Югославын ард түмний удирдагч Тито гэж ёстой амьдаараа домог болсон эр байлаа. Тито бол цэцэглэн хөгжсөн тэрхүү Югослав улсыг насан эцэслэтлээ удирдан жолоодсон ба 1980 оны 5 дугаар сард түүнийг оршуулах ёслолд дэлхийн 36 орны Ерөнхийлөгч, 5 орны эзэн хаан, 7 орны Дэд ерөнхийлөгч, 10 орны Ерөнхий сайд (түүний дотор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх), 6 орны парламентын тэргүүн, 11 улсын ГЯЯ-ны сайд, улс төрийн 68 намын төлөөлөгч, нийт 126 орноос төлөөлөгч ирж оролцсон нь өнгөрөгч   XX зуунд ингэж том хэмжээнд цугларсан анхны тохиолдол байсан биз ээ. Л.Брежнев, Ж.Картер, Хуа Гофэн, Ким Ир Сен, камбожийн зандалчин Иенг Сари нар нэг эгнээнд зэрэгцэн толгой гудайлган зогссон нь тодхон санагдана. Тито нь 88 насыг наслахдаа “70 жил ажилчны хувьсгалт хөдөлгөөнд буцалж, 60 жил Югославын коммунистуудын эгнээнд хатуужин, 40 гаруй жил намын хамгийн хариуцлагатай тушаал хашиж, 35 жил төрийн тэргүүнээр ажилласан” хэмээн эмгэнэлийн бичигт дурдаад, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг үндэслэгчийн нэг, эл хөдөлгөөн дэх 20 жилийн цуцалтгүй хөдөлмөрөөрөө “Бүх дэлхийн иргэн” гэж зүй ёсоор нэрлэгдэх гавьяатан болсон гэжээ.




Титогийн тухайд, энд онцлон тэмдэглэх хамгийн гол зүйл бол Сталинтай хийсэн тэмцэл нь юм. Энэ бол зүй ёсны баатарлаг тэмцэл байлаа. Сталин Югославын эсрэг Дорнод Европын бүх орныг цэнэглэн түлхсэн ба эл зөрчил “Хүйтэн дайн” дэвэргэхэд шууд нөлөөлж, нэг үе социалист лагерийн орнуудад (Монголд ч) Титог “фашист” гэсэн хоч нэр өгөн адлаж байлаа.

Социалист хань нөхөд, “эцэг” Сталинаасаа бүрэн тусгаарлагдаж, ганцаардсан ч уян хатан, алсын хараатай гадаад бодлого хэрэгжүүлэн АНУ, Британи, ХБНГУ-тай харилцаа тогтоосны сацуу Энэтхэг, Бирм, Этиоп зэрэг хөгжиж буй орнуудыг өөртөө татжээ. 1955, 1956 онд Зөвлөлтийн удирдлага, тухайлбал Н.Хрущев, Н.Булганин нар Югославын өмнө буруугаа хүлээж, харилцаагаа сайжруулахаар өөрсдөө Белградад очсон нь Сталины эсрэг тэмцэлд Тито ялсныг нотолсон түүхэн баримт билээ. 1956 оны Унгарын бослогод Тито болгоомжтой хандсан, түүнээс болж Югослав–Зөвлөлтийн харилцаа дахин хүйтэрсэн. 1961 онд Берлиний хэрэм босгосон, Пауэрсыг олзолсноос болж энэ харилцаа сайжралыг олоогүй. 1960-аад оны дундуур Зөвлөлт–Хятадын харилцаа муудахад Югослав Зөвлөлтийг дэмжээгүй, 1968 онд Чехословакт Варшавын гэрээний цэрэг халдан ороход Тито түүнийг эрс эсэргүүцсэн.



Зөвлөлтийн танкийн цувааг Прагаас Белград руу хөдөлгөх хувилбар яригдаж, түүнийг сэрэмжлүүлэхээр маршал Тито хил хязгаараа төвхнүүлж, бүх нийтээр улс орноо батлан хамгаалах зорилт дэвшүүлсэн. Тито 1977 онд Хятадад, Хуа Гофэн 1978 онд Югославт айлчилсан нь Москвагийн щүүмжлэлтэй тулгарч,  Камбожид Вьетнам цэрэглэн халдсан хийгээд Афганистанд зөвлөлтийн цэрэг халдсаныг Тито мөн л зэмлэн буруушаасан гэх мэт гадаад бодлогын хувьд дэвшилтэт шугам Тито баримталж, олон улсын тавцанд ихээхэн нэр хүндийг олжээ.

Харин энэ бүх алхам, зоримог гүргэр зан Москвагийн үнэнч холбоотон– социалист Монголын Тэргүүн хатагтайд таалагдаж байсан гэвэл одоо үнэмших хүн бий болов уу? Тууштай ленинч Цэдэнбалын гэргий энэ эсэргүү маршалыг таашааж байсан тухай баримт сөхье.



Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв Хороонд Монголыг хариуцсан тасагт гол судсыг барьж байсан Ш.Надиров дурсан бичжээ. Энэ явдал 1978 оны зун Крымд болжээ. Оройн зоогийн дараа Цэдэнбал, гэргий Филатова, Надиров нар далайн хөвөөгөөр зугаалахаар салхилж явахдаа хөөрөлджээ. Цэдэнбал Югославт айлчилснаа дурсан ярьж эхлэв. Титогоос түүнд ярьсан сонин дурсамж байх аж. Дэлхийн нэгдүгээр дайнд австрийн цэрэгт байлдаж явсан Тито оросуудад олзлогдон, Сибирьт цөлөгдөж, сүүлдээ нэг баян хасаг айлд толгой хорогдон тэнд айрганд орж, айргаар сүрьеэгээ эмчилсэн тухай ярьжээ.

-    Тито их сонин хүн. Коммунист байтлаа баян чинээлэг амьдрал, үнэт эрдэнэст дуртай. Бас тогоо шанагаа өөрөө барьж өндөг шарж, кофегоо өөрөө чанаж уудаг. Монголд зочлохдоо айргийг мөн ч их цөлсөн дөө.



Гэж ирээд л Цэдэнбал ярьж явтал Филатова гэнэтхэн нэг юм санасан аятай яриаг нь таслан шал өмнөө сэдэв хөнджээ:  

-    Тито бол ёстой эр хүн. Цэдэнбал аа, ёстой эр хүн мэдэв үү. Хэний ч амыг хардаггүй, хэнийг ч дагадаггүй, биеэ даасан, өөрийнхөө замаар явдаг нь сайхан. Ийм учраас түүний үгийг хэн ч авна, түүнийг хааяагүй хүндэтгэнэ. Москвад ч түүнийг хүндэтгэнэ. Хэрэв чи Тито шиг биеэ авч явсансан бол Москвад чамд ондоогоор хандах байсан. Хүзүүн дээр чинь сандайлахгүйсэн.

Цэдэнбал нь Надировоос зовсон бололтой, дэмий л нүдний шилээ авч аажуухан арчих зуураа “За ингэж яриад яах вэ” хэмээн дурамжхан хэлжээ. Кремлийн мэдээлэгчийн дэргэд ингэж илэн далангүй палхийтэл хэлсэнд нь шооконд орсон байх л даа.

Гэтэл Филатова дуугаа бүр чангаруулж, эрс шулуухнаар, бүр заналтайгаар:

-    Цэдэнбал аа, энэ үнэн үг шүү. Биеэ дааж, бусдын явдлыг үг дуугүй дагадаггүй тийм социалист удирдагчийг л Москвад тоож үнэлдэг, үгийг нь сонсдог нь нууц биш. Чам шиг юм бол ...

Цэдэнбал өөрт нь эвгүй ийм яриаг тоглоом шоглоом болгох гэж оролдон, далайн хөвөөнд улс төр ярьдаггүй юм  гэсгээд байж байтал ашгүй бага хүү Зориг нь ирж кино гарч эхэллээ гэв. Ингээд тэд кино танхимд орцгоожээ хэмээн Надиров дурсаж бичжээ.

Хэрэв Цэдэнбалын Зориг тэдэн дээр гүйж очоогүй бол энэ яриа юугаар дуусах байсныг мэдэхгүй. Лав өөдтэй юм болохгүй байсан байх. Цэдэнбал эхнэртээ зодуулж салах байсан уу, эсвэл өөрөө аман дундуур нь алгадаад авах уу?



Ердөө 6-хан жилийн дараа Цэдэнбалыг Москвад хуурч аваачин цөлж шийтгэхийн эхлэлийг 1978 оны зун Тэргүүн хатагтай өөрөө тавьчихсан байж тун магадгүй юм. Филатовагийнхаар бол эр нөхөр нь өөрийн толгойгүй, утсан хүүхэлдэй, Москваг хэт дотночилон долгинодогоосоо болоод нэр нүүрээ барсан, хэнд ч хүндлэгдэн тоогдохоо больсон, хүзүүн дээрээ аль хэдийнэ зайдлуулчихсан нэгэн байсан бус уу?

Эр нөхрөө доромжлох бус, Монголын нам, төр, засаг, цаашлаад Монголын бүх ард түмнийг ганцхан үгээрээ Филатова ийнхүү алж хаясан түүх энэ буюу!