Гоцлон дуулаачийг дахиулахад үзэгчдийн идэвхтэй дэмжлэг, алга ташилт шаардлагатай байдаг бол сонгуулийг дахиулахад ердөө идэвхгүй байдал л хангалттай аж.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд идэвх, ирц муутай оролцсонд нь сонгогчдыг иргэний үүргээ биелүүлсэнгүй гэж зэмлэхээс өмнө сонгох эрхэндээ эзэн болж, гартаа атгасанд нь баяр хүргэе. Өмнөх сонгуулиар өгсөн санал нь үр дүнд бодит тусгалаа олж чадаагүйд бухимдсан иргэд энэ удаад жолоогоо чанга атгажээ. Өгсөн санал өөдөө явахдаа засварлагдан өөрчлөгдөж, сонгох эрхийг нь хэн нэгний эрх ашигт нийцүүлэн эвдэлж бусниулдаг “махны” машиныг иргэд ийн эсэргүүцлээ.

Сонгуулийн дүнг дараа нь суулт, жагсаал, цуглаанаар залруулна гэдэг эрсдэлтэйг ойлгосон иргэдийн эсэргүүцэл чимээгүй, тайвнаар илэрхийлэгдэв.

Энэ удаагийн сонгууль иргэдийн эсэргүүцлээс гадна их олон гажгийг илчлэн эмч нарт бол хангалттай онош тавих шинж тэмдгүүдийг илэрхийллээ. Шат шатны ИТХ эгэл жирийн иргэдийн амьдралд бараг нөлөөгүй хэрнээ эрхтэн дархтануудад их чухал гэдгийг харуулав. Иргэдийн төлөөллийн байгууллага ... дугаар хорооны иргэн Дорж, Дулмаад биш дээр суугаа эрхмүүдийн эрх ашигт үйлчилдэг болохоор тэр. Эгэл жирийн иргэний эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргах эрх мэдэлгүй боловч нийслэлийн хувьд ИТХ нийслэл, дүүргийн Засаг даргыг томилоход үлэмж нөлөөтэй.

Яагаад санал хураалтын өдөр Их хурлын гишүүн дүүргийн сонгуулийн хороог хурууны үзүүр, нүдний харцаараа хөдөлгөхийг санаархсаны учир товчхондоо энэ. (Энд УИХ-ын гишүүн Д.Загджавын гаргасан хууль бус үйлдлийг жишээллээ) Дүүргийн Засаг даргыг өөрийнхөө хүнээр томилж чадах эсэхээс хамаараад ээлжит Их хурлын сонгуулиар сонгуулийн тойрог, хороо, хэсгийг эрх ашгийнхаа төлөө хөдөлгөж чадах эсэх нь хамаарна. Мөн сонгууль хүртэлх дөрвөн жилд өөртөө болон намдаа “унацтай” шийдвэрүүдийг гаргаж чадна. Энэчлэн их олон хүчин зүйлс үүнд нөлөөтэй. Нэг үгээр бол

эрх мэдэл бол их мөнгөний эх үүсвэр юм.

Харин өнөөгийн Монголд ИТХ иргэндээ ашиггүй байгууллага. Түүний гишүүдийг сонголоо ч мэдрэгдэх юмгүй, үгүй байлаа ч хохирох юмгүй. Тэгээд ИТХ иргэндээ ашигтай байхын тулд яах ёстой юм бэ гэж үү?

Жишээлбэл, Вашингтонд манай ИТХ-тай ижил байгууллага нь тухайн дүүрэг, хороонд шинэ барилга барих газрын зөвшөөрлийг өгөх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөллийг нээлттэй оролцуулна. Шинэ барилга баригдах хорооны оршин суугчид саналаа хэлнэ. Газрын зөвшөөрөл хүсч байгаа этгээд тэдгээр оршин суугчдад саналаа танилцуулж, орчны тохижилтыг хэрхэн сайжруулах, суугчдад ямар давуу нөхцөл олгохоо амлана. Нэг үгээр бол хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр ИТХ нь газар өгөх эсэх, барилга бариулах үгүйгээ шийднэ. Манайх шиг нэг л өглөө сэрэхэд нь тоглоомын талбай дээр шан татчихсан, эсвэл байрных нь дулаан дамжуулах хоолойг нь зад татаад хаячихсан байх гэж үгүй. Тэгээд оршин суугчид хэл ам хийхээр хэн нэг даргын гарын үсэг бүхий бичиг үзүүлээд зогсч байдаггүй ажээ.

Мөн АНУ-д муж бүр (манайхаар үүнийг аймаг гэж ойлгоё л доо) өөрийнхөө хууль, татварыг ИТХ нь гаргана. Тухайлбал, НӨАТ-аараа мужууд өрсөлддөг байна. Өрсөлдөөнд хамгийн өндөр татвар тогтоосон нь биш хамгийн бага татвар тогтоосон нь хожно гэсэн үг. Татварын нөхцөл таатай муж руу үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид татагдаж, тэнд шинэ үйлдвэр, бизнес цэцэглэнэ. Үүнийг дагаад ажлын байр буй болж, амьдрал ахуй дээшилдэг ажээ. Ийм замаар эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн асуудлыг хамтад нь шийддэг АНУ биднээс аргагүй хол юм даа.

Бидний нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу ИТХ гэж нэрлэдэг, америкчуудын  self governance гэж ярьдаг тогтолцоо дээрх мэт ялгаатай аж. Хэрэв америкчуудын self governance тогтолцоо шиг иргэдийн аж ахуйн асуудлыг ч, эдийн засаг, нийгмийн асуудлыг ч өөрсдийнх нь оролцоотой өөрсдийнх нь эрх ашгийн өмнөөс шийддэг байгууллага байж чаддаг бол иргэдийн сонгуулийн оролцоо энэ удаад их өөр байх байсан биз ээ. Ингээд иргэд сонгуульд идэвх муутай оролцжээ. Харин эрх мэдэлтнүүд, улс төрийн нам хүчин яагаад идэвх гаргасан нь нэг их тайлбар шаардахгүйгээр ойлгогдох болов уу.

Нийслэлийн удирдлагад байсан эрхмүүд өнөөдөр хөрөнгөтнүүд болж, үүний сацуу их улс төрд оржээ. Тэд нэг ч үйлдвэргүй, тэд хэзээ ч ажил олгогч, бизнес эрхлэгчийн хувиар татвар төлж байгаагүй. Ерэн онд эгэл ардуудтай ижилхэн гараанаас хөдөлсөн гэхэд их баяжсан байгаа нь эргэлзээ дагуулна. Нөгөө талд гарын үсгээрээ олгосон газрын зөвшөөрлүүд, гарах гарц, тэлэх зайгүй болсон төв зам, эмх замбараагүй энэ нийслэл хот бас л нэгийг хэлнэ. Орон нутгийн сонгуульд иргэд идэвхгүй, эрхтэн дархтанууд эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн нь аргагүй ч юм уу даа.

                                                                                                              З.БОРГИЛМАА