Монголчууд бид жилд олон баяр тэмдэглэдэг. Тэдгээрээс нийтээрээ амардаг нь цөөхөн. Хуанлийн хоногоор нь хөөвөл бидний нийтээрээ амардаг баяруудын ихэнх нь энэ жил бямба, ням гаригт таарчээ. Оны эхнээс нь хөөвөл:  

1. Жил бүрийн Цагаан сараар шинийн 1, 2-нд амардаг байсан бол оны өмнө баталсан хуулиар шинийн 3-нд бас амрахаар болсон.  Өнөө жилийн шинийн 1 нэгдүгээр сарын 31-ний баасан бөгөөд амралтын өдөр болох шинийн 2 нь хоёрдугаар сарын 1-ний бямба, шинийн 3 ням гаригт таарч байгаа.

2. УИХ-аас Март буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярыг буцаагаад амралтын өдөр болгож хуульчилсан. Анх Нью-Йоркийн Нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчдын жагсаалаар эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тэмцлийн утгатай эхэлсэн энэ өдрийг хожмоо Германы социалист хөдөлгөөний гишүүн  Клара Цеткиний санаачилгаар олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэх болсон гэдэг. Өмнөх нийгмийн үеийн үзэл суртлын шинжээс ардчиллын үед жинхэнэ баярын утгаа жил ирэх тусам олж буй Мартын 8 энэ онд бас бямба гаригт тохионо.

3. Манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн Олон улсын хүүхдийн баяр-зургадугаар сарын 1 бас л амралтын өдөр-ням гаригт таарчээ.

4. Хамгийн их хүсэн хүлээдэг, бас хамгийн олон хоногийн амралттай нь улсын наадам. Тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд мэдрүүлж, нар “дэвсэн” Монгол даяараа  нааддаг улсын баярын амралтын хоёр өдөр 12, 13 нь бямба, ням гаригт байна.

5. Монголчууд 2012 оноос эхлэн Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэх болсон билээ.Эрдэмтэдийн дүгнэлтээр Их хааны төрсөн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 гэж тогтоосон юм.Билгийн тооллоо дагаад Цагаан сар шиг жил бүр өөрчлөгдөж байх энэ өдөр монголчууд нийтээрээ амарч байх Ерөнхийлөгчийн зарлигтай.2014 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь хуанлийн аргын тооллоор арваннэгдүгээр сарын 23-ны ням гариг юм байна.Бас л амралтын өдөр.

Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 1 \шинэ жилийн амралт\, наадмын нэг өдөр, бас л саяхнаас тэмдэглэхээр болсон үндсэний эрх чөлөөний өдөр буюу 12 дугаар сарын 29 нь ажлын өдөр байна. Бид жилийн 365 хоногийн 11 өдөр нь ямар нэгэн баяр тэмдэглэж нийтээрээ амардаг.2014 онд амралтын эдгээр 11 өдрийн долоо нь бямба, нямд таарсан байх юм.Тэгэхээр өнөө жил монголчууд бид Цагаан сар, улсын наадмаараа тус бүр ганцхан өдөр амарч, Март, Хүүхдийн баяр, Чингис хааныхаа төрсөн өдөр зэрэг баяруудыг хуулиар олгосон амралтгүйгээр тэмдэглэх нь.

Манайд нийтээр амардаг баяр, жишээ нь мягмар гаригт таарлаа гэхэд даваа гаригийн ажлын өдрийг бямбад гэх мэтээр шилжүүлж зохицуулалт хийдэг туршлага бий. Харин нийтээрээ амардаг баяр бямба, ням гаригийн аль нэгд  таарвал дараагийн ажлын өдрийг нь амралтынх болгож нөхөж байсан удаагүй. Гэтэл зарим улс оронд нийтээр амрах баяр нь амралтын өдрүүдтэй давхцвал дараагийн ажлын өдрийг амралтынх болгодог ажээ. Өөрөөр хэлбэл, нийтээр амрах баяр нь бямбад таарвал өмнөх өдөр-баасанд, харин ням гаригт бол дараагийн өдөр болох даваад шилжүүлж нийтээр нь амраадаг байна. Ойрын жишээ гэвэл  Орос, Японоос эхлээд олон.

Өнөөдрийн АН 1996 онд парламентад олонхи болж, М.Энхсайханы Засгийн газар бямба гаригийг анх амралтын өдөр болгосон юм.  Ингэснээр олон жил хатуу мөрдөгдөж ирсэн ажлын зургаан өдөр тав болж цөөрсөн билээ.Тэр үед зарим хүн, ёстой буруу юм хийлээ, улс нь хөгжилгүй байхад амарч хэвтэхдээ дуртай, ард түмнийг залхуу байдалд түлхлээ гэх зэргээр шүүмжилж байв. Хэрвээ ийм шийдвэр гараагүй байсан бол ажлын зургаан өдөртэй ардчилсан орон гэж хэдэн жил явах байсныг хэн ч мэдэхгүй. Хуучнаараа, долоо хоногийн зургаан өдөр ажиллаж байсан бол өнөөдөр бид нар Азийн бар болж хөгжчих байлаа гэж хэлж чадахгүй. Яг үүн шиг бямба, нямд таарч байгаа нийтээр амрах баярын цөөхөн өдрийг ажлын өдөрт шилжүүллээ гээд бүтээмж багасч, эдийн засгийн өсөлт буурч, авлигатай хийх тэмцлийн эрч суларч, байгалийн баялаг маань үнэгүйдэх зэргээр улсаараа хохирол амсана гэж бодохгүй байна. Харин ч хямралын жилд, алдагдалтай төсөвтэй энэ цаг үед илүү хожно.Бямба, нямд таарч байгаа баярын өдрүүдийг ажлын өдөрт шилжүүллээ гэхэд төсвөөс цалингийн багагүй хэмнэлт гарна.Төрийн нэг албан хаагчийн сарын цалин дунджаар 600 мянган төгрөг гэвэл, өдрийн цалин 27 мянга.Зургаан өдрөөр тооцож үзвэл 162 мянга. Үүнийгээ улсын хэмжээнд байгаа, төсвөөс цалинждаг хамгийн багадаа 170 мянган албан хаагчдаа тооцвол нийтдээ 27 тэрбум 540 сая төгрөг. Хямралын жилийн алдагдалтай төсөвт энэ бол маш их мөнгө. Хувийн хэвшил дээр ч иймэрхүү маягаар үүнээс ч илүү хэмнэлттэй.Мэдээж, цалин ганц хэмнэлт биш. Нэгэн компанийн захирлаас “та хүмүүсээ үе үе амраах юм, цалингаа л хэмнэх гээд байна уу” гэхэд “цалиндаа биш, цахилгааны зардалдаа байгаа юм” гэж хариулсан гэдэг. Үүн шиг гэрэл, цахилгаан, бензин шатах тослох материал гээд маш олон төрлийн урсгал зардлаас багагүй мөнгө хэмнэнэ. Хэмнэдэг учраас л бусад улс орнууд бямба, нямд таарсан амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж амраадаг хэрэг.Тэгээд ч манайд өнөөдөр байгаа бодит үнэн гэвэл баярын өмнөх болон дараагийн ажлын өдрийн бүтээмж, хариуцлага, ирц ямар байдгийг хэн бүхэн мэднэ. Ялангуяа, Цагаан сар, Март, Наадмын маргааш нь нормын ажилтайгаас бусад, хувь хувьсгалын бараг бүх л хүн ирцээ бүртгүүлж, ар гэртээ тэмдэглэсэн баяраа ажил дээрээ үргэлжлүүлэнгээ ирцээ бүртгүүлж, цалингаа хасуулахгүй гэж л ирдэг шүү дээ.   Бараг л ажил дээрх амралтын өдөр байдаг.

Тийм учраас бусдын сайн жишээг зөв жишиг болгоё.Угаасаа амралтаар таарсан Цагаан сарын нэг өдрийг, март, хүүхдийн баярыг, бас наадмын хоёр өдрийг ажлын өдөрт шилжүүлж нийтээр нь амрааж болох юм.Наадмын амралтыг тав хоног болгох шинэ төсөл хэлэлцэж байхаар одоо хуульд байгаа баярын амралтыг нь бүтэн эдлүүлэхэд санаа тавих нь илүү чухал.Тэгээд ч хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэх, хамгаалах гэж төр байдгаас бус, хааж боох гэж байдаггүй билээ.Монголчууд бидний тэмдэглэдэг баярууд нь сайн дурын шинжтэй, олон болохоос, нийтээрээ албан ёсоор амардаг нь цөөхөн шүү дээ.Энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ их сонин санаа хэлж байсан юм. Тэрээр Baabar.mn клубын  нийтлэлчидтэй уулзахдаа, монголчууд бид шаргуу ажиллах ёстой, үүний тулд сайн амрах эрхтэй, тийм гавьяатай ард түмэн. Цаашдаа бид жилдээ гурван удаа амарсан шиг амардаг болох хэрэгтэй гэсэн юм.Төрийн тэргүүний хэлснээр бол Монголынхоо түүхэнд шууд хамааралтай Цагаан сар, улсын наадмаар тус бүр долоо хоног амрах. Харин гурав дахь нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өдөр буюу 12 дугаар сарын 29-нөөс эхлээд нэгдүгээр сарын 2 хүртэл амардаг байж болох юм гэсэн. Манай улсын түүхтэй онцын хамаагүй бусад баярууд бол тэмдэглэлт өдрүүд байхад л болно гэж Төрийн тэргүүн үзэж байгаа юм билээ.Гэхдээ энэ талаар ямар нэгэн хууль, зарлигийн төсөл Ерөнхийлөгчийн зүгээс одоо болтол гараагүй. Бодвол судалж байгаа юм уу, чухал биш гээд хойш тавьсан уу, эсвэл бодлоо өөрчилсөн үү, мэдэхгүй.

Харин хуулиар олгосон баярын амралт нь хуанлийн амралтын өдөртэй таарсанд зохицуулалт хийгээгүйн бухимдлыг олон нийт  одоо биш ч, яг баярын өдрөөрөө илүү мэдэрнэ дээ. Март, хүүхдийн баяр, наадмаараа бүр илүү.Одоо бол дугаарын хязгаарлалт зэргээр хаана бооно, хорино, хянана, шалгана гэж дандаа иргэдийн эрхийн эсрэг шийдвэр байх. Үүн дээр нь хуулиар олгосон амралтыг нь хуанлийн хоногоор далимдуулан давхар хааж боож болох, болохгүйд эрх баригч АН-ынхан илүү санаа тавих биз ээ. Тэгэхгүй бол цаг агаар муудахад хүртэл улстөрчдийг буруутгадаг “муу зан” монголчуудад бий.Тэгснээ бас буруу ярьснаа, зөв ойлгодог мундаг ухаан ч бас тээнд бий.