Ерөнхийлөгч асан нөхөртөө цаазын ял хоёр дахиа сонсгох цаг Египетэд ойртлоо. Өмнө нь Мубаракт тийм ял оноогоод, бүх насаар нь хорих болгож зөөллөөд, одоо гэрийн хорионд гаргачихаад байгаа. Харин Мурсийг тэгэх үү? Учир нь өтөл насны биш, залуухан, эрүүл саруул, бас санаатайгаар үйлдсэн ялтай нэгэн.


Мурсийг аврах оролдлогыг  2013 оны эхнээс Катар хэрэгжүүлж байлаа. Мурси ба түүний команд руу гадаадаас мөнгө цутгаж эхлэв. Катарын Эмир 2012 онд 2.5 тэрбум  ам.доллар Египет руу илгээхээр болж, 1 тэрбумыг нь буцалтгүй тусламж, 1.5 тэрбумыг нь хөнгөлөлттэй зээл болгож 2013 оны нэгдүгээр сард олгожээ. Kувейт Улс 4 тэрбум долларыг зээл, хөнгөлөлттэй зээл, мөн шатахууны хэрэгцээнд олгожээ. “Ардчилагдсан” Ливи 2 тэрбум доллар зээлдүүлэхээ зарлав. Вашингтон юунаас дутхав гэсэн шиг 1 тэрбум долларын өрийг нь цайруулахаар болж, 5 тэрбум долларын зээл олго хэмээн ОУВС-г шахав. Өөрөөр хэлбэл Мурсийн сонгуулийн өмнөх амлалтуудыг нь хэрэгжүүлэхэд туслая гэсэн сайхан санаа хилийн чанадаас мэдрэгдэв. Гэтэл эдийн засгийн талаар Мурси ба Лалын ахан дүүс  “А”-ч байхгүй засгийн эрхэнд гараад ирсэн нь харагджээ. Эдийн засгийн хөтөлбөр, альтернатив хувилбарын алин ч алга. Өрнийнхөн хий л либералчлал руу шахаад байдаг, нэмэргүй.

Мурсийг жинхэнээр оодруулсан, тэр ардчилсан сонгууль гэдгийг нь улайтал дэмжсэн АНУ, Европын Холбоо, Саудын Араб, Катар бүгд Лалын ахан дүүс-ийн засаглалын бүтэлгүйтлийг одоо эрхбиш ойлгож ухаармаарсан. Ойлгож хүлээн зөвшөөрөхөд бэлэн бус байгаад гол учир оршиж байх шиг. Ялангуяа Саудын Араб, Катар хоёр байр сууриа 180 хэм эргүүлж таарна. Ваххабит дэглэмийн сүйрлээс Катарыг АНУ, Британи аврах шиг боллоо, ингэж засал хийх үйл явц Саудад ч нүүрлэж мэднэ. Мурсийн уналт цаашаа өрнөөд иймдээ тулж мэднэ.



Мурсийг оодруулсаар байх аваас олон түмнийг хамарсан аллага хядлага, иргэний дайн дэгдэх аюул нүүрлэхийг АНУ, Европ, Булангийн монархууд бас хүлцэхгүй. Египетийн армийнхан ч улс орон нь нуран унаж, Ливи шиг болчихвий гэдгээс сэрэмжлэн ардчиллын улаан шугамыг давчихаад байна. Ингүүлэхгүй байх улс төрийн эрүүл ухаан, сөрөг хүчнийхээ өмнө радикал буулт хийчих зориг дутсанд л Мурсийн мөхлийн цаад логик оршиж байна. Саудын Арабт дэндүү найдсан тал бий. Учир нь цаадхи нь антиисламист контр хувьсгалыг тэвчихгүй. Арабын хавар Арабын хойгт морилохыг хэмжээгүй эрхт монархууд хүслээ гэж үү?

Мурсийн уналт Ойрхи Дорнод дахь АНУ-ын байр суурийг сулруулсан байх магадлалтай. Хоёр жил хагасын өмнө Арабын хавар-ын дүйвээнээр Лалын ахан дүүс  хэрхэн амилж, өргөжин тэлж байгааг АНУ гутранги нүдээр харж байлаа. Тэгснээ арабын ард түмэн өөрснөө хувь заяагаа шийдэг, хөндлөнгөөс оролцоод хэрэггүй гэх байр сууринд шилжсэн. Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор, америкийн иргэн болох шахсан Мурси засгийн эрхэнд гараад ирсэнд Вашингтон уухайлан баяр хүргэж, горьдлогын нүдээ түүн рүү бэлчээсэн. Тэгтэл нөгөөх нь нийгэм–улс төрийн зохиомол схемээ Египетийн ард түмэнд тулгав. Ард түмнийхээ тархи руу коран судрыг чихэхийг оролдов. “Америк” профессороос гарамгүй үйлдэл. Лалд ийм үнэнч нөхөр олон жил АНУ-ын ардчилсан нийгэмд байсан байх нээ. Мэдээж Мурси Өмнөд Калифорнийн их сургуульд суралцаад, тэндээ эрдмийн зэрэг хамгаалаад, багшлаад сууж байхдаа лалын боловсрол аваагүй, лалын боловсрол түгээгээгүй, заагаагүй. Тархиа Египетийн түүх, эдийн засаг, этнографт зориулаагүй. Тэр бол ердөө л цахилгааны инженер, түүнийгээ заасан. Харин нутагтаа эргэж ирээд исламист-жихадистуудын эгнээнд элсэж, карьер хөөсөн нь тайлагдашгүй оньсого. Тэрээр сахлаа ургуулж, лалдаа үнэнчээ зарлаж, сионистуудыг үзэн яддагаа зарлаж, Цагаан ордон дахь эздийнхээ өөдөөс хааяа цор цор хийдэг болсон. Өмнөд Калифорнийн их сургуульд олж авсан боловсрол ор мөргүй алга боллоо. Лалыг Ойрхи Дорнодын нийгмийн оюун санааны үндэс хэмээн тунхаглав. Лалын шашин хүчтэй, нөлөөтэй, тиймдээ ч Египетийн гурван сонгуульд дараалан исламистууд ялсан. Гэтэл Мурси нэг зүйлийг мартжээ. Египетийн нийгэмд арми ямар их хүчтэй вэ гэдгийг хайхрахгүй өнгөрчихөж. Фараон, мамлюкийн (3000 жилийн тэртээгээс) үеэс л арми хүчтэй байж ирсэн. Европ, Америкаас тулгаад буй ардчилсан нийгэм армийг номхотгож чадсангүй. Армитайгаа ажиллахын оронд суларсан албан тушаалд исламистуудыг томилоод байвал болно гээд бодчихож. Аль-Жамаа аль-Исламия –гийн террористууд хүртэл албан тушаалд очив. Үр дүн нь суннитуудын харгислал хэрээс хэтрэв. Түүнийг огцрохоос хэдхэн хоногийн өмнө 6 дугаар сарын 25-нд шиитүүдийн нэг жижиг тосгоныг суннитууд очиж түйвээн, 4 шиитийг алжээ. Алагдсан нөхдийн дотор шиитийн шашны зүтгэлтэн Египетдээ алдартай Хасан Шехата байж таараад ард олны хилэнг бадраажээ.

Тэгэхдээ Мурси Цагаан ордон дахь эздээ сонсдог нэгэн байсан. 2013 оны 6 дугаар сарын 14-нд Сириэс дипломат харилцаагаа таслан популизм хийж байхдаа Мурси АНУ-ын заавраар ажилласан. Сирийг агаараас бөмбөгдөе гэдэг саналыг тэр АНУ-ын зөвшөөрөлгүй хэлж чадлаа гэж үү? Тэр ингэж зарласнаараа Тахрирт өөрийнх нь эсрэг цуглаад байсан босогчдоос өөрийгөө Вашингтоноор хамгаалуулна гэж горьдсон юм. Каираас холгүйхэн Улаан тэнгист америкийн тэнгисийн цэргийн хөлгүүд холхиж байхад Мурси юунаас айхав гэж бодож л дээ. Одоо АНУ хичнээн шахаад, мэрийгээд Мурсийг хорьж цагдсан цэргийн объектыг нэрлэж чадахгүй байгаа нь Мурсийн эсрэг арми хичнээн сайн бэлтгэл базааж вэ гэдгийг илтгэх мэт. Мурсийг АНУ хамгаалж чадсангүй, тэгэх сэхээ ч өгөлгүй нам дарж авлаа. АНУ ч нүүрээ буурууллаа.

Эх орон нь болохоо байлаа, хямрал нүүрлэлээ гэдгийг Мурсийн багийнхан хүлээн зөвшөөрч ойлгож байсан. Тэгэхдээ тэд өөрсдийн хүчээр хөдөлмөрлөж, ажиллахгүйгээр АНУ ба Булангийн хаант улсуудаас угжуулаад хямралаас гарчихна гэж гэнэнээр төсөөлсөн. Мурсийн афоризм байна. Түүнийгээ ч нуулгүй хэлдэг байсан даа.

-    Тогтворгүй байдалд хүргэчихгүйн тул Египет АНУ-ын хувьд маш чухал. Алив мөнгө өгөөдөх, дотоод бодлого дээр элдэв нөхцөл шаардлага бидэнд бүү тавь!
-    Каир дахь Вашингтоны ашиг сонирхол бүрнээ тодорхой шүү дээ. Нэгдүгээрт Суэцын сувагт хяналтаа тогтооно, хоёрдугаарт цэрэг-техникийн хамтын ажиллагаа, зэвсгийн зах зээл чинь бид байна, гуравдугаарт Кэмп-Дэвидийн хэлэлцээрийг мөрдүүлж, Израилийнхаа аюулгүй байдлыг хангуулах сонирхолтой биз дээ, Та нар?

Мурси яг үнэн хэлжээ. Тэгэхдээ ингэж хэллээ гээд Вашингтонтой эрх тэгш түнш байна гэсэн үг биш, түүнийг Мурси ойлгохгүй. АНУ тэр ашиг сонирхлоо юуны өмнө египетийн арми дээр л хэрэгжүүлж таарна. Тэгсээр ч ирсэн. Америкчууд египетийн армитай холбогдож уягдаж байвал тэдэнд Лалын ахан дүүс, түүний улс төрийн нам сонин биш. Сауд, Катар хоёр Каирт “үзэл суртал”-ын зорилгоор мөнгө өгдөг байж болох юм. Харин АНУ тэгж санхүүжилт хэзээ ч хийхгүй. Шариатаа хөгжүүл, тэгэхдээ жихадистуудаа хяна, тэднийг Синайн хойгоос арчиж цэвэрлэ гэж мөнгө өгнө. Өөрөөр хэлбэл америкийн өгч буй мөнгөний ихэнхи нь армид очно. Үүний утга учир ялгаа зөрүүг Мурси огт ойлгохгүй байсаар зайллаа. Лалын ахан дүүс-ийн халаасанд арми ороод ирлээ хэмээн бодож явсны гайгаар өөрсдөө хөнтрүүлчих нь тэр. Генерал Абдель Фаттах ас-Сисийг Батлан хамгаалахын сайд болгож байхдаа түүнийг шашны консерватив үзэлтэй, бараг л Лалын ахан дүүс-ийн нууц гишүүн, Садатыг алагдаж байх үеэс Лалын ахан дүүс-тэй холбогдсон, Саудын Арабт цэргийн атташе байхдаа исламист болсон гэх шахуу цаасан малгай өмсгөж, өөрийгөө хуурч байв.

Мурси мөхлөөс аврагдах гэж Орос руу тал засч ханарч байсан саяхны баримт байна. Тэрээр В.Путинтай уулзахаар 2013 оны 4 дүгээр сард Сочид очоод ингэж хэлж байв.

-    Орос бол бидний хувьд маш чухал улс. Орос бол Египетийн уламжлалт, шалгарсан, эдийн засгийн түнш.  1990-ээд оныхоо хямралтыг гэтлэн давсан Орос орон Египет болон нийт араб ертөнцийн  стратегийн түнш байж, бүс нутаг дахь америкчуудын хэмжээлшгүй их нөлөөллийг сөрөн зогсож чадна гэжээ.


Ингэж цаасан малгай өмсгөөд Оросоос эдийн засгийн баахан тусламж авна гэж тооцоолжээ. Ихээхэн хэмжээний үр тариа авах, байгалийн хийн зах зээлд гарах, СССР-ийн барьж байгуулсан олон арван үйлдвэрүүдийг шинэчлэх, Хелуаны  металлургийн комбинатыг шинэчлэх гэхчлэн хүссэн зүйл бишгүй байна. Америк, Орос гэх хоёр сандал дээр зэрэг сандайлчих санаатай хөглөсөн нь энэ.

Мурсийн алдаанууд дотроос хамгийн ноцтой нь өөрийгөө “Би бол хувьсгалаасаа нэр дэвшигч”, “Бүх египетчүүдийн Ерөнхийлөгч байж чадна” гэх амлалтууд хэрэгжиж чадаагүй явдал юм. Тэрээр нэг жилийн хугацаанд чухам л Лалын ахан дүүс-ийн төлөөлөгч аятай, энэ хөдөлгөөнөөс төрд томилогдон очсон элч төлөөлөгч шиг ажилласан. Лалын ахан дүүс-ийн төлөөлөгчөөр тэр ирээд, Лалын ахан дүүс-ийн төлөөлөгчөөрөө буцсан. Египетийн улс төрийн жаргонд “ихван” гэдэг үг хэвшсэн. Арабаар “ихван” гэдэг нь ахан дүүс гэсэн үг. Исламистуудыг албан тушаалд хавтгайруулан томилсныг нь шоглож хэлж буй хэрэг.
 
Тэрээр “ихван”-ы намын дарга. Мубарак мөн л намын дарга байсан. Тэр хоёрын гол ялгаа нь Мубаракийн тэр намд христиан, мусульман, түшмэд, бизнесч, тариачин, их сургуулийн профессор, цөлийн нүүдэлчин, ард түмний кандидат бүгд ордог байсан бол Мурсийн намд мусульманчууд, бүр исламистууд голлож байгаа. Мубаракт цэргийн алдар гавьяаны түүх гэж буй, түүгээрээ ч бахархдаг. Гэхдээ тэр иргэний Ерөнхийлөгч, шашинжихгүй хөгжих үзлийг баримтлагч Ерөнхийлөгч байж, “Бүх египетчүүдийн Ерөнхийлөгч” хэмээх алдар хүндийг хүртсэн бол Мурси цэргийн биш, тэгэхдээ түүхнээ жинхэнэ исламист Ерөнхийлөгч байлаа!