Мянга хоёр зуун гучин дөрөв

үгийг:  Арван хоёр, аяыг: Хорин гурав, дуучин: Гучин дөрөв

Нэг, хоёр, гурав, дөрөв.
Нэг, хоёр, гурав дөрөв.
Нэг, хоёр, гурав, дөрөв.
Нэг, хоёр, гурав, дөрөв...

Дахилт

Нэг, хоёр
Нэг, хоёр

(Олны таашаалд нийцсэн жил жилийн поп дууны математик загвар)


ЭХЛЭЛИЙН ЭХЛЭЛ

Компьютер тоглоомын уршгаар өвөөгийнхөө наян насны найранд хоцорч ирсэн хүүг авга ах нь зураг авах ажлаар “шийтгэжээ”. Шийтгэл нь шагнал болж аппараттай хоцорсон жаал удалгүй сонирхлоо дагаад амьд хөгжмийн тоглолт алгасалгүй зураг авч эхлэв. Таалагддаг хамтлагуудынхаа цомгийг бүтээх санаа нь явсаар Mongolian metal heads төсөл болж, ноднин ажилдаа оржээ. Х.Энхбаяр (Таавка) “Баруун гарт камер, зүүн гарт метал хөгжим байгаа болохоор энэ хоёрыг нийлүүлье гэж бодсон. Өнөөдөр хэдэн хүний зураг авсандаа бус, цаг хугацаа өнгөрөх хэрээр үнэт зүйл болно. Энэ гэрэл зургууд монгол металчдын түүхийг өгүүлнэ” гэлээ. Цаашдаа үргэлжлэх төслийн эхний хэсэгт Монголын 60 металчны хөрөг багтсан аж. Өнөөдөр монгол металчид жараар тогтохгүй, харин гучин жилийн өмнө гарын арван хуруунд багтаж байлаа.       

Д.Энхтэгш (Энди) Амьд салхины домог номдоо “1984 оны 4 дүгээр сарын 16-нд албан ёсоор байгуулагдаж... "Эрмэлзэх арван зүйл" хэмээн тангаргийн бичгээ нэрлэн, нууц бүлгэм лугаа адил Бидний стиль-Хэви метал, хамтлагийн нууцыг чандлан хамгаална, нэг нь нийтийн төлөө, өөр ямар ч хамтлагт тоглохгүй гэх мэт 10 зүйл тангараг бодож олсон” гэжээ. Монголд анх метал тоглохоор шулуудсан “Аясын салхи” хамтлагийн тарьсан үр өдгөө авч хэлэлцэх хэмжээнд хүрчээ. Х.Энхбаяр төслөө Metal music-ийг үндэслэгч Алтаагийн (З.Алтанбагана) хөргөөр эхлүүлсэн байна. Мянган нэрийн барааны дэлгүүрийн тэр лангуу шинэ цагийн монгол металчид бойжиход зүйрлэшгүй үүрэг гүйцэтгэсэн. 102.5 радиогийн "Металиум"-ын хөтлөгч Г.Мөнх-Эрдэнэ (Кроу) нарын олон залууг металд эгнэгт урвуулсан. Металчид ганц дууны сургаар суга нэмэгдэхгүй ч тасралтгүй өссөөр иржээ. Prophets-ийн дуучин У.Үнэнхүү (Үүгий) “Бид метал гэр бүл гэж ярьдаг. Бие биеэ хараагүй, зүс үзээгүй байна гэж үгүй” гэв. Нэрсээ мэдэлцэж, мэнд усаа асуудаггүй ч ааг амьсгаагүй уулгалан довтолгох мэт метал хөгжим тэднийг холбодог.


МОНГОЛЫН ХУРДАТГАЛ

Нэгж хугацааны дотор өөрчлөгдөх хурдны хэмжээг хурдатгал гэдэг. Хүн төрөлхтний хөгжлийн хурд нэг хэсэг тогтмол шахуу явснаа өнгөрөгч зуунаас хором тутамд улам нэмэгдсээр өнөөг хүрлээ. Түүнийг одоо Бурхан ч зогсоож хүчрэхээ больсон бөгөөд онигоо шиг “Бурхан нь бууя аа” гэж хэлэх үлдсэн. Шинийг эрэлхийлэгч металчид хэдийн электро хөгжимтэй “нөхөрлөжээ”. “Хос сүх”-ийн ахлагч А.Гантулгын хэлснээр “Компьютерийн хөгжим бол ертөнцөд байдаггүй чимээ” юм. Тэгэхээр цаашдаа Бурханы бяд дутах биз. Төвөд судлаач, “Булсара”-гийн сонсогч Г.Ням-Очир “Өнөөдрийн амьд хөгжмийн хамтлагууд “Ороох, боохын (Рок, попын) академи”-тай ямар ч холбоогүй. Тэд нар чөлөөт үзэл бодолтой, урт дурын залуусын хүрээллийг бий болгосон” гэж үздэг аж.

Монгол металчид тийм олуулаа биш. Дэлхий дахинд ч ийм. Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх “Манайд метал хөгжихгүй байгаа хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, хүн цөөтэй. Хоёрдугаарт, бид нар капитализмыг чөлөөт сэтгэлгээтэй нь хамт мориороо харайгаад гарчихсан юм билээ” гэж дүгнэв. Гэхдээ жилээс жилд социалзмаар угжуулаагүй, гитар үүрсэн залуусын тоо нэмэгдэж яваад баярладаг гэнэ. Харин “Аясын салхи”-ийн Д.Энхтэгш 2000 онд “Top 10”-д болсон метал тоглолт үзээд өөрсдийгөө үгүйлэгдэж байгааг ойлгон дахин тоглож эхэлжээ. Үүнээс хойш метал хамтлаг олширсон, 2008 онд охидын "Утопиа" хамтлаг Metal Halloween-аар анх "Тэд"-ийгээ дуулсан тухай хамтлагийн гоцлол гитарчин Н.Ичин хуучлав. Олон монгол металчинд найдварын гал асаасан “Булсара” өнгөрөгч хавар 10 жилийн ойгоо хийсэн. Харин шинэ бүтээл гаргаагүй удчихлаа гэсний хариуд “Бид нар байн байн шинэ юм хийнэ гэдэг үүрэг аваагүй” гэлээ. Өнөөдөр тайзнаа гучин жилийн түүхтэй “Монгол металын эцэг” “Аясын салхи”, иргэний үнэмлэхээ аваад удаагүй Silent scream ч зүрх зүсэм хахир өнгөөр хамаг биеийн үс бостол “хар үнэн”-ийг дуулж байна.


ЧАНСАА ШАЛГАГЧ

Монгол металчдыг “old school”, “new school” гэж хуваахаар болжээ. Гэхдээ насны ялгаа гэхээсээ илүү сонсдог төрлийнх нь хувьд. Дизайнер Д.Жавхлан “Ерээд оны сүүл үед ню-метал гарснаас хойш хоорондоо хутгалдаж эхэлсэн” гэж байна. Сүүлийн үед Дундад Ази болон Арабын хүнд хөгжим сонсох болсон Д.Жавхлан ер нь метал хөгжим таазандаа тулчихсан гэдэгтэй санал нийлсэн бол түүний мэргэжил нэгтэн Д.Буманцэцэг “Дэлхий эргэдэг юм чинь хуучин руугаа буцна” гэв. Үүнийг У.Үнэнхүү ч дэмжлээ. Харин Д.Төрмөнх “Одоо метал хөгжим инерцээрээ яваа” гээд жар, далаад он шиг нөхцөлдөх орчин нь алга болчихсон гэдгээр бүгдийг тайлбарлав. Нэг амьд хөгжмийн наадам дээр толгойгоо савчих залуусыг харж зогссон цагдаа “Та нар зүгээр бүжиглэж болдоггүй юм уу” гэж байсныг бодвол бид эдүгээ металын талаар ярих юмтай болсон аж.

Нийгэмд журам сахиулах үүрэгтэй сэргийлэхийн мөрдөн байцаагч Д.Энхтэгшийн Монголд үүтгэсэн метал хөгжмийг олон хүн хараал зүхэл урсган орилдог гэж төсөөлдөг. Үүний шалтгааныг Д.Жавхлан “Үс гэзгээ сэгсэлзүүлчихээд гинж, дамар эргүүлээд байхаар хэн ч тэгж бодно” гэж тайлав. Олонх хүн харагдах байдлаар нь бүхнийг дүгнэдэг гэмтэй. Тийм дээрээс поп хамтлагууд үзэмжиндээ түлхүү анхаардаг биз. “Булсара”-гийн Ж.Тамир бусад хүмүүс “Метал сонсохоор нүргэлсэн л хөгжим сонсогддог байх. Ойлгоод сонсвол симфони найрал шиг санагдана. Рок хөгжмийн хамгийн дээд хэлбэр нь метал” гэв. Мөн “Хос сүх”-ийн дуучин А.Гантулга “Метал хурд, техникийн хувьд хүнээс гарч болох эцсийн хязгаарыг шаарддаг”-ийг нэмж хэлсэн юм. Өгүүлбэр бүрээ “хэрцгий” гэдэг үгээр чимдэг энэ залуу Ж.Тамирын нэг адил ШУТИС-ын ЭХИС-ийн “Эрчим” хамтлагаас “ган төмөр хүлэг”-ээ эмээллэжээ. “Хос сүх”-ийн гоцлол гитарчин А.Хонгор мөн л ЭХИС төгссөн аж. Ер нь металчид дунд “добрый”, дээр нь “интеллигентный” улс захаас аван бий. Энэ тухай тодруулахад Ж.Тамир “Арай илүү хөгжим тоглож, арай илүү сэтгэж байна гэдэг чинь бусдаасаа илүү л байна гэсэн үг” гэж товчхон хариулав. Танихгүй хүн бол тамхичин гэж бодмоор У.Үнэнхүүг тамхилая гэхэд “Би тамхи мэтийн мансууруулагчийг таашаадаггүй” гэж намайг ичээлээ.


САНХҮҮ БА ҮЗЭЛ САНАА

Хүнд рок, тэр дундаа метал бол ямар нэг реалити шоугаар төрүүлдөг, шалгаруулалтаар тодруулдаг наадам цэнгээн биш. Зөвхөн өөрсдийн үзэл бодлыг дуу хөгжмөөр илэрхийлэх гэсэн залуусын нөр их зүтгэлээр бий болгодог эд. Зөв гэж бодсон замаараа явахын тулд золиос гаргахаас буцдаггүй хүмүүсийн чаргууцалддаг ажил. Сонсогч нь байлаа ч дуртай хамтлагийнхаа дууг интернэтээс үнэгүй сонсчихын оронд цомгийг нь худалдаж авна гэдэг үнэнч нөхдийн “гэр бүл”. Хамтлагууд хөгжмийн зэмсгээ өөрсдөө худалдаж авахаас өгсүүлээд бэлтгэлийн байр түрээслэх гээд асуудал мундахгүй. Prophets-ийнхон энэ бүх зардлыг халааснаасаа гаргадаг бол “Хос сүх”-ийнхэн “халтуурын хамтлаг”-тай. Бусад нь ч өөрцгүй.

Хаалттай цагийн метал “Аясын салхи” “тангарагийн гэрээ” байгуулсан нь хөгжилтэй түүх мэт боловч өнөөдөр ч хамтлагууд тарж бутрах нь элбэг. Гагц металаар амьдрахаар шийдсэн байхаас гадна бусадтайгаа үзэл бодол нэг байх учиртай. Г.Ням-Очир “Аясын салхи” маеталын анхдагч ч “Нисванис”-ыг гаргаж ирсэн яруу найрагч Б.Галсансүх шиг үзэл санааны хөтөчгүй болохоор төдийлөн олонд танигдаагүй гэж байлаа. Харин Монголын метал хамтлагуудыг концепцигүй гэж тодорхойлсон Д.Төрмөнх “Метал бол номлол” гээд металч бол өөрийнхөө ертөнцийг хүнд хэмнэлээр илэрхийлдэг яруу найрагч гэв. “Хос сүх”-ийн А.Гантулга үүнтэй санал нэг байсан бөгөөд “Гэхдээ манай метал хамтлагууд удалгүй тарчихдаг болохоор үзэл санаагаа тунхаглаж амждаггүй” гэлээ. Тэрбээр удахгүй хувийн бизнесээ орхиод хамтлагийнхаа менежер болох гэнэ. Монголын металд өнөөдөр бодитой байгаа том бэршхээл бол мөнгө санхүү. Гэхдээ газар газрын металууд ч ийм л жишгээр амьдардаг гэдийг бүгд мэднэ. Мэдээж олны олон таван цэн юм хойно тэд арай дээр байх.

    
ХӨӨХ ҮҮ, ХҮЛЭЭХ ҮҮ?

Фэйсбүүкийн “Метал хөгжим сонирхогчдын групп”-ын гишүүн Ап Тэмка “Манай монгол металууд маань дуунуудаа цацахгүй юм байх даа” гэсний доор “Монгол метал хамтлагууд дуугаа цацвал дүлийртлээ сонсон оо”, “Одоо дотоодын метал хөгжмийг харах цаг болсоон” гэжээ. Монголын сонирхогч нарт хүлээлт бий. Хамтлагуудад ч хүсэл бий. Манай залуусын ур чадвар ч жилээс жилд дээшилж явааг бараг бүх амьд хөгжмийн тоглолтыг хөтөлдөг У.Үнэнхүү ярьсан. Метал хөгжим түмэн урсгал чиглэлтэй, тэдний заримыг нь манайхан тоглодог. Харин миний уулзсан металчид нэг зүйлийг л олон талаас нь яриад байх шиг санагдав.

Д.Төрмөнх “Баруун Европт очоод тэднээс нэмж авах юм алга гэж харсан. Бид тэдний юм юмнаас аваад амтлаад үзчихэж, харин одоо бид нар дугарах болчихсон байна. Яагаад гэвэл бид вакуумжсан орчинд удсан юм чинь дугарвал өөр дугарна” гэв. Харин А.Гантулга “Европ юм тоглоё гэсэн ч тэд нар аль эрт тулгаад хаячихсан” гээд “Бидний хэтийн зорилго бол түүхээ ухах. Монгол амьсгаатай “монгол метал” гаргах. Гэхдээ заавал морин хуур тоглоно гэсэн үг биш. Тэгж даварч сэтгэхгүй бол гарч ирэхгүй” гэдэгтээ итгэлтэй байлаа. Мөн Prophets-ийн Пүрэвсүх үндэснийхээ өнгө аясыг харуулах хэрэгтэй гэж үзэх болсныг У.Үнэнхүү зөв гэж бодож байлаа. Соросын сангийн шугамаар АНУ-д Америк судлалын чиглэлээр суралцсан энэ залуу “Гол нь аялгуу” гэж нэмэв.

“Бид шулуун замын уралдаан гэж төсөөлөөд байгаа. Гэтэл энэ бол тойрог замын уралдаан. Тэгэхээр хөөж биш хүлээж гүйцэнэ. Энэ бол монгол ухаан. Одоо хөгжим буцаад эргэж байна” хэмээн Д.Төрмөнх Чинагийн Галсангаас ишлэв. Хятадын метал хамтлагуудын өнгөнд Шилийн голын залуусаас бүрдэх Ego fall явдаг, мөн өвөрлөгчдийн Tengger cavalry энэ жил өөрийн төрлийн наадамд тэргүүн суурийг эзэлжээ. Тэдний бүтээлд монгол амьсгаа бий бий.


НӨӨЦ БОЛООД ЧАДВАР

У.Үнэнхүү оршуулах ёслол дээр олон лам цан хэнгэрэг дэлдэн ном уншихыг сонсоод цэвэр метал хөгжим мэдэрчээ. Буддын шашны танка зургууд ч түүнд метал санагддаг гэнэ. Төвөд судлаач Г.Ням-Очир ч “Шүлэг, аяа зохиогоод дээрээс нь өөрөө дуулдаг том давуу талтай рок хөгжим жод лүйжин, бөөгийн тамлагаас ямар ч ялгаагүй” гэж үздгээ хуваалцсан юм. Харин А.Гантулга тэгш амгаланг эрхэмлэгч буддын шашнаас метал хөгжим гарахгүй гэж боддог аж. “Бид үнэндээ арчаагүй байна. Хоёр мянган жил Азийн цээжинд мандан бадарч явсан нүүдэлчид өнөөдөр тартагтаа тулчихаад байна” гээд “Чадахаасаа чадахгүйгээ хүртэл явна” гэлээ. Тэрбээр цааш нь “Бид харгис үндэстэн явсан. Тэр их харгислал, бидний цусанд байдаг омголон занг гагцхүү металаар илэрхийлнэ” гэдэгт эргэлзэхгүй байлаа. “Хөсөгтөн” хамтлагийг интернэтээр сонссон гадны хүн “Энэ муусайн ... Үхлийн металчид байсан болохоороо дэлхийг байлдан дагуулсныг нь сая л ойлголоо” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

Манай металчдын үзэл бодол өөр ч тайзан дээр авдаг таашаалаараа бүгд адил. Метал хэмээх шашны чин сүжигтнүүд. А.Гантулга “Монголчууд л одоо сэргэх ёстой” гэсэн бол У.Үнэнхүү “Одоо нэг үсрэлт гарах болов уу гэж харж яваа” ажээ. Хоосон чанарын агаараас Монгол метал бурхан биелээд хорвоогийн сонорыг мялаах болтугай.


ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Аль ч металчин хөгжмөө симфони найралтай гайхалтай зохирдгийг батлаад өгнө. Траш метал “Металлика”-ийн 1999 онд Сан-Францискогийн симфони найралтай хамтарсан тоглолт үүний гайхалтай жишээ юм. “Булсара”-ийн Ж.Тамир “Поп сонсдог хүн хэзээ ч рок ойлгохгүй. Харин рок сонсдог хүн попыг ойлгоно. Попууд поп чигээрээ явсаар байгаад үхнэ. Сургуулиар ярихын бол попууд нэгдүгээр анги, рокууд аравдугаар анги” гэж шулуухан хэлсэн. Д.Жавхлан “Хүмүүс янз янзаар л метал сонсдог. Гэхдээ поп шиг өнгө үзэмжинд татагдаж орохгүй. Өөрийгөө илэрхийлэх арга, өөрийгөө метал хөгжмөөр дамжуулан гаргахад илүү дөхөм болоод сонсдог” гэв. Шинэ шинэ туршилтын эринтэйгээ золгосон метал хөгжмөөс поп урлаг хумслан төвшин доошлуулж ашигладаг.

Зургаан зуун жаран зургаа

үгийг: Долоо аяыг: Долоо дуучин:Долоо  

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав
Тав, зургаа, долоо, найм
Ес, арав, арван нэг
Арван хоёр, арван гурав
Арван дөрөв, арван тав
Арван зургаа, арван долоо
Нэг, гурав, тав, найм
Арван найм, арван ес
Хорь, хорин нэг
Хорин хоёр, хорин гурав
Хорин дөрөв, хорин тав
Хорин зургаа, хорин долоо... ±∞
(Захын метал дууны математик загвар)


Д.Батбаяр, Б.Эгшиглэн
Үндэстний ТОЙМ сэтгүүл №189