ба Ромын Папын харилцаанаас улбаалаад Монгол–Өрнөд Европын харилцаа төлөвшсөн гэж үзэж болно. Өрнөд Европ гэж тусдаа бие даасан том бүс нутаг. Францын хаанаас тухайн үед бас захиа ирж байсан гэдэг. Тэгэхлээр Монгол ба Өрнөд Европын харилцааны үндсийг Монгол-Ватикан, Монгол-Франц тавьсан гэж түүхэнд тэмдэглэж үлдээхэд болохгүй юм байхгүй. Тэр үүднээс энэ айлчлал бол түүхэн том айлчлал. 777 жилийн өмнө Гүюг хаанаас хариу захиа очсон. Тэр захидалд Ромын Папыг урьж залсан байдаг бол тэр захидлын хариу айлчлал хэрэгжиж байна гэж эерүүлээд хэлчихэд их л том бэлгэшээлтэй үйл явдал болж байна.
-Пап Францисын айчлалыг дагалдаж маш том хөдөлгөөн бий болдог. Дэлхийн том улс орнуудад хийсэн айлчлалд нэг сая орчим католик шашинтнууд цуглардаг гэсэн судалгаа ч дуулддаг юм билээ. Тэгэхээр манай улсад хийж байгаа айчлалаас нэлээд үр дүн гарах болов уу?
-Өмнөх долоо хоногт миний авч байсан мэдээллээр 3000 гаруй католик шашинтан сүсэгтэн Монголд цуглах юм байна. Тэр нь Азийн католик шашинтай улс орнуудаас, мөн олон газраас аялал жуулчлалын шугамаар ирж байгаа бололтой юм. Мөн 23 улс орны 140 гаруй хэвлэл мэдээллийн сэтгүүлчид ирнэ гэсэн мэдээлэл байсан. Дээрхи тоо өсч ч магад. Ямраар ч бодсон Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн, Ромын Пап маань өөрөө “дэлхийг” Монголд дагуулаад ирж байгаатай адил үйл явдал өрнөх нь байна. Тэр утгаар Монголын түүхнээ дахин дахин давтагдаад байхааргүй маш өвөрмөц айлчлал болох болов уу. Монгол хэн бэ гэдэг нь тэдний хувьд нэн сонин шүү дээ. Эзэн Чингисийн өлгий нутаг гэхээс гадна Монгол бол коммунизмын замаар 70 жил замначихсан пост-коммунист улс. Хуучин Зөвлөлтийн дагуул улс байсан. Өнөөдөр Төв Азийн цээжин дээр байгаа Орос, Хятадын дунд орших геополитикийн маш өвөрмөц байршилтай ийм улсад морилно гэдэг яалт ч үгүй энэ айчлал даян дэлхийн анхаарлын төвд орох болно. Дэлгэрүүлээд хэлэхэд Монгол Улс бол өнөөдөр ардчилал, зах зээлийн нийгэм рүү шилжилтийг эрчимтэй хийж байгаа пост-коммунист улсын хувьд Орос, Хятад гэж хоёр том гүрний дунд хавчуулагдсан жижиг улс. Гэхдээ маш их идэвхтэй гадаад бодлого явуулдаг. Геополитикийн маш өвөрмөц байршилтай, далайд гарцгүй улс мөртлөө даян дэлхий рүү хандсан маш нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэгч гадаад бодлого явуулдаг. НҮБ-д маш идэвхтэй, даян дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрийнхөө зохих хувь нэмрийг оруулж, энх тайваны бэлгэ тэмдэг гэсэн үнэлгээг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүртсэн. Тэр утгаараа дэлхий дахины анхаарлын төвд энэ айлчлал яах аргагүй байх ёстой юм. Ер нь тэр олон сэтгүүлч хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, олон сүсэгтэн ирнэ гэдэг Монгол Улсыг олон улсад таниулахад бэлээхэн маш том гадаад сурталчилгааны алхам болно. Дэлхий дахинд манай улсыг үнэ төлбөргүй сурталчлаад өгнөө л гэсэн үг. Нөгөө талаар католик ертөнцөд Монголыг цоо шинээр таниулж байна. Латин Америкийг аваад үзье. Бүх Латин Америкийн католик шашинтнууд Монголыг анхаархлынхаа төвд тавих болно гэсэн үг. Манай улсын нэр хүнд олон улсад ямар огцом өсөх вэ гэдгийг баримжаалаад төсөөлөөд үз дээ.
-Сөрөг тал бий юү. Хүн амын талаас илүү хувь нь буддын шашинтай Монгол Улсын хувьд энэ том айлчлалаас гарах үр дагавар бий юү?
-Сөрөг үр дагавар тохионо гэж огт бодохгүй байна. Даяаршлын эрин үед, хөгжлийн хурдны, мэдээллийн технологи асар их хурдтай хөгжиж байгаа энэ эрин үед Монголд сөрөг нөлөө учирна, ирээдүйд эрсдэл тохионо гэдэг ойлголт угаасаа байж таарахгүй. Монгол Улс шашны эрх чөлөөг баталгаатай хангаж чадсан улс. Бидний сонгож авсан ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олон шашныг хүндэтгэж ирсэн энэ тогтолцоог аваад үз. Бас түүхэн уламжлал байна. Найман зууны тэртээ Монголын эзэнт гүрний нийслэлд дэлхийн том том шашны төлөөллүүд, олон сүм хийд мөргөлийн газрууд зэрэгцээд байсан. Тэр утгаараа түүхэндээ шашин шүтлэг гэдэгт маш их хүлээцтэй, прагматик хандаж ирсэн ийм ард түмэн. Өнөөдөр би л лав Монголыг буддын шашинт улс гэж хатуу нэрлэж чадахгүй. Би өөрөө гэхэд шашингүйн үзэлтэй хүн. Миний үеийнхэн болон миний дээд үеийнхэн бүгд шашингүйн эзлээр хүмүүжсэн атеистууд. Социализмаас бидэнд үлдээсэн өв маань ийм юм. Тэгэхлээр Монголын хүн амын талаас илүү нь буддын шашинтай гэж хатуу оношилж хэлж чадахгүй. Харин Папын айчлалаар ямар дүр зураг дэлхий дахинд харагдах ёстой вэ, Монголыг юу гэж ойлгох ёстой вэ гэвэл Монгол Улсад одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны наймдугаар сард НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш айлчилж, дэлхий нийтэд Монгол Улс бол үнэхээр энхийг эрхэмлэгч, нээлттэй гадаад бодлого явуулдаг, даян дэлхийд энхийг сахиулагч, энх тайвны төлөө тууштай зогсдог улс юм байна гэдэг мессэжийг хүн төрөлхтөнд өгсөн. Үүнийг Антонио Гутерреш өөрөө нотлоод, “Монгол бол энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн зарласан. Энэ удаа яг жилийн дараа Ромын Пап айлчилж байна гэдэг Монгол Улс бол оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон улс юм байна гэдэг мессэжийг дэлхий дахин түгээнэ гэдэгт итгэлтэй байна. Үр дагавар гэж асуусантай чинь холбогдуулан тэмдэглэж хэлэхэд Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал бол Монголын түүхнээ, тэр дундаа гадаад бодлогын түүхнээ тод үсгээр тэмдэглэгдэн үлдэнэ. Монгол Улсын олон тулгуурт, тэнцвэртэй, гуравдагч хөршийг эрхэмлэсэн гадаад бодлого маань шинэ агуулгаар баяжина. Монгол дахь шашны аялал жуулчлалын торгон эхлэл болно. Манай улсын олон улсын нэр хүндийг шинэ шатанд гаргана гэж үзэж байна. Төгсгөлд нь тэмдэглэж хэлэхэд Монгол-Гэгээн ширээт улсын харилцааны түүхэнд энэ 2023 он маш онцлогтой, маш тодоор бичигдэх үйл явдлаар баялаг он болно. Учир нь өнгөрсөн хавар Гэгээн ширээт улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга тэргүүн хамба Пол Ричард Галлагер манай улсад айлчилсан, залгуулаад Төрийн тэргүүн нь айлчилж байна. Үүнийг түүхэн, онцлог үйл явдал гэж нэрлэхээс өөр юу гэх билээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.