Монгол, Монголчууд, Монгол орон
түүхийн альманах

Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм.

1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинээр харах үүд хаалгыг нээсэн билээ. 1996 онд гарсан Баабарын ХХ зууны Монгол: нүүдэл суудал бол ийм боломжийн үүдийг нээж, салхийг хагалсан томоохон бүтээл байлаа. Чухам эл бүтээлийн шинэтгэсэн, илүү товч, зурагжуулалт давамгайлсан, бүх насны уншигчид танилцахад хялбар болгон энэ бүтээлийг дахин хэвлэж гаргаж байна. Түүхийг өөрчлөх, үзэл сурталжуулахаас илүүтэй үзэл сурталжсан түүхийг “цэвэрлэн” уг үндсийг сэргээх үлэмж бэрх, цаг хугацаа зарсан ажил гэдэг.

Нүүдэл суудал: Монгол, Монголчууд, Монгол орон хэмээх энэхүү түүхийн альманах нь сүүлийн хориод жилд үнэн мөнөөрөө сэргээгдэн, үзэл сурталжсан хандлагаасаа салж буй бид бүхний түүхийн стандарт товчоон юм. Номыг бүтээхдээ аливаа түүхэн альманахыг бүтээдэг National Geographic-ийн дэг, зарчмыг баримтлав.


НЭПКО хэвлэлийн газар


ЦЭРГИЙН ТАКТИК

Чингис хаан тухайн үедээ хамгийн сайн зохион байгуулагдсан төдийгүй хамгийн орчин үеийн техникээр зэвсэглэсэн аугаа армитай байжээ. Цэргийн түүхийн олон сурах бичигт Чингисээс буюу монголчуудаас гаралтай хэмээн өнөө хүртэл дурдсаар байгаа олон тактик, стратегийн ихэнх нь түүнээс өмнө нүүдэлчний цэргийн сургуульд байсан юм. Гэхдээ Чингис түүнийг цэргийн номлол болгон шинэчлэн төгөлдөржүүлээд практикт амжилттай хэрэглэжээ.

Зохион байгуулалт

Чингис шинэ тулалдаан бүрийн төлөвлөгөөг Хурилдай дээр хэлэлцэж стратегиа боловсруулдаг байсан аж. Тагнуул туршуулууд нь баялаг мэдээллээр хангаж өгнө. Бэхлэлт цайзад дөхөж ирээд ойр хавиас хэрэгцээт нөөцөө цуглуулж, түр бааз байгуулна. Арми нь морин цэргээс бүрэлдэх бөгөөд инженерийн тусгай ангитай. Хүнд морин цэрэг нь хөө хуяг дуулга өмсөж сэлэм, жадаар зэвсэглэдэг бол хөнгөн морин цэрэг нь ердөө л нум сум, хөнгөн жад хэрэглэнэ.

Чингис цэргийн дарга нарыг дайнд байгуулсан гавьяагаар нь үнэлэн дэвшүүлнэ. Даргын тушаалыг хэн ч зөрчих эрхгүй. Ийм хатуу сахилга бат тухайн үеийн аль ч армид байсангүй. Төмөр дуулганаас өөр хуяггүй хөнгөн морин цэрэг армийн талаас илүү хувийг эзлэнэ. Бас өөрсдийгөө төдийгүй морио хүртэл ширэн хуягаар хамгаалсан хүнд морин цэрэгтэй. Тулааны өмнө цэргүүдэд торгон цамцыг норгож өмсгөнө. Энэ нь сум биед тусахад хамгаалахаас гадна нэвт орсон сумыг эргүүлж сугалахад дөхөм болно.

Тулалдах барил

Чингисийн дайчид тулаанд орохдоо эхэнд нь хүнд морин цэргийг хоёр эгнээгээр, араас нь хөнгөн морин харваачийг гурван эгнээгээр давшуулна. Сүүлчийнх нь түрүүчийнхийгээ амсхийх хоорондуур урагшлан, монгол цэрэг бүрт байсан 80 кг хүч бүхий 200-300 м хүртэл тусгалтай нумаараа харван хурц үзүүрт зэв бүхий сумаар маш оновчтой мөндөр буулгаад эгшин зуур ухарна. Энэ харвалтад мэгдсэн дайсныг бүр сөнөөхөөр хүнд морин хороо давшилтанд орох жишээтэй. П.Карпинийгийн тэмдэглэснээр тэд ухрахаас огт ичдэггүй бөгөөд харин ухрах нь дайснаа хуурч араасаа хөөлгөөд эцэст нь гол хүчнээс нь салгах мэх байдаг аж.

Инженерийн анги

Чингисийн зарлигаар эзэлсэн орны олзлогдогсдоос аль өөдтэй дархчууд, техникийн мэдлэгтнийг шилэн армийн инженерийн корпус байгуулдаг байсан нь олон жилийн турш уламжлагдсан юм. Ингэсээр сүүлдээ хот балгадыг эзлэх системчлэгдсэн арга барилтай болжээ. Гол хүч нь чулуу шидэх, харвах оньсоор тоноглогдсон ангиуд. Тэнд гол төлөв олзныхноос бүрдсэн чадварлаг инженерийн корпус ажиллаж байлаа. Хотыг эхлээд галтай сумаар харвана. Дараа нь том чулуугаар дүүгүүрдэгч машинаар хэрмийг нь нураана. Заримдаа хотыг усанд авахуулна.

Нохой, муур зэвсэг болов

Тангадын нэгэн хотыг олон хоног бүслээд эс дийлжээ. Дийлдэхгүй болохоор нь хотын захирагч нартай “Бидэнд нохой, муур их хэрэгтэй байна, хотынхоо бүх нохой муурыг өгчихвөл бид явлаа” гэдэг хэлэлцээ хийсэн байна. Гэмгүй энэ саналд хотынхон хууртан хамаг нохой, муураа цуглуулж өгчихөөд монголчуудын буцахыг хүлээв. Гэтэл монголчууд буцаагүйгээр барахгүй нохой, муурынх нь сүүлийг тосолж байгаад гал авалцуулан тавьжээ. Галд идэгдсэн амьтан байгалийн зөнгөөрөө өсч төрсөн газар руугаа тэмүүлж, хот нь түймэрт автжээ.

Монголчууд анх бактерологи, биологийн дайныг сэдсэн гэдэг. Түүх сударт бактериологийн дайны эх суурийг Чингис анх тавьсан гэх ба энэ нь бууж өгөхгүй удтал хориглох хотын хэрэм дээгүүр өвчтэй амьтны өмхийрсөн сэг чулуудан тахал мэтийн гоц халдварт өвчин дэгдээх муу арга сэдсэнийг нь хэлж буй ажээ.    

Сэтгэлзүйн дайралт

Байлдааны янз бүрийн уран тактик байнга бодож олдог байсны нэг нь тусгай салбар болон хөгжсөн сэтгэлзүйн дайн. Монголчуудын тулалдааны арга тактикаас хамгийн аймшигтай нь сэтгэл зүйн дарамт байжээ. Эсэргүүцэлгүй бууж өгсөн хотын иргэдийг амьд үлдээнэ, бууж эс өгвөл толгой дараалан хүйс тэмтэрдэг тухайгаа сайн тараана. Цуу тараахын тулд хядлагын гэрч болсон тодорхой иргэдийг амьд үлдээж дутаах бололцоо олгодог аж. Өөрийн цөөн цэргийг олон болгож харагдуулан дайсныг сэтгэлээр унагах янз бүрийн арга сэтгэж байсны нэг нь шөнө түүдгийнхээ тоог нэмэх эсвэл морин дээр хүүхэлдэй суулган олон болж харагдсан зэрэг нь домог болон үлджээ.



XIV зууны эхэн үеийн Перс сурвалжийн Багдадыг буулган авсан нь хэмээх цуврал зургаас.

Монгол цэргийн байлдааны тактик, техник хэрэгслийн заримыг эндээс харж болно.


Тагнуул


Дайсныхаа цэргийн чадавх, ард олных нь сэтгэл зүйг урьдчилан тагнахаас нааш Чингис хаан ямар нэг байлдааны ажиллагаа эхлүүлдэггүй байжээ. Тагнуул нь аянчин, жуулчин, худалдаачны дүрээр явна. Тэд олон удаа бүслэгдсэн хотын хэрэмний хаалгыг дотроос нь онгойлгож өгчээ.                

       

Чингисийн ухаалаг удирдлага

Чингис хаан асар том эзэнт улсынхаа дотор гайхалтай зохион байгуулсан холбоо харилцааны сүлжээ үлдээжээ. Энэ бол морин өртөө. Гол зам даган хоорондоо 30 км орчим зайтай байрлах морин өртөө нь элч нарыг түр амрааж, морийг нь юүлэх цэг юм. Ийм өртөөгөөр дамжин хэдэн мянган км алсад цэрэг, эдийн засаг, улс төрийн маш чухал мэдээ тухайн цагтаа маш хурдтай тарна.

Хэдий Монголын нууц товчоо-нд морин өртөөний сүлжээг Өгэдэй бүтээсэн гэж тэмдэглэсэн байдаг ч Чингисийн санаачлан хэрэгжүүлж эхэлсэн энэ холбооны сүлжээ түүнээс хойш олон үе дамжсан юм. Бүр XX зууны дунд үе хүртэл, өөрөөр хэлбэл Төв Азид орчин үеийн тээврийн хэрэгсэл, цахилгаан холбоо нэвтрэх хүртэл Монголд өртөө албан ёсоор хэрэглэгдэж байлаа.

Хууль тогтоогч

Чингис хаан хойч үедээ Чингисийн их засаг буюу яса гэгддэг хуулийн тогтоц үлдээжээ. Хэдийгээр Их засаг-ийг бичгийн хэлээр манай үе хүртэл хадгалагдан үлдээгүй боловч ард олны дунд аман хэлбэрээр тарсаар ирсэн юм. Зарим сурвалж бичигт хэсэгчилсэн санаа нь өвлөгдсөнөөс үзэхүл эзэнт улсын дотор мөрдөх нарийн чанд хуулийн тогтолцоо байсан аж.

Их Засаг хууль Ата Малик ибн Жүвэйни, Рашид ад Дин нарын зохиолоор дамжин утга санаа нь эдүгээ хүртэл үлдэж хоцорсон юм. Их засаг хуулийг 1206 оны Хурилдайгаар тунхагласан ба 1210, 1218 оны хоёр удаагийн Хурилдайгаар нөхвөрлөжээ. Энэ бол талын нүүдэлчдийн бичиглэсэн анхны хууль цааз болов уу.

Персийн нэрт түүхч Ата Малик ибн Жүвэйни иргэншсэн орны төлөөлөгчийн хувьд монголчуудыг нэлээд дорд үзэж байсан авч “Чингис хаан ноёрхсоныхоо эхээр Монголын эл аймгууд түүнд нэгдсэн үед тэдгээр аймгийн дотор зөвшөөрөгдсөн буюу явагдаж байсан бүдүүлэг заншлыг эвдэж, онолын талаар үзсэн ч сайшаагууштай хууль дүрмийг тогтоожээ” гэж тэмдэглэсэн байдаг.

Илбэн тохинуулагч


Чингисийг зөвхөн байлдан дагуулдаг, алан хяддаг мэтээр төсөөлөх нь хэт утга учиргүй хэрэг юм. Тэрбээр эвдэн сүйтгэсэн хот балгадаа тун удалгүй эргүүлэн сэргээж худалдаа наймаа, үйлдвэрлэлийг урамшуулдаг байсан нь өөртөө байнгын татвар төлөх чадвартай, өөрийнх нь хуулийг дагадаг, ёс журам, хууль зүйг дээдэлдэг иргэншил хэрэгтэйг сайтар ойлгож байсныг харуулдаг.
Чингис элдэв жижиг хулгай дээрмийг зогсоож, худалдааны гол замыг хөгжүүлэн хөхиүлж байсан нь зөвхөн хатуу чанд мөрддөг хуулиар дамжин хэрэгжих учиртай байв.



Чингис хаанд бараалхаж буй монгол овог аймгийн удирдагчид. Хааны өргөөний ард цагаан сүлд өргөсөн нь
энхтайван цагийг бэлгэджээ. Персийн миниатюр. XIV зууны эхээр зурагдсан.


Үлдээсэн өв


Чингис хаан Их Монгол гэж нэрлэсэн нэгдсэн төрийн системийг үлдээжээ. Татварын нэгдсэн системтэй, нэгдсэн удирдлага бүхий хүчирхэг армитай, мэдээлэл хурдан дамжуулах холбооны сүлжээтэй, улс даяар хэрэгжүүлэх нэгдсэн хуультай, шашны олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн, асар уудам нутаг бүхий төрийн нэгдсэн систем байгуулсан нь даруй 50 жил тогтножээ.