1990 оны ардчилсан хувьсгалын томоохон үр дүн бол хэн ч гэсэн төрийн түшээдээ харааж зүхэж болно. Энэ бол “ардчилал” гэсэн ойлголт олон хүнд тогтжээ. Тэдэн дотроос хамгийн их хараал иддэг албан тушаал бол Ерөнхий сайд юм байна. 1990 оноос хойшхи бүх Ерөнхий сайдуудын аль ч намын хэн нь ч гэсэн сайн  нэр алга аа. Ганц манайд ч биш дэлхийн ямар ч улс гүрний төрд “Ерөнхий сайд” гэж нэг ийм золигийн албан тушаал байх юм. Ямар сайндаа манай Цэнддоо нэгэн хошигнолдоо ”хойд насандаа Ерөнхий сайд бол, Ерөнхий сайд болмор чинь” гэж хараал хүртэл гаргаж байх вэ дээ.  Хаант, фашист, коммунист төр  бүгд л адил “Ерөнхий сайд”-тай. Түмэн олноос татвараар цугласан мөнгийг зарцуулж гарын үсэг зурна.  Ямар ч  “Ерөнхий сайд” гуай хугацаатай, хугацаагаа дуусгана, үгүй бол огцорно. Алуулна, шоронд орно, хорлогдоно янз янзын хувь тавилан хүлээж байдаг байна. Уншигч тандаа би 100 жилийн Ерөнхий сайдын цувааг толилуулъя.

 Ерөнхий сайд гэдэг ерийн хүнд бол олдохгүй албан тушаал. Ордны хананд зургаа томоор зуруулж хадуулна. Хөшөө болно гээд ....  Монгол улс Манжийн эрхшээлд байх үед  халхын дөрвөн хаан Ерөнхий сайдуудаа тавьдаг байж. Дөрвөн хааны Ерөнхий сайдууд манжаас  цалин пүнлүү авгай хүүхнээ авна.  Бээжинд газартай, орд харштай, хатантай ерөнхий сайдууд байжээ. Түүхэнд 12 хоног болоод зайлуулагдсан Ерөнхий сайд байхад тасралтгүй 40 гаран  жил  Ерөнхий сайд хийсэн хүн байх юм даа. Толгойгоо авахуулсан хийгээд хорлогдсон,  алуулсан, огцорсон, баривчлагдсан, цөлөгдсөн хэлмэгдсэн, ерөнхий сайдууд олон байхад харь орны хүргэн “эфү” хүргэн болчихоод мандаж явдаг ерөнхий сайдууд байсан. Тэгэхээр “ерөнхий сайд” гэдэг албан тушаал феодалын хийгээд социалист, коммунист төрийн үед шүтэн бишрүүлэх, долигнуулах, илүү эрх дарх эдлэх магтах сайшаахын үзүүлэн болж байдаг бол ”ардчилсан төрд” хараал идэх, загинуулах, зүхүүлэх  бай болох юм. Миний мэдэхээр монгол орон 1990 онд жинхэнэ ёсоор тусгаар тогтнолоо олж,  Оросын колониос салж анхны парламентаа өөрөө сонгон Засгийн газраа байгуулсан. Анхны эвслийн Засгийн газар бий болж Дашийн Бямбасүрэн  ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайд болсон. Үүнээс өмнө буюу 1921 оноос 1990 он хүртэл хэнээр Ерөнхий сайд тавихыг зөвхөн Москва мэддэг байсан юм. Монголын эх оронч ерөнхий сайдууд “Москвагийн үгэнд орохгүй” үзэж тарж байсан эмгэнэлт  түүхээр дүүрэн. Томилогдсон бүх “Ерөнхий сайдууд” Москвагаас айлгүй эх орныхоо төлөө бодлого явуулав. Шанд нь тэд ах зөвлөлт улсдаа дуудагдан толгойгоо тушаасан.Тэр үед  Монгол ерөнхий сайдуудад төр  улсаа өөрийн ухаанаар удирдах эрх  байтугай ханиа сонгох эрх  эдлүүлээгүй юм. “Ю.Цэдэнбал гэдэг оросын до яамны авгайтай хүнээс энэ албан тушаалыг авах зоригтой  аавын хүү олдоогүй юмдаг” гэж  түүний зөвлөх байсан хүн нь дурсан бичжээ. Энэ үнэн ч байж магадгүй. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоё гэвэл ЗХУ-ын коммунист намын өмнө гурван болзол хангана.

Нэг. Удам угсааны хувьд бутач юмуу ядуу айлын хүү байх хэрэгтэй бөгөөд зөвлөлт орос улсад суралцана. Хоёр. Сургуульдаа онц сурч дотоод яаманд элсэнэ. Гурав. Дотоод яамны санал болгосон орос бүсгүйтэй ханилах бөгөөд Зөвлөлт холбоот улсын коммунист намд нууц элсэнэ. Социализмын үед ерөнхий сайдаар бэлтгэх хүнийг маш нууц ийм хатуу болзол хангасан байхыг оросууд шаардаж байсан нь одоо нэгэнт ил болжээ. ЗХУ-ын коммунист намд элсүүлдэг нь бас учиртай. Улс төрийн гэмт хэрэг хийсэн гэж үзвэл ЗХУ-ын эрүүгийн хуулиар шийтгэгдэх нөхцөл болно. ЗХУ-ын коммунист нам гишүүнээ дуудаж аваачаад буудаж алдаг хуулийг МАХН зөвшөөрсөн  юм байна.  Социализмын үеийн томчуудын дэвших зам ийм л байсан . 1990 оны ардчилсан хувьсгалын гол үр дүн бол ямар намаар төр бариулахыгаа хэнээр ерөнхий сайд болгохыг Бээжингээр, Москвагаар заалгахгүй өөрснөө сонгодог болсон юм. Олон намтай байна энэ муусайн намуудыг устга гээд харааж зүхэгчид бас л олон болжээ. Парламентын засаглалтай улс орон л мөн юм бол намын төлөө санал өгч нам нь сонгуульдаа оролцож ялбал төрөө байгуулж Ерөнхий сайдаа тавьдаг. Энэ тогтолцооноос өөр сайн хувилбарыг хүн төрөлхтөн одоо хүртэл олоогүй юм. Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдуудын нэг онцлог нь хэн нь ч эх орноосоо урваагүй, улс орноо худалдаж үгүй хийгээгүй гэдгийг л түүх судлаачид минь хэлж өгч ард түмэн ойлгоосой билээ. Ерөнхий сайд гэдэг том албан тушаалд гарсан хэн ч гэсэн эх орныхоо төлөө өөрийн авъяас чадвар амь насыг золин энэ албыг нугалж байсан. Харин бид л энэ чухал албанд өөрснөө сонгож тавьчихаад увиагүйгээр гүтгэн доромжилдог болжээ. Ерөнхий сайдуудад тэр үед төр барьж байсан намд алдаа оноо байлгүй яахав. Гэхдээ л нэгэнт сонгосон төрийнхөө түшээд руу буу шийдэм салаавч, хараалын доромж үг шидэж суудаг энэ эрх чөлөөт иргэдийг яанам билээ.Төрийн эрх ард түмний мэдэлд гэж Үндсэн хуулинд бичигдсэн. Тэгвэл төрийн эрх ард түмний мэдэлд сонгуульд саналаа өгөх ганцхан  хоромд л  байдаг. Түүнээс бусад үед  ялсан нам ,түүний сайдуудыг удирдаж байгаа Ерөнхий сайдын мэдэлд байдаг. Нэгэнт л  ингэж саналаа өгсөн бол яая гэх вэ дөрвөн жил тэсэх л хэрэгтэй болдог. “Хамгийн их юм хийсэн Ерөнхий сайд хамгийн их хараалгадаг” гэдэг үгтэй та санал нийлж ч байж магадгүй. Гэхдээ л өөрснөө сонгон байгуулсан төрийнхөө Ерөнхий сайдыг шүүмжилж болно оо, гэвч доромжилж хэл амаа билүүдэж суух нь монгол хүний шинж биш байх аа. Ерөнхий сайд гэдэг үйлийн үртэй албан тушаал юм. Гэхдээ аль ч үеийн Ерөнхий сайд  урваагүй юм шүү. 

100 жилийн Ерөнхий сайдууд

Нэр

Ажилласан хугацаа

Ямар намаас

1

Төгс-Очирын Намнансүрэн

1912/11 - 1919/4

Нам үгүй

2

Гончигжанцангийн Бадамдорж

1919-1920

Нам үгүй

3

Дамбын Чагдаржав

1921/3/13 - 1921/4/16

Монгол Ардын Нам

4

Догсомын Бодоо

1921/4/16 - 1922/1/7

Монгол Ардын Нам

5

Содномын Дамдинбазар

1922/3/3 - 1923/6/23

Монгол Ардын Нам

6

Балингийн Цэрэндорж

1923/9/28 - 1928/2/13

Монгол Ардын Нам

7

Анандын Амар

1928/2/21 - 1930/4/27

Монгол Ардын Хувьсгалт Нам

8

Цэнгэлтийн Жигжиджав

1930/4/27 - 1932/7/2

Монгол Ардын Хувьсгалт Нам

9

Пэлжидийн Гэндэн

1932/7/2 - 1936/3/2

Монгол Ардын Хувьсгалт Нам

10

Анандын Амар

1936/3/22 - 1939/3/7

Монгол Ардын Хувьсгалт Нам

11

Хорлоогийн Чойбалсан

1939/3/24 - 1952/1/26

Монгол Ардын Хувьсгалт Нам

12

Юмжаагийн Цэдэнбал

1952/1/26 - 1974/6/11

Монгол Ардын Хувьсгалт Нам

13

Жамбын Батмөнх

1974/6/11 - 1984/12/12

Монгол Ардын Хувьсгалт Нам

14

Думаагийн Содном

1984/12/12 - 1990/3/21

Монгол Ардын Хувьсгалт Нам

15

Шаравын Гунгаадорж

1990/3/21 - 1990/9/11

Монгол Ардын Хувьсгалт Нам

16

Дашийн Бямбасүрэн

1990/9/11 - 1992/7/21

Монгол Ардын Хувьсгалт Нам

17

Пунцагийн Жасрай

1992/7/21 - 1996/7/19

Монгол Ардын Хувьсгалт Нам

18

Мэндсайханы Энхсайхан

1996/7/19 - 1998/4/23

Ардчилсан нам

19

Цахиагийн Элбэгдорж

1998/4/23 - 1998/12/9

Ардчилсан нам

20

Жанлавын Наранцацралт

1998/12/9 - 1999/7/22

Ардчилсан нам

21

Ринчиннямын Амаржаргал

1999/7/30 - 2000/7/26

Ардчилсан нам

22

Намбарын Энхбаяр

2000/7/26 - 2004/8/20

Монгол Ардын Хувьсгалт Нам

23

Цахиагийн Элбэгдорж

2004/8/20 - 2006/1/13

 Ардчилсан нам

24

Миеэгомбын Энхболд

2006/1/25 - 2007/11/22

Монгол Ардын Хувьсгалт Нам

25

Санжаагийн Баяр

2007/11/22 - 2009/10/28

Монгол Ардын Хувьсгалт Нам

26

Сүхбаатарын Батболд

2009/10/29 -

Монгол Ардын Нам

27

Норовын Алтанхуяг

2012 он

Ардчилсан нам