Долдугаар сарын 3-нд дэлхий дахин нэгэн жигтэй явдлын гэрч боллоо. Юу гэвэл түүхнээсээ ардчиллын эсрэг байж ирсэн армиа ардчиллын идэвхтэнүүд нь урьж, сонгуулиар гарч ирсэн, өөрсдийгөө теократ гэж үздэг исламистыг зайлуулжээ. Египетчүүд ийнхүү 2013.07.03 гэдэг түүхэн тэмдэглэлт нэг өдөртэй болоод авлаа. Хожим хэрхэн тэмдэглэхийг бүү мэд? Тэмдэглэх үү, үгүй юү гэдгийг тус улсад ажиллаж амьдарч, эрх биш гадарлах болсон хүний хувьд би гурван хувилбараар энэ түүхт өдөрт нь үнэлэлт дүгнэлт өгч байна. 

1)    Гэгээлэг, өөдрөг нэг сценар байна;
2)    Дундыг барьсан, төвийг сахисан завсрын бас нэг сценар байна;
3)    Гутранги, өөдрөг бус бас нэг сценар байна. Сценар гэдэг нь  прогноз гэж ойлгогдох учиртай.   

                                               

Өөдрөг сценар. Цэргийнхэн засгийн эрхэндээ бэхжинэ. Хунт маягийн хэлбэрээр байж болно. 2011 онд “Тахрир–1”хувьсгалын үед тэгж байсан туршлага бий. Маршал, генерал, адмирал нийлсэн 20 хүн Цэргийн дээд зөвлөл нэрээр төрийн эрхийг хэрэгжүүлсэн. Иймд “Тахрир–2”-ын үед болохгүй гэх газаргүй. Исламизмын дураараа авирласны уршиг, хаос, анархи байдлыг эд л хүчээр арилгана. Мубаракийн үеийн нийгмийн дэгийг эд тогтооно. Шашинжихгүйн төлөөх иргэний засаг захиргаанд засгийн эрхээ шилжүүлнэ, тэр нь сонгуулиар ялсан байх учиртай, сонгуульд исламистуудыг оролцуулахгүй. Иргэний дайн дэгдэх магадлал ийм тохиолдолд өндөр биш. Гэхдээ ийм тохиолдолд Египетийн дотоодын тоглоомд гадаадын тоглогчид хөндлөнгөөс оролцох магадлал өндөр. Нөгөө тусламж гэгчээ америкчууд пайз болгон зүүгээд салахгүй. Цэргийнхэн ийм маягаар засгийн эрх авчихаад байвал Арабын Магриб төдийгүй нийт Ойрхи Дорнодод буруу үлгэр загвар болчихно хэмээн АНУ болгоомжилно. Тийм учраас египетийн цэргийн шинэ хунтад хүчтэй дарамт шахалт ирнэ. Ард түмэнд засгийн эрхийг шилжүүл гэх шаардлага тасрахгүй.

Төвийг сахих завсрын сценар. Мухаммед Мурсийг эргүүлж Ерөнхийлөгчөөр тавина. Лалын ахан дүүс төрд эргэж ирнэ. Ингэх магадлал бас бий. Учир нь исламистууд ард түмнээсээ өргөн дэмжлэгтэй, армид ч дэмжигчид нь бий. Баривчлагдсан Мурси гэмээ хүлээж, цэргийнхэнтэй тохиролцож, гэрээ байгуулж тогтвортой байдлыг хангаж болно. Гэхдээ исламист бодлогоосоо ухрах нь юу л бол. Харин ч дахин хүчтэй лалжуулаад авъя хэмээн нийт Лалын ахан дүүс–ээрээ хөдөлж мэднэ. Арабын хавар-ыг гардан хийсэн тэр жинхэнэ эзэд нь Лалын ахан дүүс биш учраас лалжилт явуургүй. Мурси ба Лалын ахан дүүс радикализм дээр хатуу зогсож байгаа биш. Иймд Арабын хавар-ыг бүтээгчдийн эгнээнээс тэднийг арай хөөчихгүй. Алсаас залууртай хаос Египетэд өрнөж байгаа нөхцөлд исламистууд тэнэг тэнэг алхам хийж мэднэ. Зөөлрүүлсэн террорист аргаар энх тайвныг тогтоож, Египетэд исламизмыг бүтээн босгоно гэх солиотон Лалын ахан дүүс дотор нэн олуулаа байгаа тохиолдолд Мурси эргэж ирээд шинэ халиф шиг авирлахыг үгүйсгэж болохгүй. Тэгэхдээ тэр ганцаараа халиф биш, хоёр ч халиф байна. Эрдоган гэж шинэ маягийн секуляр халиф байна. Төвийг сахих завсрын сценар хэрэгжсэн тохиолдолд Сирийн дотоод хэрэгт Египет урьдынхаасаа илүү оролцох болно.

Гутранги сценар. Энэ бол хамгийн пессимист прогноз. Засгийн эрхийг египетийн салафитууд авах хувилбар. Орчин үеийн египетийн нийгэм дэх хамгийн радикал, хөлдүү толгойт фанатууд Египетийн парламентын суудлын 32 хувийг авчихаад байсан нь Арабын хавар–ын жинхэнэ парадокс байсан шүү дээ. Тэд бол ваххабитуудыг найзаа гэнэ, цаашлаад Аль-Каеда ч тэдний найз. Салафит фанатууд жилийн өмнө Египетийн пирамид, сфинксийг дэлбэлж нураая гэдэг санал тавьж байлаа. Эд бол үл эвлэрэх, үл бүтэх, мөнхөд орших жихадистууд, халифатистууд. 2012 оны баримт. Тус орны Ерөнхийлөгч нь лалын зарчмуудад үнэнч, лалын хатуу итгэл үнэмшилтэй, лаллаг хүн байх ёстойгоос гадна Египет нь шашны бус иргэнлэг нийгэм байхыг тэр Ерөнхийлөгч нь дэмжихгүй байх, тэр ч бүү хэл христианчуудыг архинд дургүй болгож, барууны моод загварыг хориглох хүн байх ёстой хэмээн сaлафитуудын оюун санааны удирдагч нь шалгуур тавьчихсан байсныг тод санаж байна. Лалын салафит консерватив Ан-Нур нам засгийн эрх барилцах болсноор Египетийн улс төрийн амьдралд гэнэтийн элдэв сюрприз барьж эхэлсэн тухай гадаад дотоодын хэвлэлүүд гайхшран бичиж байсан. Тэгвэл хэт консерватив хэсэг нь төр барилцсан яаж хөглөх байсан бол?



Салафитууд өөрийн холбоотон Мурсийг зайлуулж байхад өмгөөлөөгүй, цэргийнхний эсрэг босоогүй нь сайндаа ч биш юм. Таг дуугүй байгаад байгаа нь тэд дараагийнхаа алхмыг боловсруулж тооцож бэлтгэж байгаа гэсэн үг. 2013 оны хавар ирак, сирийн Аль-Каеда нэгдэж Нусра-гийн бригадыг үүсгэсэн. Энэ бол ердийн нэгдэл биш. Тэд Ирак ба Шамын лалын нэгдсэн төр–улс гэгчээ зарласан. Эднийг уухайлан дэмжсэн нь египетийн үй олон салафитууд. Сирид зохион байгуулалтын ба улс төрийн түвшинд халифат де-факто байгуулагдчихаад байна. Засгийн эрхийг хэрэв египетийн салафитууд авчихвал дараагийн ээлжинд тэр нь Египет рүү халдварлаад ороод ирнэ. Ингэвэл логикоор үйл явц өрнө. Шашинтан хоорондын, иргэншил хоорондын, дээр нь Мазхабуудын мөргөлдөөн энэ орныг бүчин авна. Хүн төрөлхтөний иргэншлийн эсрэг исламистууд зарлаагүй дайнаа дэгдээнэ.