Манай нэг сэтгүүлч “Өнгөрсөн зуунд орос эхнэрийн гал тогоонд шийгдэгддэг байсан Монголын улс төр 30 жилийн дараа Алтан-Өлгийд шилжив” хэмээн халагласантай таарав. “Алтан-Өлгий" гэдэг нь талийгаачдыг тавьдаг, манай төр засгийн томчуудын шарилыг хадгалдаг газар.

Товчхондоо, 26 жилийн өмнө Алтан-Өлгийд нойрсуулсан С.Зориг гэдэг хүний нэр Монголын улс төрийн гол “хөзөр” болж байна. Өнгөрсөн сонгуулиар С.Зоригийн аллагын хэргээр сонгуулийн гол пиараа хийсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр байгуулсан Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг “Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ” гэж нэрлэжээ. Хамтарсан Засгийн газар байгуулах гурван намын гэрээг ч бас ингэж нэрлэсэн.

Ингэхдээ “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн С.Зоригийн үгийг уриа болгож, үйл хэргийг нь үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Үр дүнд нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонхийн санал авсан МАН ялагчийн үүрэх хариуцлагаас бултаж, цөөнх болсон АН, ХҮН-ыг хөнжилдөө чирч оруулсан. Үүнийгээ С.Зоригийн хэлсэнчлэн “Улс орны эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, улс төрийн нам, бүлгийн эрх ашгийг хойш нь тавьж буй хэрэг” хэмээн тайлбарладаг. Гэвч үүгээрээ олонх нь бодлогоо хэрэгжүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг парламентат ёсны зарчмыг алдагдуулж, хяналтын үүргийг дан ганц иргэдийн нуруунд үүрүүллээ. Ингэснээр парламентат ёс, Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэхэд хүргэсэн гол буруутан буюу хэргийн эзэн нь Л.Оюун-Эрдэнэ биш, Лу.Гантөмөр, Т.Доржханд ч биш, 26 жилийн өмнө Алтан-Өлгийд унтуулсан С.Зориг болж таарав. “Монголын улс төр Алтан-Өлгийд шилжив” гэсэн нь ийм учиртай. Үхсэн хүний нэрээр улс төр хийхээ болиоч ээ л гэж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа Зориг гэдэг үгийг /нэрийг/ наймантаа дурьдсаныг манай мэргэжил нэгт нөхөр тоолсон байна. Уг нь бол өнгөрсөн 8 жил эрх барьсан МАН, сүүлийн 4 жил /тодорхой хэлбэл 3,5 жил/эрх барьсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зориг зүрхээр илүүрхсэн үү гэхээс дутаагүй. Парламентын 85 хувийн суудалтай эрх баригч нам ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн. Дур зоргыг нь эсэргүүцсэн, шүүмжилсэн бүх хүнийг барьж хорьсон, айлгасан, дарамталсан, өмнөө мөлхүүлсэн. Олноо “тэмцэгч” хэмээгдэж асан Даваагийн Мөнх-Эрдэнэ шоронгоос гарч ирээд МАН-аас бусад бүх нам, улстөрчтэй тэмцдэг ажилтай болсон нь нэг жишээ. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг нийтийн дайсан болгож зарлаад өмч, хөрөнгөнд нь халдаж, үйл ажиллагааг нь зогсоосон, гацаасан. Өнөөдөр Монголд төр нь хамгийн бизнес эрхлэгч болж, бусад нь туслан гүйцэтгэгчийн үүрэгтэй, хусмыг нь долоож амьдарч байна.

Энэ бүхнийг хийж чадсан нам зүрх зориггүйдээ ингэсэн гэвэл худлаа. Зориг дутсандаа АН-тай, ХҮН-тай хамтарсан гэдэг бүр худал. Зүгээр нам доторх хагарлаа даван туулах, намын дарга нь эрх мэдлээ хамгаалж үлдэхийн тулд цөөнхийн хоёр намыг хөнжилдөө чирж, бандаашиндаа чихсэн. Монголын улс төр Алтан-Өлгийд шилжих бус, “Херо” Баатарын бандаашинд багтаж байна. Хамтарсан Засгийн газар гээч нь үнэн хэрэгтээ өнгөрсөн сонгуулийн өмнө "Херо" Баатарын найруулан тавьж, Л.Оюун-Эрдэнэ гол дүрд нь тоглосон "С.Зоригийн хэрэг" хэмээх цувралын эмгэнэлт үргэлжлэл юм. 

Тиймээс ядаж хүний ёсыг бодож, нас барсан хүний ясыг ахин дахин өндөлзүүлэхгүйн тулд "Засгийн газрын мөрийн хөтөлбөр" нэртэй МАН-ын пропагандагаас С.Зоригийнхоо нэрийг салгаж аваач ээ гэж АН-ын даргаас гуймаар байна. С.Зориг агсны гэр бүл энэ хүний нэр төрийг юугаар үнэлж, хэдээр зарсныг мэдэхгүй ч журмын нөхөд нь ядаж үүнийг хүлээн зөвшөөрөөд, дуугүй хараад суумааргүй байна аа.

inews.mn