Дутсан юм илүүднэ
Бид үргэлж бусдаас илүү байсан.
Бид үргэлж бусдаас илүү байсан. Хятадууд хүнээр олон боловч бид тэднээс олон малтай байсан. Оросууд биднээс хөгжлөөр илүү байхад манайхан хамаагүй олон тарвагатай байсан. Бид тэднээс дундаж наслалтаар богино байсан боловч идэж байгаа маханд нь шингэсэн эмийн ургамалаар үргэлж л илүү байсан. Манайхан үргэлж л урьтаж харж, түрүүлж ухаарч байсан.
Жишээ зөндөө. Шинэ жилээр мэндчилгээний ил захидал явуулснаас и мэйл явуулсан нь хамаагүй хямд байгааг олоод хараадахжээ.Мэдээж түрүүлээд. Интернэтийг И мэйлтэй нь бодож олсон америкчууд ч үүнийг олж харалгүй цаас үрсэн хэвээрээ байгааг бодоорой. Манайхан бодож олоод зогссонгүй тоо бодож, томьёо ашиглан шинэ жилээр мэндлэхээ багасгахад хичнээн төгрөг хэмнэхийг бодож олжээ. Харин хэмнэж олсон тэр их мөнгөөрөө яахыгаа нуусан байна. Цаас хэмнэснээр төгрөг хэмнэх тухай гайхамшигт санаагаа цаасан дээр гардаг сонинуудад төгрөг төлөн нийтлүүлж олонтойгоо хуваалцжээ.
Нэгэнт л хэмнэхийг хэмнэв энэ ажлыг ингэс тэгсхийгээд орхимооргүй байна. Тухайлбал шинэ жилээр амаар мэндчилэх нь нарийн яривал биднийг эдийн засгийн алдагдалд оруулж байна. Бид зүгээр л мэндчилэхийн оронд “Шинэ жилийн мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу” гэхчлэнгийн маш урт яриа дэлгэж хайран сайхан цэвэр цусны монгол авиаг дэмий үрдэг ээ. Ер нь бол “Шинэ жилийн мэнд хүргэе” гэдэг нь харь гаралтай мэндчилгээ бөгөөд Happy new year гэдэг гадагаад муу цустай үгийн орчуулга гэнэ. Энэ мэтийн харь гаралтай, цус холилдсон авианаас эх хэлнийхээ цусыг хамгаалах нь “Өгзөгөн дээрээ тэнгэрийн хөх тамгатай, паасууртан дээрээ АНУ-ын хар тамгатай” төрсөн монголчууд бидний үүрэг болоод байна. Ингээд зогсохгүй шинэ жилийн мэндчилгээ нь өвлийн хайруу хүйтэн үед таардаг учраас гарз хохирол нь давхар давхар харагдана.
Энэ урт мэндчилгээг нэг удаа хэлэхэд 30µ секунд калорийн алдагдалд ордгийг тогтоожээ. Мөн мэндчилэх хугацаанд хүний ангайсан амаар 0,00009 нэгж дулаан алдагддаг ажээ. Нэг хүний өдөрт мэндчилгээнээс алдах дулаан шалихгүй мэт боловч нийлээд ирэхээрээ том тоо гардаг. Манай нийслэлийн сая орчим хүн бусдад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ амнаас гаргадаг халуун уур бүхий амьсгаагаа нөөж байгаад хотын утаатай тэмцэх сайхан боломж байна. Нийслэлийн бүх хүн түлээ түлш муутай 200 орчим айлын хаяагаар хошуугаа шургуулан “хүнтэй мэндэлж байна” гэж бодоод үлээхэд гэр нь дулаацаж, нүүрс, улмаар утаа хэмнэх боломж гарч байнаа. Мэндчилж буй хүн илүү урт амьсгаа авч , илүү хүчилтөрөгч хэрэглэдгийг авиалоги ба агаарлогичдын хамтарсан судалгаатогтоожээ. Бид амьсгалахын хэрээр агаарын хүчилтөрөгчийг хороож хойч үеийнхээ хэрэглэх цэвэр агаарыг дутааж байдаг. Өнөөдөр ирээдүй, үр хойчоо боддог ухаалаг мэргэн ардууд агаараа цэврээр нь үлдээж, хойч үедээ хүчилтөрөгчийн арвин нөөц өвлүүлэхийн тулд амаа барин бүтэж үхэх санал дэвшүүлж эхэлснийг дашрамд дурьдяа.
Үүнийг цааш гүнзгийрүүлэн квант механикаар тайлбарлаж болох боловч хойч үедээ илүү их үсгийн нөөц үлдээх зорилгоор яриагаа товчлоё.
Харин эндээс ургаад ер нь мэндчилэх нь хэрэгтэй юү, үгүй юу гэдэг асуудал ч гарч байгаа юм. “Сайн уу “ гэхээс “муу юу” гэхгүй, “сайн” гэж л хариулахаас “муу” гэж хариулахгүй. Ийм мэдээжийн юманд үнэт сайхан цэвэр монгол авиагаа гарздах хэрэг байна уу үгүй юу? Харцаараа ойлголцоод л өнгөрч болно шүү дээ. Эндээс цаашилбал хайран сайхан цэвэр монгол харцыг ариг гамтай ашиглах, гадны элдэв талимаагаар бузардуулалгүй хойч үедээ өвлүүлэх цогц асуудал босох тул ингэсгээд орхие.
Бидний ухаан цаашлахаараа аймаар болдог нэг тийм талтай. Ер нь гүнзгийрүүлэх тусам өөрөө ойлгож хүчрэхээ больдог нь монгол ухааны нэг онцлох давамгүй шинж гэж хэлж болно.
Манайхан сүүлийн үед урьд өмнөх их хаадынхаа хэлсэн үг, сайхан ишлэлийг олж нээх боллоо. Хөгжингүй орнуудын ухаан дутмаг эрдэмтэд бусдын хэлсэн үгийг бодоод олчихын оронд баримтаар олох гэж дэмий цаг алддаг. Тэр хэрээрээ манайхнаас хоцордгийг дашрамд дурьдя. Саяхан манайхан Хүннүгийн хаан Түмэн Шанью өөрийн хүү Модун Шаньюд харвуулж үхэхдээ хэлсэн үгийг олжээ. Тэрээр үхэхийнхээ өмнө “Ээ ёо ёо” гэж хэлсэн байна. Д.Сүхбаатарын гарцаагүй хэлсэн үгнүүд дотор “Хөөе Янжмаа, цайгаа чана” гэсэн хэллэг хүндтэй байр эзэлдгийг бид мэднэ. Харин Чингэс хаан Бөртэ үжиндээ хэлсэн “Жаахан цаашихнаа хэвтээч” гэдэг афоризм ч түүнтэй эн зэрэгцдэг. Мөн Өндөр Гэгээн өвлийн дунд сард хэлсэн “Ээ тий тий аясан хүйтэн юм бэ”, Хабул хаан их найрын төгсгөлөөр айлдсан “Шээс хүрээд байна”, Наймдугаар Богдын амнаас гарсан “Ум мааний бадмихум” зэрэг үгүйсгэгдэшгүй ишлэлүүд манай түүхээр дүүрэн. Нэгэнт үгүйсгэгдэшгүй юмс нотлогдошгүй давуу чанартай. Нотлогдошгүй гэдэг нь нотлох шаардлагагүй гэсэн үг шүү дээ.
Иймэрхүү афоризмын тоонд Модун Шаньюгийн хэлсэн “Ирээдүйд энэ хавьд бий болох Монгол улсад ашигт малтмалын хайгуулын лицензийг хэнд ч бүү өг” хэмээх алдар үг багтана. Энэ үгийг бид цөм мэднэ. Бидний тэр бүр мэдэхгүй үг ч бас байна. Тухайлбал Модун Шанью “Аливаа үндсэн болон шороон ордын лицензийг консерциумуудад өгөхдөө үндэстэн дамнасан аудитор компаны зөвлөлгөөг өргөнөөр ашиглаж байхыг үрийн үрд санаж явагтун. Ингэхдээ ландшафтын моренуудыг чухалчлан харахыг зарлиглая” гэж өгүүлсэн нь саяхнаас тодорхой болсон байна. Мөн МЭӨ үед тодорч байсан Жижиг гэгээн Лувсанжалцан “Сар бүтэн хиртэх үеэр бараан зүсмийн эр шүдлэн ямааг колонийн аргаар хувилах нь амьдын хар нүгэл” хэмээн айлдсныг манай зоотехникчид санаж явууштай.
Тэрээр намрын дунд сарын 17-нд могой жилтэй эр хүн морь жилтэй эмтэйгээ ойртохдоо “траст” бэлгэвч хэрэглэхийг цээрлэж оронд нь “иннотекс” ашиглаарай гэж захисныг ч хүн ардадаа дуулгууштай. Түүнчлэн Амбагай цэцэн хааны гэрээслэлд байгаа “Дизель түлш орчныг илүү бохирдуулдаг тул октаны тоо өндөртэй бензин хэрэглэж заншихыг үр хойчдоо чухалчлан захья” хэмээх ирээдүйг тольдсон мөр бидний замыг гэрэлтүүлэх шиг болно. Ийм гайхамшигт нээлтүүд олон ч цаг хэмнэх үүднээс нэгийг дурьдаад өндөрлөх минь. Татар аймгийнхан 1171 онд хийсэн нэгэн хурлын протколоос хэдэн мөр мэдэгджээ. Тэнд “Хонгор сумаас цианит авчирч Есүхэйд уулгах...” гэсэн байж. Манайхны сайхан ирээдүй ба гайхамшигт ишлэл бүхий түүхэнд атаархсан харийн нэгэн хүн “Та нар тийм ухаантай юм бол мөнгө чинь хаа байгаа юм бэ” гэж тэнэгтдэг байна. Тэд бас л биднээс хоцорч байна. Саяхан бид ухаан байхад мөнгө огт хэрэггүй болохыг нээчихээд байгаа билээ.
Бидэнд бусдаас илүү түүх байна. Бусдаас илүү ирээдүй байна. Хяслантай нь бусдаас илүү өнөөдөр л тааралдаж өгөхгүй зовоох юм
Лүд
Зочин