Танд ч бас яг адилхан мөрөөдөл байгаа. Би баян хүчирхэг болохыг мөрөөдөж байна. Зүгээр ч нэг баян биш үнэхээр асар их баялагтай, бүгд үл марган хүндэтгэх хүчирхэг болохыг мөрөөдөж байна. Миний шунал их. Асар их. Заримдаа бүр биелэхэд дэндүү үнэмшилгүй их. Тийм их баялаг, хүч чадлыг хүснэ би.

Мөрөөдөх баялаг минь зүгээр нэг ойр зуурын мөнгө, хөрөнгөөр зогсохгүй ээ. Миний ах дүүс, найз нөхөд, миний үед амьдарч байгаа бүх монголчууд, тэр ч бүү хэл үр хүүхэд минь тэдний үеийн бүх монголчууд олон олон үеээрээ бүгд толгой дараалан баян тансаг амьдраасай гэж мөрөөднө. Ганцаараа би баян, бусад нь ядуу байвал ямар баян байх вэ. Монголчууд бүгд  сайхан байр, хүссэн унаатай, сайхан ажилтай, өндөр цалинтай, сайн боловсролтой, эрх чөлөөтэй, итгэл хүндэтгэл даасан төртэй, шударга хууль цаазтай, түүнээ бүгд ижилхэн ойлгож биелүүлдэг тийм сайхан Монгол Улстай болвол сая бах минь ханаж би ямар баян юм бэ гэж өөрөөрөө бахархах болно. Бид өөрсдөөрөө бахархаж болно. Зөвхөн өнгөрсөн түүхэндээ биш одоо, ирээдүйн баян тансаг Монгол Улс минь бардам итгэлтэй баян улс болно.

Бид асар их баялагтай байх болно:  эрх чөлөө, үзэсгэлэнт монгол нутаг, олон сая хүн ам, цэцэглэн хөгжсөн эдийн засаг, сайн боловсролтой эрүүл чийрэг сая сая хүүхдүүд, дэлхийн бусад үндэстэн атаархам их баялагтай болно.
Хүчирхэг байх мөрөөдөл минь гэвэл одоо магад зарим нь итгэмгүй хүчирхэг байх. Би хүчирхэг баймаар байна. Миний ах дүүс амраг садан, найз нөхөд, миний үеийнхэн бүгд үнэн хүчирхэг болох. Бүр миний үр хүүхэд, тэдний үеийнхэн, бүх монгол угсаатан олон олон үедээ асар хүчирхэг байх. Баян тансаг, эрх чөлөөт, сэтгэл татам болсон төв Монгол Улсад минь ах дүүс бусад монголчууд маань аажим аажмаар нүүдэллэн ирж суурьшисаар олон аялгын найрал хөгжим шиг яруу тансаг монгол хэлээр хүүрнэх 10 сая монгол үндэстэн асар хүчирхэг эрх чөлөөт, өөртөө итгэлтэй, үнэн хүчирхэг Монгол Улсыг цогцлуулан хөгжүүлэх. Бид өөрсдөө байтугай, бусад улс үндэстнүүд ч мэдээжийн мэт үг дуугүй хүлээн зөвшөөрч хүндэтгэн сонсдог, хүсэн нөхөрлөдөг тийм л үнэн хүчирхэг Монгол Улс. Би тийм л нэн хүчирхэг болохыг мөрөөднө.

 Нэгдэн нийлсэн олон сая монголчуудын оюуны, соёлын, эдийн засгийн, төр ёсны хүчирхэгжил нь зүгээр нэг арифметик нийлбэрээс нь хэдэн арав дахин хүчтэй хүчирхэг дэлбэрэлтийг бий болгоно. Тэртээ тэргүй дан ганц хувь хүнийхээ хувьд ч оюун ухаан, авьяас билэг, биеийн хүчний нэн их чадавхи, төрөлхийн эрх чөлөөт нүүдэлчний бардам итгэлтэй зан чанартай тийм монголчуудын Нэгдсэн Монгол Улсын сүр хүчин нэн хүчирхэг байх болно.

 300 жилийн доройтол гутамшигаас сэрэн босч байгаа монгол угсаатан минь зөвхөн хувь хүн ганц нэгээрээ жаал жуул мөнгөтэй болох биш бүх үндэстэнээрээ, Улс Монголоороо асар баян нэн хүчирхэг болох тийм жам ёсны цаг айсуй. Тун ойрхон айсуй. Энэ мөрөөдөл зөвхөн мөрөөдөл биш биелэл болоход тийм ч хэцүү биш. Ердөө л 10-15 жилийн хугацаанд бид хүн бүр хичээн хөдөлмөрлөж, шамдан боловсорч, идэвхтэй зорьж, Төрдөө зөв хүнээ сонгож, Төрийн бүтэц үйл ажиллагаа хэвийн болж өөртөө итгэлтэй ухаантай амьдарвал тийм хэцүү биш.

 Аль ч үндэстэний доройтон буурах үед гардаг идэвхгүй арчаагүй байх, ажилгүй байх, хахууль авлига, хар амиа бодох, гуйлгачин дорой сэтгэлгээ, бусдаас дор гэж өөрийгөө бодох гэсэн цөөхөн муу муухайгаа засаж эхэлбэл энэ бол бодит мөрөөдөл.

 Тэгээд ч бид мандан бадрах өгсүүр замаар замнаад 100 жил болж байна. Жам ёсоороо л бид үндэстэн угсаатаны мандан бадралын үед илүү түгээмэл байдаг: шударга ёс, эр зориг, үнэнч сэтгэл, үл нугарах ноён нуруу, цуцашгүй идэвхтэй чанар, өөртөө итгэх бардам итгэл, хүчирхэг хүний шинж болох өгөөмөр нинжин сэтгэл зэрэг эерэг зөв зан чанар луу илүү тэмүүлж өөрсдөөсөө ч Төрөөсөө ч нэхэх болжээ. Энэ чанарууд хувь хүн бүрийн бөгөөд Монгол Төрийн мөн чанар болох цаг тун ойрхон айсуй.

 Тун удахгүй, ердөө л 10-15 жилийн дараа бид асар баян, нэн хүчирхэг хувь хүн, угсаатан, Монгол Улс болох цаг айсуй. Ердөө л бид мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлэх л үлдлээ.

 Бид чадна. Монголчууд чадна. 2200 жилийн тэртээ Хүннү Их Гүрний үед, 800 жилийн тэртээ Их Монгол Улсын үед бид чадсан. Монголчууд бид 3 дахь удаагаа хүчирхэг бардам Монгол Улсыг дахин бий болгож чадна. Бид гарцаагүй тэр замаар мандан босож явна. Бид чадна. 

 

 2007 оныдүгээр сар 13