Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Гашуунсухайт-Ганцмод”-ын холболт 14 мега төслийнхөө “амин сүнс”-ийг сая л зарлалаа. Тэрбээр хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төслийг нь 2025 ондоо багтаагаад эхэлчихвэл дараа жилийн өдийд манай ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ. Хэрэв 2026 онд 14 төслөө бүгдийг нь хөдөлгөж чадвал дараагийн сонгуулийн жилд буюу 2028 онд ДНБ-ийг 132 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх бодит боломжтой гэж үзэж байгаа аж. Монгол Улс түүхэндээ ийм хэмжээний үзүүлэлтэд хүрч байгаагүй ч ДНБ-ээ ийм хэмжээнд хүргэсэн орнуудаас харахад зээлийн хүү буурч, хөрөнгө оруулалт өсөж, шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж тэр хэрээр үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгддэг. Дайжиж цөхрөөд цагаачлахаар ч буюу өөр оронд ажиллаж амьдрахаар явсан чадварлаг мэргэжилтнүүд нь эх орондоо эргэн ирдэг байна. Иргэдийн дундаж цалин эрс өсөж өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч ажлын байрны тоо нэмэгдэнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил дээшилж хүн амын дундаж наслалт, амьдралын чанар сайжирдаг учраас дээрх тоон зорилт улс орны хөгжилд чухал үр нөлөөтэй байдаг. Энэ эерэг бөгөөд огцом өөрчлөлт руу маш хурдтайгаар хүрэхийн тулд олон нийтээрээ шүүмжлүүлж шоолуулж басамжлуулж байгаад ч хамаагүй айсуй нөхцөл байдлыг угтуулан зорилтоо тодорхой болгож хэлбэрэлтгүй зүтгээд байгаа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авууштай тал юм.

Улс орныхоо хурдтай хөгжлийн төлөөх энэхүү 14 мега төсөл нь дараах эрэмбээр УИХ-д танилцуулагдаж байгаа нь ч цаанаа шат дараалал, логик, үүссэн нөхцөл байдлын учир шалтгаантай. “Бүх зам Ромд хүрнэ” гэгчээр харамсалтай нь эхлэл нь заавал гаднын буюу хилийн цаанаас хамааралтай байж таараад байна. Юу гэвэл эхлээд Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаж байж дараагийн боомтуудын нэвтрэх чадал сайжрах ёстой.

Тэгэхээр 14 төслийнхөө 5 руу нь эхлээд орцгооё. Эрэмбийг нь харахад эхлээд Гашуунсухайт-Ганцмодын холболт, тэгээд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл байгаа биз? БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 20-иод хоногийн өмнө Замын-Үүд боомтод маш хаалттайгаар ажиллачихаад явсан. Энэ үеэр Ван И зөвхөн Замын-Үүдэд Ганцмод-Гашуунсухайтыг бус, төлөвлөөгүй байсан хэдий ч Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд онцгой анхаарч байгаагаа илэрхийлээд тохирсон ёсоор хөрөнгө оруулалтаа хийгээд хавраас бүх ажил эхэлнэ гэчихсэн. Энэ том бэлэг мэдээж улс төрийн зорилготой байж болох ч яах аргагүй Монголын эмзэг сэдвийг хөндөж чадлаа. Улс төрийн зорилго гэдэг нь энэ сард Казаньд болох БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад ОХУ БНХАУ-ыг урьсантай холбоотой учраас хоёр хөрш маань манайд санал тавьж мэдэх юм гэдэг хардлага шахуу юм л даа. Стратегийн түншлэл талаасаа хэрэв манайхыг БРИКС-т уривал ШХАБ-аас л лав хавьгүй дээр санал. Магадгүй гадаад бодлогоо эдийн засгийн агуулгаар баяжуулна гэгч нь болчихож ч мэдэхээр бөгөөд ямартай ч Замын-Үүд дээр болсон яриа хэлэлцээ ярвигтай, амаргүй нөхцөлд болсон боловч эцсийн дүндээ Хятадын тал Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын ажлыг бүрэн санхүүжүүлж ашиглалтад оруулна гэдгээ, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр өмнө нь тохирсон хөрөнгө оруулалтаа хийгээд ирэх хавраас бүх ажил эхлэхээр тохирсон нь гол асуудал. Тэгэхээр Ерөнхий сайд ямар нэгэн чухал мэдээлэл, мэдрэмжээр дээрх дарааллыг тогтоосон байж таарна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн холболтын саад тотгорыг арилгаснаар зөвхөн энэ боомтоор 20 сая тонн нүүрс экспортолж, 1.5 тэрбум ам.доллар олох боломж бий гэдэг. Үүний дараа шил даран Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудыг ашиглалтад оруулна. Гол нөхцөл, болзол тийм. Ийм учраас нөгөө 14 мега төслийн “амин сүнс” энд буй гэж хэлээд байгаа юм.

Араас нь “Орано”-гийн хөрөнгө оруулалтын гэрээг нэрлэсэн байна. Эндээс жилд 100 сая ам.доллар олох боломжтой. Хөрөнгө оруулалтын гэрээг нь энэ онд багтаан байгуулахаар байгааг ЗГХЭГ-ын дарга, Н.Учрал сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулж байна билээ. Тэрбээр “Орано”-ийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр яг энэ өдрүүдэд таван дэд ажлын хэсэг саналаа нэгтгэн бэлтгэж байна.  Энэ бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш, гуравдагч хөрштэй хэлэлцэн шийдвэрлэж буй хоёр дахь том хөрөнгө оруулалт. Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сайн жишиг болох Хөрөнгө оруулалтын гэрээ болох учиртай. Эрэлт өндөртэй, энэхүү стратегийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь геополитикийн хувьд ч, эдийн засгийн томоохон өөрчлөлт хийх талаараа ч “Орано майнинг”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ өндөр ач холбогдолтой гэсэн юм. Засгийн газрын зүгээс ирэх оны хөгжлийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлж буй бөгөөд үүнд танилцуулсан 14 мега төсөл бүхэлдээ эдийн засгийн өсөлтөд чиглэсэн, эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын ажлыг ойрын хоёр жилд хурдтай хийхгүй бол цаашид эдийн засгийн өсөлтийн тухай ярих хэрэггүй гэдгийг хэлж байгаа юм. Бас л хяслантай, хоржоонтой байгаа юм шүү.

Тухайн үеийн төр засгийн удирдлагууд хэлсэндээ хүрээгүйгээс болоод энэ төсөл 10 гаруй жил гацаж, одоогоос хоёр жилийн өмнө бид угтуулж төмөр замаа барьсан боловч нэлээд зөрсөн. Хоёр талын хил дээр одоогоор нэг талд 10км, нөгөө талд нь 600 метр зай үлдсэн. Энэхүү зөрсөн нэмэлт ажлыг гүйцэтгэхийн тулд 700-800 сая ам.доллар зарцуулах юм. Үүнийг "Чайна энержи" хийхийн тулд 3-4 болзол тавьдаг. Үүнд, нэмэлт зардал болох 700-800 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний олборлолтоо “Чайна энержи” өөрсдөө хийнэ. 2. Олборлосон нүүрсээ өөрсдөө тээвэрлэнэ. Ингэхдээ гэрээ байгуулсан тохиолдолд Ганцмод боомтын нүүрс буулгалтын талбайд хүлээн авах сонирхлоо ч бас илэрхийлж байсан. 3. Одоо манай зарж буй биржийн үнээс 5-6 хувиар хямдруулж авна” гэсэн гурван болзлыг тавьдаг.

Энэ гурван болзлыг биелүүлэхгүй бол  Гашуунсухайт-Ганцмод төмөр зам холбогдохгүй. Энэ төмөр зам холбогдохгүй бол Сэхэ-Шивээхүрэн, Ханги-Мандал холбогдохгүй. Ийм л “ацан шалаа”-нд орчихоод байгаа юм. Харин энэ удаад Ван И нэг өдөр Замын-Үүдэд ажилласнаар “алдагдсан боломж” ярьж гомдоллоод байгаа асуудлыг Монголын талын ачааны машинаас бусдаар нүүрсээ экспортолж чадахгүй байгаа гацааг хамтад нь шийдээд зогсохгүй, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ирэх хавраас эхлэн эргэлт буцалтгүй эхлэхээр “тамгалчихаад” явлаа. Цаашлаад “Орано”-гийн гэрээ, түүнтэй хамтдаа орж ирж буй Сансрын хиймэл дагуудын төсөл энэ өдрүүдэд ҮАБЗ дээр танилцуулагдаж байна. 

Эдийн засгийн нөхцөл байдал дахь эрсдлүүдээсээ ангижирч, үнэлгээгээ сайжруулж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын лицензүүдийн олголтыг ил тод байлгаж, боловсруулах үйлдвэрүүдээ татварын орчноор дэмжих, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбараа онцгой анхаарах талаараа ирэх оны төсвийн төсөлд тусгасныг нь УИХ-аар ид хэлэлцэж буй. Тиймээс боломжийн байгаа хөрсөө тордож, айсуй нөхцөл байдлыг угтан авч цаг хугацааны факторуудаа мэдэрч хөгжлийн замаа засах нь ямар ч улстөржилтөөс илүү улс орны язгуур эрх ашгийн асуудал болоод байна. Үүнийхээ төлөө Ерөнхий сайд “чөтгөртэй ч нөхцөх”-ийг зөвшөөрнө гэчихэд буруудахгүй биз ээ.