Баавартай баваар
Баваар гэдэг эртний түүхтэй, алдарт нэгэн муж Германд байдгийг хүн бүхэн мэднэ.
(ХӨӨСРӨН ШУУГИХ ОКТОБЭРФЭСТ)
Шар айраг бол бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн гайхамшигт бэлэг юм.
Секс бол түүний бонус төдий л билээ.
АРТГА
Секс бол түүний бонус төдий л билээ.
АРТГА
Нүдээр үзсэнээ нүцгэнээр нь өгүүлж, биеэр мэдэрснээ бичгээр хуваалцна
Баваар гэдэг эртний түүхтэй, алдарт нэгэн муж Германд байдгийг хүн бүхэн мэднэ. Харин шар айрагны өлгий нутаг, дэлхийн хамгийн сайхан шар айргууд энд хийгддэг гэдгийг мэдэхгүй нэгэнд нь хэлж өгье. Манайхаар бол Булганы Сайхан сум юм уу даа. Жил бүрийн ес, аравдугаар сарыг дамнан нэгэн гайхамшигтай цэнгүүн нийслэл Мюнхэн хотод нь 14 хоног үргэлжлэн болно. Бүр долоон саяулаа ирж шар айргийг хашраана. Тамирчнаар бол олимп л юм даа. Эсвэл жүжигчин хүний хувьд бол Бродвэйн тайз. Үүн шиг Октобэрфэст бол дэлхийн өнцөг булан бүрт суугаа шар айрагчдын заавал үзэх зүйл юм.
Миний хувьд энэ жил санаандгүй завшаан гарч хэдэн нөхдийнхөө хамт энэхүү сайхан баярт оролцов.
Нээлт
Эхний хоёр өдөр бол нээлтийн өдрүүд. Хоёр өглөө эртлэн баярын парад явна. Эхлэхээс цагийн өмнө л Октобэрфэстчүүд цугларан парад явж өнгөрөх замын хоёр талаар багшран зогсох нь сүртэй ч, сайхан ч.
Биднийг “Герман орон хөгжих гээд л байна даа” гэлцэн ийш тийш харан зогсож байтал хүмүүс шуугилдаад явчихав. Хартал ерөнхийлөгч айлчлав уу гэлтэй цагдаагийн машин, араас нь мотоцикльтой цагдаагийн цуваа гарч ирж байна. Мөн морьтой цагдаа гарсны дараа тун ч удалгүй мөнөөх парадныхан гараад ирлээ. Мужийн шар айраг исгэгч эртний сурвалжит гэр бүлүүд болон Баваар муж, Мюнхэн хотын нийтийн ажил үйлчилгээний албад, Хотын дарга, анчдын зэрэг янз бүрийн нийгэмлэгүүд, сүмийнхэн гэх мэт бүлэг хүмүүс тэрэг, морьдоо байдгаараа гангалж суугаад гар даллан явцгаадаг. Тэд бүгдээрээ л гартаа том том гүрүүшигтэй шар айраг барьж, хааяа нэг балган, онц их баяр хөөр болно. Тэрэг бүрийн ард янз бүрийн бүрээ, бишгүүр, цохилуур хөгжим, цан хэнгэрэг болсон хорь орчим хөгжимчид хамгийн хөхиүн аязыг тоглон явах нь доргио. Цугласан хүмүүс баясаж, бахдаж, хашгиралдаж, шүгэлдэнэ. Жагсаалаас үе үе цэцэг навч, хөөрхөн хийцтэй боов, чихэр шидэхэд тэд түрхрэн уухайлж, барьж авахаар ухасхийлдэх нь хөгжилтэй.
Парад явж өнгөрмөгц цэвэрлэгээний машинууд гарч ирэн морьдын хомоол, элдэв хог хаягдлыг хаман авч юу ч гүй цэмбийлгэж орхих нь атаархмаар юм билээ. Ер нь Герман орон, герман хүмүүс 80 саяулаа атлаа бүгд урьдаас хэлэлцсэн гурван хүн шиг л ягштал дүрмээ барьж амьдардаг. Бүхий л зүйлс байрандаа, цагтаа, ярьсандаа, дүрмэндээ...
Нээлтийн дараа
Парад ерөнхийдөө шар айраг уудаг газрыг чиглэнэ. Тэднийг явж өнгөрмөгц цугласан олон араас нь аажуу тайван цувалдсаар шар айргийн газрыг дүүргэж эхэлнэ дээ.
Тэр нь асар том тоглоомын хүрээлэн. Адреналинаа ялгаруулах дуртай хүмүүсийн диваажин. Хийн буунаас эхлээд европдоо нэлээн томд орох галзуу хулгана хүртэл энд бий. Гэхдээ энд зөвхөн төрөл бүрийн ундаа ба хачиртай талхнууд л байхаас биш шар айраг зарахгүй. Түүнийг зөвхөн тусгай асруудад л зардаг. Танд асарт орох тасалбар байхгүй л бол ингээд шар айрагны баяр дээр шар айргаар ангаж үхнэ гэж мэд. Гэхдээ нээлтийн өдрүүд өнгөрчихвөл өдрийн цагаар бичиг цаас гэхгүйгээр суудал олддог л юм билээ.
Асар
Тэрхүү паркын хашаан дотор, хоёр талаар нь баваарын алдарт шар айрагны үйлдвэрүүд өөр өөрийн асрыг нээж Октобэрфэстчүүдэд найрсгаар үйлчилнэ дээ. Хамгийн том асар нь арван мянган хүний суудалтай. Тэр олон хүнээс хүний чимээ бус уулнаас чулуу нурах шиг, эсвэл хүчит усан хүрхрээ буух шиг чимээ гардаг юм билээ. Хаа очиж агааржуулалт тасархай. Асар битүү атлаа амьсгалахад яг л гадаа байгаа юм шиг сийрэгхэн цэнгэг агаартай. Герман хүн хийсэн юм чинь дээ.
Зөөгч дорхноо хүрээд ирэв. Бид ч хүнийхээ тоогоор мөнөөх умдааг захиаллаа. “За энэ ч мөдгүй биз дээ...” гэж бодохын зуургүй харин зөөгч хажуугийн ширээнээс дэлсчихэв үү гэлтэй баахан шар айраг бариад ирэх нь тэр. Цөөхөн хэдэн зөөгч шүү дээ. Харин уугч нь нэг түм. Энэ технологийг бид яаралтай суралцмаар аа.
Хэрэв эхний хоёр өдөр болон ачаалал ихтэй үеүд таарч танд асар луу орох хувь дутвал паркад тийм ч томгүй цорын ганц асар захиалгагүй, тасалбаргүй үйлчилдэг. Үүнийг “гомдогсдын асар” гэнэ. Харин шар айраг нь доторхоосоо бараг хоёр дахин үнэтэй.
Шар айргийн соёл
Шар айргийн баярыг ярихдаа хэрэглэх соёлыг нь орхигдуулж хэрхэвч болохгүй билээ. Юуны түрүүнд шар айргийг амьд ундаа гэдэгт итгэж, хүндлэх хэрэгтэй байдаг юм байна. Түүнийг аягална гэдэг бол урлаг. Эхлээд шар айргийнхаа 90 хувийг гүрүүшигний ханыг нь дагуулж юүлээд үлдэх арван хувийг нь тусгай стилиэр сэгсрэнгүүтээ дээрээс нь хийнэ. Сайн шар айргийн хөөс маш жижиг ширхэгтэй, бараг л крем шиг харагдана. Хөөс гүрүүшигнээс дээш цухуйсан байх ёстой, мөн гүрүүшгийг хөдөлгөхөд данхалзан хөдлөхөөс бус эргэж гоожихгүй, хагарч унахгүй. Үүнийг цэцэг хэмээнэ. Цэцэгтэй аягална гэж ярина. Бидний хараад дасчихсан хананд нь хийн бөмбөлөг ихээр үүсэн дээш хөөрч байгаа шар айраг бол бохир гүрүүшигнийх юм байна шүү. Бас сарзайсан том хөөснүүд хагараад байдаг чинь тааруухан шар айргийн шинж юм байна. Шар айргийг лонхноос буюу гоожуураас нэг л удаа юүлээд тэр чигт хөдөлгөхгүй уух бол хамгийн сайн. Шар айраг уух гэж үнэхээр гурилддаг байжээ би.
Асрын дараа
Маргааш нь бид Мюнхэн хот, Баваар нутгийн тухай сонирхож аялал хийн нэг өдрийг барав.
Баваар бол Германы хамгийн хүчирхэг эдийн засагтай муж. Дээрээсээ хоёрт орох их хүн амтай. Өөрснөө бол “Германгүй Баваар бол байж л байна, харин Бавааргүй Герман бол үлгэр” гэж хэлэлцэнэ. Үүнийг сонсоод бид, “баавар гэдэг үг чинь Баваар гэсэн нэрээс гаралтай юм бишүү” гэж учрыг тайлав. Мужийн нийслэлд тэнгэр баганадсан өндөр байшин алга. Бүртийх тоос, шороо ч алга. Ногоорох их мод бут, ургамал дунд мюнхэнчүүд амгалан сайхан аж төрж байна. Хотын төв нь эртний дурсгалт ахуй орчноо хадгалсан. Хуучны чулуун зам, ур хийцээрээ гайхуулсан байшингууд, жуулчдын заавал үзэх дуртай олон сайхан байгууламж байна.
Дараа нь хөдөөг зорьлоо. Том сүрлэг уулс, тод ногоон хөвч, алдарт германы нарсан ойн дэргэдүүр жирэлзэн давхисаар зорьсон газраа хүрэв. Дэлхийд алдар цуу нь түгсэн Нойшванштайн, Хөеншвангау гэх биенээсээ холгүй орших, хуучиндаа бол Баваарын хааны эзэмшил, одоогоороо Баваарын мужийн өмч болсон цайзууд хаа холоос л хараа булаан дүнхийнэ. Ур хийц, байгаль орчин гэж үгээр хэлэхийн арга алга. Суурин иргэншилт ард түмэн гэж үеийн үед үнэт эд баялаг, бүтээн байгуулалтаа хадгалан үлдээж чаддаг нь атаархам.
Аль л Ариун Ромын эзэнт улсын үеэс л цуутай энэ нутагт цагтаа Баваарын хаант улс гэх тусдаа бие даасан гүрэн оршиж байжээ. Хаадын шууд угсаа өдгөө ч төрөлх нутагтаа аж төрж буй нь Ханхүү Лүитпольдын гэр бүлийнхэн.
Ханхүү Лүитпольд
Тэр бол авьяаслаг бизнесмэн. Түүний мэдэлд 260 гаруй жилийн түүхтэй, “Нүмфэнбөргийн шаазан эдлэл” эдлэл гэж дэлхийд алдаршсан бүтээгдэхүүн үйлддэг шаазангийн үйлдвэр бий. Үйлдвэрийн цахилгаан эх үүсвэр, тээрэм, бусад бүхий л зүйлс нь яг л анх хийснээрээ байгаа хийгээд ямар ч доголдолгүй ажиллаж байгаа нь гайхамшигтай байлаа.
Мөн түүний мэдэлд Калтэнбэрг гэх цуутай шар айргийн үйлдвэр байдаг нь түүний өөр нэг эдлэн болох мөнхүү шар айргийн нэрээр нэрлэгдсэн цайзад нь байна. 750 жилийн түүхтэй, дэлхийд цорын ганц үлдсэн эртний шар айргийн үйлдвэр гэдгийг сонсоод бид “булгийн эхэнд” ирчихсэнээ ойлгов. Ханхүү бидэнд хуучин үйлдвэрээ үзүүлсэн. Тэнгисээс мөс хагалан авчирч дүүргээд хагас жил хөргөгч болчихдог байсан зоорь нь үнэхээр сэтгэгдэл төрүүлэм. Дараа нь биднийг шар айргаараа дайллаа. Дотор сэрүүцүүлэн гулгаж орох хүйтэн шар айрагнаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Wheissbier буюу Цагаан шар айраг гэх энэ төрөл үнэхээр онцгой үнэр амттай. Жимслэг, араанд уусам сайхан эд юм. Бүхий л түүхийнхээ туршид “цэвэр тунгалагийн хууль”-ийг ягштал барьж үйлдвэрлэсээр ирсэн хаадын умдаа, жинхэнэ баваар шар айраг шүү дээ.
Цэвэр тунгалагийн хууль
Шар айргийг ойлгодог, өөрийгөө шар айрагчин хэмээн боддог хүн бүхэн энэхүү хуулинд талархах учиртай юм. Өнөөгийн ханхүүгийн дээд өвөг Баваарын хаан Людвиг хүмүүс гартаа таарснаараа шар айраг исгэн уух болсныг цэгцлэхээр 1516 онд зарлигласан дээрх хуулинд “...шар айргийг зөвхөн хөрөнгө, амуу будаа/улаан буудай, соёолж, мөн цэвэр ус дөрвөөс өөр зүйлээр хийхийг цаазлан хорьсугай!” гэсэн байдаг аж. Шар айргийг “аварч” үлдээсэн энэ хуулийн ачаар бидний амтархан уудаг сайхан умдаа өнөөг хүртэл сонгодог жороо хадгалсаар иржээ. Дэлхий даяар хийгдэж буй бүхий л сонгодог шар айргууд гагцхүү энэ хуулиар л үйлдвэрлэгддэг байна. Мэхийн хүндэлмү.
Бид ийнхүү Калтэнбэрг цайзад бүтэн өдрийг тун ч “идэвхитэй амран” өнгөрөөгөөд мордохдоо ахархан харамссан ч манай АПУ-гийнхан тэрхүү шар айргийг монголдоо үйлдвэрлэх гэж байгааг дуулаад магнай тэнийх шиг болсон доо.
Oktoberfest
Бид ахиад л Октобэрфэстээр зочиллоо. Яг л түрүүчийнх шигээ. “Наадамчид” буюу эелдэг германууд, сониуч жуулчид өөд сөөргөө тасралтгүй холхино. Паркийн зүүн хэсэгт “Уламжлалт Октобэрфэст” гэх нэртэй том талбай бий. Хэдхэн жилийн өмнө шинээр нээсэн энэ талбайд уг баярыг хуучин яаж тэмдэглэдэг байсан тэр л орчныг нь бүрдүүлж чаджээ.
Энд нэгэн хүнээс сонирхож асуусанд, “яг одоо энэ паркад 500 мянган хүн байгаа” гэж хариулав. Үнэхээр том тоо. Энэ дэлхийн энгүй том цэнгүүний нэг, чухам нэгэн сайхан зуныг өнгөрөөгөөд айсуй өвөлдөө бэлдэхийн өмнөх ажилсаг ард түмний баяр наадам “Аравдугаар сарын баяр” гэгч энэ ээ. Ирэх жил хүртэл баяртай Октобэрфэст! Прост!
Манай
эх оронд манийг босоод ганц хашгирахад хүмүүс, “зэрлэг хог вэ...”
гэчихээд чимээгүй мушийн суудаг бол баваарчууд тиймгүй, сэтгэл хөдлөл
ихтэй, ёстой л нэг цэнгэж сурсан хүмүүс байна. Арван мянгуулаа доргиж
байхад хүний урманд хоорондоо хэрэлдээд ч өгөхгүй байгаам даа.
Литрийн шар айраг арваадыг аваад явдаг бяр тэнхээний нууц хөхөнд нь байх шиг санагдав
Уурын галт тэрэг. Богооооон чк чк гэж тоглодог юмаа бодитоор нь харав.
Найман настай балчраас наян настай буурал гэдэг чинь утгаараа энд гүлдгэр царайлахгүй мах идэж гүрүүшиг тавилгүй пиав ууна.
Амьд үзэсгэлэн. Энэ том морьд нь өөрсдөө тун ч сүртэй. Шүлс нь сагасан, морь биш мангас байгаа юм шиг дуу чимээтэй.
Үндэстэн
ястны бүх төлөөлөл энд байна. Дэлхийг хөлбөмбөгөөс гадна шар айраг бас
нэгтгэдэг
Баярын өдрүүдэд Баваар муж хуучин шинэ бүх л сайхан зүйлээрээ бахархаж, гайхуулна. Манай хотод ч бас ийм сайхан жагсаал байдаг болоосой гэж эрхгүй хүсэмжилж байлаа. Гэхдээ гол нь шар айраг уух соёл. Манайхан зүгээр архиддаг :(
Калтэнбэрг нэртэй энэ эртний цайзад 750 жилийн өмнө анх баригдсан хуучин шар айрагны үйлдвэр бий. Дэлхийд ганцхан үлдсэн хааны гэр бүлийн шар айрагны үйлдвэр.
Зочин
нэр Нэхийт
Зочин
ub
beerchin zaluu
Зочин
hehe
Зочин
hehe
zochin
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
55
Зочин
Зочин
Googoo
buga
Сэгсгэр
Зочин
Зочин
Zochin
pivo uugaachin
Otgon
Shar airagchin
Зочин
rt
bg
Прост
ббббб
Odko
Германд сурч байлаа
Зочин
Zochin
Zochin
Зочин
NU
NU
Мгл
Sarnai
unshigch