Украин улс тусгаар тогтнолоо зарлаад 22 жил болж байна. Европын хамгийн том нутаг, хүн амтай орны нэг энэ үндэстний хувьд мянган жилийн хугацаанд тусгаар төрөө байгуулсан ердөө гуравхан богино тохиолын нэг нь. Киевийн Русь улс байгуулсан нь удахгүй задран унасан. Дараа нь монголчуудын довтолгоонд сүйрчээ. Польш, Литви, Алтан Орд гэсэн гурван хүчирхэг гүрэн украинчуудыг ээлжлэн олон жил мэдэлдээ байлгав. Энэ хооронд түрэгүүд бас зүгээр байлгасангүй, үе үе довтлон дээрэм тонуул хийнэ. Хамаг малыг нь туугаад явах авч лалын шашинтай тэд гахайг нь үлдээдэг байсан тул украинчуудын үндэсний хоол нь гахайн тос болж хувирсан ч гэж ярьдаг. Харин 300 жилийн өмнө II Екатерина хатан хаан Австри, Германтай хавсран Польшийг хуваасан ба Крымын Татарыг буулгаж авснаар Украин нь Оросын эзэнт улсад хамаарах болжээ. 1918 онд дэлхийн дайн дууссаныг далимдуулан тэд дахин нэг удаа тусгаар тогтнолоо зарлаад үзсэн боловч тэр нь хэдхэн сар наслаад большевикуудад эзлэгджээ.

Сүүлчийн гурав дахь тусгаар тогтнол амаргүй зам туулж ирлээ. Ялангуяа шинэ зуун гарснаас хойш! Зөвлөлтийн субъект байсны хувьд эдийн засгийн дотоод интеграцид багтан бүх талаар Зөвлөлтийн БНУ-уудтай харилцан бүрэн хамааралд байсан байдлаасаа тийм ч амар салж чадахгүй. Чухам энэ байдал нь олон улсын интеграцид хамаарах, нэг орноос хамааралт байдлаасаа салах, олон талт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд - өөрөөр хэлбэл арай гэж олсон тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэхэд том бэрхшээл болж байна. Ялангуяа хуучин эзэн нь ингэхийн зөвшөөрөхгүй бол!

ЗХУ тарсны дараахан Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН) хэмээх нийгэм- улстөр - цэрэг - эдийн засгийн нэгдсэн холбоог хуучин их гүрний суурин дээр байгуулсан. Үүнд ЗХУ-д харъяалагдаж байсан 15 улсаас Балтийн гурван улсаас бусад нь оролцож гарын үсэг зурсан билээ. Үүнээс гадна Уулын Карабах, Өмнөд Осетин, Абхаз, Днестр орчмын Молдав, Татарстан, Чечень, Ичкерь, Крым гэсэн хүлээн зөвшөөрөгдөөгүй “улсууд” ТУХН-д бүрэн эрхт гишүүнээр элсэнэ гэж хөөцөлддөг.ТУХН-ийн институт гэж төрийн байгууллага байдаг юм байна. Захирал Владимир Корнилов гэгч нь 2008 онд “Грузия проиграла, а СНГ будеть жить вечно!” гэсэн өгүүлэлдээ “Я знаю, что Монголия активно участвует пока в роли наблюдателя в некоторых структурах СНГ и лоббирует вопрос о вступлении в СНГ.” гэсэн байна билээ. 2008 онд Гүрж энэ нөхөрлөлөөс гарч байгаагаа зарлажээ. 2005 онд Түркмэн улс ТУХН-ын үйл ажиллагаанд “хөндлөнгийн оролцогч” буюу ажиглагчийн статустай байхаар болсноо зарласан юм. Харин Украины парламент тус улсын энэ байгууллагад гишүүн болсныг зөвшөөрөөгүй учир элсэх гэрээг нь огт батлаагүй, үүгээрээ гул барин албан ёсоор өөрсдийгөө гишүүн биш гэж гүрийдэг. ГэтэлТУХН байгуулахад анхлан оролцож гарын үсэг зурсан болохоор Украин гишүүн мөн гэж Орос улс албан ёсоор үздэг ажээ.

ТУХН-ийн хүрээнд олон гэрээ, байгууллага, холбоо байгуулагдлаа. Үүнээс 2003 онд байгуулагдсан Эдийн засгийн нэгдсэн орчин, 1995 онд анх байгуулагдаад 2009 онд дахин шинээр байгуулагдсан Гаалийн холбоо хоёр ихээхэн сонирхол татна. Эдийн засгийн нэгдсэн орчинд Орос, Казахстан, Беларусь, Украин дөрөв нэгдсэн боловч Украин төдөлгүй татгалзсанаа мэдэгдэж, сүүлд нь дахин шинээр байгуулагдахад нь огт хавьтаагүй. Гаалийн холбоог мөнөөх гурав Украингүйгээр байгуулав. Одоо энэ хоёр байгууллагыг нэгтгээд Еврү-азийн эдийнзасгийн холбоо (ЕАЭЗХ) 2015 онд байгуулахаар шийдсэн ба үүнд нь одоохондоо мөнөөх гурваас өөр орон татагдан ороогүй байна. Энэ холбоонд Путин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх орныг хөөж оруулах гэж байдгаараа зүтгэх байх. Өөрөөр хэлбэл Догшин Иван, Их Петр, II Екатерина, Сталин нарын байгуулж өргөтгөсөн Их Оросын эзэнт гүрэн. Нэгэнт Европын холбооны гишүүн болсон Балтын гурван орныг л орхих болов уу. Гүрж, Түркмэн хоёр орохгүй л гэнэ дээ. Түркмэн асар их байгалийн хийн нөөцтэй, үүнийгээ Түрэг, Ирантай хамтран ашиглах сонирхолтой. Тэд Оросын биш, Түрэгийн бүст хамаарагдах хүсэлтэй учир Шанхайн хамтийн нийгэмлэгт ч ороогүй. Бүр ажиглагч ч биш.Газарзүйн хувьд Европт хамаардаг Гүржийн хамгийн том мөрөөдөл нь ЕХ-д элсэх явдал учир Украины тийшхи тэмүүллийг маш ихээр дэмжиж байгаа юм. Сонирхолтой нь саяхи Украины үйл явдлыг дэмжиж Арменид жагсаал боллоо. Армени ч газар зүйн хувьд Европт хамаардаг. Одоохондоо Уулын Карабахаас болоод Оросыг түшиж байгаа ч цаад санаа нь илэрч буй бололтой. Томхон шахалт ирнэ дээ. Дээр нь Украин!

Украины эдийн засаг юутай ч өнөөдөртөө дорнод хөршөөсөө маш их хамааралтай. Тооцоолсноор Оросоос 80 хувь, бусад орноос 20 хувь. Экспортын бараг тал Орос руу гардаг гэтэл араас нь ордог орон Түрэг 5 хувьтай байна. Эрчим хүчний хувьд өөрснөө Зөвлөлтийн үеийн том үйлдвэрлэгч боловч түүхий эдээр дутмаг. Овоо нүүрстэй ч нэлээд хэдэн атомын цахилгаан станцынх нь түлш болон байгалийн хийн хувьд дорнод хөршөөсөө бүрэн хамааралтай. Энэ нутгаар Оросын Европ руу гаргаж буй хийн 80 хувь дайран өнгөрдөг. Чухам энэ асуудлыг тойрсон зөрчил улс төрийнх нь асуудлыг шийддэг гэхэд болно. Нэг үгэндээ Украины эрчим хүчний крантыг Кремль атгадаг учир өнгөт хувьсгал нь будаа болж гол удирдагчдын зарим нь одоо шоронд сууж байгаа. Өнгө хувьсгалын удирдагч нар ч буй болгосон бололцоогоо ашиглаж нийгмийн доройтлоо өөд татаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, нэг орноос хэт хамааралтай эдийн засгаа задлахын оронд хоорондоо цэцэрхэн хэрэлдсээр бараг л амиа хороллоо.

Одоогийн Ерөнхийлөгч Янукович дорнод хөршийнхөө нөлөөнд. Түүний ч зөв. Учир нь “Украины эдийн засгийн 80 хувь Оросоос, 20 хувь Өрнөдөөс хамааралтай байна, алийг нь сонгомоор байна?” гэсэн улстөрийн бодит тулгалтыг эсэргүүцэхэд бэрх. Гэвч сөрөг хүчин Украины хаалгыг Өрнөд рүү нээх хүсэлтэй. Зөвхөн өнөөгийн хямралаас гарахын тулд дор хаяж 20 тэрбум долларын зээл хэрэгтэй. Худалдааны алдагдал нь жилд 35 тэрбум доллар хүрээд байгаа газар шүү дээ. Хамгаа эрчим хүчинд өгчихдөг, гэтэл худалдаж борлуулах юмгүй, бүтээгдэхүүнийг нь зөвхөн Орос л улстөрийн нөлөөллийн зорилготойгоор байгалийн хийн оронд авдаг. Судалгаагаар өрсөлдөх чадвараар дэлхийд сүүлээсээ 5 дугаар байрт Гвинейн өмнө орсон гэнэ.

Хэрэв баталгаатай тусгаар тогтнол, хараат бус бодлого чухал гэж үзэх юм бол Украин баруун тийшээ хаалгаа том нээх хэрэгтэй. Олон тулгуурт болно гэсэн үг. Түүнээс ах дүү оросуудтайгаа муудалцах, дайсан нь болох сонирхол огт байхгүй гэж өөрснөө байнга хэлж байна. Үүнтэй нь түрүүний гурван Ерөнхийлөгч Кравченко, Кучма, Ющенко нар санал нэгдэн одоогийн Ерөнхийлөгч Януковичтэй хэлэлцээ хийж буй. Харин үүнийг Кремль таашаахгүй байгаа юм. “Украин Европын Холбоонд нэгдэх юм бол тэднээр дамжин өрнөдийн чанар сайтай хямд бараа Оросыг хучиж Орос орон хямралд орно” хэмээн Путин ил тод мэдэгдсэн.

Европ, ялангуяа Герман нь Оросын байгалийн хийгээс бүрэн хамааралтай. Энэ нь ихэнхдээ Украин, Беларусиар дамждаг ба цаанаа улстөрийн асуудал агуулсан санхүүгийн асуудлаас болж хэд хэдэн удаа хаагдан хямрал үүсгэж байсан. Нэг үгэндээ экспортлогч Орос, импортлогч Өрнөд аль алин нь дамжуулагч Украинаас бас хамаарч байна гэсэн үг. Иймээс Германы асар их хөрөнгө оруулалтаар Балтийн тэнгис доогуур хоолой татаад ашиглалтад орох гэж байна. Гэтэл занарын маш хямдахнаар байгалийн хий болгох шинэ технологи гараад ирлээ. Энэ түүхий эдийн нөөцөөр энэ хоёрын дунд орших Польш, Украин улс их баян юм байна. Америкчууд Польшид занарын хайгууль өрөмдлөг хийгээд эхэлсэн. Шэлл компани Украинд занарын хайгууль хийн мөн өрөмдлөгийн ажлаа эхэлжээ. Тооцоолсноор Украйны занар юутай ч тус улсыг байгалийн хийгээр бүрэн хангаж эрчим хүчний хараат байдлаас нь нэг мөсөн салгах аж. Толгой эргэм их өртөгтэй Балтийн хоолой дампуурсан хөрөнгө оруулалт болох төлөвтэй. Хэрэв эрчим хүчний хувьд Украин Оросоос дагнасан хамааралгүй болчихвол Өрнөд рүү хаалгаа нээж, олон тулгуурт хөрштэй болох бололцоотой.

Кремльд Янукович айлчиллаа. Путин түүнд хэрэг болоод байгаа олон тэрбумын зээлийг нь өгөв. Мөн байгалийн хийн үнээ юутай ч түүний Ерөнхийлөгч байх хугацаандаа хямдруулахаа амлав. Тэрээр Киевт тун баяртай буцаж ирсэн. Харин Киев нэлээд ууртай угтан авчээ. ТУХН, ЕХ гэсэн салаа замын уулзварт буй Украин орон! Үүний цаана тусгаар тогтнол бий.    

2014.1.5