Нэг л их сэтгэл дундуур хүмүүс
УИХ-ын гишүүд удахгүй iPad-аар гангарах бололтой. Гишүүдийг олон хуудас цаастай зууралдуулахгүй гэж Сангийн яамнаас тэдэнд үнэгүй тараах юм гэнэ.
УИХ-ын гишүүд удахгүй iPad-аар гангарах бололтой. Гишүүдийг олон хуудас цаастай зууралдуулахгүй гэж Сангийн яамнаас тэдэнд үнэгүй тараах юм гэнэ. iPad бол АНУ-ын Apple компанийн технологийн дэвшлийг үзүүлсэн гайхамшигт брэнд. Гэхдээ албан ажил явуулахад зөөврийн компьютерийг бүрэн орлох төгс технологи хараахан биш. Гар утас бол бүр биш. Дэлхийн олон оронд iPad-ыг ажил хэрэгч хэсэг, нөгөө нь гангараа, болгож хэрэглээгээр имижээ бүрдүүлэгчид ашигладаг. Технологийн боломжийн хувьд манай улсад хоёр дахь хэсгийнхэн нь давамгайлна. Тэр дотроо УИХ-ын гишүүдийн олонхи нь гангараа л болгоно. Дахин хэлэхэд хуулийн төсөлтэй танилцах зэргээр УИХ-ын гишүүдийн ажлын хэрэгцээнд iPad яаж ч бодсон зөөврийн компьютерээс илүү байж чадахгүй. Тэгэхээр Засгийн газар төсөв батлах үеийн 76 тэрбум төгрөг шигээ том бодлогуудынхаа хэлэлцүүлгийн үеэр УИХ-ыг дахин авлигадах бололтой. Гишүүдэд кампаничилж шахаа хийх нь унацтай бизнес ч байж магадгүй. Сангийн сайд С.Баярцогт өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа УИХ, Засгийн газрын гишүүдийг мөн л кампаничлан компьютержүүлэх бизнесийг гардаж байсан туршлагатай нэгэн юм.
Гишүүд амласандаа хүрч, ард түмнийхээ төлөө ажиллаж, тэр хэрээр улс орон хөгжиж амьдрал сайжирч байвал тэднээс хэдхэн iPad харамлах шаардлага алга. Бүр хамгийн өндөр үзүүлэлттэйгээс нь үнэгүй өгч, одоо улсаас даадаг утас, унааны мөнгөний лимитийг нь хэдэн дахин нэмсэн ч яадаг юм. Харин бодит байдал дээр ард түмний амьдрал бахь байдгаараа. Дээрдсэнээсээ дордсон нь олон. Бүрэн эрхийн хугацаа нь талаасаа өнгөрөөд явж байхад гишүүдийн сонгуулийнх нь үеийн “Мянга нэгэн шөнийн үлгэр” дуусаагүй л явна. Яах вэ, сонгогчдодоо 1.5 сая төгрөг амлачихаад өөрсдөө тэрбум төгрөг захиран зарцуулах эрх авсны дэргэд iPad үнэгүй тараах нь арай жижиг л байх. Гэхдээ л өмнө өгч байсан хүүхдийн мөнгийг зогсоож, ард түмэндээ 70 мянган төгрөг тараачихаад өөрсдөө 700 ам.доллларын iPad авах нь шударга ёсонд хэр нийцэх юм бол. Тэгсэн хэрнээ Төрийн ордноор ороод уулзсан ч, сонин телевизийн ярилцлагуудыг харсан ч нэг л их сэтгэл дундуур хүмүүс. Засгийн удааныг шүүмжилсэн, өмнө баталсан гэрээг задлахад санаа тавьсан, булаацалдсан, талцсан, тархи угаасан улстөр. Улс орныхоо төлөө үнэнээсээ санаа зовсон нь бий л байх. Гэхдээ л үйлдлээс нь харвал эрх мэдлээ чамласан, бялуу хуваах тоглоомонд хоцорсон, ирээдүйд хоцрохгүйг хичээсэн хувь улстөрчдийн дургүйцэл, бачимдал үнэртэх юм. Жишээ нь, төмөр замын бодлого дээр царигийн өргөн нарийн гээд л маргах юм. Асуудлын гол нь царигийн хэмжээндээ биш. Технологийг төрийн бодлогоор хуульчлах гэж байгаагийн цаана манай улсын байгалийн баялгийн тээврийн урсгал дээр эзэн суух, хяналтаа тогтоох гэсэн гаднынхныг өрсөлдөөн яваад байгааг анзаарч байгаа юм алга. Уншигч та чуулганы сурвалжлагыг харсан бол өргөн нь байвал Орост, нарийн байвал Хятадад ашигтай гэсэн гаднынхны сонирхлыг илэрхийлэгчдийн дуу хоолой л хүчтэй сонсогдоно. Тэр дунд Монголын сонирхол, эрх ашиг хаана нь яваа юм бүү мэд. Ер нь Монголын баялагт санаархсан гаднынхны өрсөлдөөнийг гүйцэлдүүлэгчид нь манай улстөрчид өөрсдөө ч юмшиг. УИХ, гишүүд нь өөрсдөө эдийн засгийн алуурчид буюу хитмэнийн үүргийг гүйцэтгэж байна ч гэж болохоор. Хамгийн сүүлийн үеийн үйл явдал гэвэл Солонгос улс манайхаас 3000 ажилчин авах зар ирүүллээ. Тэд зөвхөн эрүүл монгол залуус импортлох шалгуур тавьсан ч манайхан бүртгүүлэхээр хонон өнжин дугаарлаж байна. Солонгос явах залуусыг орлуулахаар “Петро чайна” компани 10 мянган хятад ажилчин оруулж ирэх бодолтойгоо ч мэдэгдэв. Харин манай төр энэ бүхнйи хариу болгож Оюутолгойн ордод сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажил санал болгов. Хаана байна вэ, нөгөө 1.5 саяас доошгүй цалин олгоно гээд байсан Оюутолгойн гэрээний заалт. Солонгосын төр монгол залуусыг нас шүд нь ялгаж эрүүл мэндээр нь шалгаж авч байхад манайхан зөвхөн 300 мянган төгрөгийн цалингаар дуудав. Хөдөлмөрийг мөнгө дагадаг. Тийм учраас солонгосууд эрүүл мэндийн шалгуураар хөдөлмөрлөх чадварыг илүүд тооцож байхад Монголын шийдвэр гаргагчид 300 мянган төгрөгийн цалинг гол болгов. Өөрөөр хэлбэл, манайхан цалинд хөдөлмөрийг дагуулах хуучин тогтолцооны аргаа хэрэглэлээ. Эндээс Солонгосын төр, Монголын төрийн бодлогын ялгаа харагдана. Манайд хүнээ хөгжүүлж иргэдээ эдийн засгийн эх үүсвэртэй болгох бодлого, тийм менежмент бараг алга. Адилхан л монгол хүн. Солонгост очихоороо сайн ажиллаад, Монголдоо яагаад болдоггүй юм. Ганцхан солонгос дарга, монгол дарга хоёрын менежментэд ялгаа байна. Манай менежмент гологдож байна. Үүнийг ганцхан эдийн засгийн боломжтой холбох хэрэггүй. Хөдөлмөрийг мөнгө дагадаг нь зах зээлийн хууль. Анхдагч нь хөдөлмөр болохоос мөнгө биш. Солонгост очоод 1000 ам.доллар авч, Монголд ажиллаад 100.000 төгрөг авах нь хүндээ биш, удирдлага, менежментэд л байгаа юм. Хэрвээ мөнгө анхдагч байлаа гэхэд Монгол Улс 3-4 жилийн өмнөхөө бодвол мөнгөтй болж байгаа нь улсын төсвийн хэлэлцүүлгээс харагддаг. Одоо бол хэдэн тэрбум, хэдэн их наядаар нь ярьдаг болсон. “Утаагүй Улаанбаатар” проектод гэхэд л 18 их наяд төгрөг төсөвлөсөн. Гишүүдийн хуваадаг, хуваарилдаг нь ингэж өсөөд байхад ард түмнийх нь цалин 3-4 жилийн өмнөхөөр байгаад байж болох уу.
Хэрвээ ийм менежменттэй байхад бид хөгжих найдлага тавьж буй баялгийнхаа 90 хувийг гарын салаагаараа л урсана. Африкын олон орны жишээгээр бол алтыг нь, нүүрсийг нь гаднынхан авна. Харин нүх нь монголчуудад үлдэнэ. Дээрээс нь нүхийг бөглөх үүргийг бид хүлээнэ. Аягүй бол нүхэнд нь хүн унаж бэртэнэ. Ер нь алттай орон ядуурч, төмөртэй орон баяждаг гэсэн үг бий. Алт бол сул мөнгө үүсгэдэг. Хөдөлмөр үүсгэдэггүй. Алтаар бараг ямар ч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хийдэггүй. Хийлээ гэхэд тухайн бүтээгдэхүүний 10 хувь нь хөдөлмөрийн үнэ, үлдсэн 90 хувь нь алтны өөрийнх нь өртөг байдаг байна. Төмөр бол өөр. Төмрөөр олон төрлийн бүтээгдэхүүн хийхийн дээр тухайн бүтээгдэхүүний 90 хувь нь мэдлэг, хөдөлмөр, үлдсэн 10 хувь нь төмрийн өөрийнх нь үнэ байдаг ажээ. Үүгээр алт хүний баяжуулдаггүй, хөдөлмөр хүнийг баяжуулдаг буюу хөдөлмөрийг мөнгө дагадаг гэсэн зах зээлийн хууль баталгаажиж байна. Тэгэхээр алт, нүүрстэй байх нь сайн хэрэг. Харин түүнийг ашиглах удирдлагын зөв менежменттэй байх нь бүр илүү чухал ажээ.
Цагтаа Африкийн бараг бүх орон өнөөдрийн Оюутолгой шиг олон тэрбум ам.долларын нөөцтэй л байсан. Харамсалтай нь тэд баяжих нь битгий хэл, өртэй, нүхтэй л үлдсэн. Бас дайнтай хоцорсон. Бид буруу менежментээр, монголчууд зөвхөн ажиллах хүч л байх ёстой гэсэн боолын сэтгэлгээгээр хандвал, бусдын захиалгыг гүйцэлдүүлбэл ийм ирээдүй угтахыг үгүйсгэхгүй. Бид Оюутолгойг ашиглаж буй Фрийдландад итгэж найдах хэрэггүй. Үнэн хэрэгтээ “Айвенхоу майнз” бол ашиг хөөж байгаа болохоос Монголыг хөгжүүлэх үүрэггүй, хүлээх хариуцлагагүй. Ганцхан бид баялгийн эзэн байж, баталсан гэрээнийхээ дагуу л шахаж шаардах нь л чухал. Гэтэл монголчуудыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан сайд нартаа тэднийг томилсон УИХ-ын гишүүд нь итгэхгүй байна. Гаднаас хянасан иргэний нийгмийнхэн нь итгэхгүй явна. Гарын үсэг зурсан сайд нар тус бүр нэг сая долларын авлига авсан гэж барин тавим мэдэгдлээ. Хамт нэг танхимд суугаа, энгийн хүнээс илүү их мэдээлэлтэй УИХ-ын гишүүд тэдэнд итгэхгүй байхад жирийн ард түмний итгэл алдрах нь тодорхой. Үнэн худал нь үл мэдэгдэх иймэрхүү мэдээллүүд нөгөө талаар Оюутолгойн гэрээг байгуулахад оролцоогүйдээ, сайд болж чадаагүйдээ, одоо Тавантолгойн тоглоомоос хоцорчих вий гэж сандарсандаа, сонгуулийн шархаа нөхөж амжаагүй байтал Сонгуулийн хуулийг өөрт нь ашиггүйгээр өөрчилчих вий айсандаа л улсын төлөө хиймэл дүр эсгэгчдэд олз болж байна. Эцсийн дүндээ дотоодын энэ үл ойлголцлын ашиг нь манай баялагт хяналтаа тогтоох гэсэн гадныханд л очно. Ийм схемийг судлаачид эдийн засгийн алуурчдын үйлдэл гэдэг бол улстөрчид баялгийн хараал гэж нэрлэдэг. Үнэндээ бол улстөрчид алдаатай шийдвэрийнхээ балгийг өөрсдөөсөө зайлуулж л байгаа болохоос баялгийн хараал гэж байдаггүй юм байна. Баялагтай улс орон хөгжилгүй, нүхтэй үлдсэн нь баялагийн буруу биш. Баялгийн ашиглах менежментийг хийсэн шийдвэр гаргагчдын алдаанаас үүдэлтэй. Баялгаас бус хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн үг. Тийм учраас баялаг ч үгүй, хөгжил ч үгүй хоцрохыг шуналын хараал гэж нэрлэдэг ажээ. Баялгийн хараал гэдэг бол зүгээр л тархи угаалт. Африкийн орнуудад уул уурхайн бум ид дэгдэж байх үед нэг улсад л гэхэд 60 гаруй телевиз орой бүр эфирээ цацаж мөн ийм тооны өдөр тутмын сонин өглөө бүхэн хэвлэгддэг байсан тухай баримт ч байна. Өөрөөр хэлбэл, тэнд сэтгүүлзүй тэр чигээрээ ард түмний тархийг угаах гэж талцсан хөрөнгө оруулагчид улстөрчдийн захиалгаар хөгжиж байсан бололтой юм.
Монголчууд бид ядуу, ардчиллыг хөгжүүлэх гэж нэг хэсэг төслийн, буцалтгүй тусламжийн мөнгөөр амьдарч явлаа. Одоо уул уурхайн баялгаараа амьдрах аргаа олж ядаж сууна. Мөнгөгүйн зовлонг үзсэн бид одоо мөнгөтэйн зовлонг мэдэрч эхэлж байна. Ийм эгзэгтэй үед хүн болгон тус тусдаа баялгийнхаа эзэн болох гэж зүтгэвэл бусдын олз л болно. Тэр дуран дээр нь гаднынхан тоглоно. Улсаасаа түрүүлж, тасарч баяжих гэсэн ганц нэг хүний шуналаас болж улсаараа алдана. Үүнийг л шуналын хараал гэдэг ажээ. Иймд дотоодын эв нэгдэл бол шуналын хараалаас зугтах нэг гарц. Улсынхаа хөгжлөөс хүртэж баяжих нь шуналын хараалыг хариулах нэг арга. Баялгийнхаа ард улсаараа нийтээрээ нэг эзэн байж чадвал баялгаасаа хөгжил хүртэнэ. Азтай, амны хишигтэй монголчуудыг маань тийм сайхан ирээдүй тосч байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин ирж яваа тэр сайхан ирээдүйг замын дундаас буцаах, монголчуудаас төрүүлэх үгүйн хувь заяаг атгаж буй шийдвэр гаргагчдад итгэх эсэхдээ л эргэлзэж байна. Ер нь Монголоор минь дүүрэн л эргэлзсэн, сэтгэл дундуур хүмүүс. 1.5 саяыг амлуулсан иргэд нь гишүүддээ, УИХ нь томилсон Засгийн газартаа, сайд нар нь бодлогыг нь дэмжихгүй байгаа гишүүддээ, ард түмэн сонгуулиар байгуулсан төр засагтаа гээд л нэг л их сэтгэл дундуур хүмүүс.
Bayrtogtoh
wellich
ot
цолмон
Michid medrel
Зочин
Мичид
Зочин
mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
emegtei
mengy
гучин үе дамжсан үзмэрч
Зочин
Зочин
Зочин
Зочин
iim uls oron bsanaas bgaagui ni deer
ZOCIN
tsagtur
Зочин
Монгол
Зочин
M
АНХААР
zochin
Зочин
Зочин
h
mm
Зочин